Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0696/з |
Дугаар | 221/МА2017/0762 |
Огноо | 2016-12-06 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0762
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Ш.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 852 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ий гаргасан давж заалдах гомдлоор “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал Э.Пүрэвбат 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 2016-2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 852 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, 2016-2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Захиалагч байгууллага болох Уул уурхайн яамнаас “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын төсөл, “Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер зарлан зохион байгуулсан байдаг. Уг тендерт оролцсон “Геосан” ХХК, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Геомин” ХХК, “Найманбат” ХХК, “Гео-Эрин” ХХК, “Жинст-Уул” ХХК, “Литолог” ХХК-иудаас 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуулийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 5/4565 дугаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан байдаг.
Захиргааны маргаан бүхий акт болох 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг захиалагч байгууллагад хүргүүлснээс хойш дээрх тендерт шалгаруулалтад шалгарсан оролцогч нартай гэрээ байгуулсан тухай Сангийн яаманд мэдэгдсэн байдгийг шүүх харгалзаж үзээгүй байдаг.
Улмаар тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоо үүсэхгүй байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Учир нь дээрх баримт бичиг, материалд тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг Сангийн яам шууд утгаараа ямар этгээд болохыг мэдэх боломжгүй байсан. Дээрх тендер шалгаруулалтын баримт бичиг, материал ирүүлээгүй нь хууль зөрчсөн байж болзошгүй, эргэлзээтэй байдал үүсгэж байна.
Анхан шатны шүүхээс Сангийн яамыг хууль зөрчсөн, буруутай мэт шийдвэрлэсэн нь хэт нэг талын ашиг сонирхлыг баримталсан гэж үзэж байна. Захиалагч байгууллага тендерийн баримт бичиг, материалыг ирүүлээгүй буруутай үйлдэл нь өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон, үнэлгээний хорооны үйл ажиллагаа илтэд хариуцлагагүй
буруутай үйлдэл, эс үйлдэхүйг Сангийн яам хариуцах үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна.
Иймд захиалагч байгууллага болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүн тэдгээрийн үйл ажиллагаа, тендер шалгаруулалтын үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, дээрх тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн эсэхийг тогтоож улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Уул уурхай яамнаас зарласан “1:50000-ны масштабын геологийн зураглал ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын төсөл, Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын талаарх баримт материалуудыг шаардсан хугацаанд гаргаж өгөөгүйгээс уг тендерт оролцсон нэр бүхий компаниудаас гаргасан гомдлыг хянах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэсэн үндэслэлээр Сангийн яамнаас тендерийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр хүчингүй болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцээгүй, уг тендерт шалгарсан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.
Хариуцагчаас тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянаад уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасны дагуу захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох эрхтэй боловч тендер шалгаруулалт хууль нийцсэн эсэхийг нягтлалгүйгээр зөвхөн дээрх үндэслэлээр тендерийг хүчингүй болгох эрхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шаардсан баримтыг ирүүлээгүйд л үндэслэн тухайн тендер шалгаруулалтыг хууль зөрчсөн байж болзошгүй, эргэлзээтэй байдал үүсгэсэн гэж таамаглан дүгнэснийг зөвтгөх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр гомдолд дурдсанчлан Сангийн яаманд хариуцлага хүлээлгэх ямар ч үр дагаврыг бий болгоогүй, түүнчлэн тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг гомдлын хүрээнд шалгаж шийдвэрлээгүй атлаа шүүхээр тогтоолгох байдлаар давж заалдах гомдлын үндэслэлээ гаргаж буй нь ойлгомжгүй байна.
2.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4/63 дугаар албан бичиг нь цаг хугацааны хувьд Сангийн яамны дээрх шийдвэрийн дараа гарсан, агуулгын хувьд тендерийг хүчингүй болгосон бус харин Сангийн яамны шийдвэртэй холбогдуулан тус яамнаас аливаа хариуцлага хүлээхгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, мөн тендерийг дахин зарласан тохиолдолд энэ талаар мэдэгдэх болохоо илэрхийлсэн, өөрөөр хэлбэл энэхүү мэдэгдэл нь захиргааны актын шинжийг агуулаагүй, захирамжилсан шинжгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлтэй дээрхийг адилтган үзэх боломжгүй.
Түүнчлэн тус яамнаас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, харин Сангийн яамнаас тендерийг хүчингүй болгосон албан бичгийг дээрхээс гадна удаа дараа ирүүлсэнтэй холбогдуулан мэдэгдэл өгөхөөс өөр аргагүй байдалд орсон гэх тайлбарыг шүүхэд гаргасан байгаагаас үзэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эс үйлдэхүй тогтоогдохгүй, иймд Сангийн яамны албан бичгийг хүчингүй болгосноор нэгэнт байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулах үр дагавар бий болохоор байх тул нэхэмжлэлийн “2016 оны 2/5 дугаар гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг тус яаманд даалгах” шаардлагыг хангах шаардлагагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчтэй байгуулсан геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/5 тоот гэрээг хэвийн үргэлжлүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4/63 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ий гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН