| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/03 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уламбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000317 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ийн *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт байрлах Миний дэлгүүрийн ойролцоо гэр бүлийн хамаарал бүхий *******г бусадтай хардсаны улмаас толгой хэсэгт нь цохиж, зодсоны улмаас *******гийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Өвөрхангай аймгийн *******хорин суманд барилгын ажил дээрээ байж байгаад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Бигэрмаа руу залгасан чинь цаана нь эрэгтэй хүний дуу гарахаар нь наана чинь хэн байгаа юм камераа эргүүлээд харуулдаа гэсэн чинь камераа эргүүлсэн чинь ширээн дээр нь нэг ширхэг архи харагдаад утсаа салгасан. Тэгэхээр нь би эргэж залгаад юу хийгээд байгаа талаар тодруулахад ахмадын баяр тэмдэглэж байна гэсэн. Тэгээд ямар хүнтэй яваад байгаа юм гээд хэрүүл болж байгаад Би 10 настай охин руугаа залгасан чинь ээж өчигдөр орой эмийн сан орчхоод ирье гэж гараад ирээгүй гадуур хоносон. Тэгээд өглөө нэг эрэгтэй хүнтэй орж ирчихээд гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би залгаж хэрүүл хийж байгаад Өвөрхангай аймгийн *******хорин сумаас Баянхонгор аймаг руу гарсан. Тэгээд ирээд гадуур хайгаад явж байсан чинь Баянхонгор сумын 5 дугаар багт байх Миний дэлгүүрийн орчим эхнэр Бигэрмааг олж аваад машинд суу гэсэн чинь суусан. Тэгэхээр нь би эхнэр Бигэрмаагийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд гэрийн гадаа очоод хэрүүл маргаан болж байгаад би дэлгүүр орж 4 ширхэг лаазтай пиво авч уусан чинь надад одоо уулздаг нэг хүн байгаа дахиад харж явдаг нэг хүн байгаа гээд байсан. Тэгээд хэрэлдэж байгаад дахин нэг удаа цохисон. Тэгээд өглөө болоод цагдаа дээр ирсэн ...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор сумын 6 дугаар багт гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад харих гээд Баянхонгор сумын 5 дугаар багт байрлах миний дэлгүүрийн орчим явж байсан чинь манай нөхөр ******* нь Өвөрхангай аймгийн *******хорин суманд ажил хийж байгаад ирчихсэн, тухайн газар тааралдсан. Тэгээд намайг машинд суу гэхээр нь суусан чинь миний толгой, нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд бид хоёр гэртээ очоод шөнөжин хэрүүл маргаан хийж байгаад би цагдаа дуудах гэсэн чинь гар утсаа олохгүй байхаар нь өглөө өөрийн биеэр ирсэн. Би *******тай 2013 оноос хойш хамт амьдарсан. Одоо гэр бүлийн хамааралтай. Миний нөхөр болох ******* 5-6 удаа цохиж бас толгой, дагз хэсэг рүү, хэд хэдэн удаа цохисон. Миний зүүн нүд хавдсан, бас зүүн хөмсөг бага зэрэг сэтэрсэн. Би 526 дугаартай дүгнэлттэй санал нийлж байна. Надад учирсан гэмтэлд нөхөр ******* нь өөрөөсөө зардал гаргаж эмчилгээ хийлгэсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ....гэх мэдүүлэг / хх-ийн 17-20 /,
4. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 526 дугаартай шинжээчийн:
1. *******гийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь модоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт байрлах “Миний дэлгүүр”-ийн ойролцоо гэр бүлийн хамаарал бүхий *******г бусадтай хардсаны улмаас толгой хэсэгт нь цохиж, зодсоны улмаас *******гийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******гийн мэдүүлэг, шинжээчийн 526 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр нөхөр гэж шүүгдэгч хохирогч нар нь мэдүүлж байгаа тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд..нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарна” гэх заалтад хамаарч байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр нөхөр бөгөөд хохирогч болох эхнэр ******* нь архилан согтуурч үүний улмаас маргалдаж зодолдож хохирогчийг цохисны улмаас хөнгөн хохирол санаатай учруулах үндэслэл болсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ