| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2017/0273/э |
| Дугаар | 236 |
| Огноо | 2017-06-12 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 236
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Ц.Алтанхуяг, гэрч Г.Ундрам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Сүрэн овогт Цэдэнсодномын Алтанхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3. дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0692 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сүрэн овогт Цэдэнсодномын Алтанхуяг, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1982 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Содон хороололд барилгын арматурчны бэлдэцийн ажилтай, ам бүл тав, Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Цахирын 7 дугаар баг, 7-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9-В27 тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ВЭ82040377, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Алтанхуяг нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буян” ХХК-ийн хашаа руу гэрээ нүүлгэж явлаа гэж 66-12 УНЛ улсын дугаартай портер машинтай орж, гэрээ ачилгүй машин дээр 330.000 төгрөгийн 10 ширхэг тулаас төмрийг (сапуд) ачиж, хулгайлахыг завдсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3. дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1. Шүүгдэгч Ц.Алтанхуяг: Би эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг. 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Буян” ХХК-д ажилд орсон. Тус компани надад 2017 оны 01 дүгээр сард цалин гэж 300.000 төгрөг өгсөн. Тэгээд компанийн зүгээс “хоёулаа цуг ажиллаагүй тул байрнаас гар” гэж хэлсэн. Мөн 2017 оны 2, 3 дугаар сарын цалингаа авъя гэхэд объектын дарга Баярмаа “захирал чиний цалинг хаасан” гэж хэлсэн. Тиймээс би “Буян” компанийн хашаанаас төмөр хулгайлсан юм. Би тухайн өдөр хөлсний автомашин авч ирсэн. Уг ачааны автомашины жолооч намайг төмөр хулгайлах гэж байсныг мэдээгүй. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, надад хөнгөн ял оноож өгнө үү гэв.
2. Гэрч Г.Ундрам: Би энэ хэргийг гарсан өдөр 66-12 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодож байсан. Энэ автомашин миний хүү Соёлгэрэлийн нэр дээр байдаг. Гэхдээ би тухайн автомашиныг барьдаг. Би Дэвшилийн урд зогсоол дээр халтуур хийх зорилгоор ачааны автомашинтайгаа зогсдог. Тэр өдөр шүүгдэгч ирээд “төмөр ачуулъя” гэж хэлээд бид хоёр хөлсөө 10.000 төгрөгөөр тохирсон. Би энэ хүнийг хулгай хийж байна гэж мэдээгүй. Буян компанийн харуул зогсоож, төмөр хулгайлсан талаар ярих үед л мэдсэн. Тэгээд цагдаа нар ирсэн гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2017 2601 0692 дугаартай хэргээс)
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би “Буян” ХХК-д объектын дарга ажилтай. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13:40 цагийн үед манай барилгын гэрээт ажилчнаар ажиллаж байсан Алтанхуяг “гэрээ нүүлгэнэ” гээд цэнхэр өнгийн портер машин оруулж ирээд, гэрээ ачсан юмгүй, төдөлгүй гарч явах гэж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод, зогсоож байгаад, харуул Доржсүрэнтэй хамт шалгахад, ачаан дээрээ 10 ширхэг барилгын тулаас төмөр буюу сапуд ачсан байсан. Алтанхуяг 10 ширхэг сапуд төмөр хулгайлж байгаад газар дээрээ баригдаад тэнд нь буцааж буулгасан байгаа. Сапуд төмрөө авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас);
2. Гэрч Ц.Ариунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Сэлбэ-116” чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр 13 цаг 47 минутад “Сэлбэ 10”-аас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Буян” ХХК-ийн хашаанд хулгай хийсэн хүн баригдсан байна гэсэн дуудлага авсан. Дуудлагын дагуу очиж шалгахад 66-12 УНЛ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машиныг “Буян” ХХК-ийн хашааны гадна тавьсан байсан. Хулгай хийсэн гэх 10 ширхэг сапуд төмрийг нь хашаан дотор буулгасан байсан. Объектын дарга Баярмаа гэх эмэгтэй “гомдолтой, өргөдөл гаргана. Манайд ажиллаж байсан Алтанхуяг гэдэг залуу хулгай хийж байгаад баригдлаа” гэж байсан. Алтанхуяг өөрөө “10 ширхэг сапуд төмөр хулгай хийж байгаад баригдсан, намайг уучлаарай” гэж байсан. Тэрээр “Портер машиныг гэрээ нүүлгэнэ гэж хөлсөлж авч явсан” гэсэн. Харин Ундрам гэх жолоооч “хашаанд орж ирээд эхлээд энэ хэдэн төмрийг ачаад буулгая, дараа нь гэрээ ачна” гэж хэлээд төмөр ачсан гэж ярьж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас);
3. Гэрч Г.Ундрамын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дэвшил дээр Портер загварын машинтайгаа зогсож байхад, 14 цагийн үед нэг залуу ирээд, “хэдэн төмөр ачаадахъя” гэсэн. Тэгээд би тэр залуутай хамт Буян компанийн хашаа руу ороод, 10 ширхэг төмөр ачсан. Төмрөө ачаад боллоо гэхээр нь би тэр залуутай хамт гарах гэтэл үүдэнд жижүүр зогсоож, шалгаад “төмөр ачсан байна” гээд буцаагаад буулгасан. Би тэр үед хулгай хийж байна гэж мэдээгүй. Тэр залуу орохдоо үүдний манаачтай уулзаад орсон. Би тэр залууг танихгүй. Тэрээр надад “гэр ачиж, буулгана” гэж хэлээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);
4. Ц.Алтанхуягийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Би Буян компанид анх 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээт ажилчнаар ажилд орсон. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би өөрөө ажлаасаа гарлаа гэдгээ хэлсэн. Би 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн ажилчин болж, Майти загварын машин унаж байтал хэл ам хийгээд байхаар нь ажлаасаа гарсан юм. Намайг “Буян” ХХК-ийн ажилчдын байранд амьдарч байтал “байрнаасаа гар” гэсэн. Надад мөнгө байхгүй байсан, цалингаа авъя гэтэл объектын дарга Баярмаа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс цалин хаасан өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь дургүй хүрээд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “гэрээ нүүлгэнэ” гэж худлаа хэлээд, хашаа руу ороод, портер загварын машин дээр гэрээ ачилгүй 10 ширхэг тулаас төмөр хулгайлж ачсан чинь Баярмаа даргад баригдсан. Би портер машины жолоочид “төмөр хулгайлж байгаа” гэж хэлээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 20-22 дугаар хуудас);
5. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл (хх-ийн 32-34 дүгээр хуудас);
6. Эд зүйлийн үнэлгээ: “Комисс цэнхэр өнгөтэй, 66-12 УНЛ улсын дугаартай, 1 тоннын даацтай, Хьюндай портер загварын ачааны хуучин автомашиныг 7.200.000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлсэн байна.” (хх-ийн 35 дугаар хуудас);
7. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгогтөгсийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай “Ял өөрчлөн сонсгох тухай” тогтоолоор яллагдагч Ц.Алтанхуягт урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3. дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан ялыг сонсгожээ. (хх-ийн 42 дугаар хуудас);
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 28), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 27), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29), “Буян” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалууд (хх-ийн 30-31), тээврийн хэрэгслийн болон эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 24, 26) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Ц.Алтанхуяг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.
Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Алтанхуяг нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буян” ХХК-ийн хашаа руу “гэрээ нүүлгэж явлаа” хэмээн цэнхэр өнгөтэй, 66-12 УНЛ улсын дугаартай Хьюндай портер загварын ачааны автомашинтай орж, гэрээ ачилгүй нийт 330.000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг тулаас төмрийг (сапуд) ачиж гарахыг оролдож, хулгайлахыг завдсан болох нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.Алтанхуягийн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгчийн зүгээс шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Алтанхуяг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор бага бус хэмжээний буюу 330.000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг тулаас төмрийг хөлсний автомашинд ачсан идэвхитэй үйлдэл хийсэн хэдий ч түүний хүсэл зоригоос үл хамааран гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу таслан зогсоогджээ. Иймд түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. Мөн гэмт хэргээ хялбарчлах, хулгайлсан эд зүйлсээ зөөвөрлөх зорилгоор машин механизм (тээврийн хэрэгсэл) хэрэглэсэн нь энэ гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Харин компанийн хашаа руу зохих зөвшөөрлийн дагуу нэвтэрсэн тул түүнийг бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй.
Шүүх Ц.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 32 дугаар зүйлийн 32.3. дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч Ц.Алтанхуягийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3. дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 29) байх тул шүүгдэгч Ц.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Алтанхуяг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах боломжтой гэж үзэв.
Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Ц.Алтанхуягийн оршин сууж буй Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо Арцатын 9-В27 тоот хаягийн харьяаллаар тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгалаа.
Шүүх шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярмаа гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нийт 330.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Алтанхуяг 10 ширхэг тулаас төмрийг буцаан өгсөн, хохирогч нь гомдолгүй (хх-ийн 39) гэх тул шүүгдэгч Ц.Алтанхуягийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10. дахь хэсэгт зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 66-12 УНЛ улсын дугаартай Портер загварын автомашиныг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2. дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 66-12 УНЛ улсын дугаартай Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 7.200.000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Ц.Алтанхугаас гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдлаа.
Шүүгдэгч Ц.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзсан тул түүнд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Сүрэн овогт Цэдэнсодномын Алтанхуягийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3. дахь хэсгийг удирдлага болгон 32 дугаар зүйлийн 32.3. дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягт эд хөрөнгө хураагүйгээр 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10. дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 66-12 УНЛ улсын дугаартай Хьюндай Портер загварын ачааны автомашиныг хууль ёсны эзэмшигч Г.Ундрамд буцаан олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 7.200.000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг хураан авч, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Алтанхуяг нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5. дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд ялтан захиргааны шийтгэл хүлээбэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж болох хуультайг шүүгдэгч Ц.Алтанхуягт анхааруулсугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Алтанхуягт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10.Энэ тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Алтанхуягт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА