| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/00403/И |
| Дугаар | 181/ШШ2018/01080 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2018/01080
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2018/01080 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Ч
Хариуцагч: Т.Снарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 92.078.053 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Т, хариуцагч Н.Чи итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Т.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.ч, Т.С нар нь манай байгууллагатай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №41/ЗГ тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй бизнесийн зориулалттайгаар зээлдсэн боловч гэрээнд заасан хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийхгүй, удаа дараа зээлийн гэрээг сунгах /нэмэлт өөрчлөлт/ хүсэлт гаргаж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №41/1/ЗГ тоот дугаартай гэрээгээр үндсэн Зээлийн гэрээ-г 3 сараар, 2017 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн №41/02/ЗГ тоот дугаартай гэрээгээр үндсэн Зээлийн гэрээ-ний хугацааг 3 сараар, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №41/03/ЗГ тоот дугаартай гэрээгээр үндсэн Зээлийн гэрээ-хугацааг 3 сараар тус тус сунгасан боловч зээлдэгч Н.ч, Т.С нар гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хийхгүй манай байгууллагыг ийнхүү хохироож байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.
Манай байгууллагаас зээлдэгч нарт удаа дараа хандаж зээлийн эргэн төлөлтийг төлөхийг утсаар болон мэдэгдэх хуудсаар шаардаж байсан боловч зээлдэгч нар нь маргааш, дараа долоо хоногт, удахгүй хийнэ гэх зэргээр хуурсаар өнөөдрийг хүрлээ. Зээлдэгч нарын зээл нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 37,450,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,505,885,34 төгрөг, зээл сунгалтын шимтгэл 750,000 төгрөг байгаа бөгөөд зээлдэгч нар үүнээс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хүүнд 4,650,366 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 99,633 төгрөг, зээл сунгалтын шимтгэлд 250,000 төгрөг төлж нийт 85,705,885 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд зээлдэгч Н.ч, Т.С нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 85,705,885 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,480 төгрөгийг гаргуулж Т ББСБ ХХК-нд олгуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.
2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 5 366 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 005 502 төгрөг, нийт 6 372 168 төгрөгөөр нэмэгдүүлж, Н.ч, Т.С нараас 92 078 053 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан байгаа.
Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагч Т.Соос татгалзаж, хариуцагч Н.чгаас зээлийн гэрээний үүрэгт 92 078 053 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа тул шүүх шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Н.чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх бизнесийн үйл ажиллагаандаа санхүүжилт хүсэж уулзсан зүйл байдаг. Тэрнээс Чинсанаа өөртөө ашиглах зорилгоор санхүүжилт хүссэн зүйл байхгүй. Хилл металл гээд компаний үйл ажиллагаатай холбоотой санхүүжилт хүссэн. Энэ мөнгө Чинсанаад ямар нэгэн үр ашиг өгсөн зүйл байхгүй. Хариуцагч Н.ч нь өөрөө 50 000 000 төгрөгийн зээлийг Т ББСБ-аас аваагүй, Н.чгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээ байгуулсан боловч, 50 000 000 төгрөгийг баримт үйлдэж хүлээлгэн өгөөгүй. Найз Т.Сид туслах үүднээс нь хамтран зээлдэгчээр тухайн гэрээний харилцаанд оролцсон болохооос биш зээлийг буюу мөнгийг хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Т.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.С нь Металл ХХК-ийн төмрийн үйлдвэр нээгээд түүнийхээ үйл ажиллагааг явуулах зорилгоор ББСБ-аас зээл авахыг хүсэж гэрээг байгуулсан байдаг боловч тухайн байгууллага нь 50 000 000 төгрөгийг хүлээлгэн өгч баримт үйлдээгүй байдаг. Харин Н.Э нь иргэнийхээ хувьд Т.Стой зээлийн гэрээг амаар байгуулж, 50 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн байдаг тул Т ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэл өөрөө үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд тайлбараа гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбар болон гаргасан баримт нь зөрүүтэй байна. Зээлийн гэрээний асуудал хуулиар зохицуулагдах ёстой. Зээлийн гэрээ байгуулсан бол ямар баримтыг яаж үйлдэж цааш нь яаж тайлагнах ёстой гэсэн асуудал үүснэ. С 50 000 000 төгрөгийг авсан. Тэгээд 5 000 000 төгрөгийг хүүнд нь төлсөн байгаа. Баримтаар нотлогдоогүй зүйлийг ярих шаардлага байхгүй. С хувьд авсан зүйлээ өгнө. Гэхдээ энэ зээлийн гэрээтэй асуудалд хамааралгүй гээд байгаа юм гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Н.ч, Т.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, үндсэн хүү 32 799 634 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 406 252,34 төгрөг, зээл сунгалтын шимтгэлийн 500 000 төгрөг, нийт 85 705 885 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 5 366 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 005 502 төгрөг, буюу 6 372 168 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийтдээ 92 078 053 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хариуцагч Т.Соос татгалзаж, хариуцагч Н.чгаас нэхэмжлэлийн шаардлага 92 078 053 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасантай нийцнэ.
Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд, хариуцагч Н.чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т ...уг зээлийг Н.ч аваагүй, найз Т.Сид тусалж, хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, эд хөрөнгөө барьцаалуулсан болохоос, зээлсэн гэх мөнгийг аваагүй, захиран зарцуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч Т.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т ...Са нь Т ББСБ ХХК-наас мөнгө зээлэхээр зээлийн гэрээг хийсэн нь үнэн боловч тухайн ББСБ-аас 50 000 000 төгрөгийг аваагүй, иргэн Н.Эоос л зээлийн гэрээг амаар байгуулж 50 000 000 төгрөгийг зээлдэж авсан нь үнэн тул Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч буюу зээлдэгч Н.ч, Т.С нар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 41/ЗГ дугаартай Зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Т ББСБ ХХК-тай байгуулж, бизнесийн зориулалтаар 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 0.7 хувь, жилийн 84,0 хувийн хүүтэй, зээл олгосны шимтгэлийг 0,5 хувь буюу 250 000 төгрөг төлөх нөхцөлтэй, мөн 41/БГ дугаартай барьцааны гэрээг байгуулж, Н.чгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, тоотод байршилтай, 206,2 м.кв талбайтай, хоёр ширхэг гараж, мөн хаягт байрлах түүний өмчлөлийн 230 м.кв талбайтай, хоёр ширхэг хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 521 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, барьцаалбар үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарын нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар: ...зээлийн болон барьцааны гэрээг Т ББСБ ХХК-тай байгуулж, бид гарын үсэг зурсан нь үнэн боловч зээлсэн гээд байгаа 50 000 000 төгрөгийг тус ББСБ-аас хүлээн аваагүй, зээлдэгч нарт зээлийн гэрээгээр тохирсон 50 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдээгүй, иргэн Н.Эоос 50 000 000 төгрөгийг авсан учир Т ББСБ ХХК-ийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж,
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар: ...манай ББСБ-тай зээлийн болон барьцааны гэрээг хийсний үндсэн дээр тухайн байгууллагын зөвлөх ажилтай /захирал Г.Н нөхөр/ Н.Э банкнаас 50 000 000 төгрөгийг аваад оффис дээр очиж баримт үйлдэж, гарын үсэг зуруулж өгөх гэсэн боловч хариуцагч Н.ч нь ...тухайн үед 6 цагт Хөх хотруу онгоц нисэх гээд байна. Маргааш ирээд гарын үсэг зурна гэсэн. Маргааш нь утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Чинсанаа ирээд би өөрөө зээл авна гээд зээлийг авсан. Кассын орлого дээр гарын үсэг зур гэхэд алга болсон... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч нар биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээх учиртай.
Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь 50 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар хариуцагчийн төлөөлөгч Д.Т ...тухайн ББСБ-аас 50 000 000 төгрөгийг аваагүй, иргэн Н.Этой зээлийн гэрээг амаар байгуулж, 50 000 000 төгрөгийг түүнээс иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу авсан... гэж маргаж буй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд хариуцагч энэхүү татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Хариуцагч нар ББСБ-аас зээлийг аваагүй гэж марган, татгалзаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадахгүй байх тул хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 41/1/ЗГ, 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 41/02/ЗГ, 2017 оны 11 сарын 05-ны өдрийн 41/03/ЗГ дугаартай гэрээнүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул төлөгдөөгүй үндсэн зээл, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хохиролд тооцох үндэслэлтэй гэж, мөн зээлийн гэрээний 4.3-т Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээний хугацааг сунгаж болно. Гэхдээ зээл төлөгдөх эцсийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө зээлдэгч зээлийн хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ гэж заасны дагуу хариуцагч нар зээлийн хугацааг 2017 оны 05 сарын 09-ний өдөр 3 сараар, мөн 2017 оны 08 сарын 07-ны өдөр 3 сараар, 2017 оны 11 сарын 05-ны өдөр 3 сараар тус тус 3 удаа сунгуулсан болох нь Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдээр тус тус нотлогдож байх тул хариуцагч нарыг 50 000 000 төгрөгийг Т ББСБ ХХК-аас аваагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн хуулийн 3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж зааснаар Зээлийн гэрээг хариуцагч нартай харилцан тохиролцож байгуулсан ба гэрээний 3.1.6-д зээл авах хэлбэрийг бэлнээр олгохоор заасан бөгөөд уг зээлийн 50 000 000 төгрөгийг тухайн ББСБ-ийн ажилтан Н.Э банкнаас авч Н.ч, Т.С нарт бэлнээр олгосон болох нь тогтоогдож байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, зээлийн гэрээний 10.1-д Гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээл, зээлийн хүүгийн төлбөр бүрэн хийгдэж дууссанаар гэрээ дуусгавар болно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Зээлийн гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан ба гэрээний хугацааг 3 удаа тус тус 3 сараар сунгасан байх бөгөөд Зээл төлөлтийн хуваарь буюу гэрээний хавсралтад зааснаар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар талууд тохиролцжээ. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээний нөгөө тал буюу зээлдүүлэгч нэг талаас гэрээнд заасан үүргийг нь гүйцэтгүүлэхээр үндсэн зээлдэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцэж байна.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн хүнд 4 650 366,67 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 99 633,33 төгрөгийг, зээл олгосны шимтгэл 250 000 төгрөг буюу нийт 5 000 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 09-ний өдөр төлсөн талаар нэхэмжлэгч холбогдох баримтыг гаргаж хэрэгт хавсаргасан байх бөгөөд энэхүү төлсөн талаархи тооцооллыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч маргаангүй байна.
Нэхэмжлэгч нь зээлдэгч Н.чгаас гаргуулах төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:- зээлийн үндсэн төлбөр 50 000 000 төгрөг, үндсэн хүү 38 166 301 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 411 754 төгрөг, зээл сунгалтын шимтгэлийн 500 000 төгрөг, нийт 92 078 053 төгрөг гаргуулахыг шаардаж байна.
Гэрээний үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх зээлийн гэрээний үүргийн төлөгдөөгүй үнийн дүнгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй. Иймд нэхэмжлэгчийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол нь гэрээгээр тохиролцсон хүүний хэмжээгээр тооцоологдсон, холбогдох тооцооллыг баримтаар хавсаргасныг шүүх хүлээн авах нь үндэстэй гэж дүгнэв.
Мөн нэхэмжлэгч нь зээл сунгалтын шимтгэлд 500 000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь зээлийн гэрээний 3.1.8-д зээл олгосны шимтгэл 0.5 хувь буюу 250 000 төгрөг, мөн 3.4-т Зээлдэгч нь өөрөө хүсэлт гарган зээлийн гэрээний хугацааг сунгасан тохиолдолд зээлийн үлдэгдэлээс 0,5 хувийн шимтгэл төлнө гэсэнтэй нийцэж байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн гэрээний үүргийн дагуу гаргасан дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагч Н.чгаас нийт 92 078 053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан Н.чгаас нийт 92 078 053 төгрөгийг гаргуулж Т ББСБ ХХК-д олгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Т.Соос татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /586 480+117 000/ 703 480 төгрөгийн 618 340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 85 140 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Н.чгаас улсын тэмдэгтийн хураамж 618 340 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ