Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
Хэргийн индекс | 160/2024/0246/Э |
Дугаар | 2024/ШЦТ/249 |
Огноо | 2024-12-12 |
Зүйл хэсэг | 24.8.1., |
Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/249
2024/ШЦТ/249
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: И.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Иын От холбогдох 2412000000265 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Б сумын З багийн Э хорооллын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Иын О /РД:.../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч И.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 56,40 кг самрыг 2024 оны 09 дүгээр сарын эхээр Б аймгийн 2 иргэнээс 300.000 төгрөгийн барааны оронд авч А аймгийн Б сумын Збагийн Эхорооллын ... тоот хашаанд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 5.577.960 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412000000265 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн мэдүүлсэн: “...Энэ хэргийн талаар би сая мэдлээ. А аймгийн Б суманд энэ жил самар ихээр ургасан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гийн мэдүүлсэн: “...Намайг хариуцсан сумынхаа нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед Б сумын Збагийн Эрээний 108А тоот хашааны хаалга онгорхой, дотор нь самар цайруулах машин байрлуулсан байхаар нь хууль бус үйл ажиллагаа явуулж байж магадгүй гээд шалгахад ямар ч хүн байхгүй байсан. Тэгтэл тус хашааны зүүн хойд буланд хуш модны боргоцой гэмээр шуудайтай зүйлс харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Уын мэдүүлсэн: “...Намайг 2024 оны 09 дүгээр сарын эхээр дэлгүүрийнхээ хүнс, барааг цуглуулахаар аймгийн төв рүү явсан хойгуур манай нөхөр И.О ганцаараа дээрх хаягт байрлах “Б” нэртэй хүнсний дэлгүүртээ суугаад үлдсэн юм. Тэгээд намайг гэртээ ирэхэд хашааны зүүн хойд талын буланд ногоон өнгийн гялгараар хучсан зүйлс байхаар нь юу болох талаар нөхрөөсөө асуутал Б аймгийн 2 иргэн жаахан хүнсний юм авъя, таньж мэддэг хүнгүй хэцүү байна, та туслаад өгөөч, мөнгөний оронд 10 шуудай самар өгье гээд гуйгаад байхаар нь бараа өгч явуулаад оронд нь 10 шуудай боргоцой самрыг нь авч үлдээд хураасан юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч И.Оын мэдүүлсэн: ...Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Сибирь нарс (Xyш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. 2. Сибирь нарс (Xyш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг. 3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4. Сибирь нарс (Xyш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, М Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. 5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 26,6% буюу нойтон байна. 6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. 7. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. 8. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үр, эд эрхтнийг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар болц гүйцэж, хорио цээрийн дэглэм тавигдсан тохиолдолд түүвэрлэж болно. 9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 5,577,960 төгрөг байна. Жич: Шинжээчийн 79 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг хүлээлгэн өгөв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-27 хуу/
Гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 01 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09 хуу/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 хуу/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58-61 хуу/
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 62 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 хуу/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.О нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 56,40 кг самрыг 2024 оны 09 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн 2 иргэнээс 300.000 төгрөгийн барааны оронд авч А аймгийн Б сумын Збагийн Эхорооллын ... тоот хашаанд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 5.577.960 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.О нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 56,40 кг самрыг 2024 оны 09 дүгээр сарын эхээр Б аймгийн 2 иргэнээс 300.000 төгрөгийн барааны оронд авч А аймгийн Б сумын Збагийн Эхорооллын ... тоот хашаанд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 5.577.960 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн мэдүүлсэн: “...Энэ хэргийн талаар би сая мэдлээ. А аймгийн Б суманд энэ жил самар ихээр ургасан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гийн мэдүүлсэн: “...Намайг хариуцсан сумынхаа нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед Б сумын Збагийн Эрээний ... тоот хашааны хаалга онгорхой, дотор нь самар цайруулах машин байрлуулсан байхаар нь хууль бус үйл ажиллагаа явуулж байж магадгүй гээд шалгахад ямар ч хүн байхгүй байсан. Тэгтэл тус хашааны зүүн хойд буланд хуш модны боргоцой гэмээр шуудайтай зүйлс харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Уын мэдүүлсэн: “...Намайг 2024 оны 09 дүгээр сарын эхээр дэлгүүрийнхээ хүнс, барааг цуглуулахаар аймгийн төв рүү явсан хойгуур манай нөхөр И.О ганцаараа дээрх хаягт байрлах “Б” нэртэй хүнсний дэлгүүртээ суугаад үлдсэн юм. Тэгээд намайг гэртээ ирэхэд хашааны зүүн хойд талын буланд ногоон өнгийн гялгараар хучсан зүйлс байхаар нь юу болох талаар нөхрөөсөө асуутал Б аймгийн 2 иргэн жаахан хүнсний юм авъя, таньж мэддэг хүнгүй хэцүү байна, та туслаад өгөөч, мөнгөний оронд 10 шуудай самар өгье гээд гуйгаад байхаар нь бараа өгч явуулаад оронд нь 10 шуудай боргоцой самрыг нь авч үлдээд хураасан юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
мөрдөн байцаалтын шатанд яллагдагч И.Оын мэдүүлсэн: ...Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27/,
гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 01/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч И.О түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээн хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.
М Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар хуулиар хамгаалсан.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар самар нь ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар хуульчилсан.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч И.О нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 56,40 кг самрыг 2024 оны 09 дүгээр сарын эхээр Б аймгийн 2 иргэнээс 300.000 төгрөгийн барааны оронд авч А аймгийн Б сумын Збагийн Эхорооллын ... тоот хашаанд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 5.577.960 төгрөгийн шууд хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно...” гэж,
12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно” гэж тус тус хуульчилжээ.
Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-с дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.
Шүүгдэгч И.О нь ахуйн зориулалтаар эмчилгээний журмаар бараа бүтээгдэхүүний оронд авч, хадгалсан талаар мэдүүлсэн бөгөөд иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд заасны сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглах зөвшөөрлийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч И.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авч, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч И.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо М Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 16-17 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд 5.577.960 төгрөгийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27/-ээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно...” гэж Байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулжээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр хуульчилсан.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч И.О нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох хушны самрыг ойгоос түүж, бэлтгээгүй байгаль орчинд шууд хохирол учруулаагүй бөгөөд бэлтгэсэн, түүсэн самрыг худалдан авч, хадгалсан үйлдлийг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн ойн сан, байгаль орчин болон байгалийн нөөцөд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтгаж үзэх хуулийн зохицуулалт байхгүй болно.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралтаар Сибирь хуш /самар/-ны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосон үнэлгээг үндэслэж 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтээр самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 5.577.960 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч И.Оаас байгаль экологи, ургамлын аймагт учруулсан хохирол 5.577.960 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч И.О нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авч, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч И.От тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч И.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хуш модны самрыг стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох талаар дүгнэлт гарсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 56.40 килограмм буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар /53.7кг/ Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Иын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авч, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Оыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч И.От тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч И.От хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Оаас 5.577.960 /таван сая таван зуун далан долоон мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 56.40 килограмм буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар /53.7кг/ Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч И.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч И.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР