Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 124/ШШ/2022/49

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би “М.Г” ХХК-ийн “Увс-Агро" хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОНӨГ/202212005 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 07 сарын 18-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж “Увс-Агро” хөдөө аж ахуй. үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, “Увс-Агро” хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОНӨГ/202212005 дугаар тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М.Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Увс-Агро" хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компани хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэн цахимаар оролцсон. Гэтэл Увс аймгийн Засаг даргаас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/1331 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцсан. Тус албан бичигт манай компанийг "Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-15 кВ-ын тусгай зөвшөөрөлгүй гэдэг үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна манай компани уг тусгай зөвшөөрлийг 2021 оны 05 сарын 07-ны өдрөөс 5 жилийн хугацаатай авсан байхад энэ үндэслэлээр манай компанийг үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

Эрчим хүчний яамны 173/21 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дээр хавсралт болон Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-15 кВ-ын ажил-ын зөвшөөрөлтэй байгаа нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа тул захиалагчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/1331 дугаартай мэдэгдэл нь үндэслэлгүй байна. Иймд Увс-Агро" хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОНӨГ/202212005 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 07 сарын 18-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Увс-Агро" хөдөө аж ахуй. үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Увс-Агро” хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОНӨГ/202212005 дугаар тендерийн Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2, 6.1.3 зорилтын хүрээнд аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд “Увс-Агро" хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэхээр 550.0 сая төгрөгийг төсөвт тусган хэрэгжүүлэн ажиллаж байна.

"Увс-Агро" хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх ажлын хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн 896/2022 бүртгэлээр магадлал хийгдсэн, Тариалан сумын 3-р багийн нутаг "Хөх үхэртийн гэсэн" цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажлын зургийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 10-нд нээлттэй тендер шалгаруулалтын аргаар, цахим системээр "Увс-Агро" цогцолбор төслийг эхлүүлэх ажлын гүйцэтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОНӨГ/202212005 дугаартай тендерийг аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан.

УВАОНӨГ/202212005 дугаартай тендерийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 09:55 минутад нээлт хийхэд;

-Оточ-Эрчим ХХК - 536,610,531 төгрөг

-Мичидган ХХК-54,455,928 төгрөг

-Гэрэлт шугам ХХК - 534,775,422 төгрөгийн төсвөөр гуйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн.

Увс аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/124 тоот захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо бүрэлдэхүүн;

-Үнэлгээний хорооны дарга: Ж.Эрдэнэтогтох - ХБТХОХ-ийн дарга

-Нарийн бичгийн дарга: Д.Ундармаа ОНӨГазрын мэргэжилтэн

-Гишүүд: Б.Зоригт ГХБХБГ-ын мэргэжилтэн, Б.Э аймгийн ерөнхий архитектур, Д.Д Сайнтус ТББ-ийн тэргуүн нарын үнэлгээний хороо нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж дараах шийдвэрийг гаргасан болно. Үүнд:

Нэг. Оточ-Эрчим ХХК нь ТШЗ 17.7. "Тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтан, машин механизмуудыг санал болгоно. Энэ тендерт санал болгосон инженер техникийн ажилтан, машин механизм нь олон багц болон 70 хувиас бага гүйцэтгэлтэй ажилд давхацсан тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно" гэх заалтыг хангаагүй тул олонхын саналаар татгалзсан.

Хоёр. “М.Г” ХХК нь ТШЗ 17.6.1 "Угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 2.2.1 "Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-15 кВ" /Эрчим хүчний яам/ /тусгай зөвшөөрөлтэй байх", ТШЗ 23.5 3-т "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбарыг эх хувиас сканердаж ирүүлэх шаардлагагүй бөгөөд "Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем"-ээр дамжуулан шалгана" гэсэн заалтыг хангаагүй буюу 2022 оны 7 дугаар сарын '8-ны өдөр үнэлгээний хороо хуралдахад Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн "Тендер үнэлэх" цэсийн тусгай зөвшөөрөл хэсэгт "Мичидган ХХК"-ний тусгай зөвшөөрөл байгаагүй бөгөөд харин уг компанитай түншилж тендерт материал ирүүлсэн "С-У" компанийн 10 төрлийн барилгын угсралтын тусгай зөвшөөрөл цахимд системд байсан. Мөн тендерийн нээлт хийхэд үнийн саналыг 54,455,928 / тавин дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга, есөн зуун хорин найм / төгрөгөөр ирүүлсэн нь техникийн алдаатай буюу хэт бага үнэ санал болгосон тул үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар татгалзсан.

Гурав. “Г Ш” ХХК нь тендерийн баримт бичигт тусгагдсан шалгуур үзүүлэлтийг хангасан, шаардсан материал бүрэн, ажлын даалгавар, техникийн шаардлагад нийцсэн гэж үзэн үнэлгээний хорооны 4 гишүүн дэмжих саналтайгаар шалгаруулсан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасны дагуу хуулийн хугацаанд гомдол гаргаагүй учир Увс аймгийн Засаг дарга, "Гэрэлт шугам" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Г.Ш” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн орон нутгийн өмчийн газраас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зарласан "Увс-агро хөдөө аж ахуй.үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОН0Г/2О2212ОО5 дугаартай тендерт "Гэрэлт шугам" ХХК -нь тендерийн баримт бичгийн дагуу материалаа бэлдэж, оролцсон.

Улмаар 2022 оны 07 сарын 20 өдрийн 1/1330 тоот дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл авч, 2022 оны 07 сарын 28-ны өдрийн УВАОНӨГ/202212005 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2022 оны 08 сарын 10-ны өдрийн БУ-29/2022 дугаартай ажил эхлэх зөвшөөрөл авсан ба өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70%- тай явагдаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч “М.Г” ХХК-ийн захирал В.Ч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““Мичидган” ХХК-ийн захирал В.Ч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мичидган” ХХК нь “Увс-Агро” хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОНӨГ/202212005 дугаар тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Увс-Агро" хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОНӨГ/202212005 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 07 сарын 18-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, “Увс-Агро” хөдөө аж ахуй. үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М.Г” ХХК-ийн захирал В.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, хүсэлтээ ирүүлсэн байна.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М.Г” ХХК-ийн “Увс-Агро" хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УВАОНӨГ/202212005 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 07 сарын 18-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж “Увс-Агро” хөдөө аж ахуй. үйлдвэрлэлийн цогцолбор төслийг эхлүүлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ОЮУНГЭРЭЛ