| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 177/2020/0164/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 06
Р.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолтой Р.М-т холбогдох, 2035000000135 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгчийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Р.М, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, хохирогч Ц.Ц нар оролцов.
Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......., ...... хамт Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн .... тоотод оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х ургийн овогт Р-ийн М, регистрийн дугаар: ...................
Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын .... тоотод байрлах гэртээ 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 26-нд шилжих шөнө хамтран амьдрагч Ц.Ц-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: "Шүүгдэгч Х ургийн овогт Р-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Р.М-т дөрвөн жил хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож” шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Р.М давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2020 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө эхнэр Ц.Ц-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн билээ. Би үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг ойлгон гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үед согтуу, биеэ хамгаалах чадваргүй, эхнэр бид хоёр хоёулаа согтуу байснаас ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байна.
Ц.Ц-тай хамтран амьдраад долоон жил болж байгаа бөгөөд бид хоёрын дундаас төрсөн охин маань дөрвөн настай, миний эцэг Р нь .... настай, амьсгалын дутагдал гэдэг хүнд өвчтэй, байнгын хэвтэрт, хүний асрамжид байдаг.
Эхнэр маань хүнд гэмтэл авсныхаа дараа аймгийн нэгдсэн эмнэлэгт таван хоног эмчлүүлээд гарснаас хойш биед нь өвдөж зовуурилах зүйл байхгүй, хуучин хэвийн байдал орж, ажлаа хийж байгаа бөгөөд бид хоёр нэг гэрт амьдарч байгаа, эхнэрээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй байгаа.
Иймд амьдралын маань дээрх хүнд нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан дөрвөн жил хорих ялаас хасч, ялыг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү” гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Р.М нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч Ц.Ц-ын цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6 дугаар тал/, хутганд үзлэг хийсэн, эд зүйл хохирогчид хүлээлгэн өгсөн /хх 19 дугаар тал / тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 528 дугаартай дүгнэлт /хх 53-54 дүгээр тал/, хохирогч Ц.Ц, гэрч Р.Б, Т.Б, Б.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс Р.М-ыг “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2-дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчилгүй байна.
Шүүгдэгч Р.М-ын “шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлын үндэслэлийг хянаж үзэхэд:
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар зохицуулжээ.
Р.М-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан байна.
Анхан шатны шүүх Р.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар дөрвөн жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Р.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч биеийн эрүүл мэнд сайжирсан гомдолгүй гэх санал хүсэлт гаргасан зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дахин хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.М-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл Р.М-ын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Р.М-ын 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан ,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ ШҮҮГЧИД Л.АЛТАН
Д. ЖАМБАЛСҮРЭН