Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 185

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Г.Отгонтөгс,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Д.Баатархүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Д.Баатархүүг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010302 дугаар хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин холдинг” ХХК-д манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 63 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 685 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Энхийн овогт Дондогдоржийн Баатархүү /РД:НО61010171/.

 

Яллагдагч Д.Баатархүү нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ц.Гансүрэнг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил тараад Гансүхийнд очиж 1 шил архи хувааж уусан. Тэгээд харих гээд нарийн гудамжаар явж байгаад хэдэн эмэгтэй хүнтэй зөрж өнгөрөхдөө шүргэлцээд муудалцсан. Барьцалдаж аваад би зугтсан. Хохиролд 1500000 төгрөг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.  

 

201726010302 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Хохирогч Ц.Гансүрэнгийн: “Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хэсгийн ахлагч ажилтай. 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн үед хамт ажилладаг эгч Должинсүрэн, Долгорсүрэн, Баянзул, Мөнхмаа нарын хамт хоол идэх гээд хорооны байрны баруун талын нарийн гудамжаар алхаж явтал урдаас ахимаг насны согтуу ах найгаад алхаад манай ажлын эгч нараас барьж, тавиад ажлын эгч нар орилолдож бултаж зугтаагаад яг над дээр тулж ирээд шууд үсдээд авсан. Тэгээд блокон хашаа руу 2 удаа мөргүүлсэн. Үснээсээ гарыг нь тавиулах гэтэл улам ахиулаад зулгаагаад байсан. Тэгээд миний гуя руу 2 удаа өшиглөөд гудамжаар шууд төв зам чиглээд зугтсан. ...Би тэр ахыг урьд өмнө харж байгаагүй. Би 3 сартай жирэмсэн байсан. Миний үснээс зулгаасан үйлдэлд тархи доргиж хөдөлсөн, гуя руу өшиглөхөд доргиж хэвлий доогуур хатгуулж өвдөж байсан. Одоо миний бие хэвийн байна...”,

 

 ...Би эмчилгээнд зарцуулсан баримттай хохирол 547300 төгрөг, цаашид эмчлэгдэх зардал 1500000 төгрөг, нийт 2000000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Би хохирлын мөнгө 1500000 төгрөгийг Баатархүүгээс хүлээн авсан. Үлдэгдэл 500000 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон тул одоо надад нэмж нэхэмжлэх хохирол байхгүй. Би өдөрт 20000 төгрөгийн төлбөртэй бариа засал, эм тариа хийлгэж байна. Учир нь хэрэг явдал болсноос хойш миний хэвлийдээ тээж байгаа хүүхэд доошилж дутуу төрөх магадлал өндөр болж хатуурч байгаа тул эмнэлэгт хэвтэх, эмчилгээ бариа заслын мөнгийг тооцон үзэж 1500000 төгрөг гэж үзсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17, 18/,

 

Гэрч Ш.Должинсүрэнгийн: “2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 40 минутын үед ажлын байрнаасаа гараад баруун талын гэр хорооллын нарийн гудамжаар цайны газар руу ар араасаа цувраад явж байсан. Хамгийн урд би явж байсан. Миний урдаас 40-50 орчим настай бараан хувцастай эрэгтэй хүн дөхөж ирээд миний гарнаас бариад авсан. Тэгэхээр нь би “ёоё, миний хугархай гар” гэхэд миний гарнаас тавичихаад өнгөрөөд явсан. Цаашаа нарийн гудамжнаас гараад явтал миний ард явж байсан Гансүрэн, Долгорсүрэн, Баянзул, Мөнхмаа нар орилолдоод байсан. Эргээд очиход нөгөө согтуу эрэгтэй Гансүрэнгийн үснээс зулгааж байгаад тавиад цаашаа зугтаагаад явсан. Би тэр хүнийг танихгүй, ямар шалтгаанаар Гансүрэнг цохисонг мэдэхгүй байна. Гансүрэнг цохиж зодож байхыг хараагүй, үснээс нь зулгаагаад татаж байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-20/,

 

Гэрч Б.Баянзулын: “...нарийн гудамжинд явж байхад урдаас согтуу настай ах зөрж явж байгаад хамгийн урд явж байсан Должинсүрэн эгчийн гараас бариад авсан. Тэгэхэд Должинсүрэн эгч “өвчтэй гар, ёоё” гэхэд тэр согтуу ах гараа тавиад хойно явж байсан Долгорсүрэн, Мөнхмаа бид гурвыг барих гээд хальт цохих шиг болоод өнгөрсөн. Тэгээд хамгийн ард явсан Гансүрэнгийн үснээс шууд зулгаагаад, блокон хашаа мөргүүлж байсан. Очоод салгах гэж оролдоод гарнаас нь татахад бид нарыг өшиглөөд байснаа Гансүрэнгийн үсийг тавиад гудамжнаас гараад төв зам чиглээд явсан. ...Гансүрэнг үсдэж, блокон хана мөргүүлсэн, өшиглөж гараараа цохиж байхыг хараагүй. Тэр хүн нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-21/,

 

Гэрч О.Долгорсүрэнгийн: “...Баянзул, Гансүрэн, Должинсүрэн, Мөнхмаа нарын хамт гараад хорооны ард байрлах цайны газар руу нарийн гудамжаар ар араасаа алхаад явж байсан. Тэгтэл урдаас нэг согтуу настай ах зөрж явснаа хамгийн урд явж байсан Должинсүрэн эгчийг бариад авсан. Должинсүрэн эгч “хөөе ёоё” гээд тавиулсан. Тэгээд цаашаагаа явж байснаа хамгийн ард явсан Гансүрэнг үсдээд блокон хашаа мөргүүлээд, гуя хөл рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь бид нар зууралдаад салгах гэтэл тэр хүн хөл дээрээ тогтож чадахгүй шахуу гүйгээд зугтаагаад зам гарах гэж байгаад машинд мөргүүлэхээ шахсан. Би тэр хүнийг танихгүй, нарийн гудамжаар зөрөхдөө ямар ч шалтгаангүйгээр үсдээд, блокон хашаа мөргүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-22/,

 

Гэрч М.Мөнхмаагийн: “...Тэгэхэд хамгийн урд явсан Должинсүрэн эгчийн гарнаас бариад авсан. Должинсүрэн эгч орилоход тавиад бид нартай мөрөөрөө мөргөлдөөд зөрсөн. Хамгийн ард явсан Гансүрэнг тэр согтуу настай хүн үснээс нь үсдэж блокон хашаа руу толгойгоор нь мөргүүлж байсан. Тэгэхээр нь бид нар очиж цохиж, болиоч гэж орилолдоод салгасан. Ах найгаад хөл дээрээ тогтож чадахгүй шахуу гүйж яваад машинд дайруулах шахсан. Тэгээд тэр машины жолоочтой зууралдаж байгаад автобусанд суугаад зугтаагаад явсан. ...Тэр настай хүн ямар ч шалтгаангүйгээр Гансүрэнг үсдэж, блокон хашаа толгойгоор нь мөргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-23/,

 

Гэрч А.Алтансүхийн: “Би 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ хотын төв рүү явж байтал Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны байрны урд зам дээр үл таних настай эрэгтэй машин зам дээр гүйгээд гараад ирсэн. Тэгээд би зогсоод “яаж байна аа” гэхэд цаанаас нэг эмэгтэй гарч ирээд “бариад аваарай, намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад тэр хүнийг бариад авахад зууралдаад салж зугтаах гээд байсан. Би тэр ахыг бариад байж байтал миний өмд, куртикнээс татаж зулгааж зууралдаж байгаад салаад автобусанд суугаад зугтчихсан. Тэр зодуулсан гэх эмэгтэй жирэмсэн байхаар нь би машиндаа суулгаад тэр настай хүний суусан автобусыг дагаад явтал 1 буудал газар яваад автобуснаас буугаад буудал дээр суусан. Тэгтэл нөгөө эмэгтэй цагдаа дуудсан. ...Тэр хүн надаас зугтаахын тулд зууралдаж байгаад миний хувцсыг урсан, санаатай урсан гэж бодохгүй байна. Би хохирлын мөнгө 90000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-25/,

 

Гэрч Ц.Баасанхүүгийн: “2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 07 минутанд ирсэн дуудлагын дагуу 5 орчим минутын дараа хэргийн газарт очиход “Номгон” хүнсний дэлгүүрийн харалдаа автобусны буудал дээр өөрийгөө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хэсгийн ахлагч ажилтай Ц.Гансүрэн гэх жирэмсэн эмэгтэй таксинаас бууж ирээд “энэ сууж байгаа хүн намайг ажлынхаа хүмүүстэй цайны цагаар хоолонд орох гээд явж байхад хорооны баруун талын нарийн гудамжаар зөрөхдөө үсдэж зодлоо” гэж хэлж байсан. Дуудлага өгсөн Гансүрэн гэх эмэгтэйг түргэн дуудаж үзүүлээд, Д.Баатархүүг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн толгойт дахь дэд хэсэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-27/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.31-ний өдрийн 2002 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Гансүрэнгийн биед тархи доргилт, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. 5.6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29/,

 

Шүүгдэгч Д.Баатархүүгийн сэжигтнээр өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагаас ажил тараад найз Гансүхийн гэрт очиж хоол унд идэж, 0.5 литрийн Соёрхол архи уусан. Тэгээд 12-13 цагийн үед би гэртээ харих гээд гарсан. Гансүхийн гэрээс гараад урд зүгт автобусны буудал чиглээд өргөн, нарийн хоёр гудамжны нарийн гудамжаар ороод алхаад явж байтал надтай 4-5 эмэгтэй зөрсөн. Тэгээд би гудамжаар зөрөх үед согтуу найгаж яваад нэг эмэгтэйг мөргөхөд “балай юм уу, согтуу юм чинь” гээд намайг цохисон. Би тэр эмэгтэйг үсдээд чангаагаад тавьсан. Тэгэхэд тэр эмэгтэйчүүд бөөнөөрөө “хүн аллаа” гэж орилохоор нь би согтуу ухаандаа зугтааж яваад явтобусанд суух гэтэл зам дээр явж байсан машинд мөргүүлэх шахсан. Нөгөө эмэгтэй миний араас хөөгөөд “наад хүнээ бариад аваарай” гэхэд таксины жолооч намайг зуураад байхаар нь би зууралдаж байгаад салж зугтаагаад автобусанд суугаад нэг буудал яваад буугаад автобусны буудал дээр сууж байтал цагдаа ирээд намайг барьсан. Би гудамжаар согтуу найгаад алхаж байгаад санаандгүй дээрх хохирогч гэх эмэгтэйг мөрөөрөө мөргөхөд тэр эмэгтэй намайг түлхэж элдэв үгээр хэлэх шиг болсон. ...Би үсдэхийн хувьд үсдсэн гэхдээ өшиглөөгүй, зууралдаж байх үед хашаа мөргөсөн байж магадгүй. Ц.Гансүрэнгийн биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг тэр эмэгтэйчүүдээс зугтааж байх үед тэр жолооч намайг газар унагааж дараад явуулахгүй байхад зууралдаж байгаад хувцсыг нь урсан байх, тэр залуугийн хувцсыг урсан гэдгээ цагдаагийн байгууллага дээр ирснийхээ дараа мэдсэн” гэх мэдүүлэг /хх-38-39/,

 

Шүүгдэгч Д.Баатархүүгийн яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож буй зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Сэжигтний мэдүүлэг дээр бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-41/,

 

гэрч Ц.Алтангааяагийн мэдүүлэг /хх-19/, Д.Баатархүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44, 66/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-47-48/, ажлын тодорхойлолт /хх-49/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-54-61/, хохирлын баримт /хх-62-64/, хохирол төлсөн талаар хохирогчийн хүсэлт /хх-65/ зэргийг уншиж шинжлэн судлав.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Баатархүү согтуурсан үедээ 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, уг хорооны байрны баруун талд орших нарийн гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Ц.Гансүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Баатархүүг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хохирогч Ц.Гансүрэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нийт 547300 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч “шүүгдэгч хохирлын мөнгө 1500000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэх хүсэлт /хх-65/ гаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Баатархүү урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Энхийн овогт Дондогдоржийн Баатархүүг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Д.Баатархүүг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Баатархүүд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Баатархүү бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д тус тус зааснаар Д.Баатархүүд оногдуулсан 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Баатархүүд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баатархүүд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.БААТАР