| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00248/И |
| Дугаар | 142/ШШ2017/00462 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2017/00462
| 2017 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 142/ШШ2017/00462 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.М
Хариуцагч: ЭСДТС ОНӨХК
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Б , гэрч Д.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.М нь 2015 оны 10 дугаар сард анх тус байгууллагад сантехникчээр ажилд орсон бөгөөд ажлаа маш сайн хийж өнөөдрийг хүргэсэн гэж бодож байна. Гэтэл намайг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн- дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Энэ тушаалыг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэн ажлаас халсанд гомдолтой байна. Би давтан зөрчил гаргаагүй бөгөөд ямар үндэслэлээр ажлаас халаад байгаад гайхаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр давтан зөрчил гаргаагүй, энэ өдөр ажлаа хийгээд явж байсан үдээс хойш тушаалаа ирж ав гэхээр нь очиж авсан. Тэгээд намайг маргаашнаас ажилдаа битгий ир гэсэн. Би маш их гомдолтой байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн- дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.М нэхэмжлэлтэй “ЭСДТС ” ОНӨХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. О.М нь шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Д.Б тодорхойлсон байна. Энэ нь Д.Б иргэн хүнийх нь хувьд бус “ЭСДТС ” ОНӨХК-ийн захирлын хувьд хариуцагчаар тодорхойлсон. Иймээс уг хэргийн хариуцагч нь цаашид “ЭСДТС ” ОНӨХК болно. Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. ЭСДТС ОНӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан тул ажилд нь эгүүлэн тогтоох бүрэн боломжтой гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь О.М ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн үндэслэлээр 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сарын цалингаа 10 хувиар нэг сарын хугацаатай хасуулсан байна. Шүүх хуралдааны үед нотлох баримт гаргаж өгнө. О.М нь 2016 оны 7 дугаар сард гаргасан зөрчилд 2017 оны 1 дүгээр сард ажлаас халсан тушаал гаргасан гэж тайлбарладаг. Энэ тайлбар үндэслэлгүй. 2016 оны 7 дугаар сард О.М ажил таслах зөрчлийг удаа дараа гаргасан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлын байраа орхисон зөрчил гарган Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж сарын цалингаа нэг сар 20 хувиар хасуулж сахилгын арга хэмжээ авагдсан байна. Ажлын наръядын дэвтэрт гарын үсэг зурсныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежер Д.Ц мэднэ гэж тайлбарладаг. “...Гарын үсгээ өөрийн нэрнээс доор зурсан байна...” гэж зэмлэсэн. Ийм яриа болсон байдаг гэхдээ 7 дугаар сард биш 5 дугаар сард болсон байна. Ер нь Б.Ц албан тушаалаар хүлээсэн үүргийнхээ хүрээнд бүх албадын наръяд өгөлт, наръяд хаасан байдалд хяналт тавьдаг бөгөөд О.М д нэг бус удаа сануулсан боловч байдал сайжраагүй учир 2016 оны 5 дугаар сард Захирлын" дугаар тушаалаар 1 сарын хугацаатай үндсэн цалинг нь 10 хувь бууруулж сахилгын арга хэмжээ авсан байна. Д.Ц өөрөө шүүх хуралдаанд гэрчээр орох учир энэ талаар тодорхой ярих болно. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар зарим ажилтнуудын 2016 оны хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн. О.М 2016 онд 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн заалт “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... -ыг үндэслэн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Б.О хөдөлмөрийн гэрээ цуцлах саналтай хуралд оруулсныг захирлын зөвлөлийн гишүүд дэмжээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Энд ямар нэг байдлаар хууль зөрчсөн хууль бусаар ажилтнаа халсан зүйл байхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М хариуцагч ЭСДТС ОНӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ЭСДТС ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.М нь ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэний гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяалалыг зөрчөөгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.
ЭСДТС ОНӨХК-ний захирлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б-91 дугаартай тушаалаар О.М сантехникийн засварчны ажилд томилж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр № дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан байна.
ЭСДТС ОНӨХК-ний захирлын зөвлөлийн гишүүдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай хурлын шийдвэрээр О.М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Ажилтан сахилгын зөрчил гаргах нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болно. Гэхдээ ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхыг хуулийн энэхүү зохицуулалт нь шаарддаг байна.
Ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах хуулийн заалтыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй бөгөөд ажилтан О.М д ЭСДТС ОНӨХК-н захирлын 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн" дугаартай тушаалаар болон 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б-68 дугаартай тушаалаар тус тус үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
ЭСДТС ОНӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуралдсан захирлын зөвлөлийн гишүүдийн хурлаар О.М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гарсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч О.М Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн сантехникийн засварчны албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртлэх 62 хоногийн ажилгүй байсан хугацаанд авах дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 653 333 /600 000:22.5=26 666 төг 26 666*62 хоног=1 653 333 төг/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭСДТС ОНӨХК-с 111 603 /70 200+41 403/ төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.М ЭСДТС ОНӨХК-ийн сантехникийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 653 333 төгрөгийг хариуцагч ЭСДТС ОНӨХК-наас гаргуулан О.М д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭСДТС ОНӨХК-д үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ЭСДТС ОНӨХК-наас 111 603 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ЭСДТС ОНӨХК-ийн ажил гүйцэтгэх даалгаварын дэвтрийг хариуцагч байгууллагад буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭ