Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0005

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                        

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                                      Б.О

Яллагдагч                                                     Г.А

Яллагдагчийн өмгөөлөгч                          С.Э /онлайн/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч                           Р.Ц

Иргэний хариуцагч                                                Д.С

Нарийн бичгийн дарга                             Ө.Оюумаа нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 763 дугаар захирамжтай, Г.Ад холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, С овогт Г-н А.

 

Яллагдагч Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 28 дугаар гудамжны хажуугийн хатуу хучилттай замын автобусны буудлын орчимд           улсын дугаартай Мицүбиши “Mitsubishi” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 9 настай Э-н Ц-г мөргөж амь насыг нь хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 763 дугаар захирамжаар:

 

Яллагдагч Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж,

Энэ захирамжийг эс зөвшөөрвөл яллагдагч, түүний өмгөөлөгч хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлд “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх” гэмт хэрэг нь хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үл биелүүлсэн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, амь нас нь хохирсон бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаар хууль тогтоогч хуульчилж өгсөн. Энэ гэмт хэргийн үйл баримтын тухайд амь хохирогч Э.Ц-н асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл тогтоогдоогүй болно.

Шинжээчийн эхний 2 дүгнэлтээр амь хохирогч Э.Ц, харгалзан авч явсан ах Ц нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн боловч 3 дахь удаагийн нэмэлтээр томилсон шинжээчийн дүгнэлтээр “...амь хохирогч        настай Э.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээх субъектэд тооцогдохгүй юм. Амь хохирогч Э.Ц нь 10 нас хүрээгүй байх тул хөдөлгөөний аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм...” гэсэн, ах Ц нь төрөлхийн оюун ухааны хомсдолтой, хэрэг хариуцах чадваргүй гэсэн сэтгэцийн дүгнэлт гарч дээрх Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн нөхцөл байдлууд үгүйсгэгдэж, гэмт хэргийн шууд шалтгаант холбоо нь жолооч Г.А нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн жолооч Г.А нь Авто тээврийн үндэсний төв, Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай “... Тоормосны стенд нь автомашины дугуй тус бүрээр тоормосны хүчийг тодорхойлох, тэдгээрийн идэвхжилийн зөрүүг шалгахад хойд дугуйн тоормосны идэвхжилийн зөрүү стандартын шаардлага хангахгүй, 1-р тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ стандартад байх хэмжээнээс хэтэрсэн, зүүн талын их гэрлийн тусгал алдагдсан нь стандарт шаардлага хангахгүй байна. Эдгээр гэмтлүүдээс хойд талын дугуйн тоормосны идэвхжилт О кН зөрүү зогсоогүй байгаа нь уг тээврийн хэрэгслийн тоормосны зам уртсахад нөлөөлсөн байж болзошгүй...” гэх дүгнэлтээр бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөн оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “ашиглахыг хориглосон” эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний амь нас хохирсон байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байхад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснийг зөрчиж хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өдрийн 763 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ПРОКУРОРЫН эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Аг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр     аймгийн  сумын        багийн       дугаар гудамжны хажуугийн хатуу хучилттай замын автобусны буудлын орчимд          улсын дугаартай “Мицүбиши” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас          настай Э-н Ц-г мөргөж амь насыг нь хохироож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлт, сэтгэцийн эмчийн дүгнэлт зэргээс үзэхэд амь хохирогч 9 настай Э. Ц-г асран хамгаалах үүрэгтэй хүн байгууллага нь хэн болох, хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхийг шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр  мөрдөн  шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцаасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг зөрчиж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч       настай Э.Ц нь      багийн        тоотод ээж Б.Э болон ах нарынхаа хамт амьдардаг байсан, амь хохирогчийн ээж Б.Э-н хүсэлтээр түүний төрсөн дүү Б.Б-г энэ хэргийн хохирогчоор тогтоосон, амь хохирогч Э.Ц-г хичээлдээ явахад нь ах Б.Ц нь автобусанд суулгаж өгч хичээлээсээ тараад автобусаар ирэхэд нь ээж Б.Э  автобуснаас тосож авдаг байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, ам бүлийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар болон бусад нотлох баримтуудаар бага насны хүүхэд Э.Ц-н  асран хамгаалагч нь хэн болохыг тогтоох боломжтой  байна.

 

Мөн бага насны хохирогч Э.Ц гэрээсээ хичээлдээ явах замдаа буюу автобус хүлээж байхдаа зам тээврийн осолд орсон үйл баримт болон зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, болон бусад нотлох баримтуудад дүгнэлт хийж  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн шаардлагыг зөрчиж  шүүх хэргийг  прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь  хэсгийн 13.2.7.д эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллага холбогдох албан тушаалтан 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй боловч 9 настай амь хохирогчийн ээж Б.Э-н нагац ах Б.Ц-р нь харгалзуулан түүнийг автобусанд суулгахаар явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад асран хамгаалах үүргээ биелүүлсэн эсэхийг шалгуулах шаардлагатай гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Г.Ад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 763 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ХОСБАЯР

           ШҮҮГЧИД                                                                   С.УРАНЧИМЭГ

                                                                                                   С.ЦЭЦЭГМАА