Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 310

 

Ч.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалтай, 173700002002 дугаартай эрүүгийн хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Түвшинтөгсийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Усныхан овогт Ч.Б нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх Ч.Б-ыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Б-ыг мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 3.178.591 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэлд олгуулж, 6.123.469 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Б-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Түвшинтөгс бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх магадлалдаа “албандаа хайнга хандаж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Албаны үүргээ биелүүлээгүйн улмаас” гэж диспозицийг заасан байхад тус хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан диспозицийг хэрэглэж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож, хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Дээрхээс дүгнэхэд Ч.Б-ын албаны үүрэг нь заавал хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон байхыг шаардахгүй ба Ч.Б нь албан үүргийнхээ хүрээнд тухайн “Жарын тохой” гэх газарт гарсан хилийн дэглэмийн зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Ч.Б хууль сахиулагч болох нь Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4-т заасан заалт болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд зааснаар Ч.Б нь хуулиар тусгайлан эрх олгосон хилийн зөрчил шалгах эрх бүхий этгээд мөн байна. Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Жарын тохой гэх газар нь улсын хилийн баганаас 920 метрт буюу хилийн шугамнаас 15 км-ийн дотор оршдог болох нь хэрэг учралын үзлэг хийсэн тэмдэглэлээр хангалттай бүрэн нотлогдож байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Ч.Б-ын ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн хэрэг гарсан нь тогтоогдоогүй. Ч.Б-ыг заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гараагүй. Нэр бүхий хүмүүс хилийн дэглэм зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Ч.Б хууль сахиулагч эсэх нь эргэлзээтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Түвшинтөгсийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүй, Ч.Б-ын холбогдсон хэрэг нь түүнд ял сонсгосон Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

 Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ч.Б-ыг Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хилийн цэргийн 0130 дугаар ангийн Ярантын заставын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа албандаа хайнга хандаж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Монгол Улсын хилийн зурвас газарт зохих хяналтыг тавьж ажиллаагүйн улмаас хохирогч З.Одбаяр нь хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч Жарын тохой гэх газарт байх Булган голд загасны тор татах гэж байгаад живж амь насаа алдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 24 дугаар дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэл, яллагдагч Ч.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж дурджээ.

Харин шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд Монгол Улсын хил хамгаалах чиг үүрэг бүхий Ховд аймгийн Булган сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Ярантын заставын нэр бүхий 7 алба хаагч 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус заставын хяналтын бүсэд хамаарах Жарын тохой гэдэг газарт 2 тээврийн хэрэгслээр нэвтэрч Булган голоос загас барихаар явахдаа энэ талаар тус ангийн шуурхай жижүүр, штабын дарга, ангийн дарга нарт мэдэгдээгүй бөгөөд голын усанд загасны тор тавих үед хилийн тагнуулын ажилтан З.Одбаяр усанд хөл алдан живж амь насаа алдсан золгүй явдал болсон ба тэрээр нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан нь хэргийн газарт хамт байсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 24 тоот дүгнэлт /хх-49/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хилийн цэргийн 0130 дугаар ангид Ярантын заставын даргын орлогч ажилтай, тухайн үед заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэх Ч.Б нь тус заставын нэр бүхий 7 алба хаагчийг хилийн зурваст нэвтэрч загас барихаар явах гэж буйг мэдэж байсан атлаа зохих арга хэмжээ аваагүй гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна тус заставын нэр бүхий алба хаагчид нь албан үүргийн хувьд хилийн зурваст нэвтрэх эрхтэй боловч хилийн зурвас газарт орших Жарын тохой гэдэг газарт тээврийн хэрэгслээр нэвтэрч Булган голоос загас барихаар явах талаар тус ангийн жижүүр, заставын даргад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй нь мөн нотлогдон тогтоогджээ.

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр амь хохирогч З.О нас барах үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд мөн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “...Албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан...” гэмт хэргийн тухайд албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүй, учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг билээ.

Гэтэл шүүгдэгч Ч.Б-ын албан үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүй нь амь хохирогч З.О-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-д заасан хориглосон арга хэрэглэж, Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.10-т заасныг зөрчин Улсын хилийн зурвас газарт тор тавьж загас барихаар голын усанд орохдоо хөл алдан амиа алдсан золгүй явдлын шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Ч.Б-ыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг илтэд хангаагүй, гэм буруу нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 39.1, 39.9 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд эцэслэн шийдвэрлэхийн оронд тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэхээр буцаасныг үндэслэлгүй гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Б-т прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-т Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ ямар төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 6 сарын хугацаагаар хасч буйгаа заахгүйгээр хууль буруу хэрэглэснийг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Түвшинтөгсийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ч.Б-т прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН