Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2021/0012/з |
Дугаар | 124/ШШ/2022/48 |
Огноо | 2022-10-13 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 124/ШШ/2022/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Засаг дарга Ч.Ч,
Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нарт холбогдуулан гаргасан,
“Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/2/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь тус шүүхэд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Хариуцагч Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нар нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актаар “Аймгийн Засаг даргын тамгын газар нь аймгийн Засаг даргын захирамжаар суралцаагүй байхад сургалтын дэмжлэг гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 8.000.000 сая төгрөг олгож төрд хохирол учруулсан гэж үзэн уг хохирлыг аймгийн Засаг дарга Ч.Ч-ээр төлүүлж орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэх”-ээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн гомдолд Үндэсний аудитын газар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/1104 дугаартай албан тоотоор “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариу өгчээ.
4. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ, аймгийн ЗДТГ нь аймгийн Засаг даргын захирамжаар суралцаагүй байхад сургалтын дэмжлэг гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 8000.0 мянган төгрөг олгож төрд хохирол учруулсан байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 39.1.2 Албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах, Төсвийн тухай хуулийн 5.1.3 Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, 6.4.1 Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
.......аймгийн Засаг дарга Ч.Чээр төрд учруулсан хохирол 8000.0 мянган төгрөгийг төлүүлж Орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэх тухай Увс аймаг дахь Төрийн аудитын 2022 оны 03 сарын 07-ны 01/24/А2060410/УВА-2022/30/НА- СТА-ТШЗ дугаартай төлбөрийн акт тавьсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
1. Тухайн актад тэмдэглэсэн Төрийн албаны тухай хуулийн 39.1, 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр буюу 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль үйлчилсэн үеэс үйлчилж эхэлсэн байдаг. Тэгтэл 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн бол тухайн аудитад хамрагдаж буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан. 2021 онд үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчдад л хамаатай байдлаар хэрэгжиж байсныг УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн "Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулиар "Жинхэнэ" гэснийг нь хасаж нийт албан хаагчдад хамаатай байдлаар хуульчилсан байдаг ба тухайн бүлэг зохицуулалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн.
2. ЗГХЭГ-ын даргын 2020 оны 04 дүгээр тушаалаар Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлсэн 300.0 сая төгрөгийн үлдэгдлээс аймгийн Засаг даргын 2020 оны А/1001 дугаар захирамжаар 8.0 сая төгрөгийг зарцуулахдаа БОАЖГ-ын дарга Б.Б-ын өөрийнх нь албаны даргын хувиар бүрдүүлэн өгсөн хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн. 300.0 сая төгрөг зарцуулсан өмнөх аймгийн Засаг даргын шийдвэрүүдийн нэгэн адил гарсан шийдвэр байсан. Б.Б-т 8.0 сая төгрөгийн сургалтын зардлын дэмжлэг үзүүлсэн нь хуульд нийцэхгүй байгаа бол 300 сая төгрөгийн зарцуулалтад акт тавих ёстой гэж үзэж байна. Аудит хийхдээ хууль хэрэглээний хувьд, аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой гажуудууллаа.
3. Тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь шаардлагыг хангаагүй байх ба мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг хангалтгүй хийж Б.Б-ын өөрийнх нь бичгээр гаргаж өгсөн өргөдөл, бусад материал байхад бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хийсвэр акт гаргасан.
Иймд Увс аймаг дахь Төрийн аудитын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410/УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ, аймгийн ЗДТГ нь аймгийн Засаг даргын захирамжаар суралцаагүй байхад сургалтын дэмжлэг гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 8.000.000 сая төгрөг олгож төрд хохирол учруулсан байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах, Төсвийн тухай хуулийн 5.1.3 Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, 6.4.1 Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Аймгийн Засаг дарга Ч.Ч-ээр төрд учруулсан хохирол 8.000.000 сая төгрөгийг төлүүлж Орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэх тухай Увс аймаг дахь Төрийн аудитын 2022 оны 03 сарын 07-ны 01/24/А2060410/УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн акт тавьсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Тухайн актад тэмдэглэсэн Төрийн албаны тухай хуулийн 39.1, 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр буюу 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль үйлчилсэн үеэс үйлчилж эхэлсэн байдаг. Гэтэл 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн бол тухайн аудитад хамрагдаж буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан. 2021 онд үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчдад хамаатай байдлаар хэрэгжиж байсныг УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар “Жинхэнэ” гэснийг нь хасаж нийт албан хаагчдад хамаатай байдлаар хуульчилсан байдаг ба тухайн бүлэг зохицуулалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Засаг дарга нь улс төрийн албан тушаалд хамаарагддаг. ЗГХЭГ-ын даргын 2020 оны 04 дүгээр тушаалаар Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлсэн 300.0 сая төгрөгийн үлдэгдлээс аймгийн Засаг даргын 2020 оны А/1001 дугаар захирамжаар 8.0 сая төгрөгийг зарцуулахдаа БОАЖГ-ын дарга Б.Б-н өөрийнх нь албаны даргын хувиар бүрдүүлэн өгсөн хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн. 300.0 сая төгрөг зарцуулсан өмнөх аймгийн Засаг даргын шийдвэрүүдийн нэгэн адил гарсан шийдвэр байсан. Б.Б-т 8.0 сая төгрөгийн сургалтын зардлын дэмжлэг үзүүлсэн нь хуульд нийцэхгүй байгаа бол 300 сая төгрөгийн зарцуулалтад акт тавих ёстой гэж үзэж байна. Аудит хийхдээ хууль хэрэглээний хувьд, аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой гажуудуулсан. Тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь шаардлагыг хангаагүй байх ба мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг хангалтгүй хийж Б.Б-ын өөрийнх нь бичгээр гаргаж өгсөн өргөдөл, бусад материал байхад бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хийсвэрээр акт гаргасан. Иймд Увс аймаг дахь Төрийн аудитын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410/УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү. Мөн Батбаярын гаргасан холбогдох акт баримт бичиг болон Увс аймаг дахь Төрийн аудитын газраас гаргасан актын хамт гомдол гаргаж өгч шалгуулж байна” гэжээ.
6. Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтад "төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх", Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад "шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх", 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ" гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн.
Уг аудитаар Аймгийн Засаг даргын тамгын газар нь аймгийн Засаг даргын захирамжаар суралцаагүй байхад сургалтын дэмжлэг гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 8000.0 мянган төгрөг олгож төрд хохирол учруулсан байна.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 39.1.2 дахь заалтад "Албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.3 дахь заалтад "Хуульд нийцээгүй шийдвэр гаргах", Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад "Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", 6 дугаар 6.4.1 дэх заалтад "Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй тул Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт "Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно", Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн- А/95 дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.1-д "Төрийн өмч хөрөнгийг үндэслэлгүйгээр бусдад хандивласан, үнэ төлбөргүй шилжүүлсэн" гэж заасныг тус тус үндэслэн төлбөрийн акт тогтоосон.
Дээрх актыг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг дарга Ч.Ч нэхэмжлэл гаргасан байна. Үүнд:
1. "Тухайн актад тэмдэглэсэн төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь Төрийн албан тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль үйлчилсэн үеэс үйлчилж эхэлсэн байдаг. Тэгтэл 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн бол тухайн аудитад хамрагдаж буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол шинэ хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан. 2021 онд үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчдад л хамаатай байдлаар хэрэгжиж байсныг УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулиар Жинхэнэ гэснийг хасаж нийт албан хаагчдад хамаатай байдлаар хуульчилсан байдаг ба тухайн бүлэгт зохицуулалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн" гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь эрх зүйн байдлыг дордуулсан биш гэж үзэж байна.
2. "ЗГХЭГ-ын даргын 2020 оны 04 дүгээр тушаалаар Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлсэн 300.0 сая төгрөгийн үлдэгдлээс аймгийн Засаг даргын 2020 оны А/1001 дугаар захирамжаар 8.0 сая төгрөгийг зарцуулахдаа БОАЖГ-ын дарга Б.Б-ын өөрийнх нь албаны даргын хувиар бүрдүүлэн өгсөн хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн. 300.0 сая төгрөг зарцуулсан өмнөх аймгийн Засаг даргын даргын шийдвэрийн нэгэн адил гаргасан шийдвэр байсан. Б.Б-т 8.0 сая төгрөгийн сургалтын зардлын дэмжлэг үзүүлсэн нь хуульд нийцэхгүй байгаа бол 300.0 сая төгрөгийн зарцуулалтад акт тавих ёстой гэж үзэж байна. Аудит хийхдээ хууль хэрэглээний хувьд, аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой гажуудууллаа" гэжээ.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтад "төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж. аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх", Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад "шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх", 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ" гэж заасны дагуу санхүүгийн тайлангийн аудит хийхдээ аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн үйл ажиллагааг хамруулан хянаж, санхүүгийн тайланг баталгаажуулсан.
Уг аудитаар аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны үйл ажиллагааг хамруулаагүй болно.
Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Байгаль хамгаалах сангийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар аймгийн ИТХ-ын 2020 оны 11/02 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөс 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтээс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 6.5 сая төгрөгийн тэтгэмж олгож төрд хохирол учруулсанд төлбөрийн акт тогтоосон. Уг актыг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг дарга Ч.Ч нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 30 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхисон, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн ба төлбөрийн акт хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн.
Аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхэд аймгийн Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансны хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 8.0 сая төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн сургалтын дэмжлэг нэрээр нэмж олгосон. 2020 онд дээр дурдсан 6.5 сая төгрөг олгосон байсан.
Төсвийн тухай хуулийн 5.1.3 дахь заалтад "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", 6.4.1 дэх заалтад "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 16.5.5 дахь заалтад "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэж заасныг зөрчиж байна.
Мөн "аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой гажуудууллаа" гэжээ.
Олон улсын ямар нэртэй хэд дугаартай стандартад заасан ямар зарчмыг яаж хэрхэн зөрчсөн талаар тодорхой бичээгүй байна.
3. "Тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь шаардлагыг хангаагүй байх ба мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг хангалтгүй хийж Б.Б-ын өөрийнх нь бичгээр гаргаж өгсөн өргөдөл, бусад материал байхад бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хийсвэр акт гаргасан" гэжээ.
Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална", 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтад "бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар, аргачлал, стандарт батлах" гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан загварын дагуу бэлтгэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлийн заасан ажиллагааны хүрээнд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Баас тайлбар тодруулга авахаар утсаар 3 удаа ярьсан. Мөн очиж уулзахад "өмнөх онд танай байгууллагад тайлбар бичээд өгчихсөн. Тэр тайлбарыг үндэслээд шийдвэрлэж болохгүй юмуу" гэж хэлээд тайлбар бичиж өгөхөөс татгалзсан тул Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар 06-ны өдрийн 220 дугаар албан бичгийг Санхүү эдийн засгийн дээд сургуульд хүргүүлж авсан суралцаж байгаа эсэх талаарх тодорхойлолт, Б.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл байна” гэжээ.
7. Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “8.000.000 сая төгрөгийн акт тогтоохдоо Төсвийн тухай хуулийн 5,6 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзсэн. Батбаярт өмнөх онд нь 6.0 сая төгрөгийг олгосон байгаа. Батбаяр нь өмнө нь өгсөн тайлбартаа “Би хамтран ажиллах боломжгүй. Тийм учраас суралцаж байгаа гэсэн өргөдөл бичээд ир, тэгвэл чамд тэтгэмж олгоё гэж хэлсэн. Үүний дагуу өргөдлөө бичиж өгөөд тэтгэмжээ авсан гэсэн тайлбарыг өгсөн. 8.0 сая төгрөгийг зарлага болгохдоо Санхүү эдийн сургуулийн хөтөлбөрийг хавсаргасан байсан. Тэр хөтөлбөрийн дагуу санхүү эдийн засгийн сургууль руу албан бичиг явуулж суралцаж байгаа эсэх талаар тодорхойлолт авсан боловч Б.Б нь манайд суралцдаггүй гэсэн хариу ирсэн. Суралцахгүй байгаа нь тэр баримтаар нотлогдож байна. Тэгэхээр хуурамч баримт бичиг бүрдүүлж энэ мөнгийг гаргасан нь тогтоогдож байна” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.
3. Нэхэмжлэгч талаас “Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хүчин төгөлдөр болоогүй байсан Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн, Б.Б-ын өргөдөл, хүсэлтийг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд 8.0 сая төгрөгийг зарцуулсан, тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь шаардлагыг хангаагүй ба мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг хангалтгүй хийсэн, бодит нөхцөлийг тогтоогоогүй” гэж маргажээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Төсвийн тухай хуулийг зөрчиж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т суралцаагүй байхад нь хуурамч баримт бичиг бүрдүүлж сургалтын дэмжлэг гэж 8000. 0 мянган төгрөг олгосон зөрчил илэрсэн учраас бүрэн эрхийн хүрээнд акт тавьсан ” гэх тайлбар гарган шүүх хуралдаанд оролцжээ.
5. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийгээд тавьсан маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актаар “Аймгийн Засаг даргын тамгын газар нь аймгийн Засаг даргын захирамжаар суралцаагүй байхад сургалтын дэмжлэг гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 8000.0 мянган төгрөг олгож төрд хохирол учруулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2 дахь заалтад “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3 дахь заалтад “Хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтад “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй” гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2, 3.1 дэх заалтыг баримтлан “төрд учруулсан хохирлыг аймгийн Засаг дарга Ч.Чээр төлүүлж Орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн ба энэхүү актын биелэлтийг аймгийн Засаг дарга Ч.Ч, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б, нягтлан бодогч Ч.Б нарт холбогдуулан хариуцуулсан байна.
6. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаар тушаалаар “Улсын Их Хурлын гишүүн Б.Ч-ийн 2019 оны 13816 дугаар албан бичгийг харгалзан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад батлагдсан сум, багийн хөгжлийг дэмжих, чадавхжуулах хөтөлбөр арга, хэмжээ /300.0 сая төгрөг/-ний санхүүжилтийн зарцуулах эрхийг Увс аймгийн Засаг даргад шилжүүлсэн байх ба мөн сум, багуудын үйл ажиллагаа чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг санхүүгийн анхан шатны баримтын хамт Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлж тайлагнахыг Увс аймгийн Засаг даргад даалгажээ.
7. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1001 дугаартай захирамжаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эрх шилжиж ирсэн дээрх хөрөнгийн санхүүжилтээс Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын чадавхыг сайжруулах арга хэмжээний зардалд 8 000 000 /найман сая/ төгрөгийн хөрөнгө зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
8. Увс аймгийн ЗДТГ-ын дарга дээрх аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн аймгийн БОАЖГ-ын даргаар ажиллаж байсан Б.Б-т сургалтын зардалд 8 000 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай А/125 тоот тушаал гарган , аймгийн Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансны хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас 8 000 000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр Б.Б-т шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, гэрч Б.Б-ын мэдүүлэг, төлбөрийн хүсэлтийн баримт зэргээр тогтоогдож байна.
9. Уг сургалтын дэмжлэг үзүүлэх тухай тушаалд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Засаг даргын тамгын газар /АЗДТГ/ болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын /БОАЖГ /хооронд байгуулагдсан 01 дугаартай ажилтан сургах гэрээг тусгасан байгаа ба тус гэрээний зорилгыг “төрийн жинхэнэ албан хаагчийг давтан сургах, мэргэшүүлэх, нийгмийн баталгааг хангахтай холбоотой сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлэх, хяналт тавих” гэж тодорхойлж, гэрээг аймгийн Засаг даргаар батлуулсан байна.
Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан байх бөгөөд тэрээр Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/105 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 04-ий өдрийн ажилтан сургах гэрээнд өөр хүн /Ж.Бат-Өлзий/ аймгийн БОАЖГ-ын дарга гэж гарын үсэг зурсан байна.
Мөн түүнчлэн энэхүү ажилтан сургах гэрээг эрх бүхий байгууллага, албан тушаалтантай байгуулаагүй байна. Сургалтын гэрээ нь нэг талаас сургууль, мэргэжлийн сургалтын байгууллага нөгөө талаас суралцагч төрийн албан хаагч, түүний ажилладаг байгууллагын хооронд байгуулагддаг.
10. Увс аймгийн Засаг дарга аймгийн БОАЖГ-ын дарга ажилтай Б.Быг үүрэгт ажлаас нь Б/105 дугаартай захирамжаар түр чөлөөлөөд Б/106 дугаартай захирамжаар түүнд албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэж, уг тэтгэмжийг аймгийн БОАЖГ-ын нэмэлт дансны нэг удаагийн зардлаас гаргахыг аймгийн БОАЖГ-ын нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. Үүний дагуу тус байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр аймгийн БОАЖГ-ын нэмэлт данснаас буюу Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардалд төсөвлөсөн 11 100 000 төгрөгийн төсвөөс Б.Б-т 6 531 942 төгрөгийн тэтгэмж олгогдсон байдаг.
11. Энэ асуудалд Увс аймаг дахь Төрийн аудитын газар аудит хийгээд төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй гэж үзэн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 6 531 942 төгрөгийн төлбөрийн акт тавьсан байх бөгөөд аймгийн Засаг дарга уг актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
12. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 51 дугаартай шийдвэрээр уг Увс аймгийн Засаг даргын Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар тогтоолыг гаргасан учир төлбөрийн акт хуулийн хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна.
13. Увс аймгийн БОАЖГ-ын дарга ажилтай Б.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, түүнд тэтгэмж болон сургалтын зардал олгосон тухай аймгийн Засаг даргын гурван захирамж нэг өдөр зэрэгцэн гарсан байна.
14. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1001 дугаартай сургалтын зардал олгосон захирамжийн утга агуулгаас үзэхэд төрийн албан хаагчдын чадавхжуулах арга хэмжээний зардалд 8 000 000 төгрөг зарцуулахаар өмнөх Засаг даргын шийдвэрүүдийн нэгэн адил гарсан мэт ойлгогдож байгаа боловч энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгаа нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн “ ЗГХЭГ-ын даргын 2020 оны 04 дүгээр тушаалаар Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлсэн 300.0 сая төгрөгийн үлдэгдлээс аймгийн Засаг даргын 2020 оны А/1001 дугаар захирамжаар 8.0 сая төгрөгийг зарцуулахдаа БОАЖГ-ын дарга Б.Б-ын өөрийнх нь албаны даргын хувиар бүрдүүлэн өгсөн хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн Төсвийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэсэн” гэх тайлбар,
Гэрч Б.Б-ын “Миний бие 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажилласан. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр томилогдсон шинэ Засаг дарга Ч.Ч өөрийн баг бүрэлдэхүүнээр ажиллана тиймээс ажлаа хүлээлгэж өгөх талаар мэдэгдэж хамтран ажиллах боломжгүй болсон. Тухайн үед Ч.Ч дарга надтай уулзаад залуу хүний хувьд улс төрийн соёлтой байя. Тиймээс сурч боловсрох талд чинь дэмжлэг үзүүлье гэдэг санал тавьсан. Иймээс тэдний хүсэлтийг ерөнхийдөө хүлээж аваад өргөдөл бичиж өгөөд төрийн албаны нөөцөд үлдэж ажлаа хүлээлгэж өгсөн. Ингээд 2020 оны 12 дугаар сард аймгийн Засаг даргын дэргэдэх байгаль хамгаалах сангаас 6 сая гаруй төгрөгийн тэтгэмж, 2021 оны 1 сард 8 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан” гэх мэдүүлгээс үзэхэд Увс аймгийн Засаг дарга тус А/1001 дугаартай захирамжийг бодит байдал дээр төрийн албан хаагчдын чадавхжуулах арга хэмжээний зардлыг шийдвэрлэх зорилгоор бус ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид /нэг хүний/ сургалтын зардал шийдвэрлэх зорилгоор гаргасан болох нь харагдаж байна.
15. Эрх бүхий албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах ёстой бөгөөд энэ тохиолдолд тухайн зарчим хэрэгжээгүй байна.
16. Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргад хандан гаргасан өргөдөлдөө 2021-2023 оны хичээлийн жилд Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын сургалтад суралцах хүсэлтээ илэрхийлсэн боловч тэрээр тухайн сургуульд магистраар суралцаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн сургууль ч нэгэн адил суралцаагүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн байна.
17. Иймээс хариуцагчийн “Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т суралцаагүй байхад хуурамч бичиг баримт бүрдүүлэн сургалтын дэмжлэг 8.0 сая төгрөг шилжүүлсэн” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
18. Аймгийн Засаг дарга нь тухайн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн удирдлагын талаар Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох”, мөн 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэхээр заасан.
Түүнчлэн Төсвийг батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмыг баримталж ажиллахаар, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах нь дээрх зарчмын хэрэгжилтийг хангах нөхцөл болох талаар тус тус зохицуулсан байна.
Дээр дурдагдсан нөхцөл байдлуудаас үзэхэд Увс аймгийн Засаг дарга төсвийг хэрэгжүүлэх, тайлагнах зарчим болон төсвийн удирдлагын талаарх бүрэн эрхийг зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүй байх тул төлбөрийн акт хууль зүйн үндэслэлтэй тавигдсан байна гэж дүгнэв.
19. 2017 онд УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно” гэсэн хэсгийг 2021 оны 07 сарын 02-ний өдрийн хуулиар “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулсан байна. Үүнээс үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байсан зохицуулалт төрийн бүх албан хаагчид хамаарахаар өөрчлөлт оржээ.
Энэхүү нэмэлт өөрчлөлтийг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль нь /Шинэчилсэн найруулга/ 166 зүйлийн 166.1-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдсөн байна.
Хариуцагч аудитын байгууллага Увс аймгийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн тайланд аудит хийж акт тавихдаа хүчин төгөлдөр болоогүй байсан Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байх боловч энэ нь захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгад нөлөөлөхгүй ба алдааг залруулах боломжтой учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
20. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах шаардлагыг хангаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн зөрчил болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар хуулийн хугацаанд гомдол, нэхэмжлэлээ гаргасан байна.
21. Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө Увс аймгийн Засаг даргад маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлийг танилцуулсан сонсох ажиллагааны 01 тоот мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарыг 25-ны өдрийн 96 тоот албан бичгээр хүргүүлж, бичгээр хариу тайлбар авсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” мөн хуулийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заажээ.
Түүнчлэн хуульд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага нь ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах гэх мэт байдлаар цуглуулна гэжээ.
Хариуцагч аудитын байгууллага нь захиргааны байгууллага болох Увс аймгийн ЗДТГ-ын өөрт нь байгаа мэдээлэл, санхүүгийн анхан шатны баримтад аудит хийсэн байх бөгөөд оролцогчийг сонсож тайлбар гаргуулан авсан байна.
Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг хүчингүй болгуулах талаар гаргасан тайлбар, үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
22. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь аудит хийж, холбогдох зөрчилд 2022 оны 03 сарын 07-ны өдөр 01/24/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсгүүдэд нийцүүлэн тавьсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
23. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дахь,5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ