| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч **,
Шүүгдэгч **,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
**аймаг **сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн **д холбогдох ** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй, **настай, дээд боловсролтой, олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, **хот, **, **-р хороо, *** тоотод оршин суух, ***овогт ****/РД:**/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ** нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч **ийн өмчлөлийн 9 тооны адууг 4,900,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож адууг авч яваад утасны сүлжээ орохоор мөнгийг нь дансанд хийе гэж хуурч эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ** нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Мөрдөн байцаалтын явцад:
1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл **банкнаас мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тогтоол, хариу, Арилжааны банкнаас мэдээлэл барим бичиг гаргуулан авах тогтоол, түүний хариу /хх-ийн 07-11 дүгээр хуудас/,
2. Хохирогч Г**ийн өгсөн: “...Намайг хөдөө гэртэй байхад над руу өмнө надаас 4-5 удаа мал худалдан авч байсан малын ченж **/**, **/ залгаад танайд малын наймаа байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь би адуу байна гэхэд очиж авъя гэж хэлээд утсаар ярьсан өдрөөсөө хойш 5 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр **дүү нь гээд залуутай хамт ирсэн. Тэгээд бид хоёр наймаа хийгээд би 9 тооны хээр, бүдүүн 5-6 насны адууг нэг адууг нь 500.000 төгрөгөөр бусад найман тооны адууг 550.000 төгрөгөөр нийт 4.900.000 төгрөгөөр бодож зарсан. Тэгээд мөнгө гэтэл **сүлжээ болохгүй байна мөнгө байгаа сүлжээнд ороод шууд хийе гэхээр нь би зөвшөөрөөд надаас 9 тооны адуу аваад явсан боловч тухайн өдрөө мөнгө хийгээгүй. Мөнгө асуух гээд араас нь залгасан боловч утсаа авахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон. Надад **тай ямар нэгэн холбоо байхгүй. 2021-2023 оны хооронд 4-5 удаа надаас мал худалдаж аваад мөнгийг нь өгч байсан болохоор сүлжээ орохоор нь мөнгө өгье мөнгө байгаа гэхээр нь өөрийнхөө 9 тооны адууг өгөөд явуулчихсан юм аа. Өөрөөр ямар ч холбоо харилцаа байхгүй. Надад хэлэхдээ мөнгө бэлэн дансанд байгаа сүлжээнд ороод шууд мөнгийг чинь хийе гэж хэлээд явсан боловч утсаа унтраагаад алга болсон. Одоо холбогдож чадахгүй байна. Би ченж **ярьж тохирсон үнээр бодож байна. Би нэг адуугаа 550.000 төгрөгөөр үнэлж байна. ** нь өмнө надаас 2 удаа мал авч байсан болохоор итгээд 9 тооны адуугаа өгөөд явуулсан гэтэл мөнгө өгөхгүй байж байгаад цагдаад хандсаны дараа 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ** залгаад манай гэрээр цагдаа ирээд явсан байна. Би мөнгө одоо өглөө цагдаад өгсөн өрөгдлөө аваад өгөөч гээд 3.000.000 төгрөг өгсөн үлдэгдэл мөнгө 10 хоногийн дотор өгье гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
3. Гэрч ** өгсөн: “...** нь манайхаас ирж мал авдаг өөрийнхөө **хотын ченж гэж танилцуулж байсан манайхаас хэд хэдэн удаа ирж мал аваад явсан сайн танихгүй. ** нь анх 2018 онд **аймгийн **суманд адуу аваад явж байгаад манайд ирээд адуу зарах уу? гэж асуугаад анх танилцаж байсан. Тэрнээс хойш жилдээ 1-2 удаа ирээд 5-6 тооны адуу аваад мөнгийг нь тухайн үедээ өгөөд явдаг байсан юм аа. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ** манай нөхөртэй утсаар ярьж байгаад ирсэн. Тэгээд мал авна гээд манайхаас 9 тооны адуу 4.900.000 төгрөгөөр бодож авсан 8 адууг нь 550.000 төгрөгөөр 1 адууг 500.000 төгрөгөөр бодож аваад мөнгө сүлжээ орохоор хийе гэж хэлээд явсан боловч одоог хүртэл мөнгө өгөхгүй утсаар залгахаар авахгүй утас нь холбогдохгүй болчихсон. ** нь манайхаас өмнө хэд хэдэн удаа адуу аваад мөнгийг нь сүлжээ орохоор шилжүүлдэг байсан тул мөнгө нь бэлэн байдаг болохоор итгээд өгөөд явуулсан боловч утсаа унтраагаад алга болсон одоо мөнгө өгөхгүй холбогдож чадахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/,
4. Гэрч ** өгсөн: “...Би **ыг танина манай хүргэн байгаа юм Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. ** одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Сүүлд цагаан сараар ирж золгосон тэрнээс мэдэхгүй манай охинтой холбоогүй байдаг утас шөрмөсөө сольсон юм шиг байна лээ. Над руу **цагдаагаас утсаар ярихад нь 9 адууны талаар мэдсэн ** нь 03-04 дүгээр сард над руу нэг танихгүй дугаараас залгахад нь **цагдаагаас нэг алба хаагч залгасан талаар хэлэхэд нэг 3 сая төгрөгийн асуудал байгаа тэрийг би шийдвэрлэчихнэ гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
5. ** ХХК-ийн үнэлгээчин **ын “...2024.04.14-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд **аймгийн **сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эдийн засгийн цагдаагийн ахлах дэслэгч ** ирүүлсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу “...иргэн ** нь 2024 оны 03 дугаар 10-ны өдөр бусдад 9 тооны адуу 4900000=00 төгрөгөөр бодож өгөөд залилуулсан...” гэх гомдол мэдээлэлд хээр зүсмийн 5-6 насны адуу 9 толгой адууны 2024 оны 03 дугааp сарын 10-ны байдлаарх тухайн үеийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдаж буй 9 тооны адууны тухайн үеийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар 5 850 000 (Таван сая найман зуун тавин мянган) төгрөгөөр тогтоосон болно...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
6.Яллагдагч ** **банкны дансны хуулга/хх-ийн 45-79 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1.Шүүгдэгч ** нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч ** өмчлөлийн 9 тооны адууг 4,900,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож адууг авч яваад утасны сүлжээ орохоор мөнгийг нь дансанд хийе гэж хуурч эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэх үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл *банкнаас мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тогтоол, хариу, Арилжааны банкнаас мэдээлэл барим бичиг гаргуулан авах тогтоол, түүний хариу /хх-ийн 07-11 дүгээр хуудас/,
Хохирогч **ийн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Гэрч **ийн мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч **ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
**ХХК-ийн үнэлгээчин **ын дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Яллагдагч **ын **банкны дансны хуулга/хх-ийн 45-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч ** нь хохирогч **ийн урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, утасны сүлжээ орохоор мөнгийг нь дансанд хийнэ гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 9 тооны адууг авч залилсан үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч нь хохирогч **өөс урьд нь 2 удаа мал худалдан авч байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгө, мөнгийг өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нь шүүгдэгч **д итгэж төөрөгдөж, мөнгө, эд зүйлээ шилжүүлсэн өгсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогчийг залилж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч **д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ял сонсож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Шүүгдэгч **ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч **т 4,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Шүүгдэгч ** нь хохирогч **т учирсан хохирол 4,900,000 төгрөгийг төлсөн болох нь түүний 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 119/
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ** нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус заажээ.
Шүүгдэгч **д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Бусад:
Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч **д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****овогт ****/РД:**/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Энэ шийдвэрт гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Алгирмаа