Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2021/00380

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2021/00380

Хөвсгөл аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: П.Х-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагатай 155/2020/01856/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч П.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Б нь 2018 онд П.Хтэй танилцаж, үерхэж байгаад албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү П.Хийн Өийг төрүүлсэн. Хүү Х.Ө нь төрөлхийн зүрхний хавсарсан гажигтай ховдол хоорондын цоорхой мөн гол судасны нарийсал төрсөн. Миний хүү байнгын эмчийн хяналтанд болон асаргаанд байдаг. Заавал хагалгаанд орох шаардлагатай хүнд төрлийн зүрхний хавсарсан гажигтай билээ. Хүү Х.Ө нь одоо 1 нас 4 сар хүрч байгаа. Энэ хугацаанд түүний аав болох П.Х нь өөрийн хүүдээ анхаарал халамж төдийлөн тавьдаггүй, эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой байтал энэ бүх хугацаанд хүүгийнхээ эрүүл мэнд, амь насны төлөө хангалттай хэмжээнд үүрэг хариуцлагатай хандаж чадаагүй, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй. Мөн П.Х нь өөрийн хүү Х.Өийг эцгийн хайр халамжаар дутаасан, магадгүй ажлын ачаалал ихтэйгээс цаг зав олдодгүй байх гэж боддог байсан гэтэл хүүгийнхээ амь нас эрүүл мэндийн төлөө зарцуулах цаг хугацаагаа өөр бусдад гаргаж ажлынхаа З.Энэбиш гэх эмэгтэйтэй хувийн дотно харилцааг үүсгэж ёс зүйгүй хандаж үр хүүхдээ умартсаны улмаас цаашид бид амьдрах боломжгүй болсон. Иймд миний хүү Х.Өн эрх, ашгийг хамгаалж, хүүхдийг тэтгэлэгийг түүний аав П.Хээс гаргуулж өгнө үү...гэв.

Нэхэмжлэгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд П.Хтэй танилцсан. Удаан хугацаанд үерхээгүй. Үерхэх явцдаа 9 дүгээр сарын дунд үе гэхэд хүү н.Өийг олсон байсан. Энэ хугацаанд бид хоёрын дунд салсан, холдсон асуудал байгаагүй. Хүүхэдтэй болсон учраас хамтдаа болгоно, бүтээнэ гээд явж байсан. Жирэмсэн үеийн хяналтын явцад хүү маань ямар ч зүрхний гажиг, эмгэг согогтой гэсэн зүйл тогтоогдоогүй. 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Х.Өийг төрүүлсэн. Хүү маань төрөөд 9 хоног эмчийн хяналтанд, бид хоёр хоёулаа эмчилгээ хийлгэж байсан. 9 хоноод эмнэлгээс гарсан ч удаагүй буюу 28 хоногтойдоо хатгаа авч дахин эмнэлэгт хэвтэж 15 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэх явцад хүүг маань анх хэвтэн эмчлүүлсэн эмч нь зүрхний гажигтай гэсэн асуудлын талаар хэлээгүй байж байгаад эмч солигдож н.Оюунгэрэл гэдэг эмч үзэж хүү чинь зүрхний гажигтай байж магадгүй юм байна. н.Нарантуяа эмчид эход харуулаад үзүүлчих гэхээр нь үзүүлсэн чинь дан ганц ховдол хоорондын цоорхойтой юм байна. Гайгүй Монголдоо хагалгаа хийлгээд зүгээр болох учраас хүүгээ жаахан том болохоор нь эмчлүүлээрэй. Одоо эход сайн харуулж байгаарай гэж хэлсэн. Хүүгээ төрүүлэхдээ эрүүл саруул хүүхэд төрүүлсэн гэж бодсон. Ийм өвчтэй байна гэж бодоогүй. Эхлээд онош нь дан ганц ховдол хоорондын цоорхойтой гэж байсан. 15 хоног эмчлүүлж эмнэлгээс гараад 2 сарын дараа дахин хатгаа авч аймгийн хүүхдийн сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Энэ үед хүүгийн маань бие маш муу байсан. Энэ хугацаанд П.Х төдийлөн бид хоёртой хамт байдаггүй байсан. Ажилтай гээд явчихдаг, ээлжийн амралтаа авсан ч гэсэн хамт байдаггүй байсан. Дөнгөж төрсөн эмэгтэй хүний хувьд би бие махбодь, сэтгэлзүйн хувьд хэцүү байдаг байсан. Маш их хавантай, хэвлийд маань усжилт явагдчихсан, хөдлөхөд ч хэцүү байдаг байхдаа хүүхдээ эмнэлэгт чадан ядан хардаг байсан. Ийм байхад П.Х төдийлөн анхаардаггүй байсан. Булган аймаг руу тэмцээнд яваад ирэхээр нь ээж рүү нь залгаад ирлээ гэсэн байхгүй байна яасан юм бол гэхэд ээж нь мэдэхгүй манай хүүхэд тэмцээн наадамд бэлдээд хажуугаар нь ажилтай учраас очих боломжгүй. Унтаж байна. Хөл гарынх нь шөрмөс татаад байгаа. Чи хүүхэд бодоход яадаг юм. Угаасаа л чи ийм хүнтэй суусан юм чинь одоо яахав дээ. Ээлжийн амралт нь олгохгүй гэж байхад нь би хөөцөлдөж олгож өгсөн. Ээлжийн амралттай байгаад нь баярла гэж хэлсэн. Энэ хугацаанд ээжээс нь зохисгүй авир ааш гарна. Сэтгэлд сэвтэй үг хэлнэ. Энэ болгоныг нь төдийлөн авч хэлэлцдэггүй байсан. Жаахан юм болохоор л гомдож туниад явчихдаг байсан. Энэ хүн тэгээд хаалга саваад хүүхдээ хаяад явсан. Би хүүхдээ хөхүүлээд уйлаад үлдэж байхад энэ болгоныг харж байсан ээжид минь ч гэсэн хэцүү байсан. Би нэг удаа аргалж гуйгаад гэртээ авч ирээд байж байтал ээж чи яагаад энэ хоёрыг ийм хэцүү байдалтай байхад нь хаяад явж байгаа юм бэ? энэ хоёрыг бодоод хажууд нь байж болохгүй юм уу? чи ч гэсэн охин дүүтэй л биз дээ гэсэн чинь та манай 2 охин дүүг дайрч хэллээ гээд ээжийн минь гарыг авч шидээд явчихсан байсан. Одоо хүү маань хагалгаанд орох ёстой байгаа ч гэсэн гадуур өвчин зовлонтой байгаагаас болоод хагалгаандаа орж чадаагүй байгаа. Тэр жаахан амьтанд бие нь зовуурьтай хэцүү л байгаа. Зүрхний үйл ажиллагаа нь эрүүл саруул хүүхдүүдийн хажууд хамаагүй өөр байгаа. Хагалгаа хийлгэж байж миний хүүхэд эрүүл саруул болно. Одоо бол жингээ ч нөхөж чадахгүй, дархлаа муутай байгаа. 1 ой 9 сартай хүүхэд гэхэд дөнгөж 9 килограмм байгаа. Тэгсэн ч би болгоно, бүтээнэ гээд явж байгаа. Би ажлаа хийгээд явж байхад энэ хүнээс сар болгон 100,000 төгрөг авахгүй байсан ч мөнгөөр дутагдахгүй. Гэхдээ энэ хүн 100,000 төгрөг хүүдээ өглөө гэхэд би хүүтэй хүн шүү. Хүүдээ 100,000 төгрөг өгч байгаа даа гэсэн сэтгэл суух байх гэж бодож байна. Энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Цаашдаа хэрвээ боломж олдоод хагалгаанд явах юм бол хагалгааны болон эмчилгээний зардлыг ааваас нь 100 хувь биш юм аа гэхэд 50 хувийг нь гаргуулна гэж бодож байгаа. Эцэг тогтоох шинжилгээ хийлгэхэд 99,99 хувь гэж гарсан юм чинь ойлгомжтой П.Х бол миний хүүгийн эцэг мөн гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд П.Хээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна...гэв.

Хариуцагч П.Х шүүхэд гаргасан тайлбартаа:... Миний бие П.Х нь Ш.Бтэй 2018 оны 6 дугаар сараас танилцан үерхэж байгаад 2018 оны 9 дүгээр сарын эхэнд таарч тохирохгүйгээ мэдээд салсан. Гэтэл тус оны 9 дүгээр сарын сүүлээр Ш.Б нь бие давхар болсон тухайгаа хэлсэн. Ингээд би эмэгтэй хүнийг гомдоохгүй, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхийн тулд хамтдаа болж бүтэх байх гэж бодоод буцаж нийлэн бидний дундаас 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Х.Ө төрсөн. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Мөн хамтран амьдарсан хугацаа байхгүй, бие биеийнхээ гэрт ирэн очин явдаг байсан. Хүү маань төрөх үед эмч нар хүүг эрүүл саруул, ямар нэгэн өвчин эмгэгийн тапаар хэлж дурдаагүй бөгөөд хүүхэд эмнэлгээс гарсан өдрөөс хойш сар ч болоогүй байхдаа хатгаа авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ховдол хоорондын цоорхойтой гэсэн оношийг гаргасан. Энэ байдал нь хатгаа авснаас болж хүндэрч 2019 оны 8 дугаар сард Эх нялхас хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэхээр болсон. Эмчлүүлж байх хугацаанд эмчилгээний, онгоцны зардал, хэрэглээний бүх мөнгийг миний эцэг. эх болон би өөрөө бүрэн хариуцан гаргаж байсан. Мөн манай ажлын хамт олон хүртзл бидний хэцүү байдалд тус дэм болж мөнгөн тусламж үзүүлж байсан. Гэтэл Ш.Б нэхэмжлэл дээрээ намайг эцэг хүнийхээ үүргийг биелүүлдэггүй, хариуцлагагүй хандсан гэх мэтээр бичсэн байгаад би санал нийлэхгүй байна. Хүү Х.Өийг төрсен цагаас хойш бүх зүйл дээр тусалж өдий хүрсэн. Хүүдээ хэрэгтэй болгоиыг авч егдөг байсан бөгеөд мөнгө хэрэгтэй гэхэд нь бэлнээр өгдөг байсан. Данс руу мөнгө шилжүүлэх гэхээр би цалингийн зээлтэй гээд өөрийнхөө данс руу хийлгэхгүй, заримдаа өер хүний дачс өгч хэрэгпээний мөнгийг хийдэг байсан. Би амьдралаа авч үлдэхийн ту.пд үр хүүхдээ бодож Ш.Бийн тэсэж тэвчихээргүй ааш авирыг юу ч болоогүй юм шиг өнгерөөж байсан ч сүүлдээ түүний үйлдэл хэрээс хэтэрч байнгын хэрүүл мэргаан үүсгэж надад удаа дараа гар хүрч, миний бага дүүг ханиалгахад хүүхдэд ханиад хүргэлзэ гээд амыг нь дэрээр дарж амьсгалыг нь боогдуулсан удаатай. Мөн манай гэр бүлийнхнийг байнга доромжилж, үл хүндэтгэдэг бөгөөд ээжид маань гар хүрч байсан.

Би Ш.Бтэй амьдрах гэж эцэг, эхээрзэ орон байраа бэлдүүлэн тэр газраа хамтран амьдахаар шийдэж 2019 оны 11 дүгээр сарын дундуур авчран хамт амьдарсан боловч байнга хэрүүл маргаан үүсгэж, янз бүрийн үгээр доромжилж, хүүг маань хүртэл шөнө уйлж сэрэхээр нь цохиж, загнадаг байсан. Ш.Бийн гаргасан үйлдлээс бопж бид цааш хамтран амьдарч чадахгүйгээ мэдсэн. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Ш.Б нь ахин хэрүүл маргаан үүсгэж өөрийн гэсэн юм аа аваад явсан. Энэ өдрөөс хойш би өөрийн бололцоогоороо хэрэглээний мөнгө өгч байсан ба Ш.Б нь өөрөө сар бүр 100,000 төгрөг өгч бай гэсний дагуу мөнгийг өгдөг болсон. 100,000 төгрөгөөр хүүхдийн хэрэглээ хэмжигдэхгүйг би мэдэж байгаа ч би өөрөө оюутан дүүгийнхээ сургалтын телбөрийг өгдөг, цалингийн зээлтэй байдгийн улмаас тэр болгон их мөнгийг хүүдээ зарцуупж чаддаггуй. Бидний хамтын амьдрал бутээгүйд хэн нэгний оролцоо, дарамт нөлөөлөөгүй юм.

Миний зүгээс хүү X Өөд хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй бөгөөд хажууд нь байж эцэг хүний үүргээ биелүүлж чадахгүй ч гэсэн насан туршдаа эцэг нь болж тэжээн тэтгэх учир эцэг хуний хувьд ямар нэгэн эргэлзээгүйгээр миний хүүхэд мөн гэдгийг баттай тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд хүү Х.Өийг П.Х миний төрсөн хүүхэд мөн эсэхэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргаж байна, хүлээн авч шийдэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч П.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.Бтэй 2018 оны 6 дугаар сард танилцаж үерхэж байгаад таарч тохирохгүй гэдгээ мэдэж дунд нь салсан ч 9 дүгээр сард Ш.Бийг жирэмсэн гэдгийг нь мэдэж эмэгтэй хүнийг гомдоохгүй, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхийн тулд энэ хүнтэй нийлж амьдралаа авч явъя гээд ирэн, очин хамт амьдарсан байгаа. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү н.Ө төрсөн. Төрсний дараа өвчтэй гэсэн ямар нэгэн онош байхгүй эрүүл, саруул төрсөн гэж мэдэгдсэн. Эмнэлэгт хэвтэх эсвэл хүүхдээ үзүүлэх үед би хамт явж заримдаа эмнэлэг дээр хонодог байсан. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр хамт амьдаръя гэж шийдэж манай аав, ээж хоёрын бэлдэж өгсөн байранд амьдарсан. Энэ хугацаанд манай ээжийн нүүрийг маажиж, гэр бүлийг минь доромжилсон учраас харьцаагаа зогсоохоор шийдсэн. Хүүхдийн өвчний хувьд тэмбүүний тарианаас болсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл төрөхөөсөө өмнө тэмбүүний шинжилгээ өгч тэмбүүтэй гэсэн хариу гарлаа гээд намайг дуудсан. Би очиход тэмбүүний тариа хийлгэсэн гэж байсан. Би яагаад тариа хийлгэж байгаа юм бэ ярилцаад болох байсан шүү дээ гэхэд яаралтай хийлгэхгүй бол болохгүй гэсэн одоо чи шинжилгээ өг гэсэн. Би шинжилгээ өгөөд тэмбүүгүй гэсэн хариу гарсан. Тийм хүчтэй тариа хийлгэснээс болж урагт нөлөөлсөн гэж бодож байгаа. Ш.Б нэхэмжлэл дээрээ З.Энэбиштэй дотно харилцаа үүсгэж гэр бүлээсээ холдож, халамж хайраар дутаасан гэсэн байсан. Үүнийг эсэргүүцэж байна. Би тухайн үед Ш.Бөөс салсан байсан ч хүүхдээ бодож хааяа очдог байсан. Бид хоёр тохиролцож би 100,000 төгрөг сар болгон өгдөг байсан. Яг хамт амьдарч байх хугацаандаа тэр хүнтэй холбоо тогтоогоогүй. Хүүхдийн зүрхний гажгийг Ш.Б эмч нар орхичихсон, тоохгүй байгаа гэж байгаа боловч ийм хүүхдүүдийг эмч нар хэзээ ч орхидоггүй. Байнгын хяналтанд байлгаж дуудаж үздэг байгаа. Манай хамаатны нэг эгчийн хүүхэд нь зүрхний гажигтай. Тэр хүн хяналтанд байдаг гээд хүүхдээ байнга хот авч орж үзүүлдэг. Тэгэхэд Ш.Б нэг их үзүүлдэггүй, хяналтанд байдаггүй. Орхичихсон ч юм уу? энэ хүүхэд найдваргүй болчихсон гэж ярьдаг. Түүнээс эмч нар хэзээ ч орхидоггүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигч нарын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь П.Хэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч П.Х нарын дундаас 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Х.Ө төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, 6701000421 бүртгэлийн дугаартай 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10/1039 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяагийн 1. Хүний геномын микросателлитын D3S1358THO1D21S11D18S51Penta ED5S818D13S315D7S820D16S539CSF1POPenta DvWAD8S1179TPOXFGA гэсэн локусын аллелиар П.Х нь Х.Өийн биологийн эцэг байх боломжтой байна. 2. П.Х нь Х.Өийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

38.2.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.

38.3.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж тус тус заасан, мөн зохигч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Х.Ө нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг П.Хээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Х.Өийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтоохоор хуульчилсан байх тул Х.Өийг 11 настай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас,/ суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Хээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Ш.Б төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Хээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 34,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү П.Хийн Ө -ийг 11 настай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Хээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,214 (гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Хээс 34,214 (гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөвтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА