Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.Уламбаяр,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: Ж.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000337 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаартай “ зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,86 хувийн промильтой үедээ 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг Түйн голоос Баянхонгор сумын 10 дугаар багт байх Авто 89 засварын газар, Баянбулаг дэлгүүрийн хооронд 8801 УНЧ улсын дугаартай “Тоёота-210” кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар...гэх мэдүүлэг / хх-ийн 42 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найз *******тэй уулзаад бид 2 Баянхонгор сумын 10 дугаар баг Түйн голын зах орчим лаазтай пиво 1 ширхэг уучихаад Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах авто-89 гэх засвар дээр очсон чинь *******ийн нөхөр ажил дээрээ байхгүй байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ алхаад явсан. ******* тэндээс машинаа унаад хөдлөөд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Ж.*******тэй Баянхонгор аймгийн хаан банкинд хамт ажилладаг. Ж.******* нь төлөв даруу, дуу цөөтэй, ажилдаа чадварлаг хамт олны дунд нэр хүндтэй харилцаа хандлага сайтай хүн байгаа юм. Надад ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаараа хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19/ болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 02/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 48/, шүүгдэгч Ж.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 29-30, 37, 43/,  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32/, нийгмийн даатгалын шимтгэлийн хуулбар /хх-ийн 38/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийтгэврийн  хуулбар /хх-ийн 46-47/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийтгэврээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх бөгөөд уг хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,86 хувийн промильтой үедээ 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг Түйн голоос Баянхонгор сумын 10 дугаар багт байх Авто 89 засварын газар, Баянбулаг дэлгүүрийн хооронд 8801 УНЧ улсын дугаартай “Тоёота-210” кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найз *******тэй уулзаад бид 2 Баянхонгор сумын 10 дугаар баг Түйн голын зах орчим лаазтай пиво 1 ширхэг уучихаад Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах авто-89 гэх засвар дээр очсон чинь *******ийн нөхөр ажил дээрээ байхгүй байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ алхаад явсан. ******* тэндээс машинаа унаад хөдлөөд явсан...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.******* нь  2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн  5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2024 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг Түйн голоос Баянхонгор сумын 10 дугаар багт байх Авто 89 засварын газар, Баянбулаг дэлгүүрийн хооронд 8801 УНЧ улсын дугаартай “Тоёота-210” кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч Ж.******* нь энэ хэргийн учир  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг  баримтлан   хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан   торгох ял оногдууллаа.

Шүүгдэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байгаа боловч түүний уг үйлдлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

Учир нь шүүгдэгч Ж.******* нь урьд нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан шийтгэвэр оногдуулсан бөгөөд дахин тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Шүүх шүүгдэгч Ж.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг торгох ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын / 01 жил 02 сар /  хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан  хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.******* нь гурван сая төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын  / 01 жил 02 сар  /  хугацаагаар хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.БАТЦЭНГЭЛ