| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03070/И |
| Дугаар | 181/ШШ2020/02578 |
| Огноо | 2020-10-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2020/02578
| 2020оны 10сар ы 19 |
| 181/ШШ2020/02578 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Ц ХХК /РД:/-д холбогдох,
57,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ц ХХК нь барилга барихад ашиглах зориулалтаар Түмэн- Арвижих жаргал ХХК-аас барилгын 3,200 ширхэг тулаас төмөр /сапуд/-ийг нэг ширхэгийг нь нэг хоногийн 100 /нэг зуу/ төгрөгөөр тооцож, 2015 оны 09 сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл 33 хоногийн хугацаатай, нийт 10,560,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож 2015 оны 09 сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд түрээслүүлэгч нь түрээслэгчид 2015 оны 09 сарын 16-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөхдөө түрээсийн нийт төлбөр 10,560,000 төгрөгт тооцож Приус 20 маркийн автомашиныг түрээслэгчээс өөртөө шилжүүлэн авсан. Гэвч түрээслэгч нь барилгын ажил удааширсан шалтгаанаар барилгын 3,200 ширхэг тулаас төмрийг 2015 оны 10 сарын 19-ний өдөр түрээслүүлэгчид буцааж өгөөгүй бөгөөд уг тулаас төмрийг үргэлжлүүлэн ашигласаар байсан юм. Харин түрээслүүлэгч ******* жаргал ХХК нь дээрх барилгын 3,200 ширхэг тулаас төмрийн өмчлөх эрхийг 2015 оны 10 сарын 18-ны өдөр Т.Б ХХК-д шилжүүлсэн бөгөөд энэ тухайгаа тус компанийн 2015 оны 10 сарын 18-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр түрээслэгч А.Ц ХХК-д мэдэгдсэн байдаг. Тиймээс дээр дурдсан барилгын 3,200 ширхэг тулаас төмрийг 2015 оны 10 сарын 18- ны өдрөөс хойш ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг А.Ц ХХК нь Т.Б ХХК-д төлөх үүрэг үүссэн. Ингээд Т.Б ХХК нь Түрээсийн төлбөр нэхэмжлэх тухай 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 11 дугаартай албан бичгийг А.Ц ХХК-д хүргүүлсэн бөгөөд түүнээс хойш түрээслэгч нь 2015 оны 12 сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 05 сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 06 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 07 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 13,000,000 төгрөгийг төлсөн байна. А.Ц ХХК нь барилгын 3,200 ширхэг тулаас төмрийг 2015 оны 10 сарын 18-ны өдрөөс хойш үргэлжлүүлэн ашиглаж байгаад ******* ******* ХХК-д 2017 оны 09 сарын 05-ны өдөр барилгын 3,200 ширхэг тулаас төмрөөс 3,171 ширхэгийг нь хүлээлгэн өгч, 29 ширхэгийг нь хүлээлгэж өгөөгүй байна. Талууд 2017 оны 09 сарын 05-ны өдөр тооцоо нийлж, түрээсийн гэрээг бичгээр шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээгээр түрээсийн төлбөрийг дараах нөхцөлөөр тохиролцсон. Үүнд: 1. Барилгын 3,200 ширхэг тулаас төмрийг нэг ширхэгийг нь нэг хоногийн 50 /тавь/ төгрөгөөр тооцож, 2015 оны 10 сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийт 73 хоногийн турээсийн төлбөр 11,680,000 төгрөгийг төлөх, 2. Барилгын 3,200 ширхэг тулаас төмрийг нэг ширхэгийг нь нэг хоногийн 50 /тавь/ төгрөгөөр тооцож, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийт 366 хоногийн түрээсийн төлбөр 58,560,000 төгрөгийг төлөх, 3. Барилгын 3,200 ширхэг тулаас төмрийг нэг ширхэгийг нь нэг хоногийн 0 /тэг/ төгрөгөөр тооцож, 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нийт 247 хоногийн түрээсийн төлбөр 39,520,000 төгрөгөөс чөлөөлсөн. Талууд 2017 оны 09 сарын 05-ны өдөр тооцоо нийлж, түрээсийн гэрээг шинэчлэн байгуулахаас өмнө түрээслэгч нь түрээслүүлэгчид түрээсийн төлбөрт нийт 13,000,000 төгрөгийг төлсөн байсан. Гэрээ ёсоор түрээслэгч нь түрээслүүлэгчид 2015 оны түрээсийн төлбөрт 11,680,000 төгрөг, 2016 оны түрээсийн төлбөрт 58,560,000 төгрөг, нийт 70,240,000 төгрөг төлөх ёстойгоос 13,000,000 төгрөгийг төлж, үлдэх 57,240,000 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд уг мөнгийг 2017 ондоо багтааж төлөхөөр болсон. Улмаар талууд 2018 оны 12 сарын 31-ний өдөр дахин тооцоо нийлэхэд түрээслэгч А.Ц ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 57,240,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй байсан бөгөөд тийнхүү 2 дахь удаагаа тооцоо нийлснээс хойш өнөөдрийг хүртэл мөн л нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч А.Ц ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт нийт 57,240,000 төгрөгийг (гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгож өгнө үү. гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Ц ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт А.Ц ХХК нь хариуцагчаар оролцож байгаа билээ. А.Ц ХХК нь Түмэн Арвижих жаргал ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 33 хоногийн хугацаатай, 3200 ширхэг тулаас төмөр (сапуд)-ийг, нэг хоногийн 100 төгрөгөөр тооцож, нийт 10,560,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Улмаар түрээсийн гэрээний хугацаа дуусахад Приус 20 маркийн автомашиныг түрээсийн төлбөрт тооцож хүлээлгэн өгсөн юм. 2015 онд Түмэн Арвижих ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш манай компани тулаас төмрийг Т.Б ХХК-д хүлээлгэн өгөх гэсэн боловч барилгын ажил хийгдэж дуусаагүй, хөрөнгө оруулалт орж ирээгүй удсан зэрэг шалтгааны улмаас тулаас төмрийг барилгаас салган авах боломжгүй байсан. Энэ талаараа ******* ******* ХХК-д мэдэгдэхэд тулаас төмрийг хүлээлгэн өгөөгүй учир ашигласанд тооцон түрээсийн төлбөр төлөх талаар мэдэгдсэн бөгөөд ямарваа байдлаар гэрээ хийх талаар шаардлага тавиагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс шаардах эрх үүснэ. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тулаас төмрийг хүлээлгэн өгөх хүртэл 2 жилийн хугацаа өнгөрсөн байгаа тул 2015 оны 10 дугаар сараас Т.Б ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэж үзэж болохоор байна. Мөн тус компанитай 2017 оны 09 дүгээр сарын 05- ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-нд 2015, 2016 оны тулаас төлбөр төлөх үүргийг 2017 оны эцэст дуусгах талаар тусгасан бөгөөд 2015, 2016 оны төлбөрийг төлөх талаар асуудлыг 2017 онд гэрээнд тусгасныг бидний зүгээс гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгохгүй байх зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд манай компанийн зүгээс Т.Б ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Б ХХК нь хариуцагч А.Ц ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 57,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээг нөхөж хийсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэл бүхий этгээд шүүх хуралдаанд ирснийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2017 оны 09 сарын 05-ны өдөр Т.Б ХХК болон А.Ц ХХК нарын хооронд Түрээсийн гэрээ нэртэй гэрээ /хх-16-18 тал/ байгуулагдсан байх ба уг гэрээгээр барилгын тулаас төмрийн түрээсийн төлбөрийн 2015 болон 2016 оны хэмжээг харилцан тохиролцож, 2017 онд түрээсийн төлбөр тооцохгүй байхаар тохиролцон, дээрх тооцооллын дагуу нийт түрээсийн төлбөр нь 70,240,000 төгрөг болж байгааг гэрээгээр баталгаажуулжээ.
Дээрх гэрээний агуулгаас Т.Б ХХК болон А.Ц ХХК нарын хооронд барилгын тулаас төмөр түрээслэх, түрээслүүлэх харилцаа 2015 оноос үүссэн бөгөөд 2017 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилсэн болох нь тогтоогдож байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад заасан түрээсийн гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс барилгын тулаас төмрийг 2015 оны 10 сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл түрээсэлж ашигласан гэдэг үйл баримтад, талуудын хоорондын тооцоогоор хариуцагч нь нэхэмжлэгчид 57,240,000 төгрөг төлөх үүрэгтэй гэдэгт маргахгүй байх боловч 2015, 2016 оны төлбөрийн асуудлыг 2017 онд байгуулсан гэрээнд тусгасан нь хөөн хэлэлцэх хугацааг дуусгахгүй байх зорилготой хийсэн дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.
Хариуцагчийн тайлбарт дурдагдсан дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан хэлцэл бөгөөд уг заалтад заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг ойлгоно.
2017 оны 09 сарын 05-ны өдөр Т.Б ХХК болон А.Ц ХХК нарын хооронд Түрээсийн гэрээ нэртэй гэрээ нь тодорхой үр дүнд хүрэн зорилготой, талуудын хооронд 2015,2016,2017 онуудад үүссэн түрээсийн гэрээний харилцаа, түүнтэй холбоотой төлбөр тооцооны талаар тохиролцсон тохиролцоо тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн барилгын тулаас төмрийг 2017 оны 09 сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох бөгөөд хугацааны явцад талууд 2018 оны 12 сарын 31-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт /хх-20 тал/ үйлдсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болно.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгчийн барилгын тулаас төмрийг түрээсэлсэн болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 57,240,000 төгрөг болсон үйл баримтад маргаагүй, хариуцагчийн гаргасан татгалзлын үндэслэл буюу хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч А.Ц ХХК-аас 57,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтыг баримтлан хариуцагч А.Ц ХХК-аас 57,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 444,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц ХХК-аас 444,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР