Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00350

 

     “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03473 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК, Ц.Д нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 101 690 000 төгрөг, учирсан хохирол 83 076 802 төгрөг, “Инишл-Эко” ХХК-д шилжүүлсэн 14 080 000 төгрөг нийт 198 846 802 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “М” ХХК-тай уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ байгуулж, уул уурхайн бүх төрлийн үйл ажиллагааг явуулахаар харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн гүйцэтгэх ажлыг гэрээний хавсралтаар тодорхойлсон. Компани уул уурхайн үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартын дагуу гүйцэтгэх, төлөвлөгөө боловсруулах, хуваарийн дагуу алт олборлох үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн ба хэрэв гэрээний хавсралтад заасан төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг 6 сар хүртэлх хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нөхөн төлбөр, торгууль төлөх үүрэг хүлээсэн.

Мөн хариуцагч уулын ажлын төлөвлөгөөнд заасан бүтээгдэхүүний заалтад нийцэхүйц хүдэр гаргах, олборлон боловсруулах, хог хаягдлыг хаях, цэвэрлэх үйлчилгээг явуулах, үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн боловч өнгөрсөн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Манай байгууллага гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлийг авч, ажиллах боломжоор хангасаар байтал тус компани үүргээ зөрчсөн.

  Түүнчлэн “М” ХХК-иас уулын ажлын төлөвлөгөө, усны зөвшөөрлийг харъяа орон нутгийн засаг захиргаанаас авах, тэдгээртэй байгуулах гэрээг боловсруулж, батлуулах, захиалагчийн нэрийн өмнөөс уул уурхайн хайгуул, олборолт, нөхөн сэргээлттэй холбоотой бүх зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, холбогдох эрх бүхий этгээдээс авах, зуучлах, туслах, мөн цаашид шаардлагатай бүх баримт бичгийг хангах үүрэгтэй байсан юм. Нэхэмжлэгч “Л” ХХК нь уг үйл ажиллагааны дүнд олборлосон бүтээгдэхүүнээс орлого олох, орлогоосоо менежментийн үйл ажиллагааны гэрээ, нөхөн сэргээлтийн гэрээний төлбөр, холбогдох ажиллагааны төлбөр, урьдчилан гаргасан зардлыг нөхөн төлөх, цаашид хамтран ашиг олох төлөвлөгөөтэй байсан хэдий ч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол хүлээгээд байна.  Менежментийн гэрээний 13.2.-т заасны дагуу хэрэв гэрээлэгч шаардлагатай зөвшөөрлүүдийг авч чадаагүй тохиолдолд гэрээг цуцлах тухай зохицуулсан, бид энэхүү гэрээний 17.4.-т зааснаар гэрээг цуцалснаас хойш үүсэх хохирлыг буруутай тал нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу дараах төлбөрүүдийг нэхэмжилнэ. Үүнд: хариуцагч ”М” ХХК-д гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх болон бусад зардалд зориулан 2013 оны 04 дугаар сарын 18-ны өдөр 14 100 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 14 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 14 260 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 000 ам.доллар буюу 14 330 000 төгрөг, хариуцагч “М” ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 0001/2013 тоот бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 01-нд 40 000 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 101 690 000 төгрөг төлсөн.

  Мөн хариуцагч М ХХК-иар уул уурхайн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээ байгуулсанаас хойш хугацаанд үргүй зарцуулагдсан бодитоор 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр цахилгааны төлбөр 4 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шатахууны төлбөр 3 400 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шатахууны төлбөр 2 550 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шатахууны төлбөр 7 200 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр автокранаар ажил гүйцэтгүүлсэн төлбөрт 7 150 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр автокранаар ажил гүйцэтгүүлсэн төлбөрт 5 720 000 төгрөг, 2013 оны 08 дугаар 07-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд цахилгаан эрчим хүчний төлбөрт 6 733 722 төгрөг, 2013 оны 07 дугаар 18-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд цахилгаан эрчим хүчний шугамын түрээсийн төлбөрт 2 500 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эксковатор тээврийн үйлчилгээний төлбөрт 3 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр портер засварын төлбөрт 200 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд эксковатор, ковш, портер тээвэрлэсэн үйлчилгээний төлбөрт 510 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйлчилгээний төлбөрт 22 700 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны офиссын түрээсийн төлбөр 8 287 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гадаадаас инженер хөлсөөр ажилуулласны төлбөр 6 080 ам.доллар буюу 9 126 080 төгрөг, нийт 83 076 802 төгрөгийг учирсан хохиролд тооцон нэхэмжилж байна.

 Манай компани уул уурхайн үйл ажиллагааны хүрээнд нөхөн сэргээлт хийхээр “Инишл-Эко” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, 14 080 000 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч М ХХК нь үйл ажиллагаа явуулаагүйгээс улбаалан дээр төлсөн төлбөрийг буцаан нэхэмжилж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Инишл-Эко” ХХК-иас татгалзаж, хариуцагч М ХХК, Ц.Д нараас нийт 198 847 602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч “Л” ХХК-тай уул уурхайн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.-д зааснаар М ХХК-иас дараах төлбөрүүдийг нэхэмжлэгч “Л” ХХК-иас төлсөн. Үүнд: 2013 оны 04 дугаар сарын 18-ны өдөр 14 100 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 14 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 14 260 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 000 ам.доллар буюу 14 330 000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл “Л” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд энэхүү тусгай зөвшөөрлийг авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй байсан атал уг үүргээ биелүүлээгүй бөгөөд талууд гэрээ байгуулж байх үед бид энэ талаар мэдээгүй юм. Учир нь: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д заасны дагуу БОЯ болон АМГ-т хүргүүлсэн байх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй болох нь тухайн эрх бүхий байгууллагуудын архиваас авах хүсэлт гаргахад дээрх үнэлгээ төлөвлөгөө байргүй гэсэн хариу өгсөн. Ингээд бид “Л” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардагдах Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхээр ажиллаж байтал тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайр, ашиглахыг хориглох тухай хуулиар цуцлагдах тусгай зөвшөөрлийн жагсаалтанд орсон байсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

   Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1, 4.1.а болон b-д зааснаар Л ХХК нь гэрээний хүчинтэй хугацаанд өөрийн зүгээс уул уурхайн үйл ажиллагаанд шаардагдах ашиглалтын хүчин төгөлдөр зөвшөөрөл болон түүнд холбогдох төлбөр, хураамжуудыг төлөх, тусгай зөвшөөрөл болон удирдлагын үйл ажиллагаатай холбогдох бүх төлбөр хураамжийг төлөх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хариуцах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадаагүйд хүрсэн. Ингээд гэрээний 11.1-д заасны дагуу гэрээ дуусгавар болсон ба нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцалсан асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасны зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөн тул бид гэрээгээр хүлээсэн үүргэ гүйцэтгэх боломжгүй болсон.

 Нэхэмжлэгч нь М ХХК-иар уул уурхайн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулснаас хойш түлш, шатахууны төлбөр, автокранаар ажил гүйцэтгүүлсний төлбөр, цахилгаан эрчим хүчний төлбөр, офиссын байрны түрээсийн төлбөр, гадаадаас инженер хөлсөөр ажиллуулсны төлбөрт нийт 83 076 802 төгрөгийг зарцуулсан гээд уг төлбөрийг манай компаниар төлүүлэхээр шаардаж буй хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-ийн f-д зааснаар “Л” ХХК нь өөрийн зардлаар уурхайн ажиллагаанд шаардах бүхий л төрлийн кемпинг, ажиллагсдын байр, офиссын байр болон шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, машин механизмаар хангах, гэрээний 12.3-д зааснаар гэрээний хугацаанд үйлдвэр тоног төхөөрөмжийн урсгал засвар үйлчилгээ болон үйл ажилалгааны явцад гарсан гэнэтийн эвдрэл гэмтлийн засварын зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээсэн.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-н зааснаар нэхэмжлэгч нь уг зардлуудыг өөрөө бүрэн хариуцаж, М ХХК-д бус холбогдох байгууллагууд руу төлж барагдуулсан байдаг тул төлбөрийг манай компаниас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч М ХХК-иас 101 690 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97 156 802 төгрөг болон хариуцагч Ц.Д-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 157 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 666 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Ц.Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнд: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дах хэсэгт “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан ба үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй, мөн үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр мэтгэлцэж буй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид үүргээ биелүүлэхийг шаардаж нэмэлт хугацаа тогтоон, урьдчилан сануулах шаардлагатай байсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгч тал нь үүрэг гүйцэтгэгчид үүргээ биелүүлэхийг шаардаж, нэмэлт хугацаа өгөөгүй бөгөөд урьдчилан сануулах арга хэмжээ авалгүйгээр шүүхэд хандсан нь хууль зөрчсөн гэж үзэхэд хүрч байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Л” ХХК нь хариуцагч М ХХК, Ц.Д нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 101 690 000 төгрөг, учирсан хохирол 83 076 802 төгрөг, “Инишл-Эко” ХХК-д төлсөн 14 080 000 төгрөг, нийт 198 846 802 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Уул уурхайн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд заасан ажлыг 13423Х болон 13883Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, 11871А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд  гүйцэтгэхээр  харилцан тохиролцсон байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч “Л” ХХК, хариуцагч М ХХК нь “Инишл Эко” ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан орд газрыг ашиглаж дууссаны дараа дээр дурьдсан талбайд уурхайн чөлөөлөгдсөн орон зайг цаашид аж аруйн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн ашиглах зорилгоор бэлтгэх арга хэмжээ авах зорилгоор техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх болон нөхөн сэргээлт хийгдсэн талбайг хүлээн авч төлбөр тооцоог барагдуулах талаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК нь “Уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ”-ний дагуу хариуцагч М  ХХК-д нийт 101 690 000 төгрөг, “Нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний дагуу “Инишл-Эко” ХХК-д 14 080 000 төгрөг төлсөн байна.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан бөгөөд гомдолд дурьдсанаар тодорхой хугацаа өгсөний дараа үр дүн гарах байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Учир нь: тодорхой хугацаа тавих, үүрэг гүйцэтгэх тодорхой хугацаа олгох нь ямар ч үр дүнд хүрэхээргүй бол шууд цуцлах тухай агуулгаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дах хэсэгт зохицуулсан.

Дурдсан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болох захиалагч “Л” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны уул уурхайн улирал дуусах хүртэл хугацаатай байгуулагдсан гэрээнээс татгалзаж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

“Уул уурхайн менежментийн үйлчилгээний гэрээ”-ний дагуу хариуцагч байгууллага үүргээ биелүүлээгүй буюу уул уурхайн олборлолт явагдаагүй тул “Инишл-Эко” ХХК-ийн хийх нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд төлсөн 14 080 000 төгрөгийг хариуцагч М  ХХК ашигласан, түүнийг буцаан төлөх үүрэг хүлээсэн гэх баримтгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, учирсан хохиролд нийт 83 076 802 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас 97 156 802 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М  ХХК-ийн төлөөлөгч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.                                                                   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М  ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.НАРАНЦЭЦЭГ

                                                    ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

                                                                                                              Д.БАЙГАЛМАА