Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0004

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Б.О

Шүүгдэгч                                           Г.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                З.Б

Нарийн бичгийн дарга                 Ө.Оюумаа нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 850 дугаар захирамжтай, Г.Тт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, У овогт Г-н Т.

 

Г.Т нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө       аймаг        сумын         багийн нутаг дэвсгэр байрлах “Х” зочид буудлын гадна иргэн Б.Б-н нүүрэн тус газарт цохиж, дээд баруун нэгдүгээр шүд, дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 850 дугаар захирамжаар:

 

Шүүгдэгч Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, Хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хамт хүргүүлж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, яллагдагч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо:

“ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугар зүйлийн 5 дахь хэсэгт ... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана ... гэж заасан байхад хэргийг прокурорт буцааж шүүгдэгчийн хувь заяаг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Хуулиар шүүгч шийтгэх эсхүл цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Энэ талаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “... тэнд болсон маргаан зодооны үед Б.Б-н эрүүл мэндэд хэн гэмтэл учруулсан болох нь яллах дүгнэлтэд заасан яллах талын нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна ... ” гэжээ. Тэгсэн атлаа Г.Тийн хувьд ямар нэг шийтгэх эсхүл цагаатгах шийдвэр гаргалгүй орхиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн миний бие шүүх хуралдаан дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтаар Г.Тийг цагаатгах нь зүйтэй, цаашилбал мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг ч нарийндаа нотолж чадаагүй байна хэргийг хэрэгсэхгүй болгож ч болох юм гэсэн санааг хэлсэн. Гэтэл захирамжид зөвхөн ... хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн санал үндэслэлгүй ... гэсэн байдлаар оруулсан байна. Иймд анхан шатны шүүхийн захирамжид өөрчлөлт оруулж Г.Тийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “ ... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна..” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Г.Тт холбогдох хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

            Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч Э.Ч, Н.Л, Э.Э, шүүгдэгч Г.Т нарын мэдүүлгүүд болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалбал “Б” хамгаалалтын газрын хамгаалагч нар тухайн хэрэг учрал болох үед хэргийн газарт байсан болох нь тогтоогдож байна.

 

            Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа дээрх хамгаалагч нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлага бий болжээ.

 

            Прокурор энэ хэрэгт нотлогдвол зохих байдлуудыг нотолсон эсэхийг хянах үүргээ бүрэн биелүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 32.4. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан заалтуудыг зөрчсөн байна.

           

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Тт холбогдох хэрэгт нотлогдвол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” зэргийг нарийвчлан тогтоогоогүй байна.

 

            Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б-н гаргасан “ ... шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Г.Тийг цагаатгаж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх Г.Тт холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан байх боловч шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-д тодорхой заасан 15 хоногийн хугацааг хэтрүүлж 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг зөрчжээ.

Хэдийгээр энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй боловч анхан шатны шүүх дээрх зөрчлийг гаргахгүй байх талаар цаашид онцгой анхаарвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 850 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б-н давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ