| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/01027/И |
| Дугаар | 135/ШШ2017/01303 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2017/01303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/01027/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ХХК /утас *******/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******. тоотод оршин суух, Б овогт ******* /регистрийн дугаар *******../-д холбогдох
"468,108 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс *******ХХК-ий Тана-2 салбар дэлгүүрт ажиллаж эхэлсэн. 2017 оны 04 сарын 11-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа нийт 453,838 төгрөгний өр дутагдал гарган ажилласан. ******* өр дутагдлаа төлж барагдуулахыг шаардаж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. ******* ажиллаж байх хугацаандаа гаргасан өр дутагдал болох 453,838 төгрөг болон Сум дундын иргэний хэргийн анхан шатны эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байсан өргөдлийн улсын тэмдэгтийн хураамж болох 14,270 төгрөг бүгд 468,108 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...миний бие Тана 2 дэлгүүрт 2017 оны 04 сарын 11-14-ний хооронд ажилласан. Тухайн ажиллах өдрүүдэд өдөр бүр тооцоо бэлэн мөнгөний орлогыг нягтлан Мөнхчимэгт өгдөг байсан. Гэтэл 4 сарын 13-ны орой 10 цаг өнгөрөөд бараг 11 цагт Улаанбаатар хотод амьдардаг бага охин С нөхөр бие муудан маш хүнд байгаа тул ирэх дуудлага авсан. Тэгээд М учир байдлыг хэлж танилцуулахад нөгөө худалдагчаа дууд гэсэн. Нөгөө ээлжийн худалдагчаас гуйсан. Ээлжийн худалдагч ирсэн. Гэтэл ээлжийн худалдагчийн хадам ээж нь ирж өр авлагад оруулдаг газарт ажиллуулахгүй гэж уурлаад аваад явсан. Би яахаа мэдэхгүй, нягтлан руу залгаад утсаа аваагүй. Өөрийн төрсөн эгчийн охины нөхөрт дэлгүүрийн түлхүүр үлдээсэн. 2017 оны 04 сарын 13-ны орой шууд хот явсан. Гэтэл хүү маань талийгаач болсон байсан. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй Энэ дэлгүүр камертай Би сандарч тэвдсэн хүн. Надад ажилласан өдрүүдийн баримт мөнгө тушаасан гарын үсэг байгаа. Би зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа гаргасан өр дутагдал болох 453,838 төгрөгийг, эвлэрүүлэн зуучлалд хандахад гарсан зардал 14,270 төгрөгийн хамт нийт 468,108 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь ...хурлаас өмнө ******* нь 53,070 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн учир түүний ажиллаж байх хугацаандаа зарагдсан /дутаасан/ барааны үнэ 453,838 төгрөгөөс 53,070 төгрөгийг хасаж, үлдэх 400,768 төгрөгийг, эвлэрүүлэн зуучлагч өргөдөл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 14,270 төгрөгийн хамт нийт 415,038 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болно.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч ******* нь *******ХХК-ний Тана-2 дэлгүүрт худалдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 3 хоног ажилласан бөгөөд тэрээр ажлаа хүлээлгэж өгөлгүй явсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...******* нь Тана-2 дэлгүүрт худалдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ээс 13-ны өдөр хүртэл 3 хоног ажиллах хугацаандаа нийт 1,046,158 төгрөгийн бараа зарсан бөгөөд үүнээс зарагдсан барааний үнэ 592,320 төгрөгийг байгууллагад өгсөн. Сая шүүх хуралдаанд авчирсан тооцооны баримтаас үзэхэд 53,070 төгрөгийн баримт нэмэгдээд нийт 645,390 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 400,768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарласан ба хариуцагч ******* нь Миний бие нь Тана-2 дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа нийт 842,948 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарсан бөгөөд энэ мөнгөнөөс нийт 645,390 төгрөгийг өгсөн бөгөөд 197,558 төгрөг үлдэж байгаа. Зарагдаагүй барааг зарсан гэж бараа бүтээгдэхүүнд зөрүү гарч ирж байгаа тул энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж тус тус маргасан .
Дээрх талуудын гаргасан тайлбараас үзэхэд талууд зарагдсан барааны нийт үнийн дүн болон өгөөгүй үлдэгдэл тооцооны дүнгийн талаар маргадаг ба харин хариуцагч ******* зарагдсан барааны мөнгө 645,390 төгрөгийг нэхэмжлэгч талд өгсөн талаар маргадаггүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбогдуулан *******д хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний жагсаалт /хх-5-14,..../ гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрдөггүй, уг баримтад *******антулгын гарын үсэг, огноо байхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх баримтыг нотлох баримтын хүрээнд үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч ......ХХК-ны хариуцагч *******д ажил явдал гарсантай холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр тооллогын комисс томилж, барааг тоолсон гэх баримт /хх-/ хавтас хэрэгт байх боловч уг тооллогын комисс бараа бүтээгдэхүүнийг тоолоход хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүний тоо ширхэг дутсан, зөрүүтэй байсан эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...нийт 1,046,158 төгрөгийн бараа зарагдсан... гэсэн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч *******антулгын хүлээн зөвшөөрч гаргасан ...нийт 842,948 төгрөгийн бараа зарсан.. гэх тайлбарыг үндэслэн зарагдсан барааны үлдэгдэл мөнгө 197,558 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагч *******ас гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,270 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ХХК нь эвлэрүүлэн зуучлагчид хэзээ хэнд холбогдуулан ямар маргаанаар хандсан талаарх баримт хэрэгт байхгүй, уг улсын тэмдэгтийн хураамжид 14,270 төгрөг төлсөн гэх Төрийн банкны 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг ямар үндэслэлээр төлсөн талаарх баримт хэрэгт байхгүй байна.
Иймд хариуцагч *******ас 197,558 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 270,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******ас 197,558 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 270,550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14695 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6577 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА