Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 118/ШШ2022/0025

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Г.

Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.

нарын хоорондын газар давхардуулан эзэмшүүлсэн, орц гарсан хаасан тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., гуравдагч этгээд Г., гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Г.  нь анх Завхан аймгийн сумын Засаг даргад холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/60 дугаартай захирамжийн хавсралтын Г.т холбогдох хэсгийг болон 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” A/70 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн: Завхан аймгийн сумын Дархан-Уул багийн гудамжны тоот хаягт байршилтай газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу гарах, орц гарц хэсгийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг сумын Засаг даргад даалгуулах шаардлагыг гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1 Нэхэмжлэгч Г. нь 2005 онд ХХК-ийг байгуулан, маргаан бүхий газар дээр эмийн сангийн худалдаа эрхэлж ирсэн байх ба Завхан аймгийн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар захирамжийн холбогдох хэсгээр тус сумын Дархан-уул багийн худалдааны гудамжинд байршилтай 450 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг,

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/118 дугаар захирамжийг үндэслэн дээрх газрын хэмжээг багасган 306 м.кв газрыг эзэмшүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулан, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг,  

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/195 дугаар захирамжаар дээрх газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/60 дугаар захирамжийн дагуу дээрх өмчлүүлсэн газрын хэмжээг мөн багасгасан /”залруулсан” гэх/-ны дагуу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 280 м.кв газрыг өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна.

2.2 Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн уг газар дээрх эмийн сангийн зориулалттай, 158.7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн дугаарт 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авсан байна. Үүнээс өмнө дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусад иргэний хамт дундаа хэсгээр өмчилж байсан.

2.3 сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжаар “өмчилсөн газрын хэмжээ, нэгж талбарын байршлын хаяг өөрчлөгдсөн тул залруулгыг батлах” гэх үндэслэлээр Г.д өмчлүүлсэн “306 м.кв” газрын хэмжээг “280 м.кв” болгон залруулж, өмнө гарсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/195 дугаар захирамжийн хавсралтад дээрх өөрчлөлтийг оруулахыг газрын даамалд даалгаж шийдвэрлэсэн байна.

2.4  Гуравдагч этгээд Г.т нэхэмжлэгч Г.гийн  зүүн талд хөрш залгаа байршилд 60 м.кв газрыг мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар 30-ны өдрийн /дугаар тодорхойгүй/ захирамжаар шийдвэрлэсэн байх ба уг захирамжийг үндэслэн, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 237 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг,

2.5  2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн  А/60 дугаар захирамжийн дагуу дээрх газрын хэмжээг нэмэгдүүлэн 86 м.кв газрыг эзэмшүүлэхээр 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.

2.6 Гуравдагч этгээд өөрийн эзэмшлийн уг газар дээрх дэлгүүрийн зориулалттай 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн дугаарт 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авсан байна.

3. Маргаж буй үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч нь “...гуравдагч этгээд Г. анх дэлгүүрийн барилгынхаа суурийн хэмжээгээр газар эзэмшиж байсан, сумын Засаг даргын шийдвэргүйгээр 60 м.кв газрыг түүнд эзэмшүүлэх  эрхийн гэрчилгээг 2003 онд олгосон, дэлгүүрийн эмийн сангийн зүүн талын хэсгийн орц, гарцын хэсгийг хааж, дэлгүүрийн барилгаа миний өмчлөлийн газар луу оруулан сунгасан байхад уг давхцуулан сунгасан газрыг түүнд эзэмшүүлсэн нь илт хууль бус, энэ талаар иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, хуульд заасан журмын дагуу миний өмчилсөн 306 м.кв газраас тийнхүү давхцуулан гуравдагч этгээд Г.т эзэмшүүлснээр газрын хэмжээг 280 м.кв болгон үндэслэлгүйгээр багасгаж, гуравдагч этгээд Г.ын газрын хэмжээг 86 м.кв болгон нэмэгдүүлсэн төдийгүй нийтийн эзэмшлийн зам талбай руу холбогдох орц, гарц хаасан...” гэж,

3.2 Хариуцагч нь “...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил, өмчлөлийн газрын нийт бодит хэмжээнд тааруулан, мөн гуравдагч этгээдээс хийлгэсэн газрын кадастрыг үндэслэн захирамжуудыг гаргаж, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг тэдэнд олгосон, хариуцагчийн алдаатай үйл ажиллагаанаас болж, тэдний газрын хэмжээг ихэсгэж, багасгаагүй, нэгэнт баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг нурааж орц гарц гаргах эрх хариуцагчид байхгүй...” гэж,

3.3 Гуравдагч этгээд “...анхнаасаа 60 м.кв газрыг эзэмшүүлэхээр хүчин төгөлдөр гэрчилгээ олгогдсон, газрынхаа хэмжээг 86 м.кв болгон сунгахдаа баруун тийш нэхэмжлэгчийн газартай давхцуулаагүй, зөвхөн дэлгүүрийн барилгыг хойд тал руу нь сунгаж, тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн...” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгч гомдлоо урьдчилан шийдвэрлүүлсэн тухайд:

4.1 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана” гэжээ.

4.2 Уг гомдол гаргах журмын дагуу нэхэмжлэгч Г. нь сумын Засаг даргын 2021 оны А/60, А/70 дугаар захирамжуудын талаар болон өөрийн өмчлөлийн газрын орц, гарц хаагдсан тухай гомдлоо 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Засаг даргад гарган урьдчилан шийдвэрлүүлж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны 627 дугаар албан бичгээр дамжуулан “шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэсэн хариу авсан байна. /Хэргийн 20-22 дугаар хуудсанд/

4.3 Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актуудыг “илт хууль бус” хэмээн үзэж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбар:

5.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: Завхан аймгийн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар захирамжаар тус сумын Дархан-уул багийн худалдааны гудамжинд байрлах 450 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байсан. Гэтэл сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний A/118 дугаар захирамжаар уг газрын хэмжээг 306 м.кв болгож бууруулсан байсан. Тухайн үед яагаад ингэж бууруулж байгааг газрын даамал ээс асуухад өмнө нь газрыг гараар хэмждэг байсан одоо сансраас хэмжилт хийхэд 306 м.кв талбайтай байна. Сансраас хийсэн хэмжилт яг таардаг гэсэн учраас би түүнд итгээд тухайн үед маргаагүй. Түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 11-ний А/195 дугаар захирамжаар энэхүү газрыг би өмчлөх эрхтэй болсон юм. Гэтэл 2021 оны хавар би банкнаас зээл авахад газрын гэрчилгээгээ шинэчил гэж шаардаад тухайн үед газрын албанаас гэрчилгээ авахад миний газрыг сумын Засаг даргын 2021  оны 03 сарын 24-ний А/70 дугаар захирамжаар талбайн хэмжээг хасаж 280 м.кв болгосон гэдгийг мэдсэн. Мөн энэ A/70 дугаар захирамжаар өмнөх А/60 дугаартай захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг. А/60 дугаар захирамжид миний 306 м.кв газрыг 280 м.кв болгож хасаад манай хажуугийн Г.ын 38 м.кв газрын талбайг 86 м.кв болгож нэмсэн байсан. Ийнхүү газрын хэмжээг өөрчилсний дараах кадастрын зургийг үзэхэд миний өмчлөлийн газар болон хувийн сууцны хэсэг рүү оруулж давхцуулан т газар нэмж олгосон байсан. Ингэж миний газар өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа талаараа надад мэдэгдэж байгаагүй, банкны шаардлагаар баримт бичиг бүрдүүлэх явцдаа өөрөө олж мэдээд гомдлоо Завхан аймгийн Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 27-нд гаргасан. Гомдлын хариуг надад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 12 дугаар сарын 30-ны 627 дугаар албан бичгээр явуулсныг би 12 дугаар сарын 31-нд хүлээн авсан. Тус албан бичигт газрын маргааныг хууль хяналтын байгууллагаар шийдүүл гэсэн. сумын Засаг даргын дээрх А/60, А/70 дугаартай шийдвэрүүдийн улмаас миний газар өмчлөх эрх дээр дурдсан байдлаар зөрчигдсөн. Түүнчлэн өмнө нь манайх ын эзэмшлийн бус нийтийн эдэлбэрийн газраар гарч ордог байсан. Гэтэл нь орц гарцыг хааж, дэлгүүрээ өргөтгөж, өргөтгөсөн газрыг А\60 дугаартай захирамжаар өмчилж авснаар газар өмчилж, ашиглах эрх маань давхар хөндөгдсөн. Сумын Засаг дарга миний өмчлөлийн 306 м.кв газрын хэмжээг өөрийн дураар 280 м.кв болгож бууруулах, мөн миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй давхцуулан Г.т газар нэмж эзэмшүүлэх байдлаар газар өмчлөх эрхийг маань хязгаарлах хуульд заасан үндэслэл байгаагүй... 2005-2018 онд УБ хотод түр суурьших хооронд Г. нь манай эзэмшил газар луу орж дэлгүүрээ томсгосон байсныг эхнэр *******д хэлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Г.ын дэлгүүрийн зүүн талаар 80 см орчим, баруун талаар 1.5-2.0 метр орчим өргөнтэй орц гарц байсан. 2018 онд Г.т манайх түлээ модоо буулгах, хогоо ачихад гарцгүй хүндрэлтэй байна. Танайх орц гарц шийдэж өгөөч гэхэд та хоёр жил хүлээчих, дэлгүүртээ засвар хийхдээ арк гаргаад дэлгүүрээ дээш хөндий барьж зохицуулъя гэж бид хоёр аман гэрээ хийж тохирч би хүлээсэн. Гэтэл аман гэрээгээ зөрчиж дэлгүүртээ засвар хийхдээ талбайгаа бүр томсгож 86 м.кв болтлоо өргөтөөд манай үл хөдлөхтэй давхцуулж кадастр хийлгэж, манай орц гарцыг хааж хүндрэл учруулж байна... анх 38 м.кв дэлгүүрийг аас худалдаж авахдаа газрын зөвшөөрөлгүйгээр худалдаж авсан байдаг. Үүнийгээ өөрөө мэдэхгүйгээсээ юм уу, эсвэл мэдэж байсан ч юм уу, хүний газар дээр өөрийн дураар баруун тийш нь сунгалт хийж миний гарцыг хаасан. 55 м.кв хэмжээтэй дэлгүүр болгож сунгачхаад түүгээрээ кадастр хийлгэснээ огт ярихгүй анхнаасаа л 55 м.кв хэмжээтэй үл хөдлөх худалдаж авсан гэж худлаа яриад байна. Г.т 38 м.кв-ыг өгсөн учраас миний 450 ч бай, 400 ч бай 306 м.кв болсон. Г.т 38 м.кв-ыг өгөөд үлдэх хэсэг нь миний 306 м.кв болж байгаа. Газрын даамал Р. ч гэсэн тухайн дэлгүүрийг суурийнх нь хэмжээгээр Г.т өгснөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 2009 онд 60 м.кв газрыг Г.т өгөхөд алдаатай хэмжилт ч гэсэн минийх 450 м.кв байсан. Тэгэхээр тэр 60 м.кв газар хаанаас гарч ирээд байгаа юм бэ? Г.ын дэлгүүр 38 м.кв байхад манайх баруун зүүн аль ч талаараа гарцтай байсан. Гэтэл Г.ынх дэлгүүрээ 55 м.кв болгож сунгасан учраас баруун талын гарц хаагдсан. Тэгээд сунгасан хэмжээгээр кадастр хийлгэсэн байна лээ. 2005-2018 он хүртэл бид Улаанбаатар хотод байснаараа, дуугүй байснаараа танайд гарцаа алдсан, 38 м.кв газраа алдсан. гуай 6.5x6 метр хэмжээтэй газрыг үл хөдлөхөд бүртгэж өгнө үү гээд гэрчилгээ хүссэн байна. Тэгэхэд газаргүй байсан. Газартай байсан бол худалдах худалдан авах гэрээгээ хийгээд чиний газар хүчинтэй. Чиний газар хүчингүй байсан учраас 2003 оны 12 сарын 30-нд газрын гэрчилгээ гаргуулсан байна. Гэтэл тэр чинь захирамжгүй, тоотгүй. Хэдэн онд сунгасныг нь мэдэхгүй. Ирээд танайх сунгасан байна, гарц хаалаа гэхэд та нар хүлээн зөвшөөрөөгүй. Дахиад давраад 86 м.кв болгохдоо манай сунгасан гарцыг хаагаад, баруун тийшээ сунгаад, урагшаа манай аптекийн газар руу ороод дахиад 1,5 метр сунгаад үүндээ тааруулаад дахиж кадастр гаргуулсан... гэв.

5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: сумын Засаг даргын А/60 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалт буюу Г.т холбогдох хэсэг, А/70 дугаартай захирамжууд нь илт хууль бус гэж үзэж байгаа. Иргэнд эзэмшүүлсэн газрыг хариуцагч дур зоргоороо хуульд заасан үндэслэлгүйгээр хасах боломжгүй. Бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй давхцуулж гарц, орцыг нь хааж газар өмчлүүлэх үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцдог. Гэтэл захиргааны байгууллагын зүгээс хууль журмаа баримтлахгүйгээр бусдын эзэмшиж ашиглаж байгаа газрыг давхцуулаад, гарц орцыг нь хаагаад, газар эзэмшүүлснээ мэдэхгүй гэж тайлбарлаж болохгүй. Газрын тухай хуульд газар эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлын зарчмын баримтлах ёстой гэж заасан. Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэний эрхийг харгалзаж үзэхгүйгээр шууд газар өгөөд байгаа нь дээрх зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд гуравдагч этгээд нь зохих зөвшөөрөлгүй газар дээр нэхэмжлэгчийн орц гарцыг хааж дэлгүүрээ сунгасан гэж үзэж байгаа учраас тухайн сунгасан хэсгийг чөлөөлүүлж орц гарц гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зохих зөвшөөрөлгүй газар дэлгүүрээ сунгасан нь гуравдагч этгээд 2003 оны 12 сарын 30-ны огноотой газар эзэмших гэрчилгээнд 60 м.кв хэмжээтэй газар эзэмшиж байсан гэдэг боловч тухайн гэрчилгээгээр газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр тодорхойгүй байдаг. Өнөөдөр гуравдагч этгээдээс өөрөөс нь энэ тухай асуухад мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр ийм шийдвэр байсан бол хэрэгт нотлох баримтаар яагаад авагдахгүй байгаа юм бэ, шүүхээс 2003 оны Засаг даргын захирамжуудад үзлэг хийхэд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж байгаагүй. Эндээс үзвэл газрын гэрчилгээг гараар бичиж өгсөн боловч газрыг албан ёсоор олгосон шийдвэр байхгүй. Тиймээс гуравдагч этгээдийг 2003 онд 60 м.кв газрыг хууль ёсоор эзэмшсэн гэж үзэх боломжгүй. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч 2003 оны захирамжтай маргаагүй гэж байна. Шийдвэр байхгүй учраас бид захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй байна. Шийдвэр байсан бол маргах байсан. Түүнээс хойш гуравдагч этгээдэд 2009 оны 03 сарын 26-ны өдрийн 22 дугаар захирамжаар 60 м.кв газар эзэмшүүлсэн. Гэтэл 60 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр гарахаас өмнө 2005 онд дэлгүүрээ сунгасан, гэрчилгээ нь 2008 онд 56 м.кв-аар гарсан байна. Гэтэл 2009 онд 60 м.кв газрын зөвшөөрөл олгогдсон. Тэгэхээр 2003 онд шийдвэргүй, 2008, 2005 онд зөвшөөрөлгүй байсан байна. Ингээд 2010 оны 03 сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийдвэрээр гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын шийдвэрийг захиргааны байгууллага гаргасан. Энэ шийдвэр хүчинтэй явсаар байгаад 2021 оны 03 сарын 28-ны өдөр А/60 дугаар захирамжаар хүчингүй болж гуравдагч этгээдийн газар нь 38 м.кв-аас 86 м.кв болсон. А/60 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар нэмж олгохдоо нэхэмжлэгчийн газартай давхцуулж түүний газрын хэмжээг нь хасаж, гарц. орцгүй болгож 86 м.кв эзэмшүүлсэн нь илт хууль бус гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад удаа дараагийн кадастрын зургууд, урьд өмнө гарч байсан шийдвэрүүд зэргээс тодорхой харагдаж байгаа. Илт хууль бус захиргааны акт бол гарсан цагаасаа үйлчлэлгүй байдаг. Тэгэхээр 86 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр илт хууль бус гэж үзэж байгаа учраас гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болно гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д газар эзэмших ашиглах, зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас өгч газар чөлөөлөх мэдэгдэл өгнө, тухайн иргэн байгууллага нь заасан хугацаанд газар чөлөөлөх үүрэг хүлээдэг. Мөн Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах ёстой. Тэгэхээр эдгээрийг үндэслэж газрынхаа зөвшөөрлийг зохих ёсоор аваагүй байж удаа дараа сунгаад орц. гарцыг хаасан байдаг. Үүнийг хууль бус гэж үзсэн учраас хариуцагчийн энэ хууль бус үйлдлээ таслан зогсоогооч, мэдэгдлийг нь өгөөч, гарц орцыг нь гаргуулах үүрэг чиглэлийг нь өгч газар эзэмшигч иргэн Г.гийн эрх ашгийг хамгаалаач гэж хүсэж даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч энэ маргааныг иргэний шүүхийн харьяаллын маргаан гэж байна. Г.гийн өөрийн өмчлөлийн газар дээр хууль бусаар дэлгүүр барьсан бол иргэний шүүхийн харьяаллаар явах байсан. Гэхдээ энэ нь захиргааны байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд гаргах ёстой шийдвэрийг гаргаж өгөхгүй, дээрээс нь илт хууль бус захиргааны акт гаргачхаад түүнийгээ хамгаалаад яваад байгаа учраас харьяаллынх нь дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Мөн хариуцагч нь өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийх хууль зүйн  үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам цахилгаан холбооны инженерийн шугам татах, гарц гаргах зориулалтаар бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж байгаа. Тэгэхээр ямар ч байсан гарц орц гаргуулахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө зохих ёсоор нь ашиглахын тулд энэ шаардлагыг гаргах нь хуульд нийцэж байгаа. ын анх байсан дэлгүүрийн суурийн 38 м.кв газартай маргаагүй. Түүнээс бусад газарт зөвшөөрөлгүй сунгаж орц, гарц хаасан байгааг харгалзан үзэж энэ шийдвэрийг гаргуулахыг даалгаж өгөхийг хүсэж байна. Мөн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй байна. Тухайн газрын талуудынх нь хэмжээг тавьсан боловч талбайн хэмжээ нь тодорхойгүй эргэлзээтэй нотлох баримт байдаг. Харин эхний дүгнэлт нь давхцалыг хэн хэний газар ямар хэмжээтэй юм гэдгийг кадастрын зургууд дээрээ үндэслэсэн байдаг. Мөн хэрэгт авагдсан шийдвэрүүдтэй нийцэж байгаа учраас эхний дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч кадастрын зураг энэ хоёр иргэн дээр буруу болжээ түүнээс буруу байх боломжгүй гэсэн тайлбарыг ямар нэгэн баримтгүйгээр шүүх дээр анх удаа хэлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрвээ буруу байсан юм бол шийдвэрээ гаргахаас өмнө Г. гэдэг хүнийг дуудаж мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй юм бэ, Ойлгомжгүй шинжээчийн дүгнэлт үзүүлээд шүүх хурал дээр ийм тайлбар хэлээд байж байгааг хангалтгүй гэж үзэж байна. Хариуцагч, гуравдагч этгээд нарын татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа тул хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна... Хариуцагч бодит хэмжээ нь энэ гээд байна. Гэхдээ эхлээд 306 м.кв-г ч гэсэн бодит хэмжээ гэж тайлбарлаж байсан боловч, дараа нь дахиад бодит хэмжээ нь энэ гээд 280 м.кв болгож багасгасан. Тэгэхээр энэ байдлаараа бол бодит хэмжээ нь хэзээ хаана хүртэл явж байж тогтоогдох вэ гэдэг нь ойлгомжгүй байна... гэв.

5.3 Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Өгөөмөр барилгын дэлгүүрийн эзэн Г. нь 60 кв.м ХХК-ийн Аньс эмийн сангийн эрхлэгч Г. нь 450 кв.м  газрыг анх 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар захирамжаар эзэмшсэн байна. Энэ хоёр иргэн нь талбай хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт гарган кадастрын зураглал хийлгэн, сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/60 дугаар захирамжаар тус тус талбайн хэмжээгээ өөрчилсөн. Г. нь 2019 оны 11 сард эзэмшил газраа өмчлөх хүсэлт гарган сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/195 дугаар захирамжаар тус газрыг өмчилж авсан байна. Одоогийн байдлаар Г. нь 2021 оны А/60 дугаар захирамжаар 86 м.кв  эзэмшсэн, Г. нь 2019 оны А/195 дугаар захирамжаар 280 м.кв газар өмчилж байна. Нэхэмжлэгч Г. гуравдагч этгээд Г. нарын газрын хэмжээг ихэсгэж, багасгасан талаар судалж үзэхэд анх 2000 оны үед газрын хэмжээг гараар хэмжиж гэрчилгээг олгодог байсан. Тэр үед кадастрын  мэдээллийн сан нэвтрээгүй байсан. Гар хэмжээ өнөөдрийн кадастрын багажийн хэмжилт зөрүүтэй байх магадлалтай байна. 2018 оны 8-р сараас кадастрын зургийн программыг сумандаа эрхлэх, хэвлэх эрх нээгдэж кадастрын зураг хийх эрх авсан компаниар зургийг хийлгэж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастр хариуцсан мэргэжилтэн хариуцан гүйцэтгэдэг байсан байна. Г.гийн аптекийн барилга, Г.ын  дэлгүүрийн барилга нь залгаа байрладаг, залгаан дээрээ нааш цааш болгож кадастр хийлгэж, Г. нь дэлгүүрийнхээ үүдний хайс хэсгийг хойш сунгаж кадастр хийлгэсэн зэргээс эзэмшиж, өмчилж байгаа газрын хэмжээнүүд ихсэж багассан байна. Кадастрын зургийг өөрсдөө кадастрын компаниар хийлгүүлж кадастрын мэдээллийн санд оруулсны дагуу Засаг даргын шийдвэрүүд гарсан болно... Засаг дарга шийдвэрээ хуулийн үндэслэлтэй гаргасан. Шийдвэр нь кадастрт үндэслэсэн. Нэхэмжлэгч орц гарц хаасан асуудал ярьж байна гэж ойлгож байна. Яг бодит байдал дээр энэ нь өнөөдрийн ярьж байгаа асуудалтай нийцэхгүй байна. Нөгөө талаар Засаг дарга шийдвэр гаргахдаа зүгээр гаргадаггүй гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээдэг. Анх 38 м.кв-аар байсан нь үнэн. Гэтэл өнөөдөр битүү байгаа хүний үл хөдлөх хөрөнгийг кадастр хийхээрээ талыг нь хийнэ гэж хэлэх эрх байхгүй. Бодит байдал дээр байгаагаар нь хийсэн... бидний алдаанаас болж газрын хэмжээнд өөрчлөлт орно гэж хүлээн зөвшөөрөх асуудал биш. Алдаанаас бус бодит байдал дээр байгаа газар нь үл хөдлөх хөрөнгийн хэмжээсээр явагдаж байгаа. Түүнээс миний гаргасан алдаанаас болж газрын хэмжээ томорч жижигсээгүй. Байгаа бодит байдалд кадастрын зургаар хийгдэж байгаа асуудал. Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамжлах эрхтэй учраас тухайн үед захирамж гарсан. Хоорондын маргаан байсан тэр маргаанаа зөв тайлбарлаж явахгүй, шал өөр асуудлууд яриад, газар дээр байгаа маргаанаасаа өөр асуудал яриад, яг ач холбогдолтой хаасан гээд байгаа гарц орцоо ярихгүй байна. Энэ орц гарцын асуудал зөвхөн өнөөдөр мэдэгдэж байгаа асуудал биш. Хаагдаад үл хөдлөх хөрөнгө залгагдсан байна. Түүгээрээ кадастр хийгдсэн гэрчилгээ гарсан байна... анхнаасаа Г., Г. хоёр хөрш байгаад олон жил болсон. Шинээр олгогдсон газар биш. Хэзээ барьж, хэзээ өргөтгөл хийснийг болон орц, гарцын асуудлыг бид мэдэхгүй. Тухайн үед би өөр ажил хийдэг байсан. Өнөөдрийн байгаа бодит байдалд кадастрынх нь хэмжээгээр олгосон. Тухайн үед орц, гарц хаалаа гээд гомдол гаргаад явсан бол болох байсан. Гэтэл өнгөрсөн жил энэ асуудал эхэлсэн. Ингэж ярьж эхлэхэд үл хөдлөх нь наалдсан, бэхлэгдсэн, баригдаад дууссан. Тэр бодит байдлын хэмжээ нь газар нь 55 м.кв, хойшоо сунгалттайгаа 86 м.кв болсон. Түүнийг л хэлж байгаа... гэв.

5.4. Гуравдагч этгээд нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:  Миний зүгээс эгчийн газраас авъя, хасуулъя, ямар нэгэн байдлаар хохирооё гэсэн санаа зорилго огт байхгүй. Бид олон жил айл аймаг явсан хүмүүс учраас эвтэй л явъя гэж боддог. эгч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2009 оны 03 сарын 26-ний өдрийн 22 дугаар захирамжаар 450м.кв тайлбартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан юм байна. эгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах авах үед манайх аль хэдийн дэлгүүрийн байшингаа бариад гэрчилгээгээ ном журмын дагуу гаргуулсан байсан юм. эгчийн тэр том газар нь өөрийнх нь дэлгүүрийн ард талын хэсэгт байгаа. Харин миний эзэмшлийн газартай давхацсан зүйл байхгүй, манайх анхны хэмжээнээс томсгож бариагүй яг л анхны хэмжээгээр байгаа юм. эгчийн газрын хэмжээ яагаад өөрчлөгдсөн болохыг би мэдэхгүй. Энэ газрын албаны нарийвчилсан зураглалаас л хамаарсан байх гэж бодож байна. Хэмжилтийн алдааг сумын газрын даамал хариуцна... энэ аптекийг ******* гэж хүн ажиллуулдаг байсан юм, аптекийн баруун талд хог шиддэг нарийн завсар л байдаг байсан. Ямар сайндаа 2004 онд эднийх сунгахдаа шавраа хийж чадахгүй байсан. Тэгээд 2005 онд би *******т шаврынх нь мөнгийг өгөөд зэрэгцээд баръя гэсэн. Эднийх ч гэсэн өөрсдөө хүний өчнөөн олон талбайд нааж барьсан байдаг. Би эдний 7, 8 м.кв-д нааж барьсан. Бүгд нь дэрлүүлээд баръя гэсэн. Тухайн үед Адъяабазар гэж узель ажиллуулдаг хөгшин манай хажууд байдаг байсан. Хаяа хаяагаа дэрлүүлж барьсан учраас орц гараад байх завсар байгаагүй. Тэгээд 2005, 2006 онд узелийн зай гараад дэлгүүр шахаж барьсан. Бидний ажлын амжилтад атаархсандаа ингээд байгаа. Анх тэр сууринаас эхэлсэн учраас бид хайрлаад зардаггүй юм. Бид хүнээс хулгай хийж аваагүй. Гэтэл энэ хүн хотод байж байж ирчхээд ноднин намайг зодсон. 2004 онд наймаа эрхлээд банкнаас зээл авахад банк дэлгүүрийн тал бүрээс зураг авч байсан. Тийм зураг юм байна уу гэж банкнаас асуухад 2004 оны материал устсан байгаа гэж хэлсэн. Хэрвээ байсан бол тэр л нотлох баримт болох байсан юм гэв. Иймд миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

5.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч эдгээр хүмүүсийн газар давхцаагүй гэдгийг хэлсэн. Тэгэхээр давхцаагүй зүйл дээр захирамж хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох шаардлагагүй. Үнэхээр орц гарцаа л нээлгэх гээд байгаа бол энэ нь иргэний эрх зүйн маргаан. Мөн бусдын хууль бус эзэмшлээс өмчлөх эрхээ сэргээлгэх зорилгоор иргэний шүүхэд ханддаг гэж байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарлаад байгаа нь Г.ын хууль бус эзэмшлээс л өөрийнхөө эд хөрөнгийг чөлөөлүүлэх гээд байгаа юм шиг тайлбарлаад байна. Тэгэхээр нь Захиргааны ерөнхий хууль, захиргааны акт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуультай огт холбогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө барьчхаад байгаа хүн орц гарц нээх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй хашаа 4 талтай. Бусад талаараа үл хөдлөх эд хөрөнгө баригдаагүй бол орц гарц гаргах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн эсэхийг өөрөө мэдсээр байж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дээр 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлагад дурдагдсан акт илт хууль бус акт биш байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Манай үйлчлүүлэгч 2003 онд 60 м.кв газар эзэмшсэн. Захирамж байхгүй байна гэж байна. Гэхдээ 2003 онд Засаг даргын захирамжийг гуравдагч этгээд хуурамчаар хийгээгүй нь тодорхой. Харин Засаг даргын захирамж архивын санд яагаад байдаггүй нь тухайн байгууллагын ажлын эмх цэгцийн асуудал байх... ., Г. нар олон жил хөрш зэргэлдээ байчхаад залуу хүн байж одоо нэгнийхээ газрыг дээрэмдэж авсан гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Нэхэмжлэгч болохоор Г.ын үл хөдлөх анх 38 м.кв байсан гэж яриад, гуравдагч этгээд болохоор барилгынхаа суурийг өөрчлөөгүй гэж яриад байна. 2003, 2008, 2009 оны захирамжуудыг нэхэмжлэгч тал үгүйсгээд байна. Гэтэл үнэхээр 38 м.кв барилга байж байгаад 60 м.кв болгоод томсгосон юм бол тухайн үед нь яагаад маргаан үүсгээгүй юм бэ, Гуравдагч этгээд 2005 онд байшингаа өргөтгөсөн гэж тайлбарласан. 2005 оноос хойш бараг 17 жилийн хугацаанд маргаан үүсгээгүй. Гэтэл одоо энэ хүнд газар байгаагүй миний газар дээр ирж амьдраад байна гэж тайлбарлаад байгааг би ойлгохгүй байна. Өчнөөн жил хөрш зэргэлдээ худалдаа үйлчилгээ явуулчхаад энэ хүн газаргүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан акт гарах тухай бүр гомдлоо гаргаад явах эрх нэхэмжлэгчид байсан.  Тэгэхээр энэ агуулгаар бол нэхэмжлэгч тухайн үеийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн байсан гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн үндэслэл болон шаардлага хэсэгт захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байна. Тэгвэл энэ захиргааны акт нь үнэхээр илт хууль бус акт мөн юм уу? гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн агуулгатай тайлбарлахгүй байна. Нэхэмжлэгч өөрийнхөө эрх ашгийг зөрчигдсөнийг хэзээ мэдсэн гэхээр хэрэгт авагдсан нотлох баримтаар 2021 оны 03 сарын 24-ний өдрөөр өөрийнх нь хүсэлтээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар мэдсэн байна. Гэтэл дээд шатны Засаг даргад гомдол гаргахдаа 2021 оны 09 сарын 30-ны өдөр гаргасан байдаг. Тэгэхээр бүтэн 6 сарын хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар өөрийнх нь эрх ашиг нь зөрчигдсөнийг мэдвэл 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Энэ хугацааг хэтрүүлсэн байна. Засаг дарга нь нэгжийн тухай хуульд зааснаар өөрийнхөө хууль бус захирамж шийдвэрийг залруулах эрх хэмжээтэй. Үүнийхээ хүрээнд 306 м.кв газар нь тухайн хэмжээсээ 306 биш, 280 м.кв газар юм байна гэдэг газрын даамлын тайлбарын үндсэн дээр захирамжаа хүчингүй болгож газрын бодит хэмжээсээр захирамжаа өөрчлөн газрын бодит хэмжээгээр захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд орц гарцыг гаргах шаардлага байгаа. Би үүнийг иргэний эрхийн маргаан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн эрх гэж байгаа. Өмчлөгч өөрийнхөө эрх ашиг зөрчигдсөнийг мэдвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор шүүхэд хандах эрх нь нээлттэй. Нэхэмжлэгч шүүхэд гаргаж байгаа удаа дараагийн тайлбараараа өмчлөгч миний эрх зөрчигдлөө, орц гарц байхгүй байна гэсэн тайлбар хийгээд байгаа нь энэ агуулгаараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдэх маргаан байна.Тийм учраас нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийг ойлгохгүй байна гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Үүнд ойлгохгүй зүйл байхгүй. Сүүлд өгсөн хүсэлтийн дагуу байшингийн хэмжээсээр дүгнэлт гаргасан. Шүүхийн албан ёсоор хэмжих эрх бүхий этгээд биш учраас эрх бүхий этгээдээр байшингийн хэмжээсийг гаргуулахад 55 м.кв байсан. Сунгаад байгаа 86 м.кв-ыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Үүн дээр хариуцагчийн зүгээс удаа дараа нэмэгдээд байгаа нь таны байшин руу ороогүй, урагшаа тамбар гаргаад байгаа хэсэг рүүгээ ороод байна гэдгийг тайлбарласан. Нэхэмжлэгч гуравдагч этгээдийг худалдааны гудамжинд өчнөөн газартай байж гэж байна. Засаг даргын захирамж дээр 60 м.кв гэж байсаар байхад нэхэмжлэгч яагаад гуравдагч этгээдийн газрыг авах гэж зүтгээд байгаа юм бэ? Ойлгомжгүй байна. Тэгэхээр Засаг даргын захирамж 60 м.кв гэж байгаа учраас объект нь 60 м.кв-даа багтаад 55 м.кв байна. Урагшаа сунгасан хэсэг нь 86 м.кв-даа багтаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй, захиргааны акт илт хууль бус зүйл алга. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй,... хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр, гэрчилгээ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Нэхэмжлэгч Г. нь Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/60 дугаартай захирамжийн хавсралтын холбогдох хэсгийг болон 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн A/70 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар зохицуулсан бөгөөд уг зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт... илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг хэдийд ч гаргах эрхтэй байх тул “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

4. Маргаан бүхий эхний захиргааны акт болох Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/60 дугаартай захирамж /цаашид А/60 гэх/-аар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “в”, 29.2, 29.3 дахь заалтуудыг үндэслэн “худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор газар, гэр орон сууц, хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан 7 иргэнд хавсралтад заасны дагуу эзэмшил газрын хэмжээг нь өөрчлөн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тэдэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулахыг газрын даамал /Р./-д үүрэг болгож, уг захирамж гарсантай холбогдуулан 2006 оны о /дугаар тодорхойгүй/, 2007 оны 38, 2009 оны 22, 2010 оны 14, 2018 оны А/118 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 91, 92-р хуудсанд/

5. Уг захирамжийн хавсралт дахь жагсаалтын 1-д нэхэмжлэгч Г.тэй холбоотой мэдээлэл байх ба өмнөх 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/118 дугаар захирамж дахь түүний ******* дугаартай нэгж талбар буюу тоот хаягт байршилтай газрын хэмжээг 306 м.кв гэснийг 280 м.кв болгон өөрчлөх агуулга тусгагдсан байна.

6. Мөн жагсаалтын 5-д гуравдагч этгээд Г.тай холбоотой мэдээлэл байх ба өмнөх 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамж дахь ******* дугаартай нэгж талбар буюу Дэлгэрэх ******* тоот хаягт байршилтай газрын хэмжээг 38 м.кв гэснийг 86 м.кв  болгон өөрчлөх агуулга тусгагдсан байна.

7. Маргаан бүхий дараагийн захиргааны акт болох Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” A/70 дугаар захирамж \цаашид А\70 гэх\-аар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтуудыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн А/195 дугаар захирамжаар Г.гийн өмчилсөн газрын хэмжээ, нэгж талбарын байршлын хаяг өөрчлөгдсөн залруулгыг хавсралтаар баталж, энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/195 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулахыг газрын даамал /Р./-д үүрэг болгож, 2021 оны А/60 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 93,94 дүгээр хуудсанд/

8. Уг захирамжийн хавсралтад зөвхөн нэхэмжлэгч Г.тэй холбоотой мэдээлэл тусгагдсан байх ба 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/195 дугаар захирамж дахь ******* дугаартай нэгж талбар буюу тоот хаягт байршилтай газрын хэмжээг 306 м.кв гэснийг 280 м.кв болгон өөрчлөх агуулга тусгагдсан байна.

9. Маргаан бүхий А/60, А/70 дугаар захирамжуудад Газрын тухай хуулийг үндэслээгүй байх бөгөөд нэр бүхий иргэдийн, тодруулбал, нэхэмжлэгч Г., гуравдагч этгээд Г. нарын эзэмшил, өмчлөлийн газрын хэмжээг өөрчилсөн үндэслэлийн талаар тодорхой тусгаагүй, зөвхөн сумын Засаг даргаас захирамж гаргах, захирамж хуульд нийцээгүй бол өөрчлөх, хүчингүй болгох, тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах талаарх Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтуудыг баримталсан байх ба 29.1.3 “в” гэх тусгай хэрэгцээний газрыг ашиглуулахтай холбоотой зохицуулалт нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил газрын хэмжээг өөрчлөх асуудалд хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.

10. А/60, А/70 дугаар захирамжуудад дурдагдсан захирамжуудаас зөвхөн 2009 оны 22, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/195 дугаар захирамжууд нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нартай холбоотой газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар гарсан захирамжууд байна.

11. сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар захирамжаар сумын иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан шинээр газар эзэмшүүлэх ажлыг эхлүүлж, иргэний эзэмших газрын байршил, зориулалт, хэмжээ, заагийг өрх нэг бүрээр тодорхойлон хавсралтаар баталж, шинээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, төлбөрийг тооцон, хяналт тавьж ажиллахыг газрын даамалд даалгаж шийдвэрлэжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 82 дугаар хуудсанд/

12. Уг захирамжийн хавсралт дахь жагсаалтын 39 дүгээрт тус сумын Дархан-уул багийн 4-р хэсэг гэх байршилд Г.д  450 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, жагсаалтын 66 дугаарт мөн байршилд Г.т 60 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх агуулга тусгагджээ.

13. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:...газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 23 дугаар зүйлийн 23.4.2-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна” гэж газар эзэмшүүлэх журмыг зохицуулжээ.

14. Уг зохицуулалтын хүрээнд сумын Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийг үндэслэн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, ******* дугаар бүхий нэгж талбарын 450 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Г.д,  ******* дугаар бүхий нэгж талбарын 60 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Г.т тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгожээ. /Хэргийн 1 дэх хавтасны 6, 9, 131 дүгээр хуудсанд/

15. Гуравдагч этгээд Г.т  өмнө нь 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 60 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 237 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх ба уг гэрчилгээнд газрын байршил, хэмжээг тодорхой тусгаагүй, мөн уг гэрчилгээг олгох үндэслэл болсон сумын Засаг даргын захирамжийн огноог “2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр” гэж тэмдэглэсэн боловч дугаар тодорхойгүй байна. Харин газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээг 60 м.кв гэж тусгасан боловч мөн газрын байршил тодорхой тусгагдаагүй байна.

16. Шүүх дээрх гэрчилгээнд тусгагдсан 2003 оны захирамжийг тодруулах үүднээс сумын Засаг даргын 2003 оны эх захирамжуудад үзлэг хийхэд Г.т газар эзэмшүүлэх асуудлаар гарсан захирамж байхгүй нь уг 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул дээрх 2003 онд олгогдсон 237 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг энэ хэрэгт маргаж буй Дэлгэрэх ******* тоот хаягт байршилтай газрыг Г.аас эзэмших эрхийг нотолсон баримт гэж шууд үзэх үндэслэлгүй байна. /хэргийн 1 дэх хавтасны 133 дугаар хуудсанд/

17. Дээрх үйл баримтаас хойш буюу сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/118 дугаар захирамжаар Г.гийн газрын хэмжээг 306 м.кв болгон багасгаж дахин шинээр эзэмшүүлж, ******* нэгж талбарын дугаар бүхий уг газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээг мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр олгосон байх ба тийнхүү газрын хэмжээг багасгасан үндэслэлийг нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар хэн аль нь зөвшөөрч хүлээн тайлбарлаж байгаа ба “бодит байдалд газрын хэмжээ 450 м.кв гэх хэмжээнд хүрэхгүй байсан, анх гар хэмжээсээр хэмжиж газрыг олгохдоо буруу хэмжсэн байсан нь хожим кадастр хийгдсэнээр тогтоогдсон хэмжээгээр эзэмшүүлэх шаардлагатай болсон” гэх шалтгаанаар газрын хэмжээг өөрчилсөн байна. /Хэргийн 1 дэх хавтасны 7, 95, 96 дугаар хуудсанд/

 18. Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн эзэмшиж, өмчилсөн газрыг хэмжээг 450 м.кв гэж маргаагүй, 306 м.кв хэмээн хүлээн зөвшөөрч уг хэмжээний дотор газраа эзэмших, өмчлөх эрхтэй байсан талаар маргаж байгааг дурдах нь зүйтэй. /хэргийн 95, 96 дугаар хуудсанд/

19. Дараа нь сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/195 дугаар захирамжаар Г.д 306 м.кв газрыг нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /Хэргийн 1 дэх хавтасны 89, 90 дүгээр хуудсанд/

20. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, гэж заасан эрхийн хүрээнд дээрх захирамжийг гаргажээ.

21. Нэхэмжлэгч Г.гийн тухайд газар өмчлөх өргөдөл, хүсэлтээ хуульд заасны дагуу гаргасан эсэх, уг газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэх талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

22. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч Г.гийн тухайд 306 м.кв газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгогдоогүй байх ба уг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх нөхцөл байдал Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдохгүй байна, харин 208 м.кв хэмжээтэй газрын өмчлөгчөөр улсын бүртгэлийн  ******* дугаарт бүртгүүлснээр, түүнд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /Хэргийн 1 дэх хавтасны 15, 160-164 дүгээр хуудсанд/

23. Нэхэмжлэгч Г. нь өөрийн өмчлөлийн гэх газрыг анх 2009 онд иргэн Д.*******аас,  гуравдагч этгээд Г. нь өөрийн эзэмшлийн газрыг 2008 онд иргэн Д.аас тус тус шилжүүлэн авсан гэх боловч сумын Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар тэдэнд маргаан бүхий газруудыг шинээр эзэмшүүлж, гэрчилгээг шинээр олгох агуулга тусгагдсан, түүнээс өөрөөр тэдний газар эзэмших эрхийг сумын Засаг даргаас шийдвэрлэсэн, баталгаажуулсан ямар нэгэн захиргааны акт байхгүй болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон сумын газрын даамлаас шаардан гаргуулсан газар эзэмшигч, өмчлөгчийн нэгж талбарын хувийн хэрэг, иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлт, тэдгээрийг бүртгэсэн холбогдох баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 72-96, 135 дугаар хуудсанд/

24. сумын Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г., гуравдагч этгээд Г. нарт тус тусын газрыг эзэмшүүлэхдээ гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байх боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбараас дүгнэхэд тэд газраа дээрх захирамжаар тогтоосон зориулалтаар бус, худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ирсэн байна.

25. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь 2003 оноос хойш дээрх маргаан бүхий Дархан-Уул багийн Дэлгэрэхийн 3-, ******* тоот хаягт байршилтай газарт эмийн сан, дэлгүүрийн үйлчилгээ явуулж, газрыг бодитойгоор ашиглаж ирсэн талаар хэн аль нь маргаагүй, энэ талаар тэд хүлээн тайлбарлаж байгаа боловч анх ямар хэмжээ, байршлаар уг газруудыг эзэмших болсон, газрын хилийн зааг, цэгүүд хэрхэн тогтоогдсон талаар маргаж байгаа боловч тэдэнд эзэмшүүлж, өмчлүүлсэн газруудын тойм, схем зураг, газруудын хил, зааг, цэгүүдийг газарт бэхэлж хүлээлгэж өгсөн баримт тогтоогдохгүй байна.

26. Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 259, 06 дугаар сарын 06-ны өдрийн 436, 07 дугаар сарын 04-ний өдрийн 515 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас харахад анх маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч Г. нь 2003 оноос 40 м.кв талбайтай, 2018 оноос 158.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /эмийн сангийн барилга/-ийн өмчлөгчөөр, гуравдагч этгээд Г. /гэр бүлийнхний хамт/ нь 2008 оноос 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /дэлгүүр/-ийн өмчлөгчөөр тус тус бүртгүүлсэн бөгөөд уг дэлгүүрийг Г.т шилжүүлж өгсөн гэх иргэн Д. гэр бүлийнхний хамтаар уг дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд 2003 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлж байсан байх ба тухайн үед дэлгүүрийн барилгын талбайг 44 м.кв гэж бүртгүүлжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 227, 228, 2 дахь хавтасны 5, 6 дугаар хуудсанд/

27. Дээрх баримтуудаас харахад гуравдагч этгээд Г.ын тухайд дэлгүүрийн барилгынх нь талбайн хэмжээ 44 м.кв байсан байх ба 2008 онд түүнийг 56 м.кв болгон 12 м.кв хэмжээгээр сунгасан нөхцөл байдал тогтоогдож байна.

28. Нэхэмжлэгч Г.гийн тухайд салгаж үл болох үргэлжилсэн дөрвөн айлын орон сууц бүхий барилгын нэг хэсгийг буюу 40 м.кв талбай бүхий хэсгийг өмчилж, уг үл хөдлөх хөрөнгөд хамаарах 50 м.кв хэмжээтэй газрыг эзэмшиж байсан, мөн дээрх орон сууцны барилгын бусад өмчлөгч нарт оногдох хэсгийг шилжүүлэн авснаар 2018 оноос нийтдээ 158.7 м.кв талбайтай уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх болсон хэмээн үл хөдлөхийн талбайн хэмжээ нэмэгдсэн шалтгааныг тайлбарлаж байх ба эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 15, 160-164 дүгээр хуудсанд/

29. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын мэдээллийн сан дахь газрын кадастрын түүхүүд буюу Г.гийн нэрээр хийгдсэн 306 м.кв, 280 м.кв, гуравдагч этгээд Г.ын нэрээр хийгдсэн 38 м.кв, 86 м.кв хэмжээтэй газруудын кадастрын зургийг газрын мэдээллийн сангаас 2018 оны 08 дугаар сарын 21, 2022 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 28, 06 дугаар сарын 03-ны өдрүүдийн байдлаар хэвлэн гаргасан зургууд болон шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18, 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан зургуудаас харахад гуравдагч этгээд Г. нь ертөнцийн зүгээр хойшоо, мөн баруун тийш Г.гийн 306 м.кв хэмжээтэй газар луу оруулан дэлгүүрийн барилгыг сунгасан нөхцөл байдал тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 18, 78, 88, 165, 197, 234/

30. Мөн сумын 2022 оны 2021 оны А/60 дугаар захирамжаар Г.т  86 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Г.д 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/118 дугаар захирамжаар анх эзэмшүүлсэн 306 м.кв газраас тийнхүү давхцуулан олгож, нэхэмжлэгчийн газрыг үндэслэлгүйгээр 280 м.кв болгон багасгасан нөхцөл байдал нь шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт, холбогдох зургаар тогтоогдож байна. /Хэргийн 196-197, 201-203 дугаар хуудсанд/

31. Харин шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрыг 23 м.кв хэмжээгээр давхацсан гэх боловч хэрэгт авагдсан дээрх кадастрын зургуудаас харахад гуравдагч этгээдээс дэлгүүрийн барилгыг сунгахаас өмнө нэхэмжлэгчийн газрын хэмжээ 306 м.кв байсан бол, дэлгүүрийн барилгыг сунгаснаас хойш 280 м.кв болж өөрчлөгдсөн байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгчийн газар 26 м.кв-аар багассан буюу тэр хэмжээгээр гуравдагч этгээдэд газрыг үндэслэлгүйгээр нэмж эзэмшүүлсэн /306 м.кв-280м.кв=26 м.кв/ байна гэж үзлээ.

32. Хариуцагч сумын Засаг даргын 2021 оны А/60 дугаар захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд Г.т нэмж газар эзэмшүүлэх, нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасган өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тэдний хөрш зэргэлдээ газруудын хэмжээ, хилийн зааг, цэгүүд болон сумын Засаг даргын холбогдох 2009 оны 22 дугаар захирамжаар тэдэнд эзэмшүүлсэн нийт газрын хэмжээ /60м.кв+306 м.кв=366 м.кв/ бодит байдалд яагаад хүрэлцэхгүй болсон шалтгаан зэргийг бүрэн дүүрэн судалж тогтоолгүйгээр гуравдагч этгээд Г.т 86 м.кв газрыг эзэмшүүлэх боломжгүй, бодит газрын хэмжээ хүрэлцэхгүй байсан гэх үндэслэлээр зөвхөн нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг багасгаж, гуравдагч этгээдэд уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөд зогсохгүй, гаргасан захиргааны актууд нь нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэлгүй илт хууль бус захиргааны акт байна.

33. Мөн хариуцагчаас шийдвэр гаргахын өмнө энэ талаарх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр шалгаж тогтоогоогүй, гуравдагч этгээдээс нэмэгдүүлэн эзэмших хүсэлт гаргасан уг газрын байршлыг тогтоож, бусдын эзэмших, ашиглах, өмчлөх газартай давхцах эсэх зэргээр баримт цуглуулж, оролцогчдыг сонсоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

34. Иймд сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/60 дугаартай захирамжийн хавсралтаас Г.т холбогдох хэсгийг, болон 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийг бүхэлд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр тус тус илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй.

35.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сумын Засаг даргад холбогдуулан “Өөрийн өмчлөлийн газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу холбогдох орц гарц гаргаж өгөхийг даалгуулах” шаардлагыг нэмж гаргасан.

36. Нэхэмжлэгч дээрх шаардлагыг хариуцагч захиргааны албан тушаалтанд холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч 2021 оны А/60, А/70 дугаар захирамжуудаар өмчлөлийн газрын хэмжээг нь багасгаснаар орц гарц хаасан гэж үзсэн бөгөөд уг маргаан нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудалтай холбоотой  нийтийн эрх зүйн хүрээнд хамаарч байгаа бөгөөд Газрын тухай хуулийн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд харьяалагдахгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул “уг шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд харьяалагдахгүй, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй.

37. Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “...сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан сумын Засаг даргын бүрэн эрхэд хамааруулан гаргаж буй уг шаардлагыг тус шүүх хүлээж авах үндэслэлгүй байна.

 38. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх даалгуулах шаардлага нь “ сумын Засаг даргад холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/60 дугаартай захирамжийн хавсралтын Г.т холбогдох хэсгийг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн A/70 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэх нэхэмжлэлийн шаардлагад багтаж, агуулгын хувьд давхцаж байх бөгөөд дээрх шаардлагуудыг шүүхээс хангаж, нэхэмжлэгчийн 306 м.кв газрын өмчлөх эрхийг сэргээснээр нэхэмжлэгч өөрийн эзэмшил газраас нийтийн эзэмшлийн зам талбайтай холбогдох боломжтой болох ба харин өөрийн өмчлөлийн газрын зүүн хэсгийг хөрш гуравдагч этгээд Г.ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандах нэхэмжлэгчийн эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

39. Бусад асуудлын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын А/60 дугаар захирамжийн хавсралт дахь жагсаалтын 5-д заасан агуулгаас харахад гуравдагч этгээд Г.т сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр захирамжаар Дэлгэрэх ******* тоот хаягт байршилтай 38 м.кв газрыг эзэмшүүлсэн, уг захирамжаар эзэмшүүлсэн газрын талбайн хэмжээг 86 м.кв газар болгон өөрчилж буй мэдээлэл тусгагдсан байна.

40. Уг мэдээлэлд тусгагдсан 2010 оны 14 дүгээр захирамжийг сумын Засаг даргын Тамгын газрын архивд хадгалагдаж буй 2010 оны захирамжийн эх хувиас тодруулж үзэхэд уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэж, хавсралтаар газар эзэмшигчийн газрын байршил, зориулалт, хэмжээ заагийг тогтоосон боловч уг хавсралт эх хувьд байхгүй хэрхсэн нь тодорхойгүй нөхцөл байдал гэрч Р.ийн мэдүүлэг, шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон болно.

41. Дээрх захирамжийн хавсралт байхгүйгээс гуравдагч этгээд Г.т 38 м.кв газрыг хэрхэн эзэмшүүлснийг дүгнэх боломжгүй байна. Гэрч Р. нь А/60 дугаар захирамжийн хавсралт дахь жагсаалтын 5-д буюу Г.тай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах тухай холбогдох захирамжийн огноо дугаарыг “2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22“ гэхийг андуурч “2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14” гэж бичсэн байна хэмээн мэдүүлсэн байна.

42. Р. нь хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдохоос өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийн дагуу баталгаа гарган дээрх мэдүүлгийг өгсөн тул түүний мэдүүлгийг үнэлэхгүй байх боломжгүй байна. Учир нь сумын Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжаар Г.т маргаан бүхий газарт 60 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нөхцөл байдал өмнө дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

43. Түүнчлэн газрын мэдээллийн санд Г.ын эзэмшил газар 38 м.кв хэмжээтэйгээр байршсан хэмээн шинжээч дүгнэсэн боловч Г.ын эзэмшил газар анхнаасаа 38 м.кв хэмжээтэй байх боломжгүй байна.

44. Учир нь 44 м.кв хэмжээтэй Рашаант гол гэх нэртэй дэлгүүрийн барилгын хууль ёсны өмчлөгч Д.аас уг дэлгүүрийг гуравдагч этгээд Г. худалдаж авсан /уг үйл баримттай нэхэмжлэгч тал маргаагүй/ байх тул уг дэлгүүрийн барилгын сууриас бага хэмжээтэй /38 м.кв/ газрыг Г.т эзэмшүүлсэн байх боломжгүй тул газрын мэдээллийн санд түүний газрын хэмжээг 38 м.кв хэмжээтэйгээр тусгагдсаныг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй.

45. Мөн шинжээч М.******* “Г.ын газрын хувийн хэрэгт өмнө гаргаж байсан кадастрын зураг, өөр ямар нэгэн схем тойм зураг байдаггүй юм... газрын мэдээллийн сан дахь энэ хүний газрынх нь байршлын түүхийг харахад 38 м.кв хэмжээтэй газрын кадастр байгаа... одоо хэрэглэгдэж байгаа энэ газрын мэдээллийн сан 2017 оны 8 сард ашиглалтад орсон, тэр үед энэ зураг анх хийгдэж орсон байна. Эрх зүйн үндэслэлийг болохоор сумын Засаг даргын 2009 оны 22 дугаар захирамжийг үндэслэсэн гэсэн тэмдэглэгээ байна лээ...” гэж тайлбарласнаас харахад 2009 оны 22 дугаар захирамжаар Г.т 60 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд уг захирамжийг үндэслэн газрын кадастрыг оруулахдаа газрын хэмжээг 60 м.кв гэхийг 38 м.кв гэж буруу тусгасан гэж үзэхээр байна. /Хэргийн 1 дэх хавтасны 232, 82, 84, 2 дахь хавтасны 5, 6 дугаар хуудсанд/

46. Шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн явцад гуравдагч этгээд Г.т газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн тухай сумын Засаг даргын 2018 оны 01 дүгэр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамж тогтоогдсон боловч, уг захирамжид ямар байршилд, ямар хэмжээтэй газрыг өмчлүүлэх тухай тодорхой агуулга тусгагдаагүй байх ба энэ хэрэгт маргаж буй Дэлгэрэх ******* тоот хаягт байршилтай газрыг өмчилж аваагүй, өмчлүүлэх талаар шийдвэр гараагүй, зөвхөн өөр хаягт байршилтай гэр бүлээрээ оршин сууж буй газраа өмчилж авсан хэмээн гуравдагч этгээд тайлбарлаж байгаа бөгөөд Дэлгэрэх ******* тоот хаягт байршилтай газраа өмчилж аваагүй талаар хариуцагч мөн тайлбарлаж байгаа тул дээрх 2018 оны А/01 дүгээр захирамжийг энэ хэрэгт хамааралгүй захиргааны акт гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтасны 138, 139 дүгээр хуудсанд/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/60 дугаар захирамжийн хавсралтын Г.т холбогдох хэсгийг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, сумын Дархан-Уул багийн Дэлгэрэх хэсгийн 3- тоот хаягт байршилтай газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу нэвтрэх орц, гарцын хэсгийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн сумын Засаг даргаас 70 200 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                        ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ