Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 156/шш2022/00156

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Х.................тоотод оршин суух,  М. Б,

Хариуцагч: Х................ тоотод оршин суух,Р. М,

Нэхэмжлэлийн шаардлага: 12 000 000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Хариуцагч: Р.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.М-тэй 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ярилцаж тохиролцоод 7 хоногийн дотор 10 сая төгрөгийн жоншийг танд өгнө гэхээр нь би Р.М-ээс жонш худалдан авахаар болж 10 сая төгрөгийг ХААН банккны ....................... тоот түүний дансанд шилжүүлсэн. Дараа нь дахин яриад 2 сая төгрөгийн жонш нэмж өгнө гэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 сая төгрөгийг нэмж мөн дансанд шилжүүлсэн. Гэтэл хэлсэн хугацаа нь болоход Р.М нь өнөө өгнө, маргааш өгнө гэж худлаа яриад надад нэг ч жонш өгөөгүй. Одоо болохоор надад өгөх жонш байхгүй гээд байгаа. Иймд Р.М-ээс 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Р.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан 12 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.А ЗБН нөхөрлөлийг үүсгэн байгуулж, уг нөхөрлөлийн хөрөнгө оруулагчаар 2019 оны 11 сараас эхэлж Б.У гэх хүн хөрөнгө оруулсан бөгөөд тухайн үед хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар амаар тохирч хөрөнгө оруулалт хийж экскаватор, ковш, 3 тоонны ачааны кантер машиныг авчирч үйл ажиллагаа эхлэх гэтэл хөрөнгө оруулагч Б.У нь түлш тосны мөнгөгүй гээд ....... шатахуун түгээхээс түлш, тос, масло, бензин надаар дамжуулан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түлш 3 тонн, А-80 бензин 100 литр, масло 20 литр зэргийг зээлдүүлж авсан. Ингээд 2 хоногийн дараа ..........шатахуун түгээхээс манайд шалгалт ирж байна авсан бензин тос, масло, түлшний мөнгийг төл гэж нэхэхэд Б.У нь мөнгө бүтээсэнгүй та түр жоншны ченжээс мөнгө зээлж аваад өгөөч би буцаагаад төлнө гэж хэлэхээр нь би нэхэмжлэгч М.Б-ээс 12 000 000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны .............. тоот дансаар 2019 оны 11 сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийг дансанд шилжүүлэн авсан. Ингээд уг авсан 12 000 000 төгрөгөөс ............ ШТ-д түлшинд-7 800 000 төгрөг, А-80 бензинд-193 000 төгрөг, масло-240 000 төгрөг нийт 8 233 000 төгрөгийг, .............ХХК-аас нөхөрлөлийн хоол хүнсэнд авсан үхрийн мах-1 000 000 төгрөг, гурил-58 000, наран цэцгийн тос-9 000 төгрөг нийт 1 067 000 төгрөгийн зээлүүдийг тус тус өгсөн. Б.У нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр найз М.Гантулгын хаан банкны .............. тоот дансанд 2 ковш, 2 экскаваторын халуун тогооны мөнгө гэж 1 200 000 төгрөгийг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Ш.Б гэх хүний хаан банкны ........... тоот дансанд 1 500 000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан болно. Мөн нэхэмжлэгч М.Б нь 2019 оны 11 дүгээр сард уг 12 000 000 төгрөгийг У гэх хүнд зуучилж зээлүүлэхэд ямар нэгэн гэрээ хийгээгүй ба уг мөнгийг Б.У өгөхгүй зугтааж алга болсноос болоод нэхэмжлэгч М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр над дээр ирж гэрээ хийж нотариатаар батлуулж бичиг хийлгэж авсан. Уг мөнгийг би Б.У-ын хэлснээр М.Баярхүүтэй ярьж авч өгсөн нь үнэн. Нэг нутаг усны хүмүүс учраас санаа зовоод уг гэрээг хийж өгсөн юм. Дээрх 12 000 000 төгрөгийг Б.У нь зээлдүүлж авсныг нэхэмжлэгч М.Бнь өөрөө мэдэж байгаа болно. Уг 3 тооны ..-..... улсын дугаартай кантерыг зээлүүлсэн мөнгөний барьцаанд надад өгчих гэж байхад нь би өгөөгүй. Б.У нь нөхөрлөлийн ажилчдын гэрийн ........... дугаар луу залгаж тогооч П.Г яриад ..-.. ... улсын дугаартай кантерыг хажуу нөхөрлөлийн ахлагч Г.М-т хүлээлгээд өгчих би М ахын данс руу М.Б-ийн 12 000 000 төгрөгийг хийлээ гэж хэлсэн тул би уг автомашиныг Г.М-т хүлээлгэж өгсөн/ Б.У нь 12 000 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй машинаа аваад намайг залилсан. Би М.Б-г нэг нутаг усны хүмүүс учраас надаас мөнгө нэхээд байхаар нь нөхөрлөлийн үйл ажиллагаа эхлэхээр нь жоншоор өгнө гэж хэлсэн юм. Ковидын нөхцөл байдлын улмаас одоо болтол үйл ажиллагаа эхлээгүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Р.М-д холбогдуулан 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Р.М нар нь эвлэрч дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд: 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б би хариуцагч Р.М-тэй эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч М.Б-д өгөх 12 000 000 төгрөгийг 2 хувааж буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор үлдэгдэл 6 000 000 төгрөгийг М.Б-ийн ХААН банкны ..........тоот дансанд хариуцагч Р.М нь төлөхөөр тохиролцов гэжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар М.Б-ийн нэхэмжлэлтэй, Р.М-д холбогдох 12 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор үлдэгдэл 6 000 000 төгрөгийг М.Б-ийн ХААН банкны ........... тоот дансанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ОТГОНЖАРГАЛ