| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/0010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/06 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/06
2025 01 09 2025/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч **,
Насанд хүрээгүй хохирогч **,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **,
Шүүгдэгч **,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
**аймаг **сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **холбогдох **дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, **аймгийн ***сумын **-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд **аймгийн **сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, **овогт ****/РД:**/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г**нь **аймгийн **сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ** "намайг сонс гэж ориллоо" гэдэг шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, зүүн хэнгэрэг ясны цоорол, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Насанд хүрээгүй хохирогч ** нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гаднаас багш, ** ах хүүхдийн хамт орж ирсэн. Орж ирээд намайг дуудсан. Би очоод багшаа ийм юм болсон юм аа гэж хэлэхэд чимээгүй бай ийшээ зогс гэж хэлсэн. Тэгээд өөр хэн байсан юм бэ гэж асуусан. Би манай дүү байсан гэж хэлсэн. Дүүгээ дууд гэж хэлсэн. Би усны савны тэнд зогсож байсан. Багшид дахиад юу болсон талаар тайлбарлах гэж оролдсон чинь шууд миний үгийг сонсохгүй өмнө болсон асуудлыг яриад эхэлсэн. Би тэгэхэд нь багшаа та миний үгийг ганц удаа сонсол доо гэж хэлтэл өмнөх юмнуудыг яриад байсан. Чиний үгийг сонсохгүй гэж хэлсэн. Тэр үед би ус уух гээд балгахын завдалгүй хойноос пизда гэж хараагаад юу билээ гэж бодоод тонгойгоод усаа ууж байтал эргэж харахын завдалгүй гэнэт ийшээ /зүүн талын хацар, чих хэсгийг гараараа дарж үзүүлэв/ алга орж ирсэн. Миний чих дүнгэнээд нүд харанхуйлаад явчихсан. Манай дүүг нэг алгадсан юм билээ. Би босож ирээд дүүгээ зодуулахгүй гэдэг үүднээс урдуур нь орсон. Миний хамраас цус гарсан. Орой шөнө болчихсон байсан учир би болсон процессын талаар эгчтэй хэлээгүй. Энэ талаар дараа нь эгчдээ хэлсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **: Цагдаагийн хэлтэст бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн байгаа. Хамгийн анх **сумын эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед рентгенд харуулсан. Тэгээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. ****эмнэлгийн **гэдэг эмчид үзүүлэхэд чихний зураг аваад бичлэг хийлгэхэд дүүгийн зүүн чихний хэнгэрэг хагарсан байна цаашид хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Интермед эмнэлгийн 2 давхарт байдаг эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ өгсөн. Хамрын хянга яс хугаралтай гэж гарсан. Эргэж **эмч дээр очиж үзүүлсэн. Эмч эхний ээлжид энэ хүүхдийг эмнэлэгт хэвтүүл гэж хэлсэн. Яг тухайн хугацаанд эмнэлэгт хэвтүүлэх гэтэл Шүүх шинжилгээний газраас үзүүлэх шаардлагатай гэж байсан болохоор шүүх эмнэлгээр 2-3 хоног явсан. Тэгээд энэ хүүхэд шөнө халуураад байсан. Яаралтай эмнэлэгт хэвтүүлээд чихэнд нь хагалгаа хийлгэсэн. Тухайн үед хамрыг нь тэгшлүүлсэн. Эмч хамрыг эхлээд борогшиж эдгэрнэ гэхдээ одоогийн байдлаар ийм арга хэмжээ л авна. Та хоёр хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Бид хоёр хот руу явж үзүүлэх гэхээр Эх нялхас эмнэлгийн оочир ихтэй, цаг ховор байсан. **гэдэг хувийн эмнэлэг рүү утсаар яриад асуусан. Яг хагалгаанд орох юм бол 7-9 сая төгрөг болно гэж хэлсэн. Одоо энэ хүүхэд төгсөх ангийн хүүхэд, энэ асуудлаас болоод хичээлээсээ 1 сарын хугацаагаар хоцорсон. **над руу нэг ч удаа утсаар холбогдож байгаагүй. Надаас, ар гэрээс өөрийн биеэр ирж нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Тухайн үед би орой нь очоод та яагаад энэ хүүхдэд гар хүрч байгаа юм бэ гэж асуухад би зүгээр зодчихсон гэж хэлээд над руу үл хүндэтгэсэн, доромжилсон өнгө аятай хандаж байсан. Надад “та нар яаж чадах юм, цагдаагаараа яв, шүүхээрээ яв” гэж хэлсэн. Эхний ээлжид шинжилгээний мөнгө, эмнэлэгт хэвтсэн мөнгө, хамрыг үзүүлж янзлуулсан мөнгө гээд нийт 715,000 төгрөг болсон. Энэ мөнгийг шүүгдэгч ** миний дансанд шилжүүлсэн байсан гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05 дүгээр хуудас/,
2. ** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 904 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. ** биед хамар ясны хугарал, зүүн хэнгэрэг ясны цоорол, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо
2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
3. Хохирогч ** өгсөн: “…байранд **багштай маргалдаад ангийн багш **хамт нөхөр **нь ирсэн тэгээд багшид болсон явдлыг яриад байж байтал **урьд нь гэсэн ингэж байсан гээд яриад эхэлсэн. Тэгээд би байж бай эхлээд намайг сонс гэхэд багш намайг дарамталсан. Тэгтэл нөхөр нь намайг юу ч ярилгүй нүүр лүү гараараа цохисон зүүн шанаа чих хэсэгт хүчтэй алагдаж унагаасан хамар хатгаж, хөхөрч цус гоожиж эхэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
4. Гэрч ** өгсөн: “...байранд **багштай маргалдаад ангийн багш **хамт нөхөр **нь ирсэн тэгээд багшид болсон явдлыг ярсан. Ангийн багш **багшийг өмөөрч ангийн багш нөхрөөрөө ** зодуулсан…” гэх мэдүүлэг/ хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
5. Гэрч ** өгсөн: “...** багшийнхаа үгэнд орохгүй дуугүй байж бай би өөрөө эхлээд ярья ангийн багштайгаа ууртай харьцаж эхэлсэн ууртай харьцаж хэрэлдэж маргалдаж үг хэлэхээр тоохгүй байсан. Тэгтэл **эмэгтэй багш болохоор элэг бариад байгаа юм уу гээд ** цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүгдэгч ** нь **аймгийн **сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ** "намайг сонс гэж ориллоо" гэдэг шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, зүүн хэнгэрэг ясны цоорол, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 904 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/, хохирогч ** мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч ** мэдүүлэг/ хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч ** мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.
Хоёр. Нотлох баримтын үнэлгээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Гурав: Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч ** нь хохирогч ** "намайг сонс гэж ориллоо" гэдэг шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүнийг зодож шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн гэмтэл учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч **н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дөрөв. Хохирол, хор уршиг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ** үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ** зүгээс эмчилгээний зардал болон бусад зардалд 715,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ** нь 715,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, 511 дүгээр зүйлийн 511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж тус тус заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул хохирогчийн уг эрхийг хангах үүднээс хохиролтой холбоотой баримт, мөн цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар ** нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгт болон Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, хор уршгийн хувийн 4-8 хувь, сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлд хамааруулж, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр байхаар тодорхойлжээ.
Үүний дагуу хохирогч ** сэтгэцэд учирсан хор уршгийг “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоож, мөрдөгчийн зүгээс түүнд танилцуулсан байх тул хохирогчид учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ** олгож шийдвэрлэв.
Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.
Шүүх шүүгдэгч ** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ** оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **аймгийн **сумын нутгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суух газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал: Шүүгдэгч **нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 сарын хугацаанд **аймгийн **сумын нутаг дэвсгэрээс оршин суух газраа өөрчлөх бол, хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах, хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч **овогт **** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсугай.
3.Шүүгдэгчид оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **аймгийн **сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 715,110 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч ** хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ** олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА