Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2017/00312

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01588/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, **********************дугаар хороолол, **********************тоотод оршин суух, Их монгол овогт Чулуунбатын Мөнхбат /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *******дугаар баг, *********тоотод оршин суух, Ачит ламынхан овогт Доржсүрэнгийн Оюунхүү /РД: *******/-д холбогдох,

 

1,034,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мөнхбат, хариуцагч Д.Оюунхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч Н.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 сарын 06-ны өдөр Дархан сумын 9 дүгээр багийн нутаг Кивигийн урд 3 замын уулзвар дээр эгнээ байрлал буруу эзэлснээс Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.8 дахь заалтыг зөрчин Д.Оюунхүүгийн унаж явсан машинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан. Тухайн үед байцаагч нь таны 100 хувь буруу, таны гарсан хохирлыг та барагдуулах ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу Д.Оюунхүүд 2016 оны 10 сарын 11-ний өдөр үнэлгээний компанийн гаргаж өгсөн 1,034,000 төгрөгийг би хүлээлгэн өгсөн. Миний 100 хувь буруу гэж тогтоосон үед гарсан хохирлыг даатгалын компаниас гаргуулах боломжтой гэж ойлгож, би Д.Оюунхүүд хохирлыг барагдуулсан.Гэтэл 2016 оны 10 сарын 27-ны өдрийн прокурорын тогтоолоор Д.Оюунхүү болон намайг аль алиныг буруутай гэсэн дүгнэлт гаргасан учир даатгалын компани миний хохирлыг төлөх боломжгүй гэсэн. Иймээс бид хэн аль нь буруутай тул Д.Оюунхүүд өгсөн 1,034,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Оюунхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 сарын 06-ны өдөр 12 цагийн үед Дархан дээд сургуулиас гарч ахмад багш нарын баярт оролцохоор эгнээ байраа зөв эзлэн явж байсан. Гэтэл гэнэт 83-38 ДАР тоёота приус маркийн автомашиныг жолоодож явсан Ч.Мөнхбат замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч миний машинд хохирол учирсан. Цагдаа, холбогдох байгууллагын төлөөлөл газар дээр нь хэмжилт хийж, Ч.Мөнхбатыг буруутай үйлдлээс болж осол гарсан гэж тогтоосон. Миний 86-48 ДАР дугаартай автомашинд учирсан хохирлыг үнэлгээний компаниас 1,034,000 төгрөг гэж тогтоосон. Ч.Мөнхбат нь энэ хохирлыг минь төлсөн. Иймээс миний бие түүнд хохирлын 1,034,000 төгрөгийг буцаан төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбат нь хариуцагч Д.Оюунхүүгээс 1,034,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү шаардлагынхаа үндэслэлийг Д.Оюунхүүд учирсан хохирлыг тухайн үедээ шалгаж байсан байцаагчийн шаардлагаар бүрэн төлсөн боловч Прокурорын тогтоолоор бидний хэн аль нь буруутай гэснээс болж даатгалын компаниас би хохирлоо гаргуулах боломжгүй болсон тул Д.Оюунхүүд төлсөн 1,034,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д.Оюунхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн үед Ч.Мөнхбат Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эгнээ байр буруу эзэлсний улмаас осол гарсан тул түүнээс учирсан хохирлыг Ч.Мөнхбат хариуцах ёстой тул би түүнд мөнгө буцаан төлөх үндэслэлгүй гэж маргадаг болно.

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Киви зочид буудлын 3 замын уулзвар дээр нэхэмжлэгч Ч.Мөнхбат нь Т.Приус маркийн 83-38 ДАР улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.8-д заасан жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ гэсэн заалтыг зөрчин хариуцагч Д.Оюунхүүгийн жолоодож явсан Ниссан ренесса маркийн 86-48 ДАР улсын дугаартай автомашинтай шүргэлцэж зам тээврийн осол гаргасан, мөн хариуцагч Д.Оюунхүү нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж гэрлийн шон мөргөсөн, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3-б-д заасан жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2016 оны 10 сарын 06-ны өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 1012 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Энэхүү ослын улмаас хариуцагч Д.Оюунхүүгийн өмчлөлийн автомашинд 1,034,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Бан хас ХХК-ийн автомашины үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэхүү үнэлгээний талаар маргаагүй болно.

Мөн ослын улмаас хариуцагч Д.Оюунхүүгийн автомашинд учирсан дээрх үнэлгээний тайланд заасан 1,034,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Мөнхбат 2016 оны 10 сарын 11-ний өдөр Д.Оюунхүүд өгсөн болох нь хэрэгт авагдсан Д.Оюунхүүгийн Практикал даатгалын компанид бичсэн өргөдөл, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Мөнхбат нь Энэ осол миний буруутай үйлдлээс эхэлсэн гэдгийг зөвшөөрч байгаа боловч хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтаар Д.Оюунхүү бид хоёр хоёулаа буруутай болох нь тогтоогдож байгаа тул өөр өөрсдөө хохирлоо хариуцах ёстой, миний машинд ч бас хохирол учирсан ба хохирлоо би өөрөө хариуцан машинаа засуулсан гэж тайлбарладаг боловч түүний дурдаж байгаа хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Мөнхбатын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасныг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.Мөнхбат дээрх дүрэмд заасан зөрчлийг гаргаагүй бол хариуцагч Д.Оюунхүү мөн холбогдох зөрчлийг гаргахгүй байх, улмаар хохирол учрах нөхцөл үүсэхгүй байсан байна гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т: Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд нь ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан бөгөөд өөрийн буруутай үйлдлээс осол болох шалтгаан үүссэн гэдгээ нэхэмжлэгч Ч.Мөнхбат өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарладаг болно.

Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Ч.Мөнхбат ослын улмаас хариуцагч Д.Оюунхүүд учирсан эд хөрөнгийн хохирол төлөхөөс бүрэн чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.Оюунхүүгийн хувьд хэрэгт авагдсан зам тээврийн ослын талаарх тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолд зааснаар хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс гэрлийн шон мөргөсөн буруутай болох нь тогтоогдож байгаа бөгөөд түүний энэхүү буруутай үйлдлээс болж түүний автомашинд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.Оюунхүүгийн шүүх хуралдаанд гаргасан ... тухайн үедээ би намайг буруутай дүрэм зөрсөн гэдэг дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэдгээ бичиж өгсөн. Машин шон мөргөснөөс илүү гэмтэл хохирол учирсан гэсэн тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэлд Жолооч Д.Оюунхүү нь ... гэсэн заалтыг зөрчин гэрлийн шон мөргөсөн ... гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд Д.Оюунхүүд учирсан хохирлын тодорхой хэмжээ нэмэгдэхэд түүний буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т: гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заажээ.

Иймд хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар, дээрх хуульд заасан нөхцөл байдлууд зэргийг үндэслэн тус ослын улмаас Д.Оюунхүүд учирсан хохирол болох 1,034,000 төгрөгийн 70 хувьд ногдох 723,800 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Мөнхбат, 30 хувьд ногдох 310,200 төгрөгийг хариуцагч Д.Оюунхүү нар тус тус хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд хариуцагч Д.Оюунхүүгээс 310,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мөнхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 723,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Ганболор нэхэмжлэгч Ч.Мөнхбат нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эгнээ байр буруу эзэлснээс болж Д.Оюунхүүд хохирол учруулсан байна. Ч.Мөнхбат нь буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасныг, мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг Ш.Энхжаргал, Ё.Цэрэндолгор нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Оюунхүүгээс 310,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мөнхбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 723,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,366 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 9,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мөнхбатад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

З.ТУНГАЛАГМАА