| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0196/Э/212/2024/0050 |
| Дугаар | 2024/ШЦТ/223 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/223
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц,
шүүгдэгч Х.Б, Л.У нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Л.Угийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А, Х.З,
шүүгдэгч Х.Б, Л.У нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Хийн Б, Э өөлөг овогт Лгийн У нарт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, З овогт Хийн Б, 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 02 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000000,
2. Монгол Улсын иргэн, Э Өөлөг овогт Лгийн У, 1995 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 04 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:0000000,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Х.Б нь Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Б аймгийн Б сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног болоогүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулж, бусдын шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, бусдад давуу байдал бий болгосон,
2. Шүүгдэгч Л.У нь Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Б аймгийн Б сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг илгээж, улмаар түүний 00000000000 гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-д давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас сумын төвд 2,5 км хатуу хучилттай авто зам тавихаар батлагдсан төсөл, арга хэмжээний хүрээнд тендер зохион байгуулах ажлыг хийсэн. Улмаар захиалагчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Үнэлгээний хороо байгуулахаас ажил эхэлнэ. Үнэлгээний хороо байгуулагдаж улмаар цахимаар тендерийг зарласан. Тендер цахимаар зарлахад дэлгэрэнгүй жагсаалтад 4 компани орж ирсэн. Тэд бүгд Улаанбаатар хотын компаниуд байсан. Дэлгэрэнгүй жагсаалтаас цахимаар хураангуй жагсаалт үйлдэж дахиж тендерүүдийг зарлахад “К” ХХК, “И” ХХК гэх хоёр компани орж ирсэн. Үнэлгээний хороо хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтаа хийж бага үнийн дүнтэй буюу хуулийн дагуу хамгийн бага үнийн дүнтэй компани сайн үнэлэгдсэн тендерийн зарчмын дагуу “К” ХХК-ийн нэрийг оруулж ирсэн. Үнэлгээний хорооны зөвлөмж, хурлын тэмдэглэлийг үндэслэж, мөн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хоёр компанид шалгарсан, шалгараагүй гэх мэдэгдлээ хүргүүлсэн. Улмаар ажлын 7 хоног өнгөрөөж байгаад тендерт шалгарсан “К” ХХК-тай гэрээ хийсэн. Гэрээг хугацаанд хийсэн гэж үзэж байгаа. Гэрээ хийхийг яаравчлах зүйлс байсан. Яагаад гэвэл жилийн эцэс болоод төсөв хөрөнгө хаагдах болчихсон. Мөн Улсын Их Хурлын гишүүнд замын ажлын хөрөнгө батлуулахаар уламжлах хугацаатай байсан тул гэрээгээ байгуулж, улмаар ажлаа хийлгэсэн.
Ажил хийгдэж, зураг төсвийн ажил хийгдээд явж байхад буюу 12 дугаар сарын 20-ны өдөр Сангийн яамны тендер зохион байгуулалтын ажлыг түдгэлзүүлэх, материал ирүүлэх тухай шуудангаар бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дараа бичиг ирсэн. Уг албан бичгийн Үнэлгээний хорооны ажилтай холбогдолтой бичиг гэж байгаа. Миний хувьд гэрээгээ байгуулаад албан ёсны ажлаа эхэлсэн байсан. Урьдчилгаа мөнгө 30 хувиа шилжүүлээд эхэлсэн. Тухайн үед ажлыг эхлээд гүйцэтгэж, сарын дараа ажлаа хүлээж авсан. Миний хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ямар нэг байдлаар урвуулан ашигласан гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл уг хоёр компаниуд хоёулаа Улаанбаатар хотын компани учраас би тэдгээр компаниудыг танихгүй. Ямар нэгэн байдлаар дээрх компаниудтай холбоотой хүмүүсийг таньдаггүй. Үнэлгээний хорооны шалгаруулсан зөвлөмж, хурлын тэмдэглэлийг үндэслэж саналаа өгч, дараа нь хуулийн хугацаанд буюу 7 хоногийн дараа гэрээ байгуулж ажилласан гэдгээ хэлмээр байна.” гэв.
2. Шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ: “Б сумын 2023 онд хатуу хучилттай замын тендер шалгаруулалт болсон. Миний бие Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар нь ажилласан байгаа. Тендер шалгаруулалт маань 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр анх нээгдэж 4 компани орж ирсэн. Уг 4 компанийг хураангуй, дэлгэрэнгүй гэдгээрээ буцаагаад явуулсан байгаа. Дараа нь 10 дугаар сарын 26-ны өдөр “К” ХХК, “И” ХХК гэх 2 компани шалгарч орж ирсэн. Тендерийн материалуудыг нь бүгдийг нь шалгаж үзээд хамгийн бага үнэлгээ санал болгосон буюу 27 сая төгрөгийн үнэлгээг “К” ХХК ирүүлсэн. Үнэлгээний хорооны дарга, гишүүн, нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл үйлдэж, “К” ХХК-ийг шалгаруулж, Б сумын Засаг даргын тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Сангийн яамтай холбоотой бичиг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний хаягаар ирсэн гэж мэдүүлэг өгсөн боловч тухайн үед нь миний хаягаар ямар ч бичиг баримт ирээгүй. Харин 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар ирсэн байгаа. Шуудангаар ирэхэд нь Засаг даргын тамгын газрын дарга аваад Үнэлгээний хорооны даргад өгсөн. Дараа нь М гэх хүн намайг дуудаж тендер шалгаруулалттай холбоотой гомдол, санал ирсэн байна. Тухайн үед нэгэнт “К” ХХК-тай гэрээ байгуулсан байсан. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд явуулсан байгаа.” гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц мэдүүлэхдээ: “...Хоёр компанитай холбоотой надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед тендер зарлагдаж, бүх үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Тэгээд Орон нутаг хөгжил сангийн мөнгө, төгрөгийг нь шилжүүлсэн байгаа. “К” ХХК хуулийн хугацаандаа ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгасан. Засаг даргын тамгын газарт учруулсан хохирол байхгүй” гэв.
4. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх тухай 38 дугаартай бичиг, түүнд хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 03-28 дахь тал/, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Л.У, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн шинжээч ажилтан Д.О нарын мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29-31, 215-220 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/, гэрч Т.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч Х.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/, гэрч Х.Агын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/, гэрч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/, гэрч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/, мөрдөгчөөс Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Х.А, мэргэжилтэн Т.М, нягтлан бодогч Л.У нараас бичмэл нотлох баримтыг хуулбарлаж авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 60-61, 63-139 дэх тал/, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаартай албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/, Б аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/45 дугаартай “Х.Быг тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/, яллагдагч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193, 198-199 дэх тал/, яллагдагч Л.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/, Шинжээч Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч М.Сгийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1829 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-236 тал/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлт.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Х.Бын хувьд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “... ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй хугацаанд багтааж, гэрээг байгуулна” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Х.Бын хувьд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тухайн тендерийг гэрээ байгуулах талаар мэдэгдэж, улмаар 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээг байгуулснаар хуулийн дээрх заалтыг зөрчиж байгаа юм. Шүүгдэгч Х.Б нь хуулийн дээрх заалтыг зөрчсөнөөрөө “И” ХХК-д шударга өрсөлдөх боломжийг нь хязгаарлаж, нөгөө талаараа “К” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа юм.
Сангийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б аймаг, Б сумын Засаг даргын тамгын газар, нягтлан бодогч Л.У руу мэйлээр албан бичиг хүргүүлсэн. “И” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэж, тендер түдгэлзүүлэх тухай албан бичгийг Сангийн яам хүргүүлээд байгаа. Шүүгдэгч Х.Бын хувьд ажлын 6 хоног гэдгийг мэдээгүй байсан гэх зүйлийг ярьж байна. Тэрээр зүгээр л нэг албан хаагч биш сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг хүн байгаа. Хуулийг мэдэхгүй байгаа гэдгээрээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалт байдаггүй. Иймд шүүгдэгч Х.Быг тухайн тендерийг зарлахдаа бусдад давуу байдал бий болгосон буюу “К” ХХК-д давуу байдал бий болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах.
Шүүгдэгч Л.Угийн хувьд тухайн тендер дээр нарийн бичгийн үүргийг гүйцэтгэдэг. Мөн тус сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч ажилтай байгаа. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас шүүгдэгч Л.Угийн мэйл хаяг рүү тендер түдгэлзүүлж, холбогдох материалыг ирүүлэх талаар албан бичгийг хүргүүлж, дээрээс нь тухайн албан бичгийг тухайн өдөртөө Монгол шуудан компани руу Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт гэж хаяглаж илгээсэн байдаг. Тухайн мэйлийг хэдийгээр шүүгдэгч Л.У аваагүй гэж ярьж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр тухайн мэйлийг илгээсэн хүн болох О гэх хүний компьютерээс үзэхэд шүүгдэгч Л.Угийн мэйл руу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэйл илгээгдсэн байсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад мэйл илгээгдсэн, харин шүүгдэгч Л.Угийн ирсэн мэйл хадгалах дотор илгээсэн мэйл байхгүй байсан гэх дүгнэлт гарсан. Яагаад илгээсэн мэйл байхгүй байгаа юм бэ гэвэл уг мэйлийг устгасан байх боломжтой. Мэйлийг устгаснаас хойш 1 сарын дотор сэргээх боломжтой. Харин устгаснаас хойш 1 сарын дараа сэргээх боломжгүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу шинжээчийн дээрх дүгнэлт, мөн Огийн мэдүүлэг, түүний компьютер үзлэг, компьютерын Мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн өдрөө Мэйлийг илгээсэн гэдэг нь тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Мэйлийг явуулсны дараа шүүгдэгч Л.У руу утсаар ярьдаг. Түүнтэй дараа нь холбогдоход тендертэй холбоотой баримтуудыг ирүүлээгүй. Ингэснээрээ тэрээр бусдад давуу байдал бий болгож байгаа юм. Мөн төрийн байгууллагын холбогдох албан тушаалтны хуульд заасан ажил үүргээ хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарласнаар шүүгдэгч Л.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байгаа. Ингэснээрээ шүүгдэгч Л.У нь “К” ХХК-д давуу байдал бий болгосон бол “И” ХХК-д шударга өрсөлдөх эрхийг нь давхар хязгаарласан байгаа. Мэйл ирээгүй гэж үзэж байгаа ч дараа нь утсаар холбогдох, албан бичгүүд хүргүүлээд байхад буюу 1 сарын дараа 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр явуулж байгаа. Энэ нь албан үүрэгтээ хайнга хандсан зүйл биш, санаатайгаар өөрийнхөө хийх ёстой зүйлийг хэрэгжүүлээгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Иймд шүүгдэгч Л.Угийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг
6. Шүүгдэгч Л.Угийн өмгөөлөгч Х.Заас: “…Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг нь өөрөө хэнд хаяглагдаж ирсэн юм бэ. Хэн уг албан бичигт хариу өгч, үүргээ гүйцэтгэх ёстой юм бэ гэдэг асуудалд нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх ёстой. Тэгвэл хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот дугаартай гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг нь өөрөө Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт хаяглагдаж ирсэн. Энэ нь шүүгдэгч Л.Угийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хувиар ирүүлсэн асуудал биш байгаа. Уг албан бичигт хаяглагдаж ирсэн хүн буюу холбогдох албан тушаалтан хариу өгөх учиртай. Тиймээс албан бичиг хэнд хаяглагдаж ирсэн гэдгийг харж байж, уг нотлох баримтыг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлэх зарчмын үндсэн дээр шийдвэр гарна гэдэгт итгэж байгаа.
Мөн утсаар ярьсан, яриагүй гэдэг асуудал яригдаж байна. Улсын яллагч бас тэр байр сууринаас хандаж яллаж байна. Утсаар ярьсан, яриагүй гэх асуудал өөрөө хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдсон эсэх асуудал байгаа. Шинжээчийн дүгнэлт, үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Уд Сангийн яамнаас хэн нэгэн этгээд хэдний өдөр, хэдэн цагт утсаар ярьсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед шүүгдэгч Л.Угийн хэнтэй хэдэн цагт утсаар ярьсан гэх баримтыг хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тиймээс гэрч Огийн шүүгдэгч Л.Утай харилцаж байсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Нотолгоогүй юман дээр шүүгдэгчийг яллаж болохгүй.
Мөн мэйл хаягаар явуулсан гэж байгаа ч шинжээчийн дүгнэлтээр бас хүлээн авсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байгаа. Хавтаст хэргийн хүрээнд нотлогдон тогтоогдоогүй байгаа тул гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байгаа.
Мөн бичгээр түдгэлзүүлэх тухай бичиг явуулсан гэж байгаа ч уг бичиг нь цаг хугацааны хувьд их оройтож ирсэн. Уг бичгийг шуудан хүргэгч сумын Засаг даргын тамгын газрын даргад аваачсан. Тамгын газрын дарга нь Үнэлгээний хорооны дарга Мад хүргүүлсэн. Харин Үнэлгээний хорооны даргаас нарийн бичгийн дарга Л.Уд хүргүүлсэн цаг хугацаа хавтаст хэргээр бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон. Энэ цаг хугацаанд ирүүлээгүй асуудлаар шүүгдэгч Л.Уг буруутгах боломж нь мөн адил үгүйсгэгдэж байгаа. Сангийн яамнаас 10 төрлийн бичиг баримтыг ирүүлэхийг даалгасан тул албан бичгийн эх хувийг харж байгаад өгөхгүй бол болохгүй. Дээрх 10 төрлийн бичгийг харж байж бичихгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл жагсааж бичсэн байна шүү дээ. Мөн шүүгдэгч Л.У ямар бичиг баримт явуулах юм бэ, утсаар хэлснээрээ би яаж мэдэх юм бэ гэж хэлж байна. Уг асуудалд Сангийн яам өөрөө бас буруутай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч Л.Угийн үйлдэл, эс үйлдэхүй хангаж байгаа эсэх асуудал байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэж заасан.
Тэгвэл шүүгдэгч Л.Уг нийтийн албан тушаалтан мөн эсэхийг тогтоож, шалгасан уу, хуульд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байна уу. Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үү, дангаараа үйлдсэн үү. Шүүгдэгч Л.У нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар оролцохдоо өөрийнхөө албан тушаалын байдлаа хэрэгжүүлсэн биш түр томилогдож ажилласны хувьд чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байгаа. Тиймээс нийтийн албан тушаалтан биш байхад хэргийн субъект гээд татаж, дангаар нь субъект болгож татаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Нөгөө талаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж байгаа. Энэ нь шүүгдэгч Л.Угийн албан тушаалаар хүлээсэн үүрэг нь байсан уу гэх асуудал яригдана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар Үнэлгээний хороо нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, тендер сонгон шалгаруулалтад оролцож саналаа өгөх, олонхын саналаараа шийдвэр гаргах чиг үүрэг бүхий байгууллага байгаа. Үүнээс харвал Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалтын үнэлгээний дүн гарснаараа үйл ажиллагаа нь дуусгавар болдог юм байна. Тиймээс албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн асуудал биш тул албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад төсөл сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд 2 компани оролцсон. Уг хоёр компаниас хамгийн бага үнийн дүн санал болгосон компанийг сонгон шалгаруулсан байгаа. Харин хамгийн их үнийн санал болгосон “И” ХХК-ийг шалгаруулвал жинхэнэ давуу байдал бий болгосон болно шүү дээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарчим нь өөрөө хамгийн бага үнийн санал болгосон компанийг сонгон шалгаруулах зарчимтай. “И” ХХК хамгийн их үнийн санал ирүүлсэн. Тиймээс хамгийн бага үнийн санал болгосон компанийг шалгаруулж таарна шүү дээ. Тухайн үед сонгон шалгаруулалтад компани шалгаруулахгүй орхино гэх асуудал байхгүй. Тэгвэл жинхэнэ албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдад давуу байдал бий болгох биш төрийн ажлыг гацаасан асуудал болно. Тиймээс манай тохиолдолд “К” ХХК-нд давуу байдал бий болгосон асуудал харагдахгүй байна. Хэрэв “К” ХХК-нд давуу байдал бий болгосон бол үүнийг зөвхөн шүүгдэгч Л.У шийдвэрлээгүй. Үнэлгээний хороо М, О, Л.У гэх 3 гишүүнтэй байгаа. Тэд гурвуулаа олонхын саналаар шийдвэрлэсэн тул гурвууланг нь гэмт буруутайд тооцуулах хэрэгтэй. “К” ХХК-ийг сонгон шалгаруулсан нь ганц шүүгдэгч Л.Угийн саналаар шийдэгдээгүй шүү дээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий зарчим нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог байгаа. Шүүгдэгч Л.У нь Сангийн яамнаас ирсэн албан бичиг дээр хариу өгөхгүй, хугацаа хожимдуулсан, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзвэл энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг биш эсрэгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах буюу мөн хуулийн 23.5 дугаар зүйлилйн 1 дэх хэсэгт “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хасаж ял оногдуулах гэмт хэргийн шинжийг агуулахаар байгаа. Гэхдээ уг гэмт хэрэг нь их хэмжээний хохирол шаарддаг тул уг гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа. Тиймээс уг үйлдэлд зөрчлийн юм уу, сахилын шийтгэл оногдуулж болохоор байгаа. Сангийн яам ч гэсэн эцэслэн шийдвэрлээгүй, гомдол шалгах явцад “И” ХХК нь гаргасан гомдлоосоо татгалзсан. Барьцаанд байршуулсан мөнгөө бүрэн буцааж авсан байдалтай байгаа. Гомдол гаргагч гомдлоосоо татгалзаж байхад бусдыг гэм буруутайд тооцож байгаа нь хэр зүйтэй юм.
Мөн шүүгдэгч Л.Угийн мэйл хаяг руу нь бичиг илгээсэн, утсаар ярьсан гэдэг нь огт нотлогдон тогтоогдоогүй байхад үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт Л.Угийн мэйл хаягт бичиг ирсэн нь, утсгасан нь ч нотлогдохгүй байна. Дахин сэргээх ч боломж байхгүй гэсэн байна. Мөн Сангийн яамнаас шүүгдэгч Л.Угийн мэйл хаягт албан бичиг, мэдээлэл ирсэн талаар ямар нэгэн нотолгоо байхгүй, тогтоох боломжгүй гэж үзлэгийн тэмдэглэлд тусгасан байна. Энэ гэмт хэргийн улмаас төр, нийгэм, хувь хүнд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байгаа. Тэр талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, хор уршиг тогтоогдсон үйл баримт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар тодорхой заасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл энэ нь өөрөө хор уршиг, хохирол учраагүй. Мөн хэргийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг үгүйсгэгдэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Бын хувьд гэрээг амралтын өдрийг оролцуулж, 6 өдрөөр гэрээ байгуулсан байна. Зөвлөмж гараад Х.Бт гэрээ байгуулах эрх олгосон тул тэрээр хэдийд ч гэрээ байгуулах эрхтэй. Харин гэрээ байгуулахгүй бол үүргээ зориуд хэрэгжүүлээгүй гэдгээр яллагдана шүү дээ. Иймээс нэг ажлыг хийх гэхээр нөгөөгөөр нь хийлгэхгүй болгож байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж гэмт хэргийн шинжгүй гэж үзэж шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас цагаатгаж өгөх” дүгнэлтийг,
7. Шүүгдэгч Х.Б, Л.У нарын өмгөөлөгч Д.Аээс: “Шүүгдэгч Х.Бын хувьд Б аймгийн Б сумын төвийн 2,5 км-ийн хатуу хучилттай замын зураг төсөл боловсруулж, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт тендер зарлаж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног болоогүй байх буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулж, бусдын шударга өрсөлдөх боломжийг хязгаарласан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Уг авто замын ажлыг гүйцэтгэхээр цахим хэлбэрээр тендер зарласан. Тендерт 4 компани орсон. Үүнээс 2 компани материалаа тухайн үед ирүүлээгүй. Үлдсэн “К” ХХК, “И” ХХК нар үнийн санал ирүүлсэн. Үүнээс “К” ХХК шалгарсан тул уг компанитай гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, албан бичгүүдийг үндэслэж хугацаандаа гэрээ хийсэн. Харин “И” ХХК-ийн өрсөлдөх боломжийг хязгаарласан асуудал тогтоогдохгүй байгаа. Тухайн үед сумын Засаг даргын тамгын газар Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэж, хугацаандаа гэрээ хийсэн. Тиймээс шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Иймд шүүгдэгч нарын хэрэг нь бүрэн нотлогдон тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, шүүгдэгч нарыг цагаатгаж өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
8.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б, Л.У нарт холбогдсон хэрэгт гэм буруу, шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримт.
9. Шүүгдэгч Х.Б нь Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Б аймгийн Б сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног болоогүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "К” ХХК-тай гэрээ байгуулж, бусдын шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
9.1. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх тухай 38 дугаартай бичиг, түүнд хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 03-28 дахь тал/,
9.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б аймгийн Б төвд авто замын ажил хийх зураг төсвийн ажил гүйцэтгэгдэж хүлээж авсан. Тус ажлыг үр дүнтэй сайн хийсэн гэж үзэж байгаа. Б аймгийн Б сумын төвд авто замын ажил хийх зураг төсвийн ажлын гүйцэтгэгдэж санхүүжилт нь тус сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас гарсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, манай сумын орон Нутгийн хөгжлийн сангаас хийгдсэн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,
9.3. Гэрч Т.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б аймгийн Б сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг Үнэлгээний хорооны даргаар Б сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилсон. Тус төслийн ажил нь Б сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил байсан бөгөөд нийт 31 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зарлаж 11 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн. Ингээд тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд 2 компани материал ирүүлсэн байсныг үнэлгээний хороо хуралдаж олонхын саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К” ХХК-тай цуг “И” ХХК өрсөлдөж улмаар 2 компани аль аль нь техникийн шаардлага хангасан боловч “И” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж захиалагч болох Засаг даргын тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргын тамгын газрын дарга “К” ХХК-тай гэрээг байгуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
9.4. Гэрч Х.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б аймгийн Б сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажпын даалгавар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг үнэлгээний хорооны гишүүнээр Б сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилсон.
...Ингээд тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд 2 компани материал ирүүлсэн байсныг үнэлгээний хорооны дарга М, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга У бид 3 хуралдаж олонхын саналаар буюу 100 хувийн саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К” ХХК-тай цуг “И” ХХК өрсөлдөж улмаар 2 компани аль аль нь техникийн шаардлага бүрэн хангасан боловч “И” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж захиалагч болох Засаг даргын Тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Миний хувьд үүнээс өөр зүйл мэдэхгүй. Би үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан, би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт болж би шалгаруулалтад өөрийнхөө саналыг өгөөд шалгаруулалт болоод өндөрлөсөн, түүнээс цааш юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
9.5. Гэрч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...яагаад гомдол гаргасан гэхээр тендерийн баталгаагаа байршуулах ёстой дансанд байршуулаагүй хуулийн этгээд /нэрийг нь санахгүй байна/-ийг шалгаруулсан байсан учир тендер сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан гэж үзээд Сангийн яамд гомдол гаргасан.
...би гомдлоо гаргаад Сангийн яамнаас хариу ирүүлэхдээ танай гаргасан гомдлыг Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас тендерийн баримт материалыг хуулийн хугацаанд ирүүлээгүй тул АТГ-т хүргүүллээ гэсэн албан бичгийг Сангийн яамнаас манайд ирүүлсэн. Үүний дараагаар буюу Сангийн яамнаас дээрх албан бичиг ирүүлсний дараа Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Б гэсэн шиг санагдаж байна, нэрийг нь буруу санаж байж магадгүй, энэ хүн миний 0000000 дугаарын утас руу залгаж /над руу залгасан дугаарыг одоо санахгүй байна/ гомдлоо татчих, дараагийн удаа хамтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйлийг хэлсэн, тэгэхээр нь би за гэж хэлээд тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
9.6. Яллагдагч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би бусдад давуу байдал олгоогүй, тендер хуулийн дагуу зарлаж 2 компани материал илгээснээс үнэлгээний хороо шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн компанитай би гэрээг байгуулсан.
...хугацаанаас өмнө гэрээ байгуулсан асуудлын тухайд гэвэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендер шалгаруулж улмаар гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн. Ингээд тоолоод үзэхээр 6 хоног хангалттай дууссан байсан.
...би бол ажлын 6 хоног дууссан л гэж тооцсон. Би тоолохдоо 11 дүгээр сарын 29-ний өдрийг оруулж тоолоод 12 дугаар 06-ны өдөр дуусаж байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 198 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
10. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Б аймгийн Б сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан тухай 3/210, 3/211 дугаартай албан бичгийг “К” ХХК, “И” ХХК-иудад тус тус хүргүүлснээс хойш /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/ ажлын 6 хоног болоогүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "К” ХХК-тай гэрээ байгуулсан /1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал/ нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримт.
11. Сангийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт 0000000 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг шуудангаар илгээж, мөн өдөр шүүгдэгч Л.Угийн 00000000000 гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсэн үйл баримт эрүүгийн хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
11.1. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх тухай 38 дугаартай бичиг, түүнд хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 03-28 дахь тал/,
11.2. Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Л.У, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн шинжээч ажилтан Д.О нарын мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29-31, 215-220 дахь тал/,
11.3. Гэрч Т.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сангийн яамнаас албан бичиг ирсэн. Ингэхдээ ирүүлсэн албан бичигт “... түүнчлэн журмын 4.7-д заасны дагуу тендерт оролцогч нарт энэхүү мэдэгдлийн тухай мэдээлэх арга хэмжээг авахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байсан тул үүний дагуу “К”, “И” ХХК-дад мэдэгдэхэд манайх гомдлоосоо татгалзаж байна. Та бүхэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж бай гэхээр нь бид нар Сангийн яам руу материал явуулаагүй. “К” ХХК-нд мэдэгдэхэд “И” ХХК-тай ярьчихъя гэсэн, тэгээд “И” ХХК руу ярихад та бүхэн ажлаа явуулж бай, бид бүхэн гомдлоо татлаа гэхээр нь Сангийн яамд материал явуулаагүй. Гэрээ байгуулсны дараа Сангийн яамнаас албан тоот ирсэн, “К” ХХК нь Б сумын Засаг даргын тамгын газрын хэн нэгэнтэй хамаарал байхгүй байх, тэр компани Улаанбаатар хотын компани байсан. Сангийн яамны бичиг нь Засаг даргын тамгын газрын нарийн бичиг Х.Агаар дамжиж ирсэн. Сангийн яамнаас ирсэн өдөр нь би бичгийг хүлээж авсан. Материал сангийн яам руу явуулах гэж байгаад нөгөө компаниудаас гомдол байхгүй гэж сумын Засаг даргын тамгын газрын дарга руу ярьсан гэхээр нь материал явуулах шаардлага байхгүй байх гэж ойлгоод явуулаагүй. Нэгэнт “И” ХХК гомдлоо татсан гэсэн болохоор явуулах шаардлагагүй гэж ойлгосон. Энэ асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхлэхээр нь Сангийн яам руу явуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
11.4. Гэрч Х.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хэрэв Сангийн яамнаас бичиг ирсэн бол түүний дагуу материал илгээх үүрэг нь нарийн бичгийн дарга Уд байсан. Тийм болохоор шалгаруулалтаас хойш юу болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
11.5. Гэрч Х.Агын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг би хүлээж аваагүй бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Харин таныг асууснаас хойш би бүртгэлээ дахин үзээд шуудан хүргэгчийн бүртгэл үзэхэд шуудан хүргэгч нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээж аваад 2023 оны 11 дугаар сарын 20-ны өдөр Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Бт хүлээлгэж өгч гарын үсэг зуруулсан байсан. Миний цахимаар бол ирээгүй байсан, би цахимаа харсан. 00000000000 гэх мэйл хаяг нь манай сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Угийн мэйл хаяг байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,
11.6. Гэрч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас зарласан хатуу хучилттай замын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “И” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.У-д мэйл хаягаар нь хүргүүлж, эх хувийг 14 хоногийн дотор хүргүүлсэн. Гомдол гарснаас хойш хуульд заасны дагуу 14 хоногийн дотор захиалагч материалыг манайд буюу Сангийн яамд ирүүлэх ёстой. Гэтэл захиалагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас ирүүлээгүй. н.У гэгч тус үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм билээ. Үүнийг ирүүлэх талаар түүний утас руу нь залгаж холбогдож байсан боловч У нь надад хэлэхдээ “И” ХХК нь Сангийн яамд гаргасан гомдлоо татаж авсан гэж хэлсэн. Тэгээд би бичиг хэргээсээ асуугаад “И” ХХК нь гомдлоо татсан тухай бичиг ирүүлснийг лавлахад “тийм бичиг манайд ирүүлээгүй” байсан учраас ахиж Утай холбогдож “манайд гомдол татсан бичиг нь ирээгүй байна, хэрэв наад хүмүүс чинь танай руу гомдлоо татах бичиг өгсөн байгаа бол манай яам руу холбогдуул, журмаараа манайд гаргасан гомдлыг татахдаа манайд л тэр тухай бичгээ ирүүлдэг юм” гэж хэлсэн. Үүнээс хойш Угийн утас руу залгахаар холбогдохгүй, заримдаа утсаа авахгүй байсан тул би өөрөө “И” ХХК-ийн холбогдох хүн рүү нь залгаж холбогдоход “манайх гомдлоо татаагүй, нэгэнт гомдол өгсөн юм чинь хариугаа авна” гэж хэлсэн учраас бид материалгүй, гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болсон учир танай руу үүнийг шалгуулахаар өгсөн юм.
Сангийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр тендерийн материалыг ирүүлэх тухай хүргүүлсэн. Цахим шуудангаар хүргүүлсэн тухайгаа дээр дурдсан байгаа, мөн шуудангаар албан бичгийн эх хувийг хүргүүлсэн, утсаар н.У гэгчтэй холбогдсон боловч манайд хуулийн хугацаанд тендерийн материалыг ирүүлээгүй. Манай яам руу тендерийн баримт материал ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй. Захиалагчийн өөрсдийнх нь дотоод зохион байгуулалтын асуудал шүүдээ, үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нар л энэ үүргийг хэрэгжүүлж дээд газар буюу манай Сангийн яамнаас ирүүл гэсэн албан бичгийн дагуу тендер шалгаруулалттай холбоотой баримт бичгийг манайд ирүүлэх ёстой байтал ирүүлээгүй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох бусад журам, заавраар зохицуулагдсан байгаа. /Гомдол хянан шийдвэрлэх журам, Цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах журам, Үнэлгээний заавар зэрэг, эдгээр нь бүгд Сангийн сайдын тушаалаар батлагдсан байгаа./ Хөдөө орон нутагт цөөхөн хүмүүс үнэлгээний хороонд байдаг учир ихэвчлэн үнэлгээний хорооны дарга болон нарийн бичгийн дарга үүнийг зохион байгуулж бидэнд ирүүлэх ёстой. Тухайн үед над руу Засаг дарга нь юм уу, аль эсвэл Засаг даргын тамгын газрын дарга нь юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан миний дээр дурдсан 2 албан тушаалтны нэг нь холбогдож ярьж байсан. АТГ-аас бидэн рүү ярьсан, манайх тендерийн материалаа одоо танайх руу явуулах уу, манай үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцлагагүй хандаж материалаа хугацаанд нь хүргүүлээгүй байна гэсэн. Тэгэхээр нь би хуулийн хугацаандаа ирүүлээгүй учир хууль хяналтын байгууллага руу шалгуулахаар шилжүүлсэн, одоогоор манайд гомдлын дагуу тендер шалгаруулалтын материалыг хянан үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул АТГ-аас холбогдсон хүнтэйгээ холбогдоно уу гэж хариулт хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
11.7. Гэрч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...яагаад гомдол гаргасан гэхээр тендерийн баталгаагаа байршуулах ёстой дансанд байршуулаагүй хуулийн этгээд /нэрийг нь санахгүй байна/-ийг шалгаруулсан байсан учир тендер сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан гэж үзээд Сангийн яамд гомдол гаргасан..., ...Би гомдлоо гаргаад Сангийн яамнаас хариу ирүүлэхдээ танай гаргасан гомдлыг Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас тендерийн баримт материалыг хуулийн хугацаанд ирүүлээгүй тул АТГ-т хүргүүллээ гэсэн албан бичгийг Сангийн яамнаас манайд ирүүлсэн. Үүний дараагаар буюу Сангийн яамнаас дээрх албан бичиг ирүүлсний дараа Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б гэсэн шиг санагдаж байна, нэрийг нь буруу санаж байж магадгүй энэ хүн миний 0000000 дугаарын утас руу залгаж /над руу залгасан дугаарыг одоо санахгүй байна/ гомдлоо татчих, дараагийн удаа хамтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйлийг хэлсэн, тэгэхээр нь би за гэж хэлээд тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-54-55 дахь тал/,
11.8. Монгол Улсын Сангийн Яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаартай албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/,
11.9. Яллагдагч Л.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Сангийн яамнаас илгээсэн мэйл хаягийг хүлээж аваагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Сангийн яамнаас над руу албаны дугаараас нэг эмэгтэй хүн 2023 оны 12 дугаар сард яг хэдний өдөр ярьсныг мэдэхгүй залгаад танайх руу Хатуу хучилттай замын зураг төсвийн тендер сонгон шалгаруулалттай холбоотой материал ирүүлэх шаардлагатай байна. Эх хувийг шуудангаар явуулсан гэж ярьсан. Ямар ямар материал юу юу явуулахыг мэдээгүй учраас явуулаагүй. Шуудан ирчих байх гэж бодсон мөн хугацаатай бичиг гэдгийг мэдээгүй. Би гэрээ байгуулсныг мэдээгүй, энэ талаар мэдэхгүй. Гэрээг Засаг даргын тамгын газрын дарга Х.Б байгуулсан. Сангийн яамны бичиг нь Засаг даргын тамгын газрын нарийн бичиг Х.Агаар дамжиж ирсэн. Би өөрөө бол 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан. Тэгээд би бичгийг 2024 оны 01 дүгээр сард Авлигатай тэмцэх газарт тайлбар хүргүүлсний дараа материалыг Сангийн яамд хүргүүлсэн. “И” ХХК гомдлоо буцааж авсан гэж сонссон болохоор би тус бичгийг явуулах шаардлагагүй гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/,
11.10. Шинжээч Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч М.Сгийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1829 дугаартай “1.Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан 00000000000 цахим шуудангийн хаягийн ирсэн /inbox/, устгагдсан /trash/ хавтсандаа цахим захидлууд хадгалагдаж байна. 2. Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан 0000000 цахим шуудангийн хаягаас 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 05:17РМ цагт 00000000000 цахим шуудангийн хаяг руу “Тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх тухай” гарчигтай Xerox Scan_06122023162801.pdf файл хавсаргасан цахим захидлыг илгээсэн байна. 3. Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан 00000000000 цахим шуудангийн хаягийн ирсэн /inbox/, устгагдсан /trash/ хавтаснуудад 0000000 цахим шуудангийн хаягаас ирсэн, устгагдсан цахим шуудан илрээгүй. Gmail цахим шуудангаас захидлыг устгасан бол 1 сарын дотор сэргээх боломжтой үйлчилгээ байдаг. Тогтоолд 2023 оны 12 дугаар сарын 05-07-ны өдрүүдийг дурдсан, нэг сараас дээш хугацаа өнгөрсөн тул хаягт ирсэн, устгагдсан цахим захидлын мэдээллийг сэргээх боломжгүй. 46 Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан 00000000000 цахим шуудан хайрцагт хадгалагдаж байгаа хэрэглэгчийн сүүлийн нэг жилийн хугацааны 8,69 GB хэмжээтэй цахим мэдээллээс 3.51 GB хэмжээтэй хэрэглэгчийн цахим мэдээллийг хавсралт DVD дээр хуулбарлан хүргүүлэв” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-236 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
12. Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас зарласан хатуу хучилттай замын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “И” ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/437 дугаартай албан бичгээр Сангийн яамд гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 0000000 дугаартай албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт хаяглан /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/ шуудангаар, мөн Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт хаягласан дээрх албан бичгийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Л.У-д мэйл хаягаар /1 дэх хавтаст хэргийн 51-52, 228 дахь тал/ нь хүргүүлсэн байх ба уг албан бичгийн эх хувийг Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт шуудангаас 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/ хүлээн авсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.
13. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
14. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч Х.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх тухай” дүгнэлтийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
15. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” авлигын гэмт хэрэгт тооцохоор заажээ.
16. Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх субъект үйлдсэн байхыг шаардах ба шүүгдэгч Х.Б нь Б аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан мөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
17. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж тус тус заасан бөгөөд Улсын Их Хурлаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор тус тус заажээ.
18. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно.”, “-Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.”, “-Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” “-Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно.”, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4. ““давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;” ойлгохоор хуульчилсан байна.
19. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Х.Б нь Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга буюу захиалагчийн хувьд тус сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уг тендерт оролцсон “”И” ХХК, “К” ХХК-нд тус тус хүргүүлж, ийнхүү хүргүүлснээс хойш шүүгдэгч Х.Б нь “К” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу ажлын 4 хоног өнгөрч байхад гэрээ байгуулсан нь мөн хуулийн 29.2. “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасныг зөрчиж, тендерт оролцсон “И” ХХК-ны шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, бусдад буюу “К” ХХК-нд давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.
20. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Баас “Гэрээг хугацаанд хийсэн гэж үзэж байгаа. Гэрээ хийхийг яаравчлах зүйлс байсан. Яагаад гэвэл жилийн эцэс болоод төсөв хөрөнгө хаагдах болчихсон. Мөн Улсын Их Хурлын гишүүнд замын ажлын хөрөнгө батлуулахаар уламжлах хугацаатай байсан тул гэрээгээ байгуулж, улмаар ажлаа хийлгэсэн” гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд төрийн аливаа албан тушаалтны үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжинд нийцсэн байна.
21. Шүүгдэгч Х.Б нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг гэм буруугийн санаатай хэлбэрээр зөрчиж, тендерт оролцсон “И” ХХК-ны шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, бусдад буюу “К” ХХК-нд давуу байдал бий болгосон нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хийх ёсгүй үйлдэл хийсэн учраас шүүгдэгч Х.Бын эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өрсөлдөх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.
22. Шүүгдэгч Х.Бын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
23. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
24. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн албан тушаалын хариуцлагаа ухамсарлаагүй байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ.
25. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.У, түүний өмгөөлөгч нараас гаргасан “шүүгдэгч Л.Угийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх тухай” дүгнэлтийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
26. Учир нь, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/14 дугаартай тушаалаар “тус суманд 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төслийг боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч”-ийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргаар тус сумын Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Т.М, гишүүд цэцэрлэгийн нярав Х.О, тус сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Л.У нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба тус Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “хамгийн сайн үнэлэгдсэн” “К” ХХК-тай хэлэлцээр хийх зөвшөөрлийг захиалагч буюу Б аймгийн Б сумын Засаг дарга Х.Бт хүргүүлжээ.
27. Захиалагч буюу Б аймгийн Б сумын Засаг дарга Х.Б нь тендерийн гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уг тендерт оролцсон “И” ХХК, “К” ХХК-нд тус тус хүргүүлж, ийнхүү хүргүүлснээс хойш “К” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу ажлын 4 хоног өнгөрч байхад гэрээ байгуулж, 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг зөрчсөн, улмаар тендерт шалгараагүй “И” ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сангийн яамд гомдол гаргажээ.
28. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. “Захиалагч худалдан авах ажиллагаа явуулсан тухай бүр тендер шалгаруулалтын хавтаст хэрэг бүрдүүлж архивын нэгж болгон хадгална.”, Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 5.1. “Үнэлгээний хороо нийт гишүүдийн олонх дэмжсэн үнэлгээний дүгнэлтийг дараах баримт бичгийн хамт захиалагчид хүргүүлнэ: 5.1.1. холбогдох журам, заавар, аргачлалын дагуу боловсруулж, захиалагчаар батлуулах баримт бичиг, мэдэгдлийн төсөл; 5.1.2. тендер шалгаруулалттай холбогдох бусад баримт бичиг.” гэж заасан байх ба мөн Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4.6. “Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гарсан тухай захиалагчид утсаар, албан бичгээр эсхүл цахим системээр дамжуулан мэдэгдэх бөгөөд захиалагч нь мэдсэн даруйд түр түдгэлзүүлсэн тендер шалгаруулалтыг зогсоох, гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байх ба энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ.” гэж зааснаас үзэхэд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2. “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана.” гэх хуулийн зохицуулалтыг эрх бүхий этгээд буюу Сангийн яамнаас хэрэгжүүлэхэд шаардлагатай тендертэй холбоотой материалыг захиалагч буюу энэ хэргийн хувьд шүүгдэгч Х.Б /Б аймгийн Засаг даргын тамгын газрын дарга/ хүргүүлэх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
29. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Уг “Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Б аймгийн Б сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг илгээж, улмаар түүний 00000000000 гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-д давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
30. Шүүгдэгч Л.У нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад заасан “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч”-ийн хувьд нийтийн албан тушаалтанд хамаарах боловч 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 5.1 дэх хэсэг, мөн Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хууль журмын дагуу ажил үүргийг хариуцах этгээд бус, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
31. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Л.У, түүний өмгөөлөгч нараас гаргасан тайлбар дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч Э Өөлөг овогт Лгийн Уд Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.
33. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.
34. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цгоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
35. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Уг цагаатгаж, шүүгдэгч Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Х.Бтай холбогдуулж эрүүгийн хариуцлагын талаарх дараах дүгнэлтийг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Энэхүү гэмт хэрэг нь 2023 онд үйлдэгдсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Бт нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
36. Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Д.Аээс “Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Тиймээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Х.Бын хувьд бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Иймд шүүгдэгч Х.Бт 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан байна.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
38. Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
39. Шүүгдэгч Х.Б нь 1985 онд төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
40. Шүүгдэгч Х.Б нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, мөн шүүгдэгч Х.Бт оногдуулсан 1 жил 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
42. Шүүгдэгч Х.Б, цагаатгагдсан этгээд Л.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг DVD дискийг эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар болов.
43. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд Л.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөн цагаатгагдсан этгээд Л.У нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э Өөлөг овогт Лгийн Уд Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч З овогт Хийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.Бт оногдуулсан 1 жил 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Х.Б, цагаатгагдсан этгээд Л.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг DVD дискийг эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд Л.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Цагаатгагдсан этгээд Л.У нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ