| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2022/00135/И |
| Дугаар | 156/шш2022/00165 |
| Огноо | 2022-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 156/шш2022/00165
156/ШШ2022/00165.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00135/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... ХХК,
Хариуцагч: ...........тоотод оршин суух, Х. Н,
Нэхэмжлэлийн шаардлага: 9 786 098,6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э
Хариуцагч: Д.Н
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Н нь Төрийн банкны Хэнтий салбараас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 761 тоот кредит карт эзэмших гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг бэлэн гүйлгээ хүү сарын 3 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээндээ зориулан 24 сарын хугацаатай буюу 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлдэгч Д.Н нь зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй уулзаж, улмаар утсаар удаа дараа холбогдож байсан болно. Банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцлийг үндэслэн банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөр: зарцуулсан дүн 9 751 559,73 төгрөг, хуримтлуулсан хүү 27 538,87 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, нийт 9 786 098,6 төгрөг болсон байна. Иймд Д.Нямбаатараас 9 786 098,6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оноос хойш ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа 100 хувь зогсолт үүсч санхүүгийн маш их алдагдалд орж Төрийн банкинд 285 185 891 төгрөг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 20 000 000 төгрөг, Нийгмийн даатгалын хэлтэст 7 560 900 төгрөг, петровисд шатахууны 31 456 410 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад 28 000 000 төгрөг, нийт 372 203 201 төгрөгийн өр үүсч өөрсдийн олж буй орлого болон бүх хөрөнгийг /үүнд өөрийн гэр багтсан/ худалдан борлуулж өнөөдрийн байдлаар 39 188 010 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Дээрх өрийн дүнд одоо нэхэмжилсэн дүн ороогүй болно. Эхнэр 80 хувийн хөдөлмөр чадвар алдалттай байнгын тогтмол эмийн эмчилгээнд сард багадаа 300 000 төгрөгөөс дээш, хүү оюутан зэргээс сарын хэрэглээний зардлууд багагүй байдаг. Мөн бид хадмындаа амьдарч байна. Иймд ...... банкнаас нэхэмжилсэн 9 786 098,6 төгрөгийн үндсэн зээл 5 000 000 төгрөг, өссөн хүүний 50 хувь 2 393 049,3 төгрөг, нийт 7 393 049,3 төгрөгийг төлөх боломжтой гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ................. дугаартай Кредит карт эзэмших гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Кредит карт эзэмших гэрээ, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай захирамж болно.
4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч Д.Н-ын шүүхэд гаргасан хариу тайлбар, түүнд хавсаргасан баримтууд болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Д.Н-т холбогдуулан 9 786 098,6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судалж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч Төрийн банк, хариуцагч Д.Н нар нь 2018 оны 09 сарын 19-ны өдөр 761 дугаартай Кредит карт эзэмших гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр банк нь харилцагчийн хэрэглээнд зориулан зээлийн лимит бүхий кредит картыг эзэмших гэрээ байгуулжээ. Гэрээнд кредит карт гэж банкнаас олгосон эрхийн хэмжээнд зээлээр төлбөр тооцоо гүйцэтгэх, зарцуулалтаа тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөл бүхий картыг ойлгоно гэж тодорхойлсон ба хариуцагчид 2 жилийн хугацаатай, 5 сая төгрөгийн зээлийн лимиттэй, зээлийн лимитийн 80 хувийг бэлэн гүйлгээгээр зарцуулах боломжтой, бэлэн гүйлгээнд жилийн 36 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.
Гэрээний дагуу хариуцагч Д.Н нь уг кредит картыг ашиглаж 5 сая төгрөгийг захиран зарцуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч ......... ХХК болон хариуцагч Д.Н нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэхэмжлэл гаргах үеийн байдлаар /2022 оны 02 сарын 09-ны өдрийн байдлаар/ зарцуулсан дүн 9 751 559.73 төгрөг, хуримтлуулсан хүү 27 538.87 төгрөг, нотриатын үйлчилгээний хөлс 7000 төгрөг нийт 9 786 098.6 төгрөг болсон байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Мөн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн Банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүнд 2 393 049.3 төгрөг, нийт 7393 049.3 төгрөгийг төлнө, үлдэх 2 393 049 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь буцаан төлөхөөр зохицуулсан ба нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийг хэрхэн хэзээ шилжүүлж зээлдэгчид өгсөн талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний 6.2-т зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байна гэж байх боловч зээлийн гэрээ хэрэгт ирээгүй, зөвхөн Кредит карт эзэмших гэрээ хэрэгт ирүүлсэн. Энэ гэрээнд 6.2 гэсэн заалт байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлуулахаар тодруулахад хэзээ хэрхэн хэдэн төгрөгийг бэлнээр зарцуулсан, хэдэн төгрөгийн бэлэн бус гүйлгээ хийсэн талаар тайлбарлахгүй, энэ талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсанаар зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү зэргийг шүүхээс тооцох боломжгүй байна. Тухайлбал талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн боловч хэзээ хэдэн төгрөгийн зээлийг авсан, мөнгийг ямар хугацаанд хэрэглэж байгаа талаар тогтоогдохгүй байна.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлохгүй, энэ талаар шүүх хуралдаанд тодорхойлж мэтгэлцэхгүй байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
Талуудын хооронд байгуулсан Кредит карт эзэмших гэрээ /хэргийн материалын 9-12-р тал/, Кредит карт эзэмших гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд / хэргийн материалын 8-р тал/ кредит карт эзэмших хугацаа, олгох зээлийн дүн, хүү зэрэг гэрээний стандарт нөхцлүүд тусгагдсан байх ба хариуцагч нь гэрээний нөхцөл болон энэ картнаас 5 сая төгрөгийн хэрэглээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, үнийн дүн дээр талууд маргадаггүй. Харин хэзээ хэдэн төгрөгийг бэлнээр авсан, хэдэн төгрөгийн бэлэн бус гүйлгээ хийсэн талаар баримт байхгүй байх боловч хариуцагч нь үндсэн зээлд 5 сая төгрөг, хүүнд 2 393 049 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Тухайлбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг кредит картнаасаа зарцуулсан дүн 9 751 559.73 төгрөг, хуримтлуулсан хүү 27 538.87 төгрөг болсон гэж байгаа болов талуудын хооронд байгуулсан Кредит карт эзэмших гэрээнд дээд хязгаар 5 сая төгрөг байна гэж тогтоосон байгаагаас дүгнэхэд зарцуулсан дүн нь 9 751 559.73 төгрөг байх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь энэ зээлийн дүнгийнхээ задаргааг тайлбарлан мэтгэлцэж чадахгүй байгаа болон хэрэгт ирүүлсэн хоёр гэрээнд 6дугаар зүйлийн 6.2 гэсэн заалт байхгүй байгаа болохыг дурдаж байна.
Мөн нэхэмждэгч нь нотариатын үйлчилгээний хөлс 7000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ нь хэргийн зохигч өөрөө хариуцах зардал буюу үүнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм. Иймд мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас 7 393 049 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, хэрэгсэхгүй болгосон хэсэгт ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.Н-аас 7 393 049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .............. ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 393 049 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59.1, 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133 239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ