Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ/2022/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Засаг дарга Ч.Ч,

Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан,

“Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 01/37/А2070415УВА-2022/18/НА-СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, хариуцагч байгууллагыг төлөөлөн Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,тэргүүлэх аудитор М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аудитор Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь тус шүүхэд анх Увс аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 01/37/А2070415УВА-2022/18/НА-СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 01/37/А2070415УВА-2022/18/НА-СТА-ТШЗ дугаартай актаар аймгийн Засаг дарга Ч.Ч-ээр 16.126.070 төгрөг төлүүлж орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Ч.Ч нь шүүхэд 2022 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 124/ШЗ2022/0119 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 419 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ч-ээс Үндэсний аудитын газарт маргаан бүхий актыг хянуулахаар гомдол гаргасан байх ба тус газрын 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 01/1103 дугаартай албан бичгээр “Төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй” талаар хариуг өгчээ.

4. Иймд нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

5. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”Улаангом сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог 2 орлогчтой байхаар жишиг бүтцийн төслийг цаг үеийн нөхцөл байдал, хүн амын өсөлт зэргийг харгалзан тухайн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.П-ын гаргасан саналын дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар захирамж баталж өгсөн. Үндсэн асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2021.12.31-нд хүчингүй болсон/ 31.1.2-д сум, ...ын Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэснийг үндэслэн ИТХ-ын Тэргүүлэгчдээр зөвшөөрсөн бол томилдог. Хоёр орон тоотойгоор ажиллаж ирсэн жишиг бусад аймгийн төвийн сумдад ч байсаар ирсэн. Аймгийн төвийн сумыг оршин суугчдын тоо, дэд бүтэц, харилцаа холбоо гэх мэт үзүүлэлтээр бусад сумуудтай харьцуулах боломжгүй байдаг.

Тухайн актад тэмдэглэсэн Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3 дахь заалтыг УИХ-аас 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аймгийн Засаг даргад буюу нийт төрийн албан хаагчдад хамааралтай байхаар тусгасан нь 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль үйлчилсэн үеэс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Энэ акт нь аймгийн Засаг даргын эрх зүйн байдлыг дордуулж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн хуулийн заалтуудыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хүчингүй болсон хуулийн заалттай хамтатгаж үндэслэл болгон акт тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг гажуудууллаа. Хууль хэрэглээний хувьд, аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой зөрчиж байна.

Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2-д Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх" гэснийг хэрэгжүүлээгүй гэжээ. Төсвийн тухай хуулийн 5.1.3-д заасан Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд мөн хуулийн 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байхаар төсвийн хуулийг хэрэгжүүлсэн, 14.3-т Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж ажилласны үр дүнд 2021 онд цалингийн санд өр авлага үүсгээгүй бөгөөд улбар шар түвшинд цар тахлын нөхцөлд ажиллаж байсан ба Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө, гэснийг хэрэгжүүлж ковид-19 цар тахал, шүлхий зэрэг халдварт өвчинтэй тэмцэх шаардлагаар нийгмийн хөгжил хариуцсан орлогчийг ажиллуулсан байдаг. Хууль тогтоомжийг онцгой нөхцөлд хэрэгжүүлсэн байхад Засгийн газрын тогтоолоор акт тавьж буй асуудал зүйд нийцэхгүй байна...

Нэхэмжлэлийн агуулгад дурдсан үндэслэлийн дагуу Увс аймаг дахь Төрийн аудитын 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/37/А2070415-УВА-2022/18/НА-СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Аймгийн төвийн оршин суугчдын тоо, дэд бүтэц, харилцаа холбоо гэх мэт бусад сумуудтай харилцах боломжгүй байдаг...

Цар тахалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах чиглэлээр Увс аймгийн Улаангом сумын 36.056 иргэнд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор Улаангом сумын засаг дарга Ц.П-ын гаргасан санал, холбогдох хуулийн зүйл заалтыг үндэслэн хоёр орлогчтой байх  жишиг бүтцийг Аймгийн Засаг дарга  баталсан. Уг жишиг бүтцийг батлуулаад захирамж гаргуулж орон тоогоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж албажуулах байсан. Сумын Засаг дарга Ц.П нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтын дагуу  орлогчийг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдтэй зөвшилцөж томилох байсан. Орлогчийн хуульд заасны дагуу томилоогүй нь аймгийн засаг даргад хамаарал байхгүй.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах зэрэг заалтуудыг удирдлага болгосон. Эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн асуудал байхгүй. Тухайн үед дэлхий даяар үүссэн нөхцөл байдал хоёр орлогчтой ажиллах шаардлагад хүргэсэн.Нэг  орлогчтой ажиллахад ажлаа дийлэхгүй нөхцөл байдал үүссэн, тухайн томилогдсон орлогч нь коронавируст халдвар, цар тахлын үед олон ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан.Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

7. Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн тайлбар болон тус газрын дарга,тэргүүлэх аудитор М.Батсуурь шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “... аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн А/53 акт  тухайн үед хүчинтэй мөрдөгдөж байсан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.2 дахь заалтад сум дүүргийн засаг дарга нь нэгээс илүүгүй орлогчтой байх хуулийн заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т  төсвийг  үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж,зарцуулах гэсэн заалтуудыг зөрчсөн.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт тухайн акт тавьж байхад хэрэгжиж эхлээгүй байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг зөвшөөрч байна. Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хурал засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Мөн зүйлийн 41.2-т хурал, засаг дарга нь гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг бүрэн хүлээнэ гэж заасан.Хуулийн заалтууд зөрчигдөж хохирол учирсан тул төлбөрийн акт тавьсан.Засгийн газрын 2021 оны 02 сарын 17-ны дөрийн 43 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэгт заасан “шинээр ажлын чиг үүрэг,албан тушаал бий болгохгүй,орон тоог нэмэгдүүлэхгүй байх,өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх” гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй.Иймд илүү олгогдсон цалин нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон...” гэжээ.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Хариуцагч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч талаас “Аймгийн төвийн сумыг хүн амын тоо, дэд бүтэц харилцаа холбоо гэх мэт үзүүлэлтээр бусад сумуудтай харьцуулах боломжгүй байдаг, цар тахал, шүлхий зэрэг халдварт өвчинтэй тэмцэх шаардлагаар нэг орлогч ажиллахад хүндрэлтэй байсан тул нийгмийн хөгжил хариуцсан нэг орлогчийг нэмж ажиллуулсан, орон тоог батлахдаа Улаангом сумын Засаг дарга Ц.П-ын саналыг үндэслэсэн ба Ц.П хуульд нийцүүлэн Засаг даргын орлогчоо томилох ёстой,актад тухайн үед мөрдөгдөж эхлээгүй Төрийн албаны тухай хуулийг баримталсан” тухай тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч тал “...Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт сумын Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох гэсэн заалтыг зөрчиж аймгийн Засаг дарга Улаангом сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог батлахдаа орлогч 2 байхаар баталсан нь хууль зөрчсөн тул олгогдсон цалинг нөхөн төлүүлсэн...” гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

4. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 01/37/А2070415УВА-2022/18/НА-СТА-ТШЗ дугаартай актаар Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн А/53 дугаар захирамжаар Улаангом сумын Засаг даргын бүтэц орон тоог 2 орлогчтой байхаар баталсан, уг захирамжийн дагуу Улаангом сумын Засаг дарга 2 орлогч ажиллуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад “Сум дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох,чөлөөлөх”,Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2 дахь заалтад “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3 дахь заалтад “Хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү,төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1 дэх заалтад “Төсвийг үр ашигтай,хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ээр 16.126.070 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

5. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн А/53 дугаартай захирамжаар Улаангом сумын Засаг даргын тамгын газрын бүтэц,орон тоог баталсан байх ба дэд бүтэц,хөдөө аж ахуй хариуцсан Засаг даргын орлогч 1, нийгмийн бодлого хариуцсан орлогч 1, нийт засаг даргын орлогч 2 ажиллахаар баталжээ.

6. Улаангом сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 02 сарын 01-ний өдрийн А/03 дугаар тушаалаар Улаангом сумын Засаг даргын бүтэц орон тоог аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн А/53 дугаартай захирамжийг үндэслэн дахин баталсан байна.

7. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 02 сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар Улаангом сумын Засаг даргын Нийгмийн бодлого,худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ,байгаль орчин хариуцсан орлогчоор И.Оюунбилэгийг 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байх ба уг захирамжид Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн А/53 дугаар захирамжийг үндэслэсэн байна.

8. Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт “Сум,дүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох,чөлөөлөх эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3 дахь хэсэгт “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 сарын 14-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор сумын Засаг даргын тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоосон ба тогтоолын 2 дахь заалтад сумын Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн талаар санал боловсруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгаснаас үзэхэд аймгийн Засаг дарга Улаангом сумын Засаг даргын тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоож өгсөн орон тоонд багтаан батлахаар байна.

9. Сумын Засаг даргын орлогчийн орон тооны хувьд Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт зааснаар зохицуулагдах тусгайлсан зохицуулалттай тул Аймгийн Засаг дарга сумын Засаг даргын тамгын газрын бүтцийг батлахдаа уг хуульд нийцүүлэн хуульд үндэслэх зарчмын хүрээнд шийдвэр гаргах үүргийг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл хуульд сумын Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байхаар заасан байхад аймгийн Засаг даргаас сумын Засаг даргын орлогчийг хоёр байх  бүтцийг баталсан нь буруу болжээ.

Ингэснээр Улаангом сумын Засаг даргаас аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн А/53 дугаар захирамжийг үндэслэн хоёр дахь орлогчийг томилох шийдвэрийг гаргажээ.

10.Иймд Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү,төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1 дэх заалтад “Төсвийг үр ашигтай,хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

11. Коранавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх,нийгэм,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.2-т “Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлж цар тахал,шүлхий зэрэг халдварт өвинтэй тэмцэх шаардлагаар орлогчийг нэмж ажиллуулсан, аймгийн төвийн сум хүн ам ихтэй, дэд бүтэц харилцаа холбооны хувьд бусад сумуудтай харьцуулах боломжгүй гэх нэхэмжлэгч талын үндэслэлийн тухайд:

2021 оны хувьд Монгол улсад коранавируст цар тахлын хягаарлалтын дэглэм тогтоогдсон байсан ба хязгаарлалттай холбоотой Увс аймгийн болон Улаангом сумын Засаг даргаас холбогдох шийдвэрүүд гарч байсан,Улаангом сумын Засаг даргын орлогч И.Оилэг шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “2021 оны 02 сарын 01-ний өдрөөс орлогчоор томилогдон ажиллаж, 2021 онд цар тахал, шүлхий өвчний дэгдэлтийн эсрэг ажлын хэсгүүдэд томилогдон ажиллаж байсан” талаар мэдүүлсэн байна.

Коранавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх,нийгэм,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасан “цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр хуульд зохицуулсан ба энэ заалтын хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулиар сумын Засаг дарга нэг орлогчтой ажиллах тусгайлсан зохицуулалтыг хөндөх эрхийг аймгийн Засаг даргад олгоогүй бөгөөд Засаг даргын хоёр дахь орлогчоор томилогдон ажилласан ажилтны хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, аймгийн төвийн сумын хүн амын тоо,бусад нөхцөл байдал нь  аймгийн Засаг даргын А/53 дугаартай захирамжийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан дээрх үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно.

12. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн нийт төрийн албан хаагчдад хамааралтай байхаар хэрэгжиж эхэлсэн байхад маргаан бүхий актад аймгийн Засаг даргад хамааралтайгаар үндэслэл болгосон гэсэн нэхэмжлэгч талын үндэслэл, тайлбарыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

13. Улаангом сумын Засаг дарга Ц.П сумын Засаг даргын хоёр дахь орлогчоор И.О-ийг томилохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй нь И.О-ийг томилох тухай шийдвэрт энэ талаар үндэслэгдээгүй байдал, мөн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022.08.22-ны өдрийн 34 дугаартай “И.О-ийг томилохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөөгүй” гэх албан бичиг зэргээр тогтоогдож байх ба сумын Засаг даргын орлогчийг томилох эрх бүхий албан тушаалтан болох Улаангом сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасан “Сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох,чөлөөлөх” зохицуулалтыг зөрчиж томилгоог хийсэн байна.

14. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 сарын 09-ний өдрийн А/95 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх,төлбөрийн акт тогтоох журам”-ын 3.1 дэх хэсэгт албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаар заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон,шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлахаар зохицуулсан.

15.Хариуцагч байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэх эрх хэмжээний хүрээнд гаргасан төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг хангасан байх ёстой.

16. Улаангом сумын Засаг даргын орлогчоор нэмж нэг илүү орлогч ажиллуулан 16.126.070 төгрөгийн хохирол учирсан үйл баримтад Увс аймгийн Засаг даргын алдаатай захирамжийн үр дагавраас гадна Улаангом сумын Засаг дарга Ц.П-ын томилгоо хийсэн шийдвэрийн үр дагавар нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал актаар тогтоосон төлбөрийг Увс аймгийн Засаг дарга Ч.Ч дангаараа хариуцахаар шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохироогүй байна.

17. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн Увс аймаг дахь Төрийн аудитын газраас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг тэмдэглэв.

18. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул 70200 төгрөгийг төлүүлэх, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 01/37/А2070415УВА-2022/18/НА-СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүй лийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ээс 70200 төгрөгийг гаргуулан төрийн санд, хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.АЛТАНЦЭЦЭГ