| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2025/0004/Э
дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2418000000768 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* Улсын иргэн, ******* өдөр Дархан-Уул аймгийнанд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, Бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн “*******” ХХК-нд автын цахилгаанчин ажилтай, ам бүл, эхийн хамт Дархан-Уул аймгийн *******,*******,*******, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
******* ургийн овогт ******* (РД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-14 дүгээр хуудас/, Хохирогч мэдүүлэг,/хх-ийн 24-26 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг,/хх-ийн 54 дүгээр хуудас/, сэжигтэн *******ийн мэдүүлэг,/хх-ийн 58 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхээр уригдсан “ШУТИС”-ийн дахь технологийн сургуулийн ахлах багш С.Саруулболдын 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/, дахь бүсийн шүүх шинжилгээний шинжээч эмч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 948 дугаартай дүгнэлт /хх- ийн 61-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим ,, 13 дугаар баг, Дархан өргөө политехникийн коллежийн оюутны дотуур байрны зүүн талын төв зам дээр улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч байсан явган зорчигч мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-14 дүгээр хуудас/,
- Хохирогч “...Би тэр өдөр гэртээ байж байгаад үйлчилгээний төв дээр байдаг Гацуур нэртэй газар охиныхоо ажил дээр очих гээд 19 цагийн орчим гарсан. Тэгээд ажил дээр нь очоод хаалгыг нь цохиход цохихыг маань сонсоогүй юм уу хаалгаа онгойлгоогүй. Тэгэхээр нь би буцаад гэр лүүгээ харих гээд Дархан өргөө политехникийн коллежийн дотуур байрны зүүн талын замаар зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн. Уг машин ирж байгааг бол харсан амжаад гарчих байх гэжбодоод гарсан чинь намайг мөргөчихсөн. Тэгээд тэр жолооч залуу өөрөө эмнэлэг дуудаад намайг эмнэлэгт хүргэсэн...Би гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Уг нь тэр 22 байрны цаад буланд явган хүний гарц харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 24-26 дугаар хуудас/,
- Гэрч "...Би тухайн өдөр 19 цагийн орчим ажлаасаа буугаад, 13 дугаар баг, нэгдсэн эмнэлгийн автобусны буудлаас улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэлд суусан. Ингээд миний суусан тээврийн хэрэгсэл анагаахын уулзвараар тойроод Дархан өргөө политехникийн коллежийн хажуу талын замаар явж байсан юм. Би тухайн үед арын суудал дээр зорчиж явсан. Миний сууж явсан машинд надаас гадна 4 хүн байсан. Бүгд эмнэлгийн буудлаас суусан. Би тэр хүмүүсийг танихгүй харих гээд таксинд суусан юм. Гэтэл гэнэт урд сууж явсан хүн хүүе наа чинь хүн гэхэд түс гээд явчихсан. Тэгээд машинаас буугаад хартал машины баруун хойд талд 70 орчим насны эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би 103 луу залгаж яаралтай тусламж гарчихлаа хурдан ирээрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- Сэжигтэн *******ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн урдаас өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хөдлөхөд зам дээр 4 хүн зогсож байхаар нь машиндаа суулгаад хөдлөөд явж байталын Дархан Өргөө коллежийн уулзварыг эргээд 16 давхар чиглэлд явж байтал гэнэт урдуур хүн гараад ирсэн би огцом тоормос гишгээд жолооны хүрдийг зүүн гар тийш дараад машинаа зогсоогоод машинаас буухад нэг настай эмэгтэйг би мөргөж унагасан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагад мэдэгдээд тухайн эгчийн толгойн доогуур нь гараа хийгээд хөдөлгөөнийг нь хязгаарлаад гүнзгий амьсгаа авхуулж өөрийн чадах зүйлээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхээр уригдсан “ШУТИС”-ийн дахь технологийн сургуулийн ахлах багш С.Саруулболдын 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 192 дугаартай “... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолооч ******* нь 12.2 “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт ...зөрчсөн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,
- дахь бүсийн шүүх шинжилгээний шинжээч эмч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 948 дугаартай “... биед зүүн умдаг яс, бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн хажуу сэртэн, бүсэлхийн 5-р нугалмын их бие болон зүүн хажуу сэртэн, ууцны 1 дүгээр нугалмын хугарал, баруун талын хоншоор яс гайморийн хөндийн рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархай хананы хугарал, баруун гуя, хэвлий, дух, баруун зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх зүүн умдаг яс, бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн хажуу сэртэн, бүсэлхийн 5-р нугалмын их бие болон зүүн хажуу сэртэн, ууцны 1 дүгээр нугалмын хугарал, баруун талын хоншоор яс гайморийн хөндийн рүү цөмөрсөн хугарал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 -т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархай хананы хугарал, баруун гуя, хэвлий, дух, баруун зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг...” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тусгай субъект буюу жолооч болохын хувьд ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 69 дүгээр тал)-ээр тогтоогдсон.
Мөн хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь дахь бүсийн шүүх шинжилгээний шинжээч эмч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 948 дугаартай дүгнэлт (хх-ийн 61-63 дугаар хуудас)-ээр тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх үйл баримт болох шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “...Хэрэг хариуцлагыг хүлээлгэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 99), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 107) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 24 сарын хугацаанд хэсэгчилж төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд баримтаар 2,304,896 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд 10,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч нь 2,400,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.
Үүнээс шүүгдэгч ******* нь хохирогч эмчилгээний зардалд нэхэмжилсэн нийт 2,304,896 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 3 дугаар зэрэглэлд хамаарч энэ талаар хохирогчид танилцуулж, хохирогч хүлээн зөвшөөрсөн тухай тэмдэглэл (хх-ийн 104-р тал)-ийг үйлджээ.
******* Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар зохицуулсан.
Зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруу үйлдэл буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал нөлөөлсөн болох нь шинжээч С.Саруулболдын 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай “Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч ******* нь ******* улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 заалтыг, явган зорчигч нь 5.6 гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлтээр тогтоогдоно.
Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирогчийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцүүлэн, нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах, хохирогч нь өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчмын хүрээнд гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзаж тогтоодог бөгөөд энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт тухайн зэрэглэлийн доод хэмжээнээс доогуур буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх байдлаар, нийт 6,600,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж дүгнэж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин иргэний нэхэмжлэгч г 2024 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт “...одоогийн байдлаар 1 сар ажилдаа яваагүй 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлсон байна.
Хэдийгээр хохирогчийн өмгөөлөгч: “иргэний нэхэмжлэгч 3 сар ажилдаа яваагүй тул энэ хугацаанд авах цалингийн хэмжээгээр нэмэгдүүлэн нэхэмжлэх хүсэлтэй байгаа” талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн боловч иргэний нэхэмжлэгч г төлөөлөх эрхгүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзэхгүй.
Харин иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийхэд “Амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн “гэмтлийн улмаас хэвтэрт, байнгын асаргаанд байдаг нь үнэн” гэсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт байх боловч энэ тодорхойлолтоор хэдий хугацаанд байнгын асаргаа шаардлагатай талаар тусгаагүй байна.
Иймд шүүх тогтоогдсон хугацаагаар буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч иргнэий нэхэмжлэгч нь асарсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Мөн иргэний нэхэмжлэгч нь “” ХХК-д сарын 3,000,000 төгрөгийн цалинтай ажилдаг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 750,000 төгрөгийг төлдөг болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгчийн 2,400,000 төгрөгийн нэхэмжлэлээс 2,250,000 төгрөгийг хангаж шүүгдэгч *******ээс гаргуулах зөв байна.
Харин иргэний нэхэмжлэгч гийн 150,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж цаашид нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлаа тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч *******ийн хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,653,462 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг нөхөн төлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13/498 дугаар албан бичиг (хх-ийн 109 дүгээр тал) хэрэгт авагдсан бөгөөд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******ээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгж буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд, сар бүр 125,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******эд оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч эмчилгээний зардалд 2,304,896 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Хохирогч нэхэмжлэлээс 3,400,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч гийн нэхэмжлэлээс 150,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс 6,600,000 төгрөгийг гаргууулж хохирогч /,,,, ,/-д, 2,250,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч /,,,,,/-д тус тус олгосугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 1,653,462 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ