Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00097/И |
Дугаар | 136/шш2022/00134 |
Огноо | 2022-03-30 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 136/шш2022/00134
2022 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 136/ШШ2022/00134 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19** оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, Д аймаг, Д сум, * дугаар багт оршин суух, Б овогт Цын П /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, Д аймаг, А сум, * дугаар багт оршин суух, А овогт Дын Б /РД:*********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.П, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.П нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна. Ц.П миний бие Д.Бтэй 1996 онд танилцан 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж 2003 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтийн ** тоот баталгаагаар бүртгүүлсэн. Биднийг гэр бүл байх хугацаанд 1998 онд том хүү Б.Т гарсан, дараа нь 2003 оны 05 дугаар сард удаах охин Б.Ө төрсөн, 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 3 дахь охин Б.Ө, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Б төрсөн. 2005 онд том хүүгээ ослын улмаас алдсан. Бид 3 хүүхдийн хамт амьдарч байх хугацаанд Д.Б нь 2016 оноос гэр бүл, үр хүүхдээ орхин өөр эмэгтэйтэй гэр бүл болж явсан тул бид цаашид гэр бүл байх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг Д.Бгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Птэй гэр бүл болон 4 хүүхдийн эцэг эх болсон. Бид 2016 оноос тусдаа амьдарсан ба одоо тус тусын гэр бүлтэй болсон тул гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүд одоо эхийнхээ асрамжид амьдарч байгаа. Би бүх эд хөрөнгө болох мал, гэр орноо орхиод зөвхөн өмссөн хувцастайгаа явсан тул хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж бодож байна. Миний үлдээсэн эд хөрөнгө хүүхдүүдэд минь хангалттай. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 0** тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, 020****-36 тоот охин Б.Өгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, 035**** тоот хүү Б.Бын төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Д аймгийн Д сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ** тоот албан бичиг /хх-6/, Г айгийн ЕБ-ын Лаборатори * дугаар сургуулийн сургалтын менежер Г.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтууд /хх-7/, их эмч Г.Яын тодорхойлолт /хх-8/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-9/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-10, 11/,
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-20/, хариуцагчийн тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.П нь Д.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Ц.П, Д.Б нар нь 19** оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг 2003 оны 06 дугаар сарын 16 өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Ө, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Б нар төрсөн болох нь гэрлэлтийн лавлагаа /хх-3/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-4, 5/ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Охин Б.Ө, хүү Б.Б нар нь Г аймгийн Сүмбэр сумын ЕБ-ын лаборатори *-р сургуулийн 8, 6 дугаар ангид тус тус суралцдаг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх Ц.Пгийн асрамжид байдаг болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.
Гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь хамтран амьдрагчтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Ө, хүү Б.Б нарын амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Бгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Ө, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Б нарын асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх Ц.Пгийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.П нь хариуцагч Д.Бг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрх ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Пд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Цын П /РД:**********/, А овогт Дын Б /РД:***********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Ө, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Б нар нь эх Ц.Пгийн асрамжид байгаа болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Ө, 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Б нарыг түүний амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Бгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.П нь хариуцагч Д.Бг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.
5.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Пд олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ