| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00251/И |
| Дугаар | 155/ШШ2021/00389 |
| Огноо | 2021-03-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2021/00389
| 2021 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2021/00389 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ж.П-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ө.Б-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагатай 155/2021/00251/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Ж.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.П миний бие Ө.Бтэй 2013 оноос үерхэн дотносож бид 2-ын дундаас хүү Ө.Бий Э 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн.
Ж.П миний бие Ө.Бтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Цаашид хамтран амьдрах, гэр бүл үүсгэн амьдрах ямар нэг бололцоогүй бөгөөд Ө.Б нь өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа тул хүү Б.Эод эцэг Ө.Бээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ...гэв.
Нэхэмжлэгч Ж.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр анх 2013 оноос үерхэж эхлээд 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү н.Э мэндэлсэн. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Одоо хариуцагч Ө.Бээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Ковидоос шалтгаалан Ө.Б нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир энэ удаад хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү..гэв.
Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан тайлбартаа:...Миний бие Ө.Б нь Ж.Птай гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд бидний дундаас хүү Б.Э төрсөн. Ж.П нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд миний бие тэтгэлэгийг сар болгон төлөхийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.П нь Ө.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.П, хариуцагч Ө.Б нарын дундаас 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Э төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, 000000000 бүртгэлийн дугаартай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нээж олгосон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
38.2. Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.
38.3. Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж тус тус заасан, мөн зохигч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Б.Э нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ө.Бээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Б.Э тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тогтоохоор хуульчилсан байх тул Б.Эод 11 настай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас, (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Бээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Пын төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахад төлөх ёстой байсан 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 34,863 төгрөгийг мөн хариуцагчаас 35,337 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Пд олгох нь зүйтэй байна.
Шүүхээс хариуцагч Ө.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй тул тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ө.Бий Эод түүнийг 11 настай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас, (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Бээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх ёстой 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 34,863 (гучин дөрвөн мянга найман зуун жаран гурав) төгрөгийг мөн хариуцагчаас 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Пд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА