Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Э, Э.Ө,

А.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Б.О

Шүүгдэгч                                           Ж.Э, Э.Ө, А.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          М.М, Х.О, Э.Т/онлайн/

Нарийн бичгийн дарга                 Ө.Оюумаа нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Э, Э.Ө, А.О нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овгийн Ж-н Э.

 

Монгол Улсын иргэн, Ц овгийн Э-н Ө.

 

Монгол Улсын иргэн, Б овгийн А-н О.

 

    аймгийн       сумын           багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” цэцэрлэгийн нягтлан Э.Ө, тогооч Ж.Э, нярав А.О нар нь бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 09 дүгээр сард 200 кг үхрийн мах нийлүүлсэн мэтээр баримт бүрдүүлэн “Д” ХХК-ны данс руу Төрийн сангаар гүйлгээ хийлгэн, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан,

 

тогооч Ж.Э, нягтлан Э.Ө нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард 64.5 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн “С” ХХК-ны данс руу Төрийн сангаар гүйлгээ хийлгэн 359.950 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан,

 

тогооч Ж.Э нь ганцаараа У цэцэрлэгт нийлүүлэгдэх хүүхдийн хоолны махнаас 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр “Д” ХХК-ны махны дэлгүүрт үхрийн 35 кг орчим жинтэй 1 ширхэг гуя, хонины 25 кг орчим жинтэй 1 ширхэг бүтэн махыг үлдээлгэн хувьдаа завшиж 369.500 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж нийт 1.726.450 төгрөгийн хохирол учруулж, бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Э, Э.Ө, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Т овогт Ж-ын Э, Ц овогт Э-н Ө, Б овогт А-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Э.Ө, А.О нарыг тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ял, А.От оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эт оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 27 сарын хугацаагаар сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Э.Ө, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас 848 975 /найман зуун дөчин найман мянга есөн зуун далан таван/ төгрөг гаргуулан хохирогч        аймгийн “Төрийн санд” олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Э.Ө, А.О нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

“ ... Энэхүү хэргийг “Д” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн баримтаар буруутгадаг бөгөөд уг баримтын үнийн дүн зөрүүтэй санхүүгийн баримтаар болон хоолны амталгааны дэвтэр, урагш хойш алхам дэвтэр зэрэг журналууд тухайн цэцэрлэгт мах нь нийлүүлэгдэн, хэрэглэсэн гэх баримт хэрэгт авагдсан. Санхүүгийн тайлан үнэн зөв гэж баталгаажсан тайланг хэрэгт нотлох баримтаар судалсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа О нь нотлох баримтаа зааж чадаагүй. Өөрөөр хэлбэл тухайн сард тус цэцэрлэгт 200 кг мах хэрэглэгдээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй. Төрийн сангаас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 223 кг мах нийлүүлсэн гэж 1.181.900 төгрөгийн гүйлгээ хийгдсэн баримт байх бөгөөд мах нийлүүлж зарлагдсан баримтууд мөн хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл нийлүүлэгдсэн махны хэдэн кг нь худлаа болох нь нотлогдоогүй. Төрийн сангаас олгосон 1.181.900 төгрөгийн 181.900 төгрөгийг буюу үлдсэн 23 кг махыг нийлүүлсэн гэж үзэх юм уу, эсвэл нийлүүлээгүй мөнгийг нь завшсан гэж үзэх юм уу хохиролд тооцох уу гэдэгт огт дүгнэлт хийгээгүй. 1.181.900 төгрөгийн мах нийлүүлэгдээгүй гэж үзэж байгаа бол тухайн сард хэрэглэсэн үхрийн мах хаанаас /2 хавтасны 38,44,181,236/ гарч ирсэн болох нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн падаанаар Төрийн сангаас дээрх 1.181.900 төгрөг “Д” ХХК-ийн данс руу шилжүүлсэн баримт болон шилжүүлсэн мөнгийг хэрхэн зарцуулсан дансны тооцоо хэрэгт авагдсанаар гэм бурууг тогтоох үндэслэлтэй. Гэтэл тухайн баримт хэрэгт байхгүй атлаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж.Эыг авсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

2018 оны 10 дугаар сард 64.5 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн “С” ХХК-ийн данс руу төрийн сангаас гүйлгээ хийлгэн 359.950 төгрөг авч завшсан гэх хэрэгт холбогдуулан гэмт буруутай гэж шүүх үзсэн. Энэхүү 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 64.9 кг падаанаар /1-р хавтасны 69/ Төрийн сангаас гүйлгээ хийгдээгүй ба энэ сард төрийн сангаас /3-р хавтасны 58,59,75/ хийгдсэн гүйлгээ нь санхүүгийн баримтад авагдсан.

Уг падаанаар  төрийн сангаас мөнгө  гаргагдаагүй нь падаанд төрийн сангаас гүйлгээ хийсэн гэх тамга дарагдаагүй, /3-р хавтасны 87/ гэрч С, А нарын мэдүүлэг болон санхүүгийн баримтуудаар /1-р хавтасны 114, 2-р хавтасны 38,44,181,236/ тогтоогдсон атал төрийн санг хохироосон гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Хохирогч уг падаанаар гүйлгээ хийсэн бол манай тамга дарагдана гэж шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн. 64.9 кг мах нь цэцэрлэгийн 2018 оны 05 дугаар сарын эцсийн үлдэгдэл болон 2018 оны 9 сарын махны эцсийн үлдэгдлүүд болох нь санхүүгийн  баримтаар нотлогдсон баримтыг шүүх анхаарч үзээгүй.

Тогооч Э нь ганцаараа “У” цэцэрлэгт нийлүүлэгдэх хүүхдийн хоолны махнаас 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр “Д” ХХК-ийн махны  дэлгүүрээс үхрийн 35 кг мах, хонины 25 кг орчим жинтэй 1 ширхэг бүтэн мах үлдээлгэн хувьдаа завшиж 369.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн. Энэхүү хэргийг шийдвэрлэхдээ: Хэзээ, хаана, хэдэн тоо ширхэгээр, ямар хэмжээтэй нийлүүлэгдэж байсан махнаас авч явсан болох дутаасан гэх санхүүгийн баримт Төрийн санд болон “У”  цэцэрлэгийн санхүүгийн баримтад байхгүй байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

2017 оны 11 сард Ж.Э мах нийлүүлэлтийг хүлээн авч байсан эсэх, түүний ажлын чиг үүрэгт байсан эсэх, хэрэгт авагдсан баримтаас мах нийлүүлэлтийг “У” цэцэрлэгийн нярав хүлээн авч байсан байх ба ямар падаанаар хэдий хэмжээний нийлүүлэгдсэн махнаас дутаасан гэх баримт санхүүгийн баримт болон бусад баримтад байхгүй байгаа шүүх анхаарч үзээгүй. Хэрэгт “У” цэцэрлэгийн нийлүүлэгдэж байсан махнаас завшсан гэх баримтаар нотлогдоогүй байхад гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Эыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдолдоо:

“ ... 2018 оны 12 дугаар сарын 20-ын үеэр "У" цэцэрлэгийн эрхлэгч Б намайг өрөөндөө дуудаж бал, цаас 2 өгөөд “нягтлан бодогч Э.Ө-н талаар мах, мөнгө авсан гээд бичээдэх” гэсэн. Би татгалзсан. Захирлын өрөөнд намайг ороход эмч Э байсан. Намайг Ө-г дуудах гээд гарах үед нярав Б зөрж захирлын өрөөнд орсон. Би хүн гүтгэж чадахгүй, нягтлан өрөөндөө байна дуудаад өгье гэж хэлээд нягтланг дуудаж өгөөд нягтлан, эрхлэгч хоёр хэрэлдээд үлдсэн. Би нягтланг худал хэлж бичээгүйн төлөө өөрөө гүтгүүлж ажлаасаа халагдаад, өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэж ял авч гүтгэгдэж явна. Шударга шүүх, шударга хуулийг хэрэгжүүлдэг гэж итгэсэн учраас үнэн мөнийг олдоно гэж итгэж өдий хүртэл хуулийн байгууллагаар шалгуулаад явж байна.

Би хийсэн хэрэггүй учраас үнэн олдоно гэж итгэж байна. Би ямар ч хөрөнгө мөнгө завшаагүй, ямар ч буруутай үйлдэл гаргаж байгаагүй учраас хуулийн байгууллагаар 2 жил шахам шалгуулж ч байгаа. Намайг 3 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үнэнд нийцэхгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

“У” цэцэрлэгийн нягтлан бодогч Э.Ө, тогооч Ж.Э, нярав А.О нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглан 2017 оны 9 сард 200 кг мах нийлүүлсэн мэтээр баримт бүрдүүлэн "Д" ХХК-ийн данс руу Төрийн сангийн гүйлгээ хийлгэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 сая төгрөгийг гаргуулан авч завшсан гэж үзсэн нь нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй таньж олуулах ажиллагаа явуулсан нэрээр намайг илт гүтгэж, нягтлан Э.Ө, нярав Ө.О нар нь өөрөө өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй нотлох баримтад үндэслэсэн нь буруу.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Б нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 4 дүгээр сард гэрчээр цаас харж уншиж мэдүүлэг өгөхдөө "...Ө Э хоёр ээлжилж гуйгаад сая төгрөг гаргаж өгөөч гээд байсан. Энэ үед Э, Ө хоёр хамт байсан. Нярав О жаахан хүүхэд учраас энэ талаар юугаа мэдэх вэ гэж мэдүүлсэн атлаа мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлэхдээ: "У" цэцэрлэгийн машины зогсоол дээр очиж тогооч Ж.Э.нярав А.О хоёрыг гарч ирэхэд нь бэлнээр 900.000 төгрөгийг тоолж Э-д өгсөн" гэж түрүүчийн өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Би мах нийлүүлж байгаа компанийн нэг ч хүнтэй харьцаж байгаагүй төдийгүй ийм мөнгө аваагүй. Энэ бүх зүйлийг эрхлэгч болох О зохион байгуулсан.

Авсан гэх мах нь хонь, үхрийнх нь махны талаар огт худлаа. Гэрч О нь “200 кг хонины мах авсан” гэсэн мэдүүлсэн байхад махыг өгсөн гэх Б нь “үхрийн мах гэж байгаа" гэсэн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. Зөрүүтэй мэдүүлгээр хэргийг нотолсон гэж үзсэн. Тухайн үед няраваар ажиллаж байсан О нь одоо ажлаасаа гарсан, оронд нь ээж Б нь “У” цэцэрлэгт ажиллаж байгаа. Энэ мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байна. Ийм зүйл огт болоогүй байхад болсон мэтээр хэн нэгэн хүний ятгалганд орж ийм мэдүүлэг өгснөө эдгээр хүмүүс хуулийн байгууллагын өмнө хэлээсэй гэж хүсч байна.

Тогооч Ж.Э, нягтлан Э.Ө нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард 64,5 /64.9 гэх зөрүүтэй шүүхийн тогтоолд зөрүүтэй бичигдсэн/ мах авсан мэтээр баримт бүрдүүлэн “С” ХХК-ийн данс руу Төрийн сангаар гүйлгээ хийлгэн 359,950 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан гэжээ.

Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.А-н "Яг болсон үйл явдал бол “У” цэцэрлэгийн нягтлангаар ажиллаж байсан Э.Өд бичиж өгсөн 64.9 кг махны зарлагын баримт бичиж өгсний дараа төрийн сангаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагын дансаар “У” цэцэрлэгээс хүнсний материалын мөнгө шилжиж орж ирсэн юм. Тэгээд мөнгө шилжиж орж ирсний дараа ажлын газар болох “Е” захын лангуун дээрээс Э.Ө өөрийн биеэр ирж надаас 350.000 орчим төгрөг орлогын бэлэн мөнгөнөөс аваад явсан" гэсэн мэдүүлгээр Ө авсан болох нь нотлогддог.

Энэ талаар би огт мэдээгүй бөгөөд уул махны мөнгөөр принтер авсан болох нь өөрсдийнх мэдүүлгээр нотолж ярьдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр Ө нягтлан АТГ-т ч энэ талаар мэдүүлэг өгсөн гэсэн. Энэ үйлдэл холбогдол нь надад огт хамаагүй. Би үүний мөнгийг мэдэхгүй, хөрөнгө завшсан үйлдэл байхгүй. Мөн гэрч С-н өгсөн /ХХ-ийн 3-р хавтас 84-р хуудас/..."хаврын үлдэгдэл хонины мах 49.6 кг үлдсэн" гэсэн мэдүүлгээр давхар нотлогдоно. Энэ талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сард гэрч Ө мэдүүлэхдээ "...Э тогоочид мөнгө өгсөн. Гендерекцийн урд надаас 356.950 төгрөг тоолоод аваад явсан...хавар мөнгийг нь авсан учраас намар мөнгийг нь шилжүүлсэн гэж мэдүүлсэн атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэхдээ:" ...64.9 кг-ийг Э тогоочтой хувааж авсан гэдэгтэй санал нийлэхгүй байна...махныхаа мөнгө болох 356.950 төгрөгийг шилжүүлье гэсэн, тэрний дагуу “С” компаниар принтер авахуулаад авсан махныхаа мөнгийг шилжүүлсэн" гэж зөрүүтэй мэдүүлдэг.

Тогооч Ж.Э нь ганцаараа “У” цэцэрлэгт нийлүүлэгдэх хүүхдийн хоолны махнаас 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр "Д"ХХК-ийн махны дэлгүүрт үхрийн 35 кг орчим жинтэй 1 ширхэг гуя, хонины 25 кг орчим жинтэй 1 ширхэг бүтэн махыг үлдээлгэн хувьдаа завшиж 369.500 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гэрч Д.Б нь "...хавар хүүхдүүд тарах үеэр 2 гуя үлдсэн, тэрийг манай эхнэр мэдэж байгаа. Дэлгүүр дээр үлдээгээд 2 хонины махыг нэг, нэгээр нь 2 удаа авч байсан гэж мэдүүлсэн атлаа мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б нь " ...1 хонины мах, 1 үхрийн гуя дэлгүүр дээрээс авсан" гэж мэдүүлсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд ч хууль сануулсаар байхад мэдүүлгээ дураараа өөрчилж хүнийг гүтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тийм ёс тогтоод байгаа юм уу гэж хууль мэдэхгүй миний ухаанд орох юм. Гэтэл сүүлд яагаад нэг хонины мах, нэг үхрийн гуя болсон талаар мөрдөгч З-с асуухад прокурор л тооцож хохирлын хэмжээг гаргасан гэж хэлж байсан. Би тэдний дэлгүүр хаана байдгийг нь мэдэхгүй, очиж байгаагүй. Хэрэв намайг очиж байсан бол камерын бичлэг болон бусад баримтаар нотлох ёстой. Тийм нотолсон зүйл байхгүй.

Намайг тендерийг байхгүй болгосон гэж удаа дараа заналхийлж байсан хүн. Би шаардлага хангаагүй мах нийлүүлж байгаа талаар гомдол удирдлагад гаргаж махыг буцаалгадаг байсан. Хүнд их хорсож заналхийлдэг байсан. Энэ хүн худлаа гэрч хийж эхнэрийн хамт намайг гүтгэж байна. Мөн гэрч О-н "...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр дэлгүүр дээрээ худалдаа хийж байж байхад манай нөхөр Б “Унага” цэцэрлэгийн ажилтан ирж авна гэж хэлээд үхрийн 1 гуя, бүтэн хонины мах үлдээсэн" гэж эхнэр, нөхөр хоёрын мэдүүлэг нь он сарын хувьд зөрүүтэй мэдүүлдэг.

Энэ хэргийн гол гэрч болоод байгаа Д.Б нь зөрүүтэй мэдүүлэг өгч, сүүлдээ дуудаад ирэхгүй оронд нь эхнэр гэх О гэгч хүн ирж таньж олуулах ажиллагаа хийгдсэн байдаг. Хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа нь анхнаасаа захиалгаар хийгдсэн, хуулийг ноцтой зөрчиж хийсэн ажиллагаа болсон. Таньж олуулах ажиллагааг хийлгэхдээ намайг сүүлд дуудаж оруулсан төдийгүй цагдаагийн гурван үйлчлэгчийг дуудаад оруулсан байсан. Би хамгийн сүүлд орсон төдийгүй намайг ороход 3 үйлчлэгчийн 2 нь үйлчлэгчийн хувцсаа сандал дээр тайлж тавьсан, нэг нь хувцсаа гартаа барьчихсан байдалтай байсан. Хэн ч харсан намайг таньж олоход амар байдлаар зохион байгуулсан. Гурван үйлчлэгч нь ажил тарчихлаа бид 3 явлаа гэж байсан. З байцаагч эхлээд өөрөө гараараа заасан. Би хамгийн доод талд нь зогсож байсан. Манай өмгөөлөгч Х.О "та ямар шинж тэмдгээр нь энэ хүнийг гэж таньж байгаа юм бэ” гэхэд “хэлэхгүй, хариулахгүй” гээд асуусан асуултад хариулаагүй. Энэ эмэгтэйг танихгүй нэг ч удаа уулзаж байгаагүй. Би сүүлд хоцорч орж ирсэн. Би ямар ч махны мөнгө авч байгаагүй гэдгийг хэлье.

Эцэст нь нягтлан бодогч Ө-г ажлаас нь халах зорилготой О захирлын явуургүй үйлдлээс улбаатай энэ хэрэгт намайг байгууллагын эд хөрөнгө завшсан мэтээр ял эдлүүлж хүний амьдралаар тоглосон зүй бус үйлдэл гэж үзэж байна. Хэн нэгэн албан тушаалтны өмнө бөхөлзөж хий гэсэн болгоныг нь хийгээгүйн улмаас өдий олон жил төрийн байгууллагад ажилласан миний ажил амьдрал бүхлээрээ хохирч байна. Сэтгэл санаагаар ч хохирч байна.

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө эрхлэгч өрөөндөө намайг дуудан өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлтийг бичиж өг гэсэн. “Яагаад ажлаас халах гэж байгаа юм бэ, би өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй” гэхэд “оронд чинь энэ хүн ажилд орно, шинэ ажилтан авах болсон” гээд Б гэдэг хүнийг танилцуулсан. Тухайн хүн нь эрүүл мэндийн болон бусад шинжилгээнд бүрэн хамрагдсан гэх бичгээ мөн танилцуулсан. Энэ бүх хууль бус зүйлийн эсрэг зогссондоо би хохирч үлдэх болоод байгаад маш их харамсаж байна. Иймд шударга бус зүйлийг таслан зогсоож, хийгээгүй хэргийн төлөө гүтгүүлж байгаа намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

                “ ... Ж.Э, Э.Ө, А.О нар нь бүлэглэн байгууллагын төсвийн хөрөнгийн эрхэд 1.726.450 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул...гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж

Прокуророос Ж.Э, Э.Ө, А.О нар нь бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...Прокурорын газраас шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж...” тус тус эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна.

    аймаг    сумын           багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” цэцэрлэгийн нягтлан Э.Ө, тогооч Ж.Э, нярав А.О нар нь өөрт албан тушаалын хувьд олгогдсон буюу байгууллагын зүгээс тушаалаар итгэмжлэн хариуцуулсан эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэж буюу тогооч, нярав нь байгууллагад хүлээн аваагүй махыг хүлээн авсан мэтээр баримт бүрдүүлэн нягтландаа хүлээлгэн өгдөг, нягтлан нь энэ байдлыг мэдсээр байж тооцоо нийлэн зөрчилгүй тайлан гаргаж дарга захиралдаа танилцуулж, санхүүгийн тайлангаа гаргадаг байсан.

Нягтлан Э.Ө, тогооч Ж.Э, нярав А.О нар нь өөрийн ажил албан тушаалын танил тал, давуу байдлаа ашиглаж хамтран ажиллагч буюу мах нийлүүлэх гэрээ бүхий компаниуд болох “Д” ХХК-ийн борлуулагч Д.Б-р 2017 оны 09 сарын авсан махан дээрээ 200 кг үхрийн мах авсан мэтээр падаан бичүүлэн, “С” ХХК-ийн нягтлан Б.А-р 64.9 кг махны зарлагын баримт бичүүлж тус тус төрийн сангаар төсвийн хөрөнгөөс гүйлгээ хийлгэж, тухайн компаниудаас гаргуулан авчээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд “Аж ахуйн нэгж байгууллага. иргэдийн итгэмжлэн хариуцсан этгээд гэж албан тушаалын хувьд өөрт олгогдсон эрхийг ашиглаж завшсан” шинжийг заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн үндсэн бүрэлдэхүүнд “Бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж ямар ч субъект байж болохоор хуульчилж хүндрүүлэх бүрэлдэхүүнд нь албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын буюу байгууллагын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласан гэж онцлон хуульчилж өгсөн нь өөрөө хууль тогтоогчийн хуулийн агуулга зорилго тодорхойлогдохоор байна.

Иймд шүүх “шүүгдэгч нарыг албан тушаалын эрх мэдэл, давуу байдлаа ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн, үндэслэлгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасны зөрчсөн байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч Э.Ө, Ж.Э, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тэдгээрийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.Э, Э.Ө, А.О нарыг тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө, А.О нарыг 2.700.000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.О нар тус тус давж заалдах гомдол, прокурор Б.О эсэргүүцэл гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдол болон прокурор Б.О-н эсэргүүцэл зэргийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            аймгийн            сумын             багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” цэцэрлэгийн нягтлан бодогч Э.Ө, тогооч Ж.Э, нярав А.О нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сард 200 кг үхрийн мах нийлүүлсэн мэтээр баримт бүрдүүлэн “Д” ХХК-ийн данс руу Төрийн сангаар гүйлгээ хийлгэн, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг бэлнээр гаргуулан авч завшсан,

тогооч Ж.Э, нягтлан бодогч Э.Ө нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард 64.5 кг мах авсан мэтээр баримт бүрдүүлэн “С” ХХК-ийн данс руу Төрийн сангаар гүйлгээ хийлгэн 359.950 төгрөгийг бэлнээр гаргуулан авч завшсан,

тогооч Ж.Э нь ганцаараа “У” цэцэрлэгт нийлүүлэгдэх хүүхдийн хоолны махнаас 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр “Д” ХХК-ийн махны дэлгүүрт үхрийн 35 кг орчим жинтэй 1 ширхэг гуя, хонины 25 кг орчим жинтэй 1 ширхэг бүтэн махыг үлдээлгэн хувьдаа завшиж 369.500 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж 1.726.450 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.О нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... гэмт хэрэг үйлдээгүй ... цагаатгаж өгнө үү ...” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч

 

гэрч Б.О-н “ ... нягтлан бодогч Э.Ө, ахлах тогоочоор ажиллаж байсан Ж.Э нар нь “С” ХХК-аас 64.9 кг хонины махыг хаврын хонины махны үлдэгдэл мөнгө шилжүүлж байгаа гэж надад худлаа ярьж баримтаа үхрийн махаар бичүүлж дээрх компани руу 356.950 төгрөг шилжүүлж 2018 оны 10 сарын 24-ний өдөр тус компанийн дансанд мөнгө шилжсэний дараа нягтлан бодогч Э.Ө “С” ХХК-ийн нягтлан бодогч А-н данснаас 356.950 төгрөгийг гаргуулан авч хувьдаа завшсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ 9/,

 

гэрч Т.Б-н “ ... 2018 оны 05 дугаар сард мөн дээрх цэцэрлэгт мах нийлүүлэхээр тендер, сонгон шалгаруулалтад шалгарсан “С” ХХК-ийн нягтлан бодогч Б.А-с танай компани руу махны мөнгө шилжүүлнэ гэж урьдчилан бэлнээр 359.950 төгрөг нягтлан бодогч Э.Ө өөрөө очиж аваад уг мөнгийг тогооч Ж.Эт өгсөн гэж ярьдаг бөгөөд урьдчилан авч хувьдаа завшсан 359.950 төгрөгийг 2018 оны 10 дугаар сард “С” ХХК-ийн данс руу өөрийн байгууллагын дансаар уг мөнгийг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ 10/,

 

гэрч Б.Э-н “... Засгийн газраас баталсан нормын дагуу нэг хүүхдийн хоолны мөнгийг 1.650 төгрөгөөр тооцож бариулах нэрээр нягтлан Э.Ө, ахлах тогооч Ж.Э хоёр цагаан хоол орсон болон 1.650 төгрөгийн хоол хүрээгүй өдөр хоолны мөнгийг нэмж бичээд 1.650 төгрөг хүргэж зохиомлоор мах, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн мэтээр нэмж бичиж байсан ... 2018 оны 10 дугаар сард 64.9 кг үхрийн махны хуурамч падан бичиж мөнгө шилжүүлэхээр дарга дээр оруулаад “С” ХХК руу мөнгө шилжүүлсэн гэж надад ярьж байсан. “С” ХХК руу шилжүүлсэн 64.9 кг үхрийн махны мөнгийг нягтлан Э.Ө өөрөө бэлнээр гаргуулан авсан гэсэн ... Б нярав ажилд орсноос хойш энэ асуудал ил болж, манай байгууллага дээр 2 удаа хурал болж байсан ба хурал дээр Э.Ө, Ж.Э нар махны мөнгө авч байсан талаараа хүлээн зөвшөөрч байсан ... “ гэх мэдүүлэг /1 дүгээр ХХ 14, 4 дүгээр ХХ 1/,

гэрч Д.Б-ын “ ... 2017 оны 09 сард “У” цэцэрлэгийн ахлах тогооч Э, нягтлан бодогч Ө нар миний гар утас руу хоёулаа залгаж яриад  2017 оны 9 дүгээр сард авсан махан дээрээ 200 кг үхрийн мах авсан мэтээр падан бичүүлэн танай “Д” ХХК-ийн дансаар мөнгө гаргуулан авах хэрэгтэй байна бид хоёр илүү бичүүлэх махыг аргална гээд гуйгаад байсан ... 9 дүгээр сарын 25, 26-ний өдрийн орчим нягтлан бодогч Э.Ө надаас нэхэмжлэл падан хоёр ирж аваад манай компанийн данс руу “У” цэцэрлэгээс 1.000.000 төгрөг шилжүүлэн манай дансаар бэлнээр 900.000 төгрөг гаргуулан авсан. Уг мөнгөний 10 хувийг компаниас татвар гэж суутгаж авсан.

... 2017 оны 10 сарын 02, 03-ний өдрийн орчим “Нөгөө мөнгө гарсан уу” гэж надаас тогооч Ж.Э гар утсаар асуугаад би “У” цэцэрлэгийн машины зогсоол дээр очиж тогооч Э, нярав О хоёрыг ирэхэд нь бэлнээр 900.000 төгрөгийг тоолж Э-т өгсөн ... Тухайн үед нягтлан бодогч “Т” эмнэлэгт хэвтэж байгаа гээд Э, О нар нь “Т” эмнэлгийн гадаа надаар хүргүүлсэн...

 ... Э нь 2017 оны 11 сарын сүүлээр манай байгууллагаас “У” цэцэрлэгийн авсан махнаас нэг үхрийн гуя, нэг хонины махыг цэцэрлэг рүү авч явахгүй манай дэлгүүр дээр үлдээгээд нөхрийгөө явуулж авахуулж байсан. Э-н нөхөр жижиг цагаан тэрэгтэй ирээд дэлгүүрээс мах аваад явсан ... уг махыг худалдагч О Э-н нөхөрт өгсөн ... ” гэсэн мэдүүлгүүд /1 дүгээр ХХ 16, 121, 3 дугаар ХХ 250/,

гэрч Б.Ан “ “У” цэцэрлэгийн  нягтлангаар ажиллаж байсан Э.Өд бичиж өгсөн 64.9 кг махны зарлагын баримт бичиж өгсний дараа төрийн сангаар 2018 оны 10 сарын 25-ны өдөр манай байгууллагын дансаар “У” цэцэрлэгээс хүнсний материалын мөнгө шилжиж орж ирсэн юм. Тэгээд мөнгө шилжиж орж ирсний дараа ажлын газар болох Е захын лангуун дээрээс Э.Ө өөрийн биеэр ирж надаас 35.000 орчим төгрөг орлогын бэлэн мөнгөнөөс аваад явсан” гэх мэдүүлэг /3 дугаар ХХ 97/ болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон ба дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд нь няцаан үгүйсгэгдэж байна.

Мөн гэрч Д.Б-ын удаа дараа өгсөн ”... би “У” цэцэрлэгийн машины зогсоол дээр очиж тогооч Ж.Э, нярав А.О  хоёрыг ирэхэд нь бэлнээр 900.000 төгрөгийг тоолж Э-т өгсөн ... Тухайн үед нягтлан бодогч Т эмнэлэгт хэвтэж байгаа гээд Э, О нар нь Т эмнэлгийн гадаа надаар хүргүүлсэн ...” гэсэн мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь талд авагдсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Э.Ө нь “Т” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх       дугаартай Эмнэлгийн хуудасны хуулбар, өвчний түүх болон шүүгдэгч А.О, Э.Ө нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул дээрх гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч А.О нь болсон үйл баримтын талаар мэдүүлэхдээ “ ... миний мэдэхээр 900.000 төгрөгийг бид гурав хувааж авсан...17 цагийн үед Б менежер танай цэцэрлэгийн гадаа ирчихсэн байна гэж залгахаар нь Э эгч бид хоёр цуг гарч 900.000 төгрөг бэлнээр аваад Б менежерийн машинд сууж Тайхар эмнэлэг рүү хүргүүлээд буусан ... Э тогооч яах аргагүй 300.000 төгрөг авсан нь үнэн...” гэсэн /1 дүгээр ХХ 18-19, 20, 142/,

            шүүгдэгч Э.Ө нь “...2017 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр “Д” ХХК-ийн борлуулалтын менежер Б-той Э тогооч ярьж “Д” ХХК-аас дансаар 1 сая төгрөгийн мах худалдан авсан гэж санхүүгийн падан нярав А.О, ахлах тогооч Ж.Э нар авч намайг Тайхар эмнэлэгт хэвтэж байхад тэр хоёр махны үнэ болох 900.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг надад авчирч өгсөн...бид гурав хувааж авсан ...

... 2018 оны 10 сард Ж.Э нярав Б бид хоёрыг өрөөндөө байж байхад орж ирээд “С” ХХК-аас 64.5 кг мах авсан гэж падан бичүүлсэн байгаа мөнгийг нь шилжүүлээрэй гэсэн ... үүнээс хойш “С” ХХК-ийн данс руу өөрийн байгууллагын данснаас 64.5 кг махны мөнгө 359.950 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би өөрөө “” ХХК-ийн нягтлан бодогч А-тай уулзаж танай компанийн данс руу 64.5 кг махны үнийн дүнгийн мөнгө орсон байгаа, уг мөнгөний 10 хувийг нь суутгаад мөнгийг нь бэлнээр гаргаад өгөөч гэсэн ... А надад хонь, үхрийн махны зөрүү мөнгө 356.950 төгрөг бэлнээр өгснийг аваад Э-т тэр өдрөө Худалдаа хөгжлийн банкны урд бэлнээр өгсөн... ” гэж /1 дүгээр ХХ 21-22, 144/ тус тус мэдүүлжээ.

            Шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй боловч шүүгдэгч нарын дээрх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгүүдтэй агуулгын хувьд тохирч байгаа болно.

Түүнээс гадна гэрч Д.Б-ын эхнэр буюу гэрч Н.О “ ... манай нөхөр надад хэлэхдээ “У” цэцэрлэгийн тогооч нь ирж авна гэж хэлж байсан. Тэгээд гаднаас “У” цэцэрлэгийн тогооч гэх эмэгтэй нэг эрэгтэй хүнтэй цугтаа орж ирж авсан ... харвал танина ... ” гэж мэдүүлсэн /1 дүгээр ХХ 17/ байх ба мах авсан гэх хүнийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Н.О-р таньж олуулах ажиллагаа явуулахад 1 гэсэн дугаарыг авч, зүүн гар талаасаа 1 дүгээрт зогссон Ж.Эыг таньсан талаарх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан бөгөөд дээр дурдсан бүхий л нотлох баримтуудаас дүгнэн үзвэл шүүгдэгч Ж.Эыг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу буглуулж, бэхжүүлсэн бүхий л нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Мөн шүүгдэгч Ж.Э, Э.Ө, А.О нарыг тухайн зүйл, хэсэгт заасан 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Ө, А.О нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу тэдгээрийг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.О нар нь “... таньж олуулах ажиллагааг хууль ноцтой зөрчиж хийсэн ...” гэсэн боловч тухайн ажиллагаанд шүүгдэгчээс гадна түүний өмгөөлөгч нар өөрсдөө биечлэн оролцсон, уг ажиллагааны талаар зохих албан тушаалтан, байгууллагад ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж байгаагүйгээс гадна 3 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг болон өмгөөлөгч Х.О, гэрч Н.О нарын асуулт, хариулт зэрэг дээрх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаарх тэмдэглэл /3 дугаар хх 98/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дээрх гомдол нь няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Ж.Эын “... нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй ... намайг илт гүтгэж, нягтлан Э.Ө, нярав Ө.О нар нь өөрөө өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй нотлох баримтад үндэслэсэн нь буруу ... ” гэсэн, түүний өмгөөлөгч Х.О-ын “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн прокурор Б.О “... зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн эсэргүүцэл  гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь ажил, албан үүргийн хувьд “У” цэцэрлэгийн цэцэрлэгийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцаж ажиллаж байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байх тул тэдгээрийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                        Ё.БЯМБАЦЭРЭН

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР