Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.*******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002630221 тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД: /,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 6-868 тоот хохирогч *******ын гэрээс түүний эзэмшил, өмчлөлийн печ, хуушуур шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 44 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Манай нөхөр бид хоёр 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн аавынд очоод, гэрт нөхөр Галбадрах, түүний танил нэг залуу хоёр үлдсэн. Маргааш нь би наад залуугаа гэртээ үлдээчхээд хүрээд ир гэж нөхрийгөө дуудсан. Түүнээс хойш 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл манай нөхөр бид хоёр хааяа гэртээ оччихоод байдаг байсан. Хамгийн сүүлд 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ очсон чинь гэр цоожтой байхаар нь манай нөхөр цоожоо эвдээд гэртээ ортол гэрийн зүүн хатавчинд байрлах хөлдөөгчийн дээр тавьчихсан байсан печ, хуушуур шарагч хоёр байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан. Манай эд зүйлсийг тэр залуу аваад явсан байх гэж бодож байна Манай нөхөр тэр залууг гэртээ үлдээхдээ гэрийнхээ түлхүүр цоожийг өгчхөөд гарсан гэсэн. Тэгэхээр манай гэрийн түлхүүр тэр залууд байсан. Намайг гэрт ороход гэрийн тооноор хүн гарсан шинж тэмдэг байгаагүй. Би одоогоос 2 жилийн өмнө зээлийн СОНО гэх аппилкейшнаас зээлээр алдсан гэх печ, хуушуур шарагчаа худалдаж авч байсан. Тухайн үед печийг 299.000 төгрөгөөр, хуушуур шарагчаа 150.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэдгээрт гэмтсэн зүйл байхгүй, ажиллагаа хэвийн байсан. Хуушуур шарагч нь урд талдаа хараар Zilan гэсэн бичигтэй байсан, печ нь Media гэсэн бичигтэй байсан. Би одоо хуушуур шарагчаа 125.000 төгрөгөөр, печээ худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Гэртээ ирээд эд зүйлс алдагдсаныг мэдээд хажуу айлаасаа асуусан чинь тэр залууг өдөр банк орчхоод ирье гээд гараад явсан гэсэн. Одоо хүмүүсээс сураг сонсоход Галуут сумын 2 дугаар багт айлд байгаа сурагтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

..... Би печ, хуушуур шарагчаа хүлээн авлаа. Одоо надад гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19/8

4. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн орчимд явж байсан чинь Ч.******* нэг гудамжнаас хуушуур шарагч, печ хоёр тэврээд гараад ирсэн. Тэгээд би машиндаа суулгасан чинь тэвэрч явсан хуушуур шарагч, печ хоёроо зарчихмаар байна, зардлын мөнгө хийх гэсэн юм чи авах уу, эсвэл авах хүн байна уу гэх мэтээр надаас асууж байсан. Тэгээд би авахгүй гэсэн чинь намайг ******* гэх айлд хүргээд өгч гэхээр нь би хүргэж өгчхөөд буцсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... 2024 оны 03 дугаар сарын 25,26-ны аль нэг өдөр нь Ч.******* манайд ирсэн. Түүнээс хойш манайд хэд хоносон. 03 дугаар сарын 28-ны өглөө манай эхнэр ******* аавындаа оччих гээд явсан манайд Ч.******* бид хоёр үлдсэн. Би тэр өдрийн орой Ч.*******өд гэрийнхээ түлхүүрийг өгөөд гэр харж байгаарай гэж захиад хадам аавындаа очсон. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн үед эхнэртэйгээ хамт гэртээ ирсэн чинь хаалга цоожилчхоод явчихсан байсан. Би Ч.*******тэй холбогдох боломжгүй байсан учраас хаалганыхаа цоожийг эвдээд гэртээ ортол хөлдөөгч дээр байсан печ, хуушуур шарагч байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

6. Гэрч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...Тухайн үеийн он сарыг санахгүй байна. Энэ оны 04 дүгээр сарын эхээр манай гэр бүлийнхэн гэртээ байж байхад Ч.******* нь ******* гэх хүнтэй хамт хуушуур шарагч, печ тэврээд орж ирсэн. Тэгснээ Ч.******* нь "чи надад 50.000 төгрөг зээлээч, би буцаж нэг ирэхээрээ мөнгийг чинь өгье" гэсэн. Мөн тэвэрч орж ирсэн хуушуур шарагч печээ "танайд үлдээчихье, би мөнгөө авчирч өгөхөөрөө аваад явъя, хөдөө явах унаа тодорхойгүй байгаа учир авч явахад төвөгтэй юм, энэ хоёрыг би хүнээс өрөндөө авсан юм" гэж хэлсэн. Тэгээд би Ч.*******өд 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг нь удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ч одоо хүртэл мөнгөө өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... 2024 оны 04 дүгээр сарын эхээр нэг өдөр би зах дээр явж байгаад гэртээ ирэхэд гэрт хуушуур шарагч, печ байхаар нь би *******аас энэ ямар учиртай зүйл хэн авчраад тавьчихсан юм гэж асуусан чинь Ч.******* ирээд надаас 50.000 төгрөг зээлээд аваад явлаа. Энэ хуушуур шарагч, печ хоёрыг манайд үлдээчихье мөнгөө авчирч өгөхөөрөө энийгээ аваад явна гэнээ гэж хэлж байсан. Би Булган явахдаа тэр хуушуур шарагч, печийг гэрийн гадаа байх зууран дээр тавиад явчихсан. Тэгтэл Булган аймагт явж байхад цагдаагаас ярихаар нь хүүхдэдээ гэртээ оруулаарай гэж хэлсэн. Дараа нь хүүхэдтэйгээ утсаар ярихад Ч.*******ийг хуушуур шарагч, печээ аваад явчихлаа гэж хэлсэн ийм зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

8. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай:... Midea гэх нэртэй печ 250.000 төгрөг,

Zilan нэртэй хуушуур хайрагч 130.000 төгрөг

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 04 дүгээр сарын 04-ны байдлаар 380.000 /Гурван зуун наян мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 47/ болон Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 6-868 тоот хохирогч *******ын гэрээс түүний эзэмшил, өмчлөлийн печ, хуушуур шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч *******д 380.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.******* нь хохирогч *******ын печ, хуушуур шарагчийг шунахай сэдэлт, болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэлтийн  улмаас хулгайлсан байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь печ, хуушуур шарагчийг хүлээн авсан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан тул шүүгдэгч Ч.******* хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх Ч.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг  оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэргийн учир  шүүгдэгч Ч.*******ийн 12 хоног  цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг зургаан  / 06 / сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ч.*******өд оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.*******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон арван хоёр / 22 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ч.******* нь хэргийн учир хохирогчид  төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.*******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТЦЭНГЭЛ