Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000345 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/885 дугаартай шийтгэврээр 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.89 хувийн промильтой үедээ 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутгаас тус сумын 3 дугаар багийн дөрвөн замын уулзвар хүртэл хатуу хучилттай замд Тоёота ПриусЭксВи30 /Тoyota Pruis-ХW30/ загварын 32-71 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... Эрхээ хасуулсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодож явсан миний буруу...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Баянхонгор аймгийн 3 дугаар багийн 4 замын уулзварын ойролцоо эргүүл шалгалт хийж байх хугацаанд албаны машинаас буугаад өөдөөс явсан тээврийн хэрэгслийг шалгаад зогсож байтал Баянхонгор аймгийн 6 дугаар баг Амьчуул талаас 32-71 УАХ гэсэн улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ирээд дуут дохио өгөхөөр нь би ямар машин байна гээд очоод жолоочийг шалгаад Драгер багаж үлээлгэн шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би жолоочийн мэдээлэл шалгадаг Иксровер багажаар ******* гэх иргэний регистрийн дугаарыг хийж үзэхэд 2024 оны 08 дугаар сард эрх нь хасагдсан байсан.. Тухайн жолоочийн эхнэр гэх нэг эмэгтэй хамт явж байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн иргэний Драгер багажаар шалгаж үзэхэд 2.89 хувьтай гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хийсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/ болон  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, согтуурал шалгах багажаар шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/,  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/885 дугаартай шийтгэвэр /хх-ийн 6-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 10 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судлав.               

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 885 дугаартай шийтгэврээр 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.89 хувийн промильтой үедээ 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутгаас тус сумын 3 дугаар багийн дөрвөн замын уулзвар хүртэл хатуу хучилттай замд Тоёота ПриусЭксВи30 /Тoyota Pruis-ХW30/ загварын 32-71 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Баянхонгор аймгийн 3 дугаар багийн 4 замын уулзварын ойролцоо эргүүл шалгалт хийж байх хугацаанд албаны машинаас буугаад өөдөөс явсан тээврийн хэрэгслийг шалгаад зогсож байтал Баянхонгор аймгийн 6 дугаар баг Амьчуул талаас 32-71 УАХ гэсэн улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ирээд дуут дохио өгөхөөр нь би ямар машин байна гээд очоод жолоочийг шалгаад Драгер багаж үлээлгэн шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би жолоочийн мэдээлэл шалгадаг Иксровер багажаар ******* гэх иргэний регистрийн дугаарыг хийж үзэхэд 2024 оны 08 дугаар сард эрх нь хасагдсан байсан.. Тухайн жолоочийн эхнэр гэх нэг эмэгтэй хамт явж байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн иргэний Драгер багажаар шалгаж үзэхэд 2.89 хувьтай гарсан...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь  2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутгаас тус сумын 3 дугаар багийн дөрвөн замын уулзвар хүртэл хатуу хучилттай замд Тоёота ПриусЭксВи30 /Тoyota Pruis-ХW30/ загварын 32-71 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдууллаа.

Шүүх шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг торгох ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж,  хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан  хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй  болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭНГЭЛ