Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: М.Оюунбат, Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: *******, Д.*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр / онлайн / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414005360338 тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* *******н овогт *******гийн ******* (РД: );

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******н ******* (РД: ),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр улсын чанартай А0301 чиглэлтэй хатуу хучилттай замд явж байхдаа Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт зам дагуу ургасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 538 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, Тоёота Приус (Toyota Pruis) 30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан, Төв аймгийн Өндөрширээт сумаас Баянхонгор аймаг руу тээвэрлэсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр улсын чанартай А0301 чиглэлтэй хатуу хучилттай замд явж байхдаа Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт зам дагуу ургасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 538 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, Тоёота Приус (Toyota Pruis) 30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан, Төв аймгийн Өндөрширээт сумаас Баянхонгор аймаг руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Энх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай найз ******* над руу залгаад Говь-Алтай аймаг руу эхнэр хүүхдээ авах гээд явах гэж байна чи завтай бол хамт явах уу гэж ярихаар нь би зөвшөөрөөд бид хоёр 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед *******ны эзэмшлийн 2118 УНЧ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслээр замдаа гарсан юм. Миний *******тай хамт явах болсон шалтгаан гэвэл би багадаа Баянхонгор аймагт ирдэг байсан өвөө, аав 2-ын нутаг байсан олон жил ирээгүй болохоор Баянхонгор аймгаар дайрч явна гэхээр нь зөвшөөрч хамт явсан юм. Тэгээд тухайн өдрийн 19 цаг өнгөрч байх үед бид 2 Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байтал ******* найз маань машинаа зам дагуу нэрийн сайн мэдэх байна ямартай ч дийлэнх хүмүүс өвс гэж нэрлэдэг мансууруулах төрлийн ургамал ургасан байна гээд надад заасан тэгээд бид 2 машинаа зогсоож байгаад замын хойд талд ургасан байсан өвсийг 2-лаа нийлээд гараар түүсэн би тэр үед 2-3 навч тасалж *******ны барьж байсан шуудайнд хийж өгөөд машин түрүүлээд суусан харин ******* үргэлжлүүлэн түүгээд шуудайны талаас илүү хэмжээтэй болгоод машинд суугаад бид 2 цааш явсаар байгаад Өвөрхангай аймагт орж ирээд майхнаа бариад суусан ба ******* түүсэн өвснөөс бага зэрэг авч байгаад машины паараар үлээлгэж хатаасан тэгээд ******* Бонго гэж нэрлэдэг гаанс гаргаж ирээд гаансны гадна талаар хар өнгийн кофены сав хийж таглаад түүж хатаасан өвснөөс 2-лаа бага хэмжээгээр татаад унтаж амарсан тэгээд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өглөө би машин бариад явж байтал Баянхонгор аймаг орох замд цагдаа зогсоож шалгаад саатуулагдсан юм өөр зүйл болоогүй.

 Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 77-49, 141/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хөнгөн ял шийтгэж өгнө үү. Би охинтойгоо хамт байдаг байдлыг харгалзан үзнэ үү гэв.

3. Шүүгдэгч *******ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн 2118 УНЧ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслээр найз болох гуйгаад Говь-Алтайгаас эхнэр хүүхдээ авчрах хэрэгтэй хамт яваад ирье гээд авч явсан юм тэгээд бид 2 тухайн өдрөө 17 цагийн үед хотоос гараад Лүн сум өнгөрөөд 50-60 орчим километр яваад зам дагуу зогссон ба миний зогссон газарт олсны ургамал буюу хүмүүс голцуу өвс гэж нэрлэдэг мансууруулах төрлийн бодистой ургамал замын хойд талд ургасан байсан. Би урьд өмнө 2024 оны 08 дугаар сарын ихээр хөдөө орон нутаг руу явж байгаад тус газарт зогсож бие засаж байхдаа харж байсан. Тэгээд хамт явж байсан *******д өвс энд ургаж байгаа 2-лаа түүе гэж хэлээд машинаас буугаад би машин дотор байсан ногоон өнгийн шуудайнаас нэгийн аваад бид 2 тус ногоон өнгийн шуудайд хийж түүсэн тэгтэл ******* бага зэрэг түүж байгаад залхуураад машиндаа ороод суусан тэгээд би 10 гаран минут түүж байгаад хөдөлсөн бид 2-ын түүсэн өвс гэх нэртэй ногоон өнгийн ургамал маань чийгтэй байсан тэр чигээр нь шуудайд хийгээд цааш явсан. Тэгээд бид 2 Өвөрхангай аймгийн нутаг руу ороод замаас гарч байгаад хөдөө хээр майхнаа барьсан тэгээд бид 2 түүсэн өвснөөс бага зэрэг авч байгаад машины пааранд хатаасан тэгээд би өөрт байсан Бонго гэж нэрлэдэг усан гаанс гаргаж ирээд хатаасан өвсөө *******тэй нийлээд татаж хэрэглэсэн тэгээд татаж дуусаад өвсний үнэр үнэртээд байсан болохоор Бонго буюу усан гаансны гадна талаар нь хар өнгөтэй кофены саванд хийж тагласан харин хатаагаад таталгүй үлдсэн бага зэргийн өвсөө хар өнгийн уутанд хийж машины арын сандал дээр тавьсан харин ногоон шуудайтай өвсөө багажинд хийсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өглөө ******* машинаа бариад би хажуу талд нь суугаад цааш явж байгаад Баянхонгор аймаг руу орох гэж байтал цагдаа зогсож шалгаад баригдсан юм өөр зүйл болоогүй.

 Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 82-84, 149/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

5.  Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Манай найз ******* Говь-Алтай аймаг руу явж эхнэр хүүхдийн авчрах гэж байгаа хамт яваад ирье гэж байна. Давхар замаараа Баянхонгор аймгаар дайрдаг юм чинь аавынхаа нутгаар ороод ирье гэж над руу ярьсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 157/,

6. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Манай хүү *******ны эхнэр болох Энхмаа хүүхдүүдийн хамт Говь-алтай аймагт 2024 оны 8 дугаар сарын үеэр аав ээж дээрээ байсан. Би өдрийг нь сайн санахгүй байна 2024 оны 8 дугаар сарын дундуур ******* нь над руу фэйсбүүк чатаар залгаж ярьж байхдаа Говь-алтай аймаг руу эхнэр хүүхдээ авчрах гэж байгаа талаараа надад хэлж байсан. Тэрнээс хойш намайг Монголд иртэл тогтмол хэвийн ярьж байсан. Харин уг хэргийн талаар надад хэлээгүй 2024 оны 11 дүгээр сарын эхээр эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 155/,

7.  Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч нарын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай “...

1. ******* овогт ******* // нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлгийн дэвтэр байхгүй байна.

2. ******* овогт ******* // нь болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж чадах тул болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. ******* овогт ******* // нь тухайн хэрэг явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан тул хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 101-103/,

8. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч нарын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаартай “...

1. *******гийн ******* ******* // нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлгийн дэвтэр байхгүй байна.

2. *******гийн ******* ******* // нь  болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж чадах тул болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. *******гийн ******* ******* // нь тухайн хэрэг явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан тул хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 104-106/,

9. Энх Нахиа ХХК-ний шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 159 дугаартай “...Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл, 2009/2019 онтой, өнгө үзэмж дунд, зүүн 2 хаалга сэвтэй, зүүн крыло, урд кобуд, хойд буфер сэвтсэн байна, 1 ширхэг, 9,500,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 111-113 /,

10. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5125 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бохирлогдсон “Tom n Toms coffee” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар тагтай цаасан аяга, шаргал өнгийн гаанс мэт төмөр зүйл, ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

 2. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бохирлогдсон “Tom n Toms coffee” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар тагтай цаасан аяга, шаргал өнгийн гаанс мэт төмөр зүйл, ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.

4. Ургамал мэт зүйлийн гялгар уутсны хамт жин нь 8.7 грамм, цэвэр жин нь 0.8 грамм болов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 116-118 /,

11. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4904 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.3.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.

4.Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан ногоон өнгийн ургамал  149 гр, уут нь 3 гр нийт 152 гр гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 145,0 грамм, цэвэр жин нь 131,0 грамм, “Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан нунтаг ногоон өнгийн ургамал. -35 гр уут нь 3 гр нийт 38 гр” ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 39.4 грамм, цэвэр жин нь 34.2 грамм болов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-125/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 /, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 /, Цагдаагийн дэд ахлагч А.Дамбажавын илтгэх хуудас / хх-ийн 05 /, Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14, 15-16 /, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22 /, *******, ******* нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-33 / болон шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг орохоор шүүгдэгч *******ны эзэмшлийн Приус 30 маркийн 21-18 УНЧ улсын дугаартай авто машинаар явж байхдаа Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт буюу улсын чанартай А0301 чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуу ургасан өвс нэршилтэй 538 грамм сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж шуудайнд хийж авто машинд хадгалж  улмаар Өвөрхангай аймгийн нутагт амарч хонохдоо уг ургамлыг хатааж гаансд хийж татаж хэрэглэж, мансуурч 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орж зорчиж явахдаа Өлзийт сумын цагдаагийн постод саатуулагдсан илэрсэн үйл баримт болсон байна.

Шүүгдэгч *******, ******* нарын түүж авч хэрэглэсэн ногоон өнгийн шуудай бүхий өвс нь Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4904 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.3.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.” Гэсэн дүгнэлтээр сэтгэцэд нөлөөт бодисын хориглосон жагсаалтад багтсан мансууруулах сэтгэцэд нөлөөл бодис болох нь тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч *******, ******* нарын хэрэглэж байсан гэх гаанс болон хар өнгийн хуванцар тагтай цаасан аяга зэргээс Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5125 дугаартай “...  2. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бохирлогдсон “Tom n Toms coffee” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар тагтай цаасан аяга, шаргал өнгийн гаанс мэт төмөр зүйл, ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.” гэх шинжээч нарын дүгнэлт, мөн хэргийн газрын үзлэгээр ногоон өнгийн шуутай ургамал мэт зүйл, гаанс, хуванцар аяга зэргээс   эд мөрийн баримтаар хураан авч уг ургамал эд зүйлд сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн  байх тул шүүгдэгч *******, ******* нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан болох нь нотлогдсон байна гэж үзлээ.

НҮБ-ийн Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцид Монгол улс нь 1990 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн 2 дугаар зүйлийн 2-д “2 дугаар жагсаалтад заасан эм нь жижиглэн худалдаах талаар 30 дугаар зүйлийн 2 болон 5 дахь хэсэгт заасан арга хэмжээнээс бусад жагсаалтад орсон мансууруулах эмийн адил хяналтын арга хэмжээнд хамрагдана”,

НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецид Монгол улс 1999 онд нэгдэн орсон байна.

Уг конвенцийн 1-ийн е-д “сэтгэцэд нөлөөлөх бодис гэж 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ” гэж, мөн конвенцийн 1-ийн г-д “...жагсаалт гэж сэтгэцэд нөлөөлөх бодисын зохих ёсоор дугаарласан жагсаалтыг хэлнэ” гэж, мөн  конвенцийн 1-ийн i-д “бэлтгэх гэж сэтгэцэд нөлөөлөх бодисыг гаргаж авах бүх үйл ажиллагааг хэлэх бөгөөд үүнд цэвэрлэх болон сэтгэцэд нөлөөлөх нэг бодисыг сэтгэцэд нөлөөлөх нөгөө бодис руу шилжүүлэн хувиргах ажиллагаа багтана.- гэж тус тус заасан байна.

Уг конвенцийн 2 дугаар жагсаалтад Dronainol delta-9-tetragydro каннабинол болон түүний стерохимийн хувилбарууд” гэж жагсааж олон улсын хэмжээнд хориглосон жагсаалтад оруулсан байна.

Шүүгдэгч *******, ******* нарын Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаас түүсэн гэх ургамал нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын хориглосон жагсаалтын 2 дугаарт багтах “делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/” болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын НҮБ-ийн баталсан хориглдосон жагсаалтад багтсан ургамлыг түүж бэлтгэж хадгалсан  делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/” энэ төрлийн бодис нь  хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад ноцтой үр дагавартай бөгөөд түүний хор уршиг нь нийгэмд муу дагавар дагуулах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нар нь, урьд нь АНУ болон Австрали улсад сурч байхдаа хэрэглэж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон ба уг ургамлыг сэтгэцэд нөлөөлөх бодис гэдгийг мэдсээр байж түүж, бэлтгэж хадгалсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нар нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт хүрэлцээрэй байх тул тэднийг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн-нийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхгүйгээр  тэдэнд гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг оногдууллаа.

Шүүгдэгч ******* нь охины хамт амьдардаг талаар мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт эцэг эхийн хамт амьдардаг гэж мэдүүлж байгаа мөн Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасан “гурав хүртэлх насны ганц бие эцэг” гэх заалтад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэргийн учир шүүгдэгч *******, ******* нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 шуудайны тал, Tom n Toms coffee” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар тагтай цаасан аяга, шаргал өнгийн гаанс мэт төмөр зүйл, 38 грамм жинтэй нунтаг ургамал зэргийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн байна.

Дээрх ногоон шуудайтай ургамлыг шүүгдэгч *******, ******* нар нь түүж, улмаар шаргал өнгийн гаанст хийж татсан, үлдэгдлийг уг хуванцар цаасан аяганд хийсэн байсан зэргийг үзлэг хийж хураан авсан байх бөгөөд дээрх зүйлсийг холбогдох мэргэжлийн байгууллага, Прокурорын хяналт дор шатааж устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь ургамал мэт зүйлийг буюу гэмт хэрэг үйлдэж түүж бэлтгэж хадгалахдаа шүүгдэгч *******ны эзэмшлийн 21-18 УНЧ улсын дугаартай Приус 30 маркийн авто машиныг ашигласан нь тогтоогдсон тул уг авто машин эсхүл түүний үнэ есөн сая таван зуун мянган / 9.500.000 / төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* ******* овогт *******гийн ******* нарыг хориглосон,  сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******, ******* ******* овогт *******гийн ******* нарыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар /  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  оногдуулсан гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар /  хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн мансууруулах төрлийн ургамал болох ногоон өнгийн шуудайтай ургамал 1 шуудайны тал, 38 грамм жинтэй нунтаг ургамал, Том томс гэх бичигтэй хар өнгийн тагтай сав 1 ширхэг, шаргал өнгийн металл соруул 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж унаж байсан шүүгдэгч *******ны эзэмшлийн 21-18 УНЧ улсын дугаартай приус-30 маркийн авто машин эсхүл түүний үнэ есөн сая таван зуун мянган / 9.500.000 / төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс  цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭНГЭЛ