Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00248

 

    Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,                      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03452 дугаар шийдвэртэй,

Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

Ц.З-д холбогдох 

Зээлийн гэрээний үлдэгдэл 12 582 ам.доллар, алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу 46 440 413.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.З 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 22 100 ам.долларыг, 6 сарын хугацаатай, cap бүр 3.8 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Ц.З хүүнд 19 000 000 төгрөг өгөхөд тухайн үед 1 ам.долларын ханш 2 475 орчим төгрөг байсныг 2 000 төгрөгөөр бодож 9 500 ам.доллароор тооцсон. Ингээд бид тооцоо нийлэхэд үндсэн зээл 22 100 ам.доллар, 6 сарын хүү 5 034 ам.доллар, нийт 27 134 ам.доллар болохоос хүүнд өгсөн 9 500 ам.долларыг хасч 17 634 ам.доллар дээр алданги 8 817 ам.долларыг нэмж, нийт 26 451 ам.доллар төлөх байснаас алдангийг хасч 17 634 ам.доллар авахаар болж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ" байгуулан, уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Уг гэрээгээр cap бүр 200 000 төгрөгийн хүү болон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон юм.

          Гэтэл Ц.З үүнээс хойш хүүнд 200 000 төгрөг төлж бусад мөнгийг өгөөгүй хугацаа хэтрүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 13-нд 12 000 000 төгрөг өгснийг тухайн үеийн Монголбанкны ханш 1 ам.долларыг 2 375 төгрөгөөр тооцоход 5 052 ам.доллар болсон боловч үлдэгдэл төлбөр төлөөгүй байна.

     Иймд зээлийн үлдэгдэл 12 582 ам.доллар, 2017 оны 05 дугаар capын 30-ны өдрөөс хойших хугацааны алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу /2017.10.10-ны  ам.долларын ханш 2 460.68 төгрөг/ 46 440 413.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.З нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Д.Н-ээс 7 000 ам.долларыг, 1 сарын хугацаатай зээлж авсан. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7 000 ам.доллар, хүүнд 352 ам.долларыг төлж, 7 000 ам.доллар дээр нэмж, 10 000 ам.долларыг зээлж авсан бөгөөд нийт 17 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 3,8 хувийн хүүтэй зээлсэн болно. Зээлдүүлэгч Д.Н  2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Ц.З   22 100 ам.долларын зээл аваагүй.

Харин Д.Н-ээс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 7 000 ам.доллар, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 10 000 ам.доллар, нийт 17 000 ам.долларын зээлийн гэрээний төлбөрийг дараах байдлаар төлж дуусгасан байна. Үүнд: Ц.З нь 17 000 ам.долларын зээлийн үндсэн төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 5 100 ам.доллар төлж барагдуулсан. Дээрх төлбөр нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 1 сарын зээлийн хүү 646 ам.доллар нь зээлийн хүүнээс суутгаж, үлдэгдэл 4 454 ам.доллар үндсэн төлбөрөөс хасагдаж, зээлийн үндсэн төлбөр 12 546 /17 000-4 454/ ам.доллар үлдэнэ. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 600 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 250 ам.доллар төлсөн нь 12 546 ам.доллараас хасагдаж зээлийн үндсэн төлбөр 11 696 ам.доллар болно. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 10 000 000 төгрөгийг тухайн өдрийн ам.долларын ханш 1 989 төгрөгөөр тооцоход 5 027 ам.доллар болох бөгөөд зээлийн үлдэгдэл үндсэн төлбөр 11 696 ам.доллараас хасч үлдэгдэл 6 669 ам.доллар, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4 900 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн Монголбанкны ханш 1 992 ам.доллараар тооцоход 2 459 ам.доллар болно. Дээрх зээлийн үлдэгдэл 6 669 ам.доллараас энэхүү төлбөрийг хасахад нийт үлдэгдэл 4 210 ам.доллар болно. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 100 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн 1995 ам.доллараар тооцоход 551 ам.долларыг зээлийн үлдэгдэл 4 210 ам.доллараас хасахад үлдэгдэл 3 659 ам.доллар, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 800 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн Монголбанкны ханшаар 2 026 ам.доллараар тооцоход 1 382 ам.доллар болно. Үүнийг зээлийн үлдэгдэл төлбөр 3 659 ам.доллараас хасахад үлдэгдэл 2 277 ам.доллар болох бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 12 000 000 төгрөгийг тухайн өдрийн Монголбанкны ханш 2 372 ам.доллараар тооцоход 5 059 ам.доллар болж байгаа юм. Уг төлбөрийг зээлийн үлдэгдэл төлбөр 2 372 ам.доллараас хасч тооцоход би Д.Н-д 2 687 ам.доллар илүү төлөлт хийсэн байна.

Миний бие зээлдүүлэгч Д.Н-ээс  авсан 17 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 1 сарын хүүнд 646 ам.доллар, үндсэн төлбөрт 19 782 ам.доллар, нийт 20 428 ам.долларын зээлийн төлөлт хийсэн болно. Гэтэл Д.Н 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 100 ам.долларыг зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ бодитой биш, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.З   2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 22 100 ам.долларын зээл аваагүй юм. Харин 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн 17 000 ам.долларын зээлийн гэрээний нөхцөлийг шинэчлэн байгуулагдсан гэх боловч энэхүү зээлийн гэрээ нь стандартын шаардлага хангаагүй, зээлдэгчээс өмнө төлсөн зээлийн эргэн төлөлтийг хууль бусаар зээлийн хүүнд суутган авч, улмаар хууль бусаар зээлийн гэрээнд хүү тооцсон үйлдлийг хууль ёсны болгох зорилгоор хийсэн гэрээ юм.

2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 000 ам.долларын зээлийн гэрээ нь 1 сарын 3,8 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ юм. Зээлдүүлэгч уг гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 100 ам.долларыг зээлийн гэрээний хүүнд суутгаж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлдэгчтэй шинээр гэрээ байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд хүү төлөх нөхцөлийг тулган шаардаж, хожим 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд 17 000 ам.долларын зээлийг 22 100 ам.доллар болгон өсгөж, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282.3 дах заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Надаас Ц.З нь байна мөнгө зээлж, авч байсан. Сүүлд 2015 оны 04 дүгээр сарын эхээр мөнгө зээлэх хүсэлтийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 22 100 ам.долларын зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, зээлээ хугацаандаа төлөөгүй хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож мөнгөө авсан. Зээл авснаас хойш хүүгээ төлөөгүй ба 2015 оны 10 дугаар сары 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг хүүндээ авч бай гээд өгснийг  тухайн үеийн Монголбанкны ханш 1994.45 төгрөгөөр тооцоход 5 013 ам.доллар болсон, үүнийг 6 сарын хүүнд тооцогдсон. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж гэрээ байгуулахад Ц.З бид 2 тухайн үеийн ханшаар тооцоо нийлэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 17 634 ам.доллар болж байсан.

Ц.З 2015 оны 11 дүгээр сарын 20-нд 4 900 000 төгрөг төлснөөс Монголбанкны ханш 2 459 төгрөгөөр тооцоход 1 992 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 16-нд 1 100 000 төгрөг төлснөөс Монголбанкны ханш 1995 төгрөгөөр тооцоход 551 ам.доллар, 2016 оны 04 дүгээр сарын 08-нд 3 000 000 төгрөг төлснөөс Монголбанкны ханш 2 026 төгрөгөөр тооцоход 1480 ам.доллар, нийт 4 023 ам.доллар төлснийг 22 100 ам.доллараас хасч тооцоход зээлийн гэрээний үлдэгдэл 18 07 ам.доллар болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.З-гаас зээлийн үлдэгдэл 12 582 ам.доллар, алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу 46 440 413.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Д.Н болон Ц.З нарын хооронд 2015 оны 04 сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 153 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н-ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 366 400 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.З-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Н давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 7 000 ам.доллар авсан, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10 000 ам.доллар авсантай холбоотой баримгүй, 2014 оны 11 дүгээр сард хариуцагчийн ах Ц.Золсайханы нэрээр Д.Н-д 2 удаа 850 ам.доллар шилжүүлсэн баримт байдаг. Хариуцагч Ц.З нь урд зээл авч, мөнгийг буцаан төлсөн баримт болох 850 ам.доллар шилжүүлсэн баримтыг шинээр зээлэн авсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 100 ам.долларын зээлтэй холбон өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр тооцоог нэмж хийсэн гэрээ гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Хариуцагч 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шинээр гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Анх зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр талууд мөнгө хүлээлгэн өгсөн баримтгүй. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ” нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний мөнгө хүлээлцсэн баримтын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбар, хариуцагч Ц.З-гийн төрсөн ах Ц.Золсайханы мэдүүлгээс өөр нотлох баримтгүй, хариуцагчийн тайлбарт тусгасан 2014 оны 03 дугаар сарын 26, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй, уг харилцаа байсан эсэх нь тогтоогдоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль есны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн шийдвэр болжээ.

Мөн талуудын хооронд фейсбүүкээр болон мессежээр харьцсан талаар хэрэгт авагдсан баримтүудад Ц.З нь “өөрийнхөө мөнгийг хөөцөлдөж байна, нөгөө хүмүүс гэртээ байхгүй байна нөгөө хүмүүсээс мөнгөө аваад чамд өгнө” гэх мэтээр бичиж байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр Ц.Золсайханыг асуулган, “мөнгийг Ц.З биш Ц.Золсайхан нь Ц.З-аар дамжуулан авч байсан” гэх үндэслэлгүй тайлбар гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан гар утсанд болон фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанд гэрч Ц.Золсайханы мэдүүлгээр нотлогдож байна.

Дээр дурдсан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-г талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан, гэрээнд тусгагдсан Д.Н-ийн нэр, гарын үсгээс бусад бүх rap бичмэлүүд нь Ц.З-гийн өөрийн бичсэн rap бичмэл, түүний гарын үсэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 582 ам.доллар, алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу 46 440 413.64 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 22 100 ам.долларын зээлийн гэрээ болон 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-г үндэслэсэн, харин хариуцагч нь “22 100 ам.долларын зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй” гэж маргасан байна.

Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  22 100 ам.долларыг, 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ, мөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дээрх зээлээс төлөөгүй үлдсэн 17 634 ам.долларыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр “Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан бичгийн баримт хэрэгт авагджээ. /1 х.х-ийн 3-4 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 22 100 ам.долларыг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “2014 оны 03 дугаар сарын 26-нд 7 000 ам.долларын хүү 352 ам.долларыг төлж, 7 000 ам.доллар дээр нэмж, 10 000 ам.доллар зээлж авсан бөгөөд нийт 17 000 ам.долларыг, 1 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй зээлж авсан болно” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт 2014 оны 03 дугаар сарын 26-нд 7 000 ам.доллар, 2014 оны 04 дүгээр сарын 26-нд 10 000 ам.доллар, нийт 17 000 ам.долларын хүрээнд талууд бичгийн хэлцэл байгуулаагүй боловч энэ хэмжээгээр зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэв. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах тул уг зээлийн гэрээний дагуу хүү тооцох боломжгүй. 

Дээрх  зээлийн  гэрээний  дагуу хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг төлснийг тухай үеийн Монголбанкны зарласан ханш 1853 төгрөгөөр тооцоход  5038 ам.доллар болох бөгөөд үүнийг үндсэн зээл 17 000 ам.доллараас хасахад 11 962 ам.долларын үлдэгдэлтэй гэж үзнэ.

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зүйлийг 22 100 ам.доллар гэж тусгасан боловч бодит байдлаар 11 962 ам.долларын хүрээнд бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар энэ хэмжээ буюу 11 962 ам.долларыг тохирсон хүү болох сарын 3.8 хувиар тооцож шаардах эрхтэй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 22 100 ам.долларыг нэхэмжлэгч нь шилжүүлэн өгөөгүй боловч 11 962 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж дүгнэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд 11 962 ам.долларыг, сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулагдсанаас үзэхэд 1 сарын хүү 454.55 ам.доллар буюу 6 сарын хүүнд 2 727,3 ам.доллар, нийт зээлийн гэрээний дагуу 14 689.30 ам.долларыг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 962 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсаны дараа хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 4 900 000 төгрөг буюу 2 458.72 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 1 100 000 төгрөг буюу 551.3 ам.доллар, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 2 800 000 төгрөг буюу 1 381.4 ам.доллар, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 12 000 000 төгрөг буюу 5 920 ам.доллар, нийт 10 311.5 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн байна.

Тиймээс зээлийн гэрээний үүрэг 14 689.30 ам.доллараас хариуцагчийн төлсөн 10 311.50 ам.долларыг хасч тооцоход 4 377.8 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцсон байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг 50 хувиар хязгаарлан алдангид 2 188.9 ам.долларыг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчийн төлөх нийт үүргийг 6 566.7 ам.доллараар тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үед Монголбанкнаас зарласан ам.долларын ханшийг 2460.68 төгрөгөөр тооцож нийт 16 158 547 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийг тодорхойлно.

Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 16 158 547 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 281 866.64 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагчийн гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 100 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.З-гаас зээлийн гэрээний үүрэгт 16 158 547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 281 866.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Н-д холбогдох талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ц.З-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дах заалтад “нэхэмжлэгч Д.Н-ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 366 400 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.З-д” гэснийг “хариуцагч Ц.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид 238 743 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА