Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ/2022/51

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би “Ц” ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Г.Т-ийн 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж Ц ХХК-ийн 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      “Ц” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2015.05.11-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт Дэлт нэртэй газар ХУ-018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Уг зөвшөөрлийг 2018.05.11, 2021.05.27-ний өдөр тус тус 3 жилийн хугацаатайгаар сунгуулсан. Бид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн цагаасаа Монгол улсын хууль, холбогдох дүрэм, журмуудыг мөрдлөг болгон геологи хайгуулын хээрийн судалгааны ажлуудыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сахилга баттай, өндөр зохион байгуулалттайгаар орон нутгийн удирдлага, нутгийн ард иргэдийг хүндэтгэн ажиллаж ирсэн.

Өндөрхангай сумын Засаг дарга Г.Т-т 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг баталж өгнө үү гэсэн хүсэлтийг 2022.03.29-ний өдрийн 001/08 тоот, 2022.04.29-ны өдрийн 001/016 тоот, 2022.07.09-ний өдөр 001/035 тоот албан бичгүүдээр тус тус хүргүүлсэн. Г.Т нь 2022.05.13-ны өдөр ирүүлсэн 83 тоот албан бичиг дээрээ өөрсдийн биеэр ирж ард иргэдтэй уулз гэсний дагуу 2022.07.18- 2022.07.22-ны хооронд очиж ард иргэдтэй уулзаж, ажилласан боловч ямар ч үндэслэлгүйгээр баталж өгөх боломжгүй гэж 2022.07.21-ний өдөр 129 тоот албан бичгийг манай компанид ирүүлсэн.

       Иймээс манай компани шууд харьяалах дээд шатны байгууллага болох Увс аймгийн Засаг дарга Ч.Чд "Өндөрхангай сумын Засаг дарга Г.Т-т манай компанийн хуульд заасан хайгуулын үйл ажиллагаа явуулахад аливаа үйлдэл, эс үйлдэхгүйгээр саад хийгүй байх, мөн 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү" гэж 2022.04.15-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл Ч.Ч нь бидний гомдолд одоог хүртэл хариу өгөөгүй.

 

Иймээс Г.Т, Ч.Ч нар нь бидний ажлыг илтэд үл хүндэтгэн, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон бөгөөд 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс манай компанийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа доголдож, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байна.

Иймээс Өндөрхангай аймгийн Засаг дарга Г.Т “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг хориглон ажил хийлгэхгүй байгаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах гэхэд аливаа хэлбэрээр саад хийж буй үйлдэл, “Ц” ХХК-ийн 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл зэрэг нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;", 12.1.2-т "харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах,...” хэсгүүдэд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллан Ц ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуульд зааснаас өөрөөр аливаа хэлбэрээр саад учруулахгүй байх, “Ц” ХХК-ийн 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг даруй батлахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц" ХХК-ийн нэхэмжлэлтэй тус сумын Засаг дарга миний бие танилцан дараах тайлбар хүргүүлж байна.

1 “Ц” ХХК-ны тусгай зөвшөөрөлтэй газарт өвөлждөг, хаварждаг малчид, иргэд энэ үйлдлийг эс зөвшөөрч эсэргүүцэн гарын үсэг зурж, өргөх бичиг ирүүлсэн.

2.  Тус сумын өмнөх Засаг даргаар ажиллаж байсан Ц. С нь "Ц" ХХК-г “авлига өгч газар нутгийг ухах зөвшөөрөл авсан байна” гэсэн цуу яриаг малчдад тараасан.

3.  “Цогш” ХХК нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар ард иргэд, малчдад нэг ч удаа нээлттэй тайлбар, мэдээлэл хийж байгаагүй бөгөөд хайгуулын төлөвлөгөө батлуулах зорилгоор л гарч ирдэг гэх мэт шалтгаануудын улмаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзаж байсан. Харин одоо “Ц” ХХК-ийн захирал өөрийн компанийн үйл ажиллагааны талаар сумын иргэдэд нээлттэй мэдээлж, тайлбарлан ойлгуулж байгаа тул уг төлөвлөгөөг батлахад татгалзах зүйлгүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ц” ХХК-иас шүүхэд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж “Ц” ХХК-ийн 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай”  нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Өндөрхангай сумын Засаг дарга Г.Тр “Ц” ХХК-ийн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах зүйлгүй талаар байр сууриа илэрхийлэн тайлбар гаргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ц” ХХК-иас ирүүлсэн Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1, 12.1.2-т заасан бүрэн эрхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж “Ц” ХХК-ийн 2022 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох 124/2022/0026/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Цш” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АЛТАНЦЭЦЭГ