Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ******* /онлайн/,

Шүүгдэгч: Г.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уламбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414005310354 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 884 дугаартай шийтгэврээр “Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан” байх хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,63 хувийн промильтой үедээ 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг хүртэл 28-56БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож улмаар Баянхонгор сумын 10 дугаар багийн төв зам дагуу замын хөдөлгөөнд оролцож явсан 59-87 УКА улсын дугаартай *******ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж 14,869,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 113 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ:  Миний буруу. Би гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. 2025 оны 03 дугаар сараас эхлээд газар хагалж эхэлнэ. Мөн тухайн үеэр трактор зарагдах боломжтой тул бүх боломжит хувилбараар хохирогчид хохирлыг нь нөхөн төлөх болно гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирсэн, ирээд аймагт хоноод өглөө аав Батбаатарын гэрт байж байх үед дүү ирж цай уу гэсэн юм. Тэгээд дүү нь Баянхонгор сумын 9-р баг, Есен-Эрдэнэ захын хойд талд байдаг байранд байдаг бөгөөд тэнд очиж цай уучихаад Баянхонгор аймгийн төв замаас урдаас хойшоо чиглэлтэй засмал замаар нэгдүгээр эгнээгээр явж байсан юм. Баянхонгор сумын 10-р багт байдаг аавын гэр луу явж байсан бөгөөд Баянхонгор сумын 10-р баг, Цацрах гэгээ хотхон руу эргэх уулзвараар баруун эргэх гэтэл ард талаас цэнхэр өнгийн портер маркийн 28-56 БНН улсын дугаартай машин тормосны чихрах дуу гаргаж ирээд миний унаж явсан 59-87 УКА улсын дугаартай Хас банкны эзэмшлийн машины араас хүчтэй мөргөсөн юм. Тэр үед миний машинд дотор эхнэр *******, болон /эм. 9/, /эр. 4/ нар сууж явсан юм. Тэгээд би машинаа урагшлуулаад замын хажуу тал руу шахаад зогссон тэр үед хүүхдүүд айгаад уйлаад байсан. тэр үед би хүүхдүүд рүүгээ анзаарч байгаад буугаад хартал тэр цэнхэр портер хар утаагаа гаргаад шууд зогсохгүй давхиад явчихсан. Тэгээд би нэг хар машинд суугаад араас нь явтал олоогүй тэгээд явж байтал алаг тэрэгтэй замын цагдаа нартай таараад болсон зүйлийг хэлээд хайж явж байгаад буцаад машин дээрээ ирсэн. Тэгээд замын цагдаа нар хэргийн газарт үзлэг хийгээд цагдаа нар тэр портерын жолоочийн ойролцоогоор 40-50 минутын цаг орчмын дараа хурдан олсон, тэгээд тэр машиныг журмын хашаанд аваачиж журамласан юм. Тухайн шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар 1.045.000 төгрөг төлсөн, надад нийтдээ 15.914.000 төгрөгийн хохирол учирсан байна. тухайн хохирол төлөгдсөн тохиолдолд надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хэргийн газарт зогсоогүй аймар хүчтэй мөргөсөн, тэгээд зогсоогүй, шууд хаазлаад хар утаа гаргаад зугтаагаад явсан, тэр жолоочийг цагдаа нар олж ирэх үед бол шал согтуу байсан. Бид тухайн үедээ шинжээчид үзүүлж дүгнэлт гаргуулаагүй, гаргуулахгүй талаараа тухайн үед цагдаад хэлж байсан цагдаа бол гаргуул гэсэн шаардлага байхгүй тул дүгнэлт гаргуулахгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэхдээ: Миний бие Баянхонгор аймгийн гаралтай хүн бөгөөд эцэг эх дээрээ зун очихоор явж байгаад энэ хэрэг гарсан. Тухайн үед эхнэр хүүхэдтэйгээ явж байгаад аваар осолд өртсөн. Тухайн үед унаж явсан тээврийн хэрэгсэл нь миний хувийн автомашин биш, харин албан байгууллагын автомашин байсан. Миний зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зардал дээр шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 1000,000 төгрөг зардлаа нэмж нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд надад гомдол санал байхгүй. Шүүгдэгчийн зүгээс 2,500,000 төгрөгөөр нэг удаа, 2,500,000 төгрөгөөр нийт 5000,000 төгрөгийг төлсөн гэв.

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн үед нөхрийн ажлын Toyota raw-4 маркийн 59-87 УКА улсын дугаартай автомашинтай нөхөр, 2 хүүхдийн хамт Баянхонгор сумын 1-р баг Хүмүүнлэгийн ордны урд талын 5-н давхар ногоон байранд хүргэн дүү ийнд оччихоод, Баянхонгор сумын 10-р баг руу хадам аавынх руу явж байгаад Баялаг хотхоны арын уулзвараар баруун гар тийш эргэх үед машины араас цэнхэр өнгийн 28-56 БНН улсын дугаартай Портер маркийн автомашин ирж мөргөчхөөд зугтаачихсан. Би 2 хүүхэдтэйгээ машин дээрээ үлдээд манай нөхөр 30-08 гэсэн дугаартай хар машин зогсоож суугаад, зугтаасан машины араас явсан. Удалгүй олоогүй буцаад машин дээрээ ирсэн. Манай нөхөр цагдаа дуудсан гэж надад хэлсэн, удалгүй цагдаа нар ирж осол болсон газарт хэмжилт хийж, зураг авсан. Цагдаа нар явсаар осол гаргаад зугтаасан цэнхэр өнгийн Портер автомашиныг олж журамласан гэж хэлсэн, жолооч нь машинаа орхиод зугтаасан, олдоогүй байна гэж хэлсэн. Миний баруун өвдөгний хэсэгт зулгарсан байсан, нөхөр, 2 хүүхдийн биед ослын улмаас одоогоор учирсан гэмтэл, шарх байхгүй, зовуурилах зүйлгүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж, дүгнэлт гаргуулахгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 05-06 /,

6. Зам тээврийн ослын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 46/62 дугаартай: ..1 .Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл

1.2.17. "зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2. “Hyundai porter” маркийн 28-56 БНН улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

д/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх", мөн дүрмийн

3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн

II. "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. “Toyota Raw-4” маркийн 59-87 УКА улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. “Hyundai porter” маркийн 28-56 БНН улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

5. Нэмж тусгах саналгүй....гэх дүгнэлт /хх-ийн 55-57/

7. Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 629 дугаартай шинжээчийн: Тоёото рав-4 маркийн авто машины эвдрэлийн үнэлгээ 14.869000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 16 / болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 02-10/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, жолоочийн лавлагаа, мэдээлэл, жолоочийн 3.63 хувийн согтолттой гэх тэмдэглэл, /хх-ийн 23/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61/,  шүүгдэгч Г.*******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 106-107/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч шинээр 1 хуудас  зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг зөрчилд нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 884 дугаартай шийтгэврээр 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хассан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,63 хувийн промильтой согтолттой үедээ 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг хүртэл 28-56БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож улмаар Баянхонгор сумын 10 дугаар багийн төв зам дагуу замын хөдөлгөөнд оролцож явсан 59-87 УКА улсын дугаартай *******ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж 14,869,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон  нь гэрч  Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн үед нөхрийн ажлын Toyota raw-4 маркийн 59-87 УКА улсын дугаартай автомашинтай нөхөр, 2 хүүхдийн хамт Баянхонгор сумын 1-р баг Хүмүүнлэгийн ордны урд талын 5-н давхар ногоон байранд хүргэн дүү ийнд оччихоод, Баянхонгор сумын 10-р баг руу хадам аавынх руу явж байгаад Баялаг хотхоны арын уулзвараар баруун гар тийш эргэх үед машины араас цэнхэр өнгийн 28-56 БНН улсын дугаартай Портер маркийн автомашин ирж мөргөчхөөд зугтаачихсан. Би 2 хүүхэдтэйгээ машин дээрээ үлдээд манай нөхөр 30-08 гэсэн дугаартай хар машин зогсоож суугаад, зугтаасан машины араас явсан. Удалгүй олоогүй буцаад машин дээрээ ирсэн. Манай нөхөр цагдаа дуудсан гэж надад хэлсэн, удалгүй цагдаа нар ирж осол болсон газарт хэмжилт хийж, зураг авсан. Цагдаа нар явсаар осол гаргаад зугтаасан цэнхэр өнгийн Портер автомашиныг олж журамласан гэж хэлсэн, жолооч нь машинаа орхиод зугтаасан, олдоогүй байна гэж хэлсэн. Миний баруун өвдөгний хэсэгт зулгарсан байсан, нөхөр, 2 хүүхдийн биед ослын улмаас одоогоор учирсан гэмтэл, шарх байхгүй, зовуурилах зүйлгүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж, дүгнэлт гаргуулахгүй.... гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* 2024 оны 08 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний 884 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн  14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, 18 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3.63 хувийн  согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг хүртэл 28-56 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож улмаар Баянхонгор сумын 10 дугаар багийн төв зам дагуу замын хөдөлгөөнд оролцож явсан 59-87 УКА улсын дугаартай *******ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж 14,869,000 төгрөгийн хохирол учруулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангасан байна.

Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцлоо.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж дахин тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах гэмтээх, мөн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаагүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан зөрчлийн шинжийг хангасан гэж харагдахаар байгаа боловч гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсныг шүүх хэргийг шийдвэрлэх явцад хохирлыг мөн адил давхар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолоочид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эвдэрсэн авто машины үнэ 14.869.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.******* нь 5.000.000 төгрөг төлж барагдуулсан үлдсэн 9.869.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Мөн хохирогч ******* нь үнэлгээ гаргуулахад хувиасаа 1.000.000 төгрөг төлсөн талаар мэдүүлж байгаа бөгөөд уг мөнгийг нэмж нэхэмжлэх талаар илэрхийлсэн тул шүүх шүүгдэгч *******гээс 10.869.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11  дүгээр зүйлийн 1-д заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.

Шүүх шүүгдэгч *******д  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт  *******гийн *******г хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д  27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг дөрвөн зуун наян / 480 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун наян / 480 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас доошгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 10.869.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭНГЭЛ