Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00349

 

       “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02832 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт нийт 33 006 050 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Г” ХХК болон “Э” ХХК нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ0604150106 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, барилгын материал авч Хужирбуланд хашаа байшингаа нэмж засварлах зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож “Э” ХХК-тай ЗБ0604150106 тоот барьцааны гэрээ байгуулж, компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Баруун Толгойт 18101, Москвагийн гудамж 486 дугаар байрны 56 тоот, 2 өрөө, 26.7 м.кв талбайтай, Ү-1201043546 тоот улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн даалгавраар “Э” ХХК-ийн 5028404065 тоот Хаан банкны данс руу 15 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний 2.3-т заасан “зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг, 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээж, зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулсан болно. “Э” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зээлээ төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул манайх зээл төлөх талаар удаа дараа сануулж, хугацаа өгч мэдэгдэж байсан.

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон тул үндсэн зээл 15 000 000 төгрөг, үндсэн болон хугацаа хэтрүүлсэн хүү 15 260 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 639 350 төгрөг, нотариатын төлбөр 36 500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 33 006 050 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөнгө шилжүүлэгдсэн эсэхийг харах шаардлагатай гэж үзэж байна. “Г” ХХК-иас мөнгө шилжүүлэхдээ хуулиар зохицуулсан үндсэн журмыг зөрчсөн тул хугацаа хэтрүүлсэн болон нэмэгдүүлсэн хүү үндэслэлгүй учраас шаардах эрхгүй. Мөн уг 15 000 000 төгрөгийг “Э” ХХК-д шилжүүлж өгсөн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Нөгөөтэйгүүр, өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад Д.А хуулийн этгээдийн нэршлийг ашиглаж, 15 000 000 төгрөгийг авч, н.Зоригоо уг мөнгийг ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд өмнө нь компанийн хувьцааг эзэмшиж байсан Д.А энэ зээлийг хариуцах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Г”-ын Сонгинохайрхан дүүрэг дэх салбар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар хэрэгт баримт авагдаагүй, мөн бие даан гэрээ байгуулж, зээл олгох эрхтэй этгээд эсэх тодорхойгүй, уг зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээлгэн өгсөн баримтгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 32 899 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 106 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо Баруун Толгойт 18101, Москвагийн гудамж 486 байр, 56 тоот, 2 өрөө 26.7 м.кв орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж  хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 392 647 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 451 дүтээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр заасны дагуу Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаа нь хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь ХААН банк ХХК-д төлбөрийн даалгавар бичсэн байх боловч бодитойгоор мөнгөн төлбөр шилжүүлэгдсэн гэх баримт байхгүй байхад нотлох баримтад үндэслэлгүй хэт хийсвэр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг харвал Д.А нь тус шүүх хуралдаанд оролцохдоо хуулийн этгээдийн нэршлийг ашиглан н.Ганзориг гэх хүнтэй тус зээлийг авсан болохыг хэлдэг. Гэтэл зээл аваагүй “Э” ХХК-ийг тус зээлийг хариуцах ёстой мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор дансны хуулга болон гэрчийг асуулгах хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг баримталж явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох ажиллагааг хийлгэж хэргийг шударгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, үндсэн болон хугацаа хэтрүүлсний хүү 15 260 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 639 350 төгрөг, нотариатын зардал 36 500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 33 006 050 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн нөхцлүүдийг тохиролцсон, гэрээний зүйлийг хариуцагч хүлээн авсан байх тул нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлтэй байна.

Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч “Э” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээж, мөн хуулийн 451.2 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээн дэх нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасантай нийцсэн байх тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Э” ХХК-ийн өмчлөлийн Ү-2201043545 дугаар улсын бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48б байрны 56 тоотод байрлах, 26.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна.

Зээлдэгч нь гэрээгээр тохиролцсоноор эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх үүргийг хүлээсэн ба 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасан  зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх тухай зохицуулалттай нийцүүлэн, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар зээлийн төлбөрийг тооцжээ.

Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 15 260 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 639 350 төгрөг, нийт 32 899 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу бодитойгоор мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн баримтгүй, “Э” ХХК зээл аваагүй, хуулийн этгээдийн нэршлийг ашиглан н.Ганзориг гэх хүн тус зээлийг авсан гэх тайлбар, татгалзлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Түүнчлэн хэргийн 27 дугаар талд авагдсан ХААН банкны төлбөрийн баримтын баримтаас үзэхэд 5028407065 тоот данс нь хариуцагч “Э” ХХК-ийн харилцах данс болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-ийн ХААН банкнаас нотлох баримт гаргуулах, гэрчээр Д.Алтангэрэлийг асуулгах хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2018/14361 дугаар шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА

                                                                                                                Д.БАЙГАЛМАА