Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 118/ШШ2022/0024

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г. нар

Хариуцагч: Завхан аймгийн *******, Хурлын дарга                                                                           

нарын хоорондын тус Хурлын 7 дугаар хуралдаанаас гаргасан зарим тогтоолууд хууль бус эсэх тухай маргааныг  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., Б., Д., Ч., П., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б., хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г. нар анх шүүхэд:

 а. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн А/11 тоот захирамжийн хоёр дахь заалт буюу “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар” гэх хэсгийг, мөн уг захирамжийн "Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө" гэх 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болгуулах,

б. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож бүхэлд нь хүчингүй болгуулах,

в. Уг өдрийн хуралдаанаас гарсан "Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай" 41 дүгээр, "Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож ажиллах удирдамжийг батлах тухай" 42 дугаар,  "Ч.ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай" 43 дугаар, “Газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журам батлах тухай" 44 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсэгт захиргааны хэрэг үүсгэх тухай” 118/ШЗ2022/0082 захирамжийн 1, 2 дугаар заалтаар дээрх нэхэмжлэлээс:

а. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн А/11 тоот захирамжийн хоёр дахь заалт буюу “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар” гэх хэсгийг, мөн уг захирамжийн "Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө" гэх 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болгуулах

б. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож бүхэлд нь хүчингүй болгуулах

в. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн "Ч.ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай" 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэх шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасан үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3. Харин дээрх шүүгчийн захирамжийн 3 дугаар заалтаар Г. нарын нэхэмжлэлийн үлдсэн шаардлагууд буюу Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн "Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай" 41 дүгээр, "Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож ажиллах удирдамжийг батлах тухай" 42 дугаар, “Газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журам батлах тухай" 44 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудаар тус Хурал болон Хурлын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна.

4. Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 44 дүгээр тогтоолын нэрийг “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай” хэмээн залруулан тайлбарласан /Хэргийн 2 дахь хавтасны 7 дугаар хуудсанд/ бөгөөд шүүх хуралдааны явцад уг 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан болно.

5. Нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны актуудыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзсэн.

а. 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Зөвлөл болон холбогдох хороодоор хэлэлцүүлж тогтоогоогүй, Хурлын дарга дангаараа тогтоосон.

б. хэлэлцэх асуудалтай холбоотой баримт, материал, шийдвэрийн төслийг төлөөлөгч нарт зохих ёсоор хүргүүлээгүй.

в. төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон, төлөөлөгчийн эрхгүй этгээдийг хуралдааны ирцэд оруулан тооцсон тул дээрх 7 дугаар хуралдааны ирц хангагдаагүй.

6. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй.

а. 7 дугаар хуралдааны ирц хангагдсан.

б. хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуульд заасны дагуу Хурлын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд баталсан.

в. хэлэлцэх асуудалтай холбоотой баримт, материалыг төлөөлөгч нарт цахимаар болон цаасаар хүргүүлсэн

7. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: ... Хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр тогтоол нь трейд компанитай холбоотой тогтоол байсан байна. Уг тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... Нэгжийн тухай хуулийн 47.2-д саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараана гэж заасан. Тэгэхээр тухайн үед бидэнд тов, хэлэлцэх асуудлын жагсаалт л ирсэн. Түүн дотор хэнийг томилох, чөлөөлөх гээд байгаа талаар ямар нэгэн баримт ирээгүй. төлөөлөгч өөрөө гуйж байгаад Сонгуулийн хорооны гишүүнээс чөлөөлөгдөх гээд байгаа хүмүүсийн 3 өргөдөлтэй танилцсан. Энэ гурван өргөдөл зөвхөн төлөөлөгчид хүргэгдсэн, бусад төлөөлөгч нарт өгөөгүй. Гэтэл дараа нь 5 хүнийг чөлөөлчихсөн байсан. Энэ 3-н хүн сонгуулийн хороонд ажиллах боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай эсэхийг тогтоогоогүй, энэ талаар холбогдох баримтыг бүрдүүлээгүй. Хэрвээ ийм байдлаар нотолж тогтоогоод бидэнд баримтаа ирүүлсэн бол асуудал арай өөрөөр шийдэгдэх байсан. Мөн хэнийг томилох нь тодорхойгүй байсан. Хэнийг томилох гэж байгаа талаар лавлахад одоогоор тодорхойгүй байна гэж хариу хэлж байсан. Гэтэл хэлэлцэх асуудал дээр чөлөөлөх, нөхөн томилох гэсэн үг нь байж байсан. Мөн нэгжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох талаар заасан. Энэ заалтын 41.1.1, 41.1.8-г 41.1.2-д тодотгож өгөөгүй. 41.12-т тодотгосон зүйлүүд нь тодорхой байдаг. 41.1.8-г 41.1.2-д тодотгоогүй байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон төрийг төлөөлөх эрхгүй гэж ойлгогдоно. 41.1.1-тэй дүйцүүлж үзэхэд 41.1.1-д 41.1.2-г тодотгож өгөөгүй. Хэрвээ энэ хүн нас барсан бол аймгийн Хурал хуралдаад нас барсан учраас төлөөлөгчийг оруулна гэсэн үг өгүүлбэр 41.2-д байхгүй. Хэрвээ 41.1.8-г аймгийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоол нь гарч бүрэн эрх нь түдгэлзээгүй байгаа тохиолдолд дараагийн төлөөлөгчийг сонгогдтол энэ хүн бүрэн эрхтэй гэж үзэх юм бол 41.1.1-д нас барсан хүнийг дараагийн төлөөлөгч сонгогдох хүртэл амьдаар нь тооцож явах ийм нөхцөл байдал гарч ирээд байна. Үүнийг хариуцагч талын өмгөөлөгч хуулийн хүн учраас нэлээн тодоор харж байгаа байх гэж бодож байна. Нэгжийн тухай хуулийн 38.3 дахь заалтыг барина гэвэл нас барсан хүнийг дараагийн төлөөлөгч сонгогдох хүртэл төлөөлөгчийн тоонд оруулж тооцохоор болоод байна... Бидний гол санаа бол биднийг мэдээллээр хангаагүй, саналаа өгөх боломжоор хангаагүй л гэж хэлээд байгаа. Бид заавал асуудал оруулах шаардлагагүй. Цаанаасаа хэлэлцэх асуудал нь хүрээд ирвэл саналтай бол саналаа оруулна. Саналгүй бол заавал санал санаачилж оруулахгүй. Гэхдээ аль нь ч байсан гэсэн бид таслах эрхтэй оролцох эрхтэй. Яагаад сонгуулийн хорооны гишүүдээс хэнийг чөлөөлж хэнийг томилох гээд байгаа нь нууц байсан юм бэ. Хэрвээ бидэнд хуулийн дагуу мэдээллээ хүргүүлсэн бол ажлын 2 хоногийн өмнө ирүүлсэн бол бид саналаа хүргүүлэх боломжтой байсан. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг өгсөн гэж байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг хараад бид хэнийг томилж, чөлөөлөх гэж байгаа талаар мэдэх боломжгүй. Асуудлууд бүгд тодорхой орж ирж байж таамаглал төсөөлөлтэйгөөр тухайн хуралд оролцоно. Өмнөх 6 дугаар хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэх асуудлын хамгийн сүүлд оруулсан байсан. Тэгээд хуулиа уншаад үзтэл 41.2 дээр 41.1.8-г тодотгож өгөөгүй учраас сонгуулийн хорооны шийдвэрээр тухайн төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон юм байна, ...Хурлаас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзээд бид хэлэлцээгүй. Хэрвээ хэлэлцсэн бол шүүхдэлцээд явах байсан шүү дээ. Угаасаа огцруулна чөлөөлнө гэсэн 2 үг байсан учраас 6 дугаар хуралдаанаар хэлэлцээгүй...  Тиймээс ирцэд төлөөлөгчийн эрхгүй иргэнийг оруулан тооцсон тул 7 дугаар хуралдааныг хууль бус хүчингүй хуралдаан болсон гэж үзэж байгаа тул тогтоолууд нь хууль бус... гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн агуулга нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 41, 42 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан. 43 дугаар тогтоолын хувьд захиргааны өөр хэрэг маргаан үүссэн учраас тусад нь шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх үзэж хүлээн авахаас татгалзсан. Тийм учраас 41, 42 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Хурлын Төлөөлөгчийн эрх үүргийг заасан. Тухайлбал, 39 дүгээр зүйлийн 39.1.1 асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох эрх нь зөрчигдсөн, 39.1.2.Хурлын хороонд харьяалагдах, 39.1.3. хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах эрх нь зөрчигдсөн. Энэ нь сонгуулийн хороог шинэчлэх үү, үгүй юу, татан буулгаад сонгуулийн хороог шинээр томилох уу гэсэн асуудал орж байгаа. Энэ асуудалтай холбоотой төлөөлөгч нь хариулт авах, санал хураалгах, дүгнэлт гаргах эрхгүйгээр хуралдаан явагдсан. 39.1.4. Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах заалт мөн зөрчигдсөн. Нэг өдөр ч хүрэхгүй хугацаанд яригдсан асуудал. Өөрсдөө бол Зөвлөлийн хурлаар хэлэлцээд цаашаа явагдах процесстой байсан. Гэтэл энэ процесс ажиллагаа хийгдэхгүйгээр шууд хурлаар оруулсан байна. 39.1.5. Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх, санал гаргах, 39.1.6. Хурлын шийдвэрийг сонгогчдодоо тайлбарлан таниулах, 39.1.7. Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих заалтууд ноцтой зөрчигдсөн. Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь аймгийн нийт иргэдийн эрх ашгийг бүрэн төлөөлөх эрхтэй. Нэг сумаас гарч байгаа боловч аймаг орон нутагтай холбоотой бүхий л асуудал дээр санал хүсэлтээ илэрхийлэх, саналаа оруулах, асуулга тавих эрхтэй. Энэ нь өөрөө төрийн дахин сонгууль явуулах нөхцөл үүсээд түүнтэй холбоотой гишүүдийг чөлөөлөх томилох асуудлыг хуралдаанаар оруулсан боловч гишүүдийг нь чөлөөлчхөөд томилоогүй байдаг. Тэгэхээр эдгээр төлөөлөгч нарт хуульд заасан эрхүүдээ хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй мэдээллээр хангагдах ёстой. Ямар ч асуудал оруулах байсан 2 өдрийн өмнө мэдэх эрхтэй, мэдэгдэх ёстой байсан байна. Хэн нь томилогдохыг мэдэхгүйгээр хуралдаанд орох боломжгүй байсан. Шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбаруудаас нь харахад сонгуулийн хороог татан буулгаж иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байна. Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох асуудал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиараа аймаг, нийслэлийн ******* шийдвэрлэх заалттай. Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэх ёстой. Ирц хүрээгүй асуудлын тухайд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1-д нэр дэвшигч нь хууль бус сурталчилгаа явуулахыг хориглосон байгаа. Гэтэл үүнийг зөрчөөд автобусаар хүн зөөсөн, түүнийг нь 2 шатны шүүх хэлэлцээд буруутайг нь тогтоосон шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байдаг. Үүнийг үндэслээд сонгуулийн хороо тухайн төлөөлөгчийг төлөөлөгчөөр тооцсон тухай тогтоолоо хүчингүй болгосон. Ингэснээр тухайн төлөөлөгч төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болно. Хариуцагч талаас нэгжийн тухай хуулийн 38.3-т зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно гэж маргаад байна. Гэтэл энэ нь төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж байгаа үед хамаарах заалт. Харин хугацаанаас өмнө бүрэн эрх нь дууссан төлөөлөгчийн хувьд нэгжийн тухай хуулийн 41.18-д зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон гэж заасан. Энэ талаар хариуцагч тал тайлбарлахдаа 2020 оны 01 тоот тогтоол нь хүчинтэй хэвээр байгаа учраас хуралдаанд оруулсан гэж тайлбарласан. Гэтэл нэгжийн тухай хуулийн 41.1.2-т хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, 41.1.5-д энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон бол чөлөөлнө гэж байгаа. 41.1.3-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан, 41.1.6-д энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн, 41.1.7-д Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн эдгээр үндэслэлээр огцруулах асуудлыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд шийдвэр гаргана гэж заасан. Тэгэхээр 41.1.8-д заасан сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр төлөөлөгчийг сонгогдсонд тооцогдсон тухай шийдвэрийг хүчингүй болгосон бол хуралдаанаар хэлэлцэх боломжгүй. Бусад 7 тохиолдолд хуралдаанаар чөлөөлнө. 3-ыг нь хуралдаанаар хэлэлцэж огцруулах асуудал яригдана. Тийм учраас энэ төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон байна. Төлөөлөгчийн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол түүнийг иргэн гэж үзнэ. Энэ иргэнийг төлөөлөгчийн тоонд оруулах боломжгүй. Манай аймгийн Хурал нийт 41 төлөөлөгчтэй. Үүнээс ирцээ бүрдүүлэхийн тулд 21 төлөөлөгч хуралдаанд ирсэн байх ёстой. Гэтэл 21 төлөөлөгч ирээгүй, хуралдааны ирц хүрээгүй байхад иргэн хүнийг оролцуулж хуралдсан учраас нэхэмжлэгч нар маргаан үүсгэсэн. Ирц хүрээгүй хуралдаанаас гарсан захиргааны актууд нь өөрөө хууль бус болж байгаа юм. Нарийвчилж үзвэл нэгжийн тухай хуулийн 46.9-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална гэж заасан. Энэ заалтын дагуу 6 дугаар хуралдаанаараа Хурал хуралдааныхаа дэгийг баталсан батлахдаа тухайн хуралдаанд нийт төлөөлөгчийн олонх ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно гэж заасан байна. Тэгэхээр тухайн хурал хууль болон өөрсдийн баталсан хурлын дэгээ зөрчсөн байна. Энэ нь нэгжийн тухай хуулийн 12.1.8-д заасан асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах гэсэн зарчмыг зөрчсөн байна. Мөн нэгжийн тухай хуулийн 33 дугаар зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэж заасан. Нэгжийн тухай хуулийн 33.3-д төлөөлөгчийг Аймаг, сум, нийслэл, дүүргийн ******* нь энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд уг бүрэлдэхүүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгч гэж ойлгоно гэж заасан. Тэгэхээр нийт төлөөлөгчийн олонх нь хуралд оролцоогүй учраас хууль бус хуралдаан болсон гэж үзэж байна. Хоёрдугаар гол үндэслэл нь нэгжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасан. Ингэж санал оруулахдаа нэгжийн тухай хуулийн 47.2-т зааснаар саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах ёстой байсан. Энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байсан. Үүнийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн төлөөлөгч эдгээр материалуудыг төлөөлөгч нарт цаасаар болон мэйлээр хүргүүлсэн гэж байгаа боловч ирсэн зүйл байдаггүй. Үүнийг нэхэмжлэгч нар хэлдэг. Мөн хавтаст хэрэгт энэ талаар авагдсан баримт байдаггүй. Тэгэхээр тухайн 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, тухайн хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл эдгээр хүмүүст ажлын 2 хоногийн өмнө очсон байх ёстой байсан. Очсон байж эдгээр төлөөлөгч нар тухайн хуралдаан дээр төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох байсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн нэгжийн тухай хуулийн 51.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь ******* нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ гэж заасан. Тэгэхээр Зөвлөлөөр дамжуулах асуудлыг алгасаж хуралдаанаар хэлэлцүүлснээр эдгээр төлөөлөгч нар мэдээлэл авах боломжгүй болсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгэнт л хуралдаж байгаа бол шийдвэр гаргах түвшний бүх тооцоо судалгааг төлөөлөгч нарт хүргүүлсэн байх ёстой. Аймгийн сонгуулийн хороог татан буулгах, шинэчлэх боломжгүй байхад хуралдаанаар хэлэлцэж татан буулгасан нь сонгууль явуулах төрийн ажлыг гацаасан гэж нэхэмжлэгч нар үзэж байгаа. Тийм учраас дээрх маргаан бүхий 2 захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгох сонгогдох эрхийг нь зөрчсөн, мэдээллээр хангаагүй асуудал байдаг... Хэрвээ төлөөлөгч нарын бүрэн эрх зөрчигдөөгүй байна гэж шийдвэрлэвэл аймгийн Хурал цаашдаа 50 хувьдаа хүрэхгүй ирцтэйгээр хуралдах боломжтой юм гэх ийм нөхцөл байдал үүсэх гээд байна. Гэтэл олонх ирээгүй тохиолдолд хуульд зааснаар хүчингүй болох заалттай... 2020 оны орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан аймгийн сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоол байгаа. Үүнийг хүчингүй болгосон шийдвэр одоогоор байхгүй. Нэхэмжлэгч нар яагаад нэхэмжлэл гаргаад байна гэхээр иргэн болсон хүнийг дараа дараагийн хуралд оролцуулах юм уу, хууль бусаар хуралдаад байвал энэ иргэн болсон хүн дээр шүүхийн шийдвэр гараад ямар хэрэгтэй юм бэ, иргэн болсон хүн төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлээд байгаа нь бидний эрх ашгийг хөндөөд байна. Иргэн болсон хүнийг төлөөлөгчөөр оруулж ирээд нэгжийн тухай хуульд заасан нийт төлөөлөгчийн олонх ирснээр хүчин төгөлдөр болох хуулийн заалтыг хүчээр биелүүлээд яваад байвал яах вэ гэсэн ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас нэхэмжлэгч нарын төлөөлөгчийнх нь хувьд нэгжийн тухай хуульд заасан эрх үүргийг нь ноцтой зөрчөөд, хууль ёсны эрх ашгийг нь хөндөөд байна. Эдгээр 8 төлөөлөгч 8 сумын иргэдийг төрд төлөөлж байгаа. Цаана нь иргэдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Төлөөлөгчийн эрх ашиг энэ зүйл дээр яригдана. Ийм нөхцөл байдал манай аймагт магадгүй 2024 он хүртэл үргэлжлээд иргэн хүнийг хуралд оролцуулаад ирцээ бүрдүүлээд явбал хуралдаанд төлөөлөгч оролцох шаардлагагүй юм байна, төлөөлөгч нарыг мэдээллээр хангах шаардлагагүй юм байна гэсэн ийм итгэл үнэмшил төрүүлэх болчхоод байна. Тийм учраас нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргаж шударга шүүхээр шийдвэрлүүлэх гэж өнөөдөр хуралдаанаа хийлгэж байна. Төлөөлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол гэж юуг хэлэх талаар нэгжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд тодорхой заасан. Асуудал оруулах, хуралдаанд таслах эрхтэй оролцох эрхээ эдлэхийн тулд мэдээллээр хангагдсан байх ёстой. Төлөөлөгч нар өөрсдөө эрх ашгаа хамгаалж явахгүй бол дараагийн нөхцөл байдал нь цөөнх болсон төлөөлөгч хуралд оролцоод байх шаардлагагүй ийм нөхцөл байдал үүсэх гээд байна. Цахим шууданд хийсэн үзлэгтэй холбоотой хэлэхэд хариуцагч байгууллага төлөөлөгч нарыг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй болох нь хангалттай харагдаж байна. Хэлэлцэх асуудалтай холбоотой тооцоо судалгаа мэдээлэл нь 1 хүнд очсон гэхдээ дутуу байсан байна. Мөн өнөөдөр шүүх хуралдаан дээр хийсэн үзлэгээс харахад Л. нь тухайн үед нэхэмжлэгч нарт баримтыг хүргүүлээгүй байна. Ганцхан Г. нэхэмжлэгч рүү явуулсан байна гэдэг нь тогтоогдсон...  Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна... гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Хуралдааны ирц бүрдсэн гэж үзсэн учраас аймгийн ******* хуралдсан. Тэгээд хуралдаанаар тухайн 2 тогтоолыг баталсан. Хуралдаанаас өмнө Зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлыг баталсан... Шүүх хуралдаантай холбоотой асуудлаар шүүхийн өмнө шударгаар шүүлгэх тэгш боломжоор хангагдах бүрэн эрхт улсад харамсалтай нь нэг байгууллага 2 тал болоод сууж байгааг дараа нь бид бодууштай байх. Нэгжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах, иргэд орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино гэж заасан. Тэгэхээр сая нэхэмжлэгч талаас зар мэдээгүй гэж байна. Зарыг Хурлын даргын 4 сарын 25-ны 11 тоот захирамжаар та бүгдэд хүргэгдсэн. Ямар асуудал хэлэлцэхийг та бүгд бүрэн мэдсэн байсан. Тэгэхээр энэ хуулийн дагуу 7 хоногийн өмнө хурал зарлагдсан, захиргааны акт нь гарсан та бүгдэд мэдэгдсэн. Та бүхэн өөрсдөө төлөөлөх эрхээ эдлэхгүй байгаагаа хэн нэгнээс хайгаад байгаа юм биш биз. Энэ нь явж явж та бүгдийн яриад байгаа гацаанд оруулах шалтаг шалтгаан болоод байгаа юм биш биз. 40, 41 дүгээр тогтоолын тухай асуудал яриад, 20 хүний тогтоолын тухай асуудал яриад л байгаа. Гэвч яагаад хуралдаа ороод зарчмын зөрүүтэй санал гаргаад, энэ сонгуулийн хороог чинь байлгаж байя гээд санал хураалгаад шийдвэрлүүлж болохгүй байсан юм бэ. Нөгөө талдаа ямар ч баримт өгөөгүй, юу ч хүргэгдээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриад байна. Энэ шүүх хуралдаан олон удаа хойшилсон олон баримт шинжлэн судалсан. Би өмнө ч гэсэн олон удаа хэлсэн. 401 дүгээр тогтоол нэгжийн хуулийн 79 дүгээр зүйлтэй холбоотой төлөөллийн байгууллагын хэрэгжүүлж ажиллах хэм хэмжээг Засгийн газраас тогтоогоод өгчихсөн. Тэнд Завхан аймгийн эрх ашгийг төлөөлөх аймгаас 1 хүн, сумаас 2 хүн сонгогдож очих ёстой. Тэнд хэн сонгогдохыг Хурлын ажлын алба томьёолоод та бүхэнд тараах боломжгүй. Харин сонгогдвол ийм ийм чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана гэдгийг дэмжлэг авбал Засгийн газар шийдвэрээ эргэж харах, хуульд өөрчлөлт орох ийм зохицуулалт байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр тогтоолын төсөл өгсөнгүй, нэр өгсөнгүй гээд нэхээд байх юм. Гэтэл хэнийг сонгох нь та бүгдийн бүрэн эрхийн асуудал шүү дээ. Би тэр үед магадгүй 2 бүлгийн дарга нь сонгогдох байлгүй дээ гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчдыг буруутгаад гэрчээр дуудчихаад байж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Дараа нь сонгуулийн хороотой холбоотой асуудлын тухайд хуралдаа орж ирээд сонгуулийн хороог тараахгүйгээр, өргөдлийг хангахгүйгээр саналаа илэрхийлээд шийдээд явах боломж байсан шүү дээ. Тараасан нь буруу байна, манай төлөөлөгч нар эрхтэй л гээд байгаа боловч нэгжийн тухай хуулийн 43 дугаар зүйлд үүрэг нь байгаа шүү дээ. Төлөөлөгч нар хуульд заасан Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, Хурлын дэг зөрчсөн, эсхүл үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу тайлагнаагүй бол Хурлаас дараах хариуцлага хүлээлгэнэ гээд 4 хариуцлагыг заасан. Тэгвэл энэ хариуцлагынхаа талаар яагаад бодохгүй байгаа юм бэ. Ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн хуралдаанд ирээгүй юм бэ? Ийм асуудлууд байна... Төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох 41 дүгээр тогтоолтой холбоотойгоор тайлбарлахад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 79 дүгээр зүйлд заагдсан заалтын дагуу Засгийн газрын 401 дүгээр тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор төлөөлөгчийн байгууллагын ажиллах журам батлагдсан. Энэ журам, тогтоолын дагуу хуралдааны бэлтгэл ажлыг хангаж бүх төлөөлөгч нарт хүргүүлсэн. Сая нэхэмжлэгч нар өөрсдөө ч гэсэн ярьсан. Хуралдаан дээр орж ирээд хэн нэгнийг нэр дэвшүүлэх юм уу, өөрсдөө нэр дэвших эрх нь нээлттэй байсан. 401 дүгээр тогтоолыг бол хүргүүлсэн. Үүнийг та төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлэхийн тулд мэйл хаягаа хариуцлагатайгаар шалгадаг байх ёстой. Хурлын ажлын албанаас та бүхэнтэй харилцаа тогтоох гэхээр зарим нь үнэндээ утсаа авдаггүй хүмүүс маш олон байдаг. Ашиг сонирхлын мэдүүлэг мэдүүлэх хугацаа нь дуусах гээд байхад холбогддоггүй эрж сурч хайж явж байж олдог. Тэгэхээр энэ асуудал дээр төлөөлөгч нар хариуцлагатай хандах ёстой. Сонгуулийн хороотой холбоотой асуудлыг өмнөх 6 дугаар хуралдаан дээр хэлэлцүүлэхээр төлөвлөгөөнд оруулсан. Гэтэл 2 намын бүлэг хоорондоо ярилцаад үүнийг хэлэлцэх шаардлагагүй гэж хойшлуулсан тул санаатайгаар сонгуулийг гацаасан гэж үзэхгүй гэж бодож байна... Засгийн газрын 401 дүгээр тогтоолыг та бүхэн бүгд мэдэж байгаа. Бүх хүмүүсийн мэйл хаягаар хүргүүлсэн. Цахим дэг дээр ч хуралдааны дэг дээр ч байгаа цахимаар оролцож байгаа бол хуралдааны материалыг цахимаар хүргүүлж болно. Түүнийг нь тухайн төлөөлөгч авч танилцана гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талаас мэдээллээр хангаагүй, тооцоо судалгаа хүргүүлээгүй гээд байна. 401 дүгээр тогтоолыг хүргүүлсэн. Өөр ямар тооцоо судалгаа тогтоол хүргүүлэх байсан юм. Төлөөллийн байгууллагад сонгогдож байгаа бол ямар эрх хэмжээ хэрэгжүүлэхийг Засгийн газрын тогтоолоор тогтоогоод өгчихсөн. Түүнийг нь хүргүүлсэн. Та нарын оролцооны асуудал л үлдсэн. Сонгуулийн хороотой холбоотой асуудлын тухайд 6 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд энэ асуудал орсон. Төлөөлөгч нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж хойшлуулсан. Тогтоолын төсөл, материал хүргэгдсэн. Өөр ямар тооцоо судалгаа хийх хэрэгтэй байсан юм. Тооцоо судалгаа хийгдээгүй, мэдээллээр хангаагүй гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэр бүхий 8 хүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна гэж үзэж байна. Шүүхийг зохих ёсоор эрх тэгшээр асуудлыг харж шударгаар шийдвэр гаргана гэж найдаж байна... гэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн эрхийг ойлгож байгаа. Эрхэд нь миний бие хүндэтгэлтэй хандаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль ёсны яг ямар эрх ашиг нь зөрчигдсөн бэ гэдэг дээр ач холбогдол өгч яриад байгаа юм. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч асуудал оруулах, асуудал тавих, таслах эрхэд нь халдлаа гэж байна. Гэтэл асуудал оруулах ямар эрхийг нь хүлээж аваагүй вэ гэдэг талаар хэрэгт ямар нэг баримт байхгүй. Мөн ийм асуудлыг хэлэлцье гэдэг байдлаар асуудал оруулсан, санал гаргасан зүйл байдаггүй. Тэгэхээр ямар асуудал оруулах, ямар асуудал хэлэлцүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй. Таслах эрхтэй оролцох гэж байна. Гэтэл хуралдаанд оролцохгүйгээр таслах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Ингээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэх эрхээ нэхэмжлэгч нар өөрсдөө алдаад байна. Мөн нэхэмжлэгч нарын эрхийг 41, 42 дугаартай тогтоол зөрчсөн зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлага хангагдах боломжгүй. 47.2-г дахин дахин ярьж байна. Хэдийгээр хариуцагч Хурлаас холбогдох баримтуудыг хүргүүлээгүй асуудал байгаа боловч яг ямар асуудал хэлэлцэх гээд байгаа талаараа баримт хүргүүлсэн. Хуралдаанд оролцох эрхийг нь хааж боосон зүйл байхгүй. Мөн Хурлын төлөөлөгчийн оронд иргэн орууллаа гэж байна. Гэтэл өнөөдөр энд нэхэмжлэл гаргасан 8 төлөөлөгчийн оронд өөр хүн оруулсан зүйл байхгүй. Харин ч хуралдаандаа орно уу гэж хурлын тов мэдэгдсэн зүйл байгаа. Бид төлөөлөгчийн Төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон уу, үгүй юу гэдэг зүйлийг л ярьж байгаа. гийн тайлбар дээр “...миний бие төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болоогүй байна. Дараагийн төлөөлөгч дахин сонгуулиар сонгогдсон тохиолдолд миний бүрэн эрх дуусгавар болно” гэсэн албан тайлбар нь байгаа. Мөн сонгуулийн хорооны тогтоол гараад түүнийг нь аймгийн Хурал баталгаажуулчихсан. Ингэж баталгаажуулчхаад сонгуулийн хороо хүчингүй болголоо гээд тогтоолоос хасах боломжтой юу гэдэг нь эргэлзээтэй. Мөн өнөөдөр бид аймгийн Хурлын 7 дугаар хуралдааныг хууль бус гэж ярих боломжтой юу гэдэг асуудал байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 41, 42 дугаар тогтоол эдгээр нэр бүхий 8 төлөөлөгчийн эрхийг яаж зөрчсөн бэ гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна гэж үзэж байгаа... Нэхэмжлэгч нар Нэгжийн тухай хуульд заасны дагуу хуралдаанд оролцох боломжоор хангаагүй, асуудал оруулах эрхийг зөрчсөн гэж яриад байна. Гэтэл хуралдаанд оролцох боломжоор хангасан. Энэ талаар нэхэмжлэгч Г. бид хуралдаанд оролцох боломж байсан, хэрвээ орвол ирц хүрэх гээд байсан гэсэн агуулгатай тайлбар хэлсэн. Үүн дээр дүгнэж үзэхэд 7 дугаар хуралдааныг явуулахгүй байя, бид нар орохгүй байя гэсэн байдал хөндлөнгөөс харагдаж байна. Тэгэхээр шүүх хуралдааны явцад асуухад Хурлын даргын тов тогтоосон захирамж, хэлэлцэх асуудал 2 ирсэн гэж хариулсан. Анх бол материал ирээгүй гэсэн тайлбар гаргаж байсан. Шинжлэн судалсан баримтын арын хэлэлцэх асуудал хэсэгт 41, 42 дугаар тогтоол л байгаа. Зөвлөлийн хуралдаан дээрээ нутгийн удирдлагын төлөөлөгчийг сонгон ажиллуулах талаар ярилцаж баталсан байдаг. Үүн дээр Ардчилсан намаас оролцсон Зөвлөлийн гишүүд ч байгаа. Тийм учраас энэ асуудлыг мэдээгүй гэж үзэх боломжгүй. Асуудал оруулах эрхийг хаасан гэж байна. Тэгвэл ямар асуудал оруулах гэж аймгийн Хуралд ямар албан бичиг өгсөн юм бэ? Тэр талаар хэрэгт ямар ч баримт байдаггүй. Ийм ийм асуудал оруулах гэж байсан. Гэтэл хүлээж аваагүй учраас бидний эрх зөрчигдлөө гэвэл бид өнөөдөр өөр зүйл ярина. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад энэ талаар тодруулахад Д. нэхэмжлэгч 41, 42 дугаар тогтоолтой холбоогүй өөр асуудал оруулах гэж байсан гэж тайлбарласан. Тэгэхээр үүнээс харахад 41 42 дугаар тогтоолтой холбоотойгоор оруулах санал байгаагүй. Мөн өөр хэлэлцүүлэх асуудал ч байгаагүй байна. Хариуцагч Хурлын зүгээс төлөөлөгч нарыг хуралдаанд оролцох бүрэн эрхийг нь бүрэн хангасан харин төлөөлөгч нар өөрсдөө хуралдаандаа оролцоогүй нөхцөл байдал харагдаж байна. Ийм байдлаар эдгээр төлөөлөгч нар эрхээ эдлэхийг хүсээгүй байна. Хуралдааны дэг дээр хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хүн асарч байгаа, өвчтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэх мэт шалтгаануудыг заасан байна. Харин бусад шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохооргүй байна. Мөн төлөөлөгч нар аймгийн иргэдийг би төлөөлнө гэж тайлбарлаад байна. Төлөөлөгч нь аймгийн иргэдийг хаана төлөөлөх вэ гэхээр аймгийн иргэдийн Нийтийн Хуралд төлөөлнө. Түүнээс Ч. төлөөлөгчийн ярьж байгаа шиг Цагаанчулуут сумын иргэдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хууль бус зүйл.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар төлөөлөгч нь Хуралд ард түмнийг төлөөлж хуралд оролцохоор заасан. Үүнтэй бид маргахгүй. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэдийн Хурлын Төлөөлөгч нь иргэдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөхгүй байх байсан гэж байна. Тэгвэл тэднийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх мөн л та бүхэнд байхгүй. Хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл, гишүүдийг чөлөөлөхөд харгалзан үзэх магадалгаа, эмчийн тодорхойлолт нь хаана байна вэ гэдэг асуудлаа Хурлын хуралдаан дээр ярих ёстой байсан. Гэтэл яриагүй, хуралдаанд оролцоогүй байж Хурал оролцуулаагүй гэсэн байдлаар ярьж болохгүй. Тэгэхээр 41 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй байна. 42 дугаар тогтоолоор баталсан төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгон шалгаруулах журам баталсан нь нэхэмжлэгч нарын ямар эрх ашгийг зөрчсөн нь ойлгомжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх талаар заасан. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаж болохоор байгаа. Тэгэхээр эдгээр төлөөлөгч нар нь шүүхэд нийтийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээд биш. Тэгээд 41 42 дугаар тогтоолоо ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа талаар асуухад хэлэлцэх асуудал оруулах эрх, ард түмний эрх, сонгуулийн хорооны хүмүүсийн эрх зөрчигдлөө гэж тайлбарлаад байна. Гэтэл миний яг тийм тийм эрх зөрчигдсөн гэж ярихгүй байна. Тийм учраас эдгээр төлөөлөгч нарыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч гэж үзэх боломжгүй. Харин хууль бус хуралдааны талаар ярьдаг. Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг үүсгэхдээ 7 дугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй. Тэгэхээр тэр хуралдаан хууль бус эсэхийг хэлэлцэх боломжгүй. Харин 41 42 дугаар тогтоол гарснаар нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг зөрчигдсөн нь гол асуудал гэж үзэж байна. Мөн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулж асуудлыг шийдсэнийг Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй. Хууль бус актад ч хамаарахгүй. Учир нь Хурал бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тэгэхээр хуралдааныг хууль бус гэж үзэх боломжгүй учраас 41 42 дугаар тогтоол хуульд нийцэж гарсан. Өнөөдөр 5, 6-н асуудал хэлэлцэхэд зөвхөн 41, 42-г сонгож аваад бусад нь хуульд нийцээд байгаа юм шиг ийм байдлаар ярьж болохгүй. Нэгжийн тухай хуулийн 47.1-д заасан асуудал оруулах эрх, 47.2-д заасан саналтай холбоотой материал тараагаагүй гэж байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 2 асуудал л үлдсэн нь 41, 42 дугаар тогтоол байгаа. Гэтэл энэ 2 тогтоолыг хэлэлцэх талаар Хурлын даргын тов гаргасан захирамжийн хэлэлцэх асуудал хэсэгт байгаа. Энэ дагуу Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн, байр сууриа илэрхийлсэн байна... Нэмж хэлэхэд  аймгийн 7 дугаар хуралдаанд оролцохгүй байх шалтгаанаа нэхэмжлэгч нар эхлээд зар хүргээгүй гэж байсан.  Гэтэл зар хүргэсэн асуудал тогтоогдсон. Утсаар хүргэсэн дараа нь мэйлээр захирамжаа явуулсан. Тэгэхээр зарыг мэдсэн байна. Гэтэл төлөөлөгч нар хуралдаанд оролцох эрхээ өөрсдөө эдлээгүй. Иргэдийг төлөөлж төрийг удирдах гол ажлаа хийгээгүй байна. Үүндээ төрийн байгууллагыг буруутгах боломжгүй. Мөн ажлын албаны хүмүүсийг хуралд оролцуулаагүй гэж байна. Өнөөдөр хурлын төлөөлөгч ажлын алба руу ороод энэ энэ төлөөлөгчийг оролцуулаарай энэ энийг битгий оролцуулаарай гэх эрх байхгүй. Ажлын алба бол хурлыг тасралтгүй явуулах л үүрэгтэй. Түүнээс орсноор *******а орсноор хурал хууль ёсны болно гэх зохицуулалт байхгүй. Нөгөө талаар эдгээр хүмүүсийг хуралдаанд оролцуулаагүй байна гэж шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах эрх Г. төлөөлөгчид байхгүй. Дараагийн асуудал нь өнөөдөр шүүх хуралдаан дундуур ямар нэгэн хүсэлтгүйгээр нэхэмжлэгч Ч. орж ирсэн, шүүх зөвлөлдөөд ирцдээ байхгүй гэдгийг тогтоогоод Ч.ыг байхгүйгээр шийдье гээд хариуцагчийн хүсэлтийг хангахгүй гэж шийдчихээд Ч.ыг оролцуулъя гэж байгаа нь процессоо зөрчиж байгаа учраас шүүх процессын хуулиа зөрчөөд байгаа юм биш үү гэж үзэж хуульд нийцүүлье гэдэг байр сууриа илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр хуульд нийцүүлж ажиллая гэдэг санал тавьж байгаа хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулдаг. Шүүх хуралдан дундуур дэг зөрчиж орж ирсэн нэхэмжлэгч хууль ёсны болоод явж байгаа асуудал процессын хуульд байхгүй. 2 удаагийн шүүх хуралдаан хойшлоход нэхэмжлэгч нарын хуульд заасан эрхийг хүндэтгэж хуралдаан хойшлуулах асуудлыг дэмжиж ирсэн... Дээрх байдлаар нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г. нар нь шүүх хуралдааны явцад Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай” 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах эрх зүйн дүгнэлтээр нэхэмжлэгч Г. нарын нэхэмжлэлээс Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн "Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай" 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, "Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож ажиллах удирдамжийг батлах тухай" 42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн... олонхын саналаар батална”, 48.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга... гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заажээ.

Уг эрхийн хүрээнд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 7 дугаар хуралдаан /цаашид “Хурлын 7 дугаар хуралдаан” гэх/-аар нийт зургаан асуудал хэлэлцэн “Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” 41 дүгээр, “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож, ажиллах удирдамжийг батлах тухай” 42 дугаар, “Ч.ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай” 43 дугаар, “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай” 44 дүгээр, Газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэн хуваарилах, зарцуулах, тайлагнах журмыг батлах тухай” 45 дугаар, “Газрын үнэлгээний бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” 46 дугаар тогтоолуудыг батлан гаргаж, Хурлын даргаас баталгаажуулжээ. /Хэргийн 2 дахь хавтасны 104-109 дүгээр хуудсанд/

4. Энэ хэрэгт нэхэмжлэгч нар зөвхөн 41, 42 дугаар тогтоолуудын талаар маргаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул шүүх дээрх 41, 42 тогтоолуудын тухайд хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд тус тус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нарын маргаагүй 43, 44, 45, 46 дугаар тогтоолуудын тухайд дүгнэлт хийх эрх хэмжээгүй болно.

5. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь “хуульд нийцээгүй байх” төдийгүй “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” явдал юм. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох боломжтой, харин аль нэг нөхцөл нь хангагдаагүй тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

6. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн “Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” 41 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 35 дугаар зүйлийн 35.1.17, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх заалтуудыг үндэслэн аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч., гишүүн Н., Ч., Д., А. нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг, /Хэргийн 1 дэх хавтасны 24 дүгээр хуудсанд/

7. “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож, ажиллах удирдамжийг батлах тухай” 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 79 дүгээр зүйлийн 79.2, Засгийн газрын 2021 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэм”-ийн 4 дүгээр бүлгийн 4.3 дахь  заалтуудыг үндэслэн Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх төлөөлөгчөөр тус Хурлын дарга Ц., Засаг дарга Д. нарыг сонгож, ажиллах удирдамжийг батлах асуудлыг, /Хэргийн 1 дэх хавтасны 2 дугаар хуудсанд/

8. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн татгалзсан шаардлагад хамаарах “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олж авах тухай” 44 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ХХК-д  зайлшгүй шаардлагатай байгаа универсал трактор, молоток зэрэг хөрөнгийг зээлээр худалдаж авахыг зөвшөөрч, хөрөнгө худалдаж авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах асуудлуудыг тус тус шийдвэрлэсэн байна. /Хэргийн 1 дэх хавтасны 74 дүгээр хуудсанд/

9. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон ажиллагааны тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар Хурлын дарга тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

10. Дээрх эрх хэмжээний хүрээнд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар 7 дугаар хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагт эхлүүлэхээр товлон зарлаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хавсралтаар баталсан байх ба уг төлөвлөгөөнд “Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох тухай”, “Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллагын гишүүн сонгох тухай” гэх хоёр асуудлыг тусгажээ. /Хэргийн 1 дэх хавтасны 22, 23 дугаар хуудсанд/

11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байна.

Журмын 4.1-д “Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна. 4.1.1. ...хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож Хурлын даргын захирамжаар батлуулах” гэж зааснаас харахад хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг Хурлын даргаас тогтоохдоо Хурлын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэсний эцэст захирамжаар баталгаажуулахаар байх тул Хурлын дарга 7 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаар тус Хурлын Зөвлөлөөр хэлэлцүүлээгүй гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна.

12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна” гэж заасны дагуу Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан боловч уг өдрөөс хойш 7 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дүгээр захирамж гарах хүртэлх хугацаанд тус Хурлын Зөвлөл огт хуралдаагүй байна.

13. Тодруулбал, 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох ажиллагаа дээрх журмын дагуу явагдаагүй бөгөөд хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг Хурлын даргын захирамжаар тогтоохоос өмнө Хурлын Зөвлөл уг асуудлаар хуралдаагүй болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл, Хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 84, 200 дугаар хуудсанд/

14. Харин хожим 7 дугаар хуралдаан хуралдахын өмнөх өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хурлын зөвлөлийн болон Нутгийн удирдлагын хөгжлийн хороогоор хэлэлцүүлсэн нөхцөл байдал дээрх хуралдаануудын тэмдэглэл, гэрч Л., Э. нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 134, 136, 2 дахь хавтасны 54, 63 дүгээр хуудсанд/

15. Хурлын 7 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгч нарт мэдэгдсэн эсэх тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж заасан ба Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тус Хурлын ердийн болон цахим хуралдааны дэгүүдийг баталсан байна.

16. Тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 3.2-д “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй” гэж заасан байх боловч хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгч нарт хэрхэн мэдэгдэх талаар нарийвчлан зохицуулаагүй байна.

17. Харин “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуралдааны дэг”-ийн 2.4-д “Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан, фэйсбүүк хаяг, бусад холбооны хэрэгсэл ашиглан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд мэдэгдэнэ” гэж заасан байх боловч уг дэгийн 1.1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 3-р бүлгийн 23.14 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 2020 оны 194 дүгээр тогтоол зэргийг үндэслэн /Ковид-19/ цар тахлын улмаас нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас харахад уг дэгээр зөвхөн Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбоотой асуудлыг зохицуулсан байгааг дурдах нь зүйтэй.

18. Энэ маргааны тухайд Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл үүссэн нөхцөлөөр цахим хуралдаан зохион байгуулагдсан тухай үйл баримт байхгүй байгаа тул тус Хурлын 7 дугаар хуралдааны тухайд хуралдааны бэлтгэл хангах ажлыг “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-д заасны дагуу явуулахаар байх боловч уг дэгд хуралдааны товыг төлөөлөгч нарт хэрхэн хүргэх талаар нарийвчлан заагаагүй.

19. Гэхдээ Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө”-нд заасан үүргийн дагуу хуралдааны зар, хэлэлцэх хоёр асуудлын талаар төлөөлөгч нарт утсаар мэдэгдсэн /төлөөлөгч Д.оос бусдад/ болох нь гэрч Б., Х. нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 64, 66, 203, 2 дахь хавтасны 71 дүгээр хуудсанд/

20. Хурлын 7 дугаар хуралдааны ирц хангагдсан эсэх тухайд:

Завхан аймгийн ******* нь 7 дугаар хуралдааны ирц хуульд заасны дагуу хангагдаагүй байхад хуралдаж маргаан бүхий тогтоолуудыг гаргасан байна.

21. Хуралдааны тэмдэглэл, ирцийн бүртгэлээс харахад уг хуралдаан нийт 21 төлөөлөгчийн ирцтэйгээр 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагдсан байх ба төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ю.г уг ирцэд оруулан тооцсон нь хууль бус байна. /Хэргийн 1 дэх хавтасны 67, 99 дүгээр хуудас/

22. Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор 41 нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсоны дотор Ю.гийн нэр багтсан бөгөөд тэдгээр 41 нэр дэвшигчийн тухайд төлөөлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч тус Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор баталгаажуулжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 20, 2 дахь хавтасны 112 дугаар хуудсанд/

23. Гэвч төлөөлөгчөөр сонгогдсон Ю. нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал... аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх” гэж заасныг зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан сонгогчдын саналыг татах зорилгоор үнэ төлбөргүй зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсэн зөрчлийн хэргийн улмаас торгох шийтгэл хүлээсэн нь Завхан аймаг дахь Сум Дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ЗШ/64 дугаар шийтгэвэр, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ДШШЗ/18 дугаар магадлалаар тогтоогдсон байх ба уг шийдвэр магадлал хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон байна. /Хэргийн 1 дэх хавтасны 120,155 дугаар хуудсанд/

 24. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн Завхан аймгийн Сонгуулийн хороо 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор өмнөх 2020 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 25 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Ю.гийн тухайд төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 152 дугаар хуудсанд/

25. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүдийг заасан ба 41.1.8-д зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон” тохиолдолд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор байна.

26. Уг 41 дүгээр зүйлийн 41.2-д заасан зохицуулалтаас харахад дээрх үндэслэлээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох тохиолдолд тухайн асуудлыг Хурлаар заавал хэлэлцэж тогтоол гаргахыг шаардаагүй байна.  

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хорооноос төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг хүчингүй болгох тухай захиргааны акт гаргаснаар тухайн төлөөлөгчийн бүрэн эрх шууд  дуусгавар болохоор байна.

27. Иймд Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 01 дүгээр тогтоолоор Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийн  Ю.д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон байхад “...миний бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа...” гэх түүний өргөдлийг үндэслэн 7 дугаар хуралдаанд оролцуулан ирцэд тооцож, хэлэлцэх асуудлаар саналын таслах эрхтэй оролцуулсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч талын энэ талаарх тайлбар үндэстэй байна. /Хэргийн 67, 78, 99 дүгээр хуудсанд/

28. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Ю.г төлөөлөгчөөр оролцуулах эрх зүйн үндэслэлгүй тул Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд 7 дугаар хуралдаанд ирвэл зохих нийт төлөөлөгчийн тоог “40” гэж үзэх бөгөөд тэдгээрийн 21 ба түүнээс дээш тооны төлөөлөгч хүрэлцэн ирснээр хуралдааны ирц хуульд заасны дагуу хангагдахаар байна.

29. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн уг хуралдаанд Ю.гаас гадна эрх бүхий 20 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон нь нийт төлөөлөгчийн олонх болж чадаагүй байна.

30. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчсөн байна.

31. Ийнхүү маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар хуралдаанаас 41, 42 дугаар тогтоолуудыг гаргах ажиллагаа дээрх үндэслэлүүдээр хуульд нийцээгүй байна.

32. Маргаан бүхий тогтоолууд дээрх үндэслэлээр хууль бус хэдий ч 42 дугаар тогтоолын тухайд нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй, харин 41 дүгээр тогтоолоор тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

33. “Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай” 41 дүгээр тогтоолын тухайд:

Дээрх тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.17-д “хуульд заасан бусад бүрэн эрх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн... олонхын саналаар батална”, 48.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга... гарын үсэг зурж баталгаажуулна”, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9-д “Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонгуулийн хорооны үйл ажиллагаа болон хуралдаанд оролцох боломжгүй болсон бол энэ тухайгаа бичгээр болон бусад хэлбэрээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн аймгийн Сонгуулийн хорооны дарга болон нэр бүхий 4 гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэжээ.

34. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан 7 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын 1 дүгээрт “Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох тухай” гэж тусгасан боловч 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар хуралдааны тэмдэглэл болон 41 дүгээр тогтоолын агуулгаас харахад Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.,  гишүүн Н., Ч., Д., А. нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байх ба харин тус хорооны гишүүдийг шинээр нөхөн томилох асуудлыг огт хэлэлцээгүй, хэрхэх нь тодорхойгүй орхигдуулсан гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэстэй байна. /Хэргийн 1 дэх хавтасны 23, 24, 99 дүгээр хавтсанд/

 35. Дээрх асуудалтай холбоотой баримт, материалыг хуралдаан болохоос өмнө зохих хугацаанд ирүүлээгүй, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл авах, асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгч нар маргасан.

36. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй, мөн “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 10.3-д Хурлын ажлын алба хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ.

37. Энэ нь хуулийн 24.1-т заасан субъектүүдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлыг шийдвэрлүүлэхээр санаачлах эрхийг баталгаажуулсны зэрэгцээ тухайн Хурлын Зөвлөлөөс Хурлын товыг урьдчилан тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг тогтоосны дараа “урьдчилан тогтоож, төлөвлөөгүй” асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээс сэргийлсэн төдийгүй хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгч мэдээлэл авах, санал, дүгнэлтээ урьдчилан боловсруулж, хуралдаанд таслах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохицуулалт юм.

38. Гэтэл аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай асуудалд холбогдох баримт буюу тус хорооны гишүүнээс чөлөөлөгдөх тухай Ч., Д., Ц. нарын өргөдлийг нэхэмжлэгч С.*******, Б., Д., П., Л., Б., Ч. нарт хүргээгүй, зөвхөн нэхэмжлэгч Г.д 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн, түүнчлэн Н.ы өргөдөл болон А.г чөлөөлөх тухай аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар албан бичгийг нэр бүхий найман нэхэмжлэгчийн хэнд нь ч хүргүүлээгүй болох нь шүүх хуралдааны явцад гэрч Л.ийн цахим шууданд хийсэн үзлэгээр тогтоогдсон болно.

39. Хэлэлцэх асуудалтай холбоотой баримтуудыг давхар цаасан хэлбэрээр төлөөлөгч нарт зохих ёсоор хүргэсэн гэж хариуцагч тал тайлбарласан боловч тийнхүү хүргэсэн талаараа баримтаар нотолж чадахгүй байх ба 7 дугаар хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө төлөөлөгч нарт баримт материал тараах хуульд заасан шаардлагыг хангаагүй нь “7 дугаар хуралдааны баримт, материалыг Хурлын төлөөлөгч нарт хуралдаан болохын өмнөх өдөр нь тараасан, надад 10 гаруй төлөөлөгчийн дугтуйтай материалыг өгсөн. Дотор нь ямар баримтууд байсныг би мэдэхгүй. Одоо санаж байгаагаар , , П., , нарт лав хүргэсэн, бусдынх нь нэрийг санахгүй байна...” гэх гэрч Д.*******ын мэдүүлгээр тогтоогдож байна.

40. Харин Г., Л. нараас бусад нэхэмжлэгч нарт тэдгээр баримтыг хүргэсэн эсэх нь дээрх гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй, мөн  гэрч Д.*******аас бусад Хурлын ажилтнуудаас төлөөлөгч нарт баримт, материал тараах ажиллагаа хийгдээгүй болох нь гэрч Л., Э.*******, Э., Д.*******, Г.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /Хэргийн 2 дахь хавтасны 52-69 дүгээр хуудсанд/

41. Иймд 7 дугаар хуралдааны бэлтгэл хангах ажлын хүрээнд хэлэлцэх асуудалтай холбоотой тооцоо, судалгааг хийж, холбогдох баримт, материалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгч нарт зохих ёсоор хүргээгүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Г., С.*******, Б., Д., П., Л., Б., Ч. нарын дээрх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” төлөөлөгчийн эрх, уг эрхтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

42. “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож, ажиллах удирдамжийг батлах тухай” 42 дугаар тогтоолын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн... олонхын саналаар батална”, 48.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга... гарын үсэг зурж баталгаажуулна”, 79 дүгээр зүйлийн 79.2-д “Энэ хуулийн 79.1-д заасан төлөөллийн байгууллагад сум, дүүргийн ******* тус бүрээс нэг, аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно”, Засгийн газрын 2021 оны 401 дүгээр тогтоолоор батлагдсан “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэм”-ийн 4 дүгээр бүлгийн 4.3 дахь  заалтуудыг үндэслэн Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх төлөөлөгч нарыг сонгож, ажиллах удирдамжийг баталжээ.

43. Нэхэмжлэгч нарын тухайд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр явагдсан 7 дугаар хуралдаанд оролцон “Нутгийн удирдлагын байгууллагад төлөөлөгч сонгох, удирдамж батлах тухай” дээрх асуудлаар саналаа илэрхийлэн, хуралдаанд таслах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан байна.

44. Учир нь Хурлын ажлын албанаас дээрх асуудалтай холбоотой баримтуудыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу хуралдаан болохоос 4 хоногийн өмнө нийт төлөөлөгч нарт цахим шуудангаар хүргүүлсэн нь хэрэгт авагдсан гэрч Л.ийн мэдүүлэг, шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон шүүх хуралдааны явцад гэрч Л., нэхэмжлэгч Г., Б., Д., П. нарын цахим шууданд хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасантай нийцсэн байна. /Хэргийн 73-92, 53-54 дүгээр хуудсанд/

45. Тодруулбал, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Л.ээс “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны хөтөлбөр, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны дотоод журам”, “Газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журам”, “Хуулийн тайлбар”, Засгийн газрын 2021 оны 401 дүгээр тогтоолын хавсралт буюу “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэм”, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага”-д сонгогдсон Хурлын төлөөлөгчийн ажиллах удирдамжийн төсөл” гэх баримтуудыг нийт төлөөлөгч нарт хүргүүлсэн байна.

46. “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 10.3-д “Хурлын ажлын алба хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан хэдий ч материалыг хэрхэн тараах, хүргүүлэх талаар нарийвчлан зохицуулаагүй тул Хурлын ажлын албанаас дээрх асуудалд холбогдох баримтуудыг төлөөлөгч нарт тийнхүү цахим шуудангаар хүргүүлснийг буруутгах боломжгүй тул “Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримтуудыг цахим болон цаасан хэлбэрийн аль алинаар нь хүргүүлэх байсан” гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэсгүй.

47. Иймд уг хэлэлцэх асуудалтай холбоотой баримтыг Хурлын ажлын албанаас тийнхүү хүргүүлсээр байхад 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр явагдсан 7 дугаар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориудаар оролцоогүй, хуралдаанд таслах эрхээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол 42 дугаар тогтоолоор зөрчигдөөгүй буюу тэдний тухайд сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.

48. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заажээ.

49. Энэ зохицуулалтаас дүгнэхэд Хурлын төлөөлөгч нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хуралдаанд зориудаар оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарах эрхгүй байна. Үүний үр дагавар нь хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцогдохоор байна.

50. Нэхэмжлэгч нарын тухайд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч нар байх ба тэдний гаргасан тайлбар болон Завхан аймгийн Ардчилсан намын бүлгээс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хаягласан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар албан бичигт тусгагдсан “...иргэдийн худалдан авах чадвар, буурч, амьжиргаа нь эрс доройтсоор байгаа үед ганцхан асуудал буюу “Аймгийн Сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох тухай” асуудлыг хэлэлцэхээр ээлжит 7 дугаар хуралдааныг зарлан хуралдуулсан нь улс төрийн ашиг сонирхлыг илэрхийлсэн өнгө аястай гэж үзсэн, мөн хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох асуудлыг холбогдох хороод болон Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, Хурлын дарга дангаараа захирамж гаргасан нь хуульд нийцээгүй...” гэх агуулгаас харахад  нэхэмжлэгч нар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоож, батлахтай холбоотой буюу Хурлын дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар уг 7 дугаар хуралдаанд оролцохоос зориудаар татгалзсан байна. /Хэргийн 1 дэх хавтасны 29 дүгээр хуудсанд/

51. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар өөрсдөөс хамаарах шалтгаанаар 7 дугаар хуралдаанд ороогүй бөгөөд “Нутгийн удирдлагын байгууллагад төлөөлөгч сонгох, удирдамж батлах тухай” асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхээ зориудаар хэрэгжүүлээгүй байна.

52. Хууль дээдлэх зарчмын хүрээнд нийтийн эрх зүйн этгээд болох Хурлын төлөөлөгчид хуулиар зөвшөөрөөгүй бүхэн хориглогдох болохыг энд дурдах нь зүйтэй.

53. “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг бусад хууль, эрх зүйн актуудаар тодорхойлсон байгаагаас харахад “өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ гэх зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгааныг ойлгохоор байна.

54. Иймд дээрх хэлэлцэх асуудалтай холбоотой баримтуудыг хүлээн авсан мөртлөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 дугаар хуралдаанд зориудаар оролцоогүй нэхэмжлэгч нарын тухайд уг хуралдаанаас гаргасан 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан /асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, Хурлын хороонд харьяалагдах, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах, Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх, санал гаргах, Хурлын шийдвэрийг сонгогчдодоо тайлбарлан таниулах, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих, сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах, үйл ажиллагаагаа жилд нэг удаа сонгогчдод тайлагнах/ төлөөлөгчийн эрх зөрчигдөөгүй байх тул уг 42 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

55. Нэхэмжлэгч Д.ын тухайд өөрийн ******* цахим шуудангийн хаягаар 7 дугаар хуралдаантай холбоотой ямар нэгэн баримт хүлээж аваагүй, Хурлын ажлын албаны ажилтан Л. ******* хаяг бүхий цахим шуудангаар төлөөлөгч нарт 7 дугаар хуралдааны баримт, материалыг явуулахдаа миний цахим шуудангийн хаягийг ******* гэж буруу бичсэн байгаагаас надад ямар нэгэн мэйл ирээгүй байна гэж тайлбарлан маргасан.

 56. Уг тайлбарт холбогдуулан түүний ******* хаягтай цахим шуудангаар хүлээж авсан мэйлүүдийг шинжилж үзэхэд 2017 оноос эхлэн хэрэглэж ирсэн цахим шуудан байх ба Хурлын ажлын албанаас 7 дугаар хуралдаантай холбоотой баримт, материалыг түүнд хүргүүлсэн ямар нэгэн мэйл байхгүй байх ба мэйл устгагдсан эсэхийг тогтоох боломжгүй, цахим шуудангийн “хогийн сав” хэсэгт ямар нэгэн мэдээлэлгүй хоосон байна.

57. Нэхэмжлэгч Д. 7 дугаар хуралдааны баримт, материалыг цахим шуудангаар хүлээж авсан эсэх үйл баримт тийнхүү бүрэн дүүрэн тогтоогдохгүй байгаа хэдий ч сонгогчдыг төлөөлж орон нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллаж байгаагийн хувьд, түүнчлэн орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан аймгийн ******* нь 2020 оноос хойш нийтдээ 7 удаа хуралдаан зохион байгуулагдсан байхад нэхэмжлэгч өөрийн албан ёсны цахим шуудангийн хаяг Хурлын ажлын албанд зөв тэмдэглэгдсэн эсэхийг нягтлах, уг хаягаар ямар нэгэн мэдээлэл ирэхгүй байгаа шалтгааныг олж мэдэх, залруулах боломжтой байсан байхад дан ганц Хурлын ажлын албыг буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй бөгөөд Хурлын ажлын албанаас зөвхөн түүнд хэлэлцэх асуудалтай холбоотой баримт, материалыг зориудаар хүргээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

58. Нэхэмжлэгч Ч.ыг шүүх хуралдааны дэг зөрчин шүүх хуралдаанд оролцуулсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд:

Шүүх хуралдааны эхэнд ирц танилцуулахад нэхэмжлэгч Ч. хүрэлцэн ирээгүй байсан ба түүнийг болон бусад нэхэмжлэгч нарыг шүүх хуралдааны танхимд биечлэн оролцуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасан.

59. Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсоод даруй шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу шүүх хуралдааны ирцтэй холбоотой гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзан, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр захирамжаар шийдвэрлэсэн.

60. Ийнхүү шийдвэрлэхдээ “Шүүх хуралдааныг дахин дахин хойшлуулж, хэргийн шийдвэрлэлтийг удаашруулахгүй байх, хуралдаанд ирсэн бусад оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх үүднээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой төдийгүй нэхэмжлэгч Ч.ын тухайд бусад нэхэмжлэгч нараас ялгаатай өөр үндэслэлээр маргаагүй, байр суурь нэг, мөн хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгч С.*******, Б., Л. нарын тухайд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд биечлэн ирсэн” зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 61. Уг захирамжийн үндэслэлийг шүүгчээс танилцуулах явцад нэхэмжлэгч Ч. шүүх хуралдааны танхимтай цахим байдлаар холбогдон орж ирсэн бөгөөд шүүхээс алслагдсан хөдөө сум /Цагаанчулуут/-д оршин сууж байгаа, шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтээ шүүхэд илэрхийлж, баталгаа гаргасан нь хэрэгт авагдсан, мөн сүлжээ, тоног төхөөрөмжийн улмаас хоцорч ирсэн тухай түүний тайлбар зэргийг харгалзан үзэж, мөн хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд заавал байлцуулах тухай хүсэл, сонирхлоо урьд нь илэрхийлж байсан, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлээгүй, зөвхөн оролцогчдын ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шат үргэлжилж байсан тул  нэгэнт цахим байдлаар холбогдсон нэхэмжлэгч Ч.ыг байлцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтасны 235-237, 239 дүгээр хуудсанд/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г., С.*******, Б., Д., П., Л., Б., Ч. нар нь Завхан аймгийн ******* болон Хурлын даргад холбогдуулан гаргасан “Тус Хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай” 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1.8, 46 дугаар зүйлийн 46.7, 46.9, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн "Аймгийн сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлөх тухай" 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л. нарын нэхэмжлэлээс Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн "Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагад төлөөлөгч сонгож ажиллах удирдамжийг батлах тухай" 42 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч /Л. нар/-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

          ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ