| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/78 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн
Шүүгдэгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн ....................дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: : .................. регистрийн дугаартай, Х овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг Хар чулууны таг гэх газарт Д.Д гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Л.Дын биед халдаж, улмаар түүний толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь баруун зулайн орой хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн духны урд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Бд холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутаг Хар чулууны таг гэх газарт Д.Д гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Л.Дын биед халдаж, улмаар түүний толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь баруун зулайн орой хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн духны урд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хохирогч Л.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед дааганы цагаан харгуйгаас ................ гэх газар Дгийн малыг харж хонохоор гэрт нь ирсэн. Намайг очсон чинь М, Б гэх хоёр хүүхэд гэртээ байсан. Д эхнэртэйгээ байхгүй өвс тэжээл гээд явсан байсан. Тэгээд намайг очоод байж байсан чинь 20 цагийн үед гадаа мотоциклийн дуу дуугараад байхаар нь гадаа гараад суудлын хар машинд нь ороод нуугдаад байж байсан чинь Б согтуу ирчхээд Дгийн авгай болох Давааг алнаа гээд орилоод байсан. Тэгсэн чинь миний мотоцикл гэрийнх нь гадаа байсан чинь харчхаад Даа чи энд байгаа юм байна ш дээ гараад ирээч гээд орилоод байхаар нь би машинаасаа буугаад хонины хашууд очоод сууж байсан чинь Б мотоциклоо асаагаад над дээр хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр юм ярьж суусан чинь Б өврөөсөө 0.33 литрийн Хараа гаргаад задалсан надад нэг хийж өгөхөөр нь би амсаад өгсөн тэр архинаас би уугаагүй. Тэгээд бид хоёр гэр рүү нь ороод би баруун талын орны урд суусан чинь баруун гараараа шууд сандал аваад миний толгойн хэсэгт нэг удаа цохисон тэгээд миний толгойн хэсгээс цус гараад тонгойгоод сууж байснаа санаж байгаа юм. Тэгээд ухаан алдсан юм байлгүй өөр зүйлүүдийг санадаггүй. Шөнийн 02 цагийн үед С, манай хүүхэд болох Б нар машинтайгаа өвс ачиж буулгаад Дгийнд ирсэн чинь би газар хэвтэж байсан гэсэн тэгээд манай хүүхэд Баянхайрхан сумын эмнэлэг дуудсан гэсэн...Миний биеийн толгой хэсэгт долоон оёдол тавьсан гэсэн...сууж босохоор толгой жоохон өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг, /хх 25-26 /
Хохирогч Л.Дын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний толгой хурдан хөдөлбөл өвддөг, өөр зовиур байхгүй. Нуруугаар үе үе өвдөж байгаа. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Надад энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 30-32 /
Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус хэргийн хохирогч Л.Д нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авч байсан эсэхийг нь программаас давхар шалгаж үзэхэд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1.915.454 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас түүнд олгосон байгаа. Зардлыг нэг бүрчлэн задалж үзвэл 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц гээд 83260 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ үйлчилгээнд 1.748.934 төгрөгийн зардал, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц гээд 83260 төгрөгийн зардлыг тус тус гаргуулсан байна. Нийтдээ эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Л.Д гэх иргэнд өнөөдрийн байдлаар эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний зардалд 1.915.454 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан боловч дээрх иргэн өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан байдаг. Би гэм буруутай этгээдээс хохирогчийн эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг буцааж гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг /хх122-123/
Насанд хүрээгүй гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С ахын хонийг манай төрсөн аав Д.Д харах гээд Шүүтийн цагаан өтөг гэх газар руу явсан юм. Тэгээд 09 дүгээр сарын 13-ны өдөр манай ээж Даваасүрэн аав нь архи уучихсан байна С ах чинь мотоцикл аваад ир гээд ээжийг чинь дуудаад байна ээж нь явлаа гээд С ахын өвөлжөө рүү явсан. Тэгээд М эгчийн хүүхэд Б бид хоёр манай гэрт байж байтал 19 цагийн үед дааганы цагаан харгуй гэдэг газраас Д ах мотоциклтойгоо манайд ирээд ээж чинь та хоёрт хань болоод хонь харж байгаарай гээд ах нь ирлээ гээд бид гурав хонь хотлуулаад байж байтал 20 цагийн үед байхаа Бямба гэж дууддаг Б ах согтуу бололтой мотоциклтой манайх руу ирж байхаар нь бид гурав гэрийн ард гадаа байсан машинд орж нуугдаад явахыг нь хүлээгээд сонсоод байж байтал Дгийн эхнэрийг алнаа, гичий, ногоон хүүр гээд үг хэлээд хараагаад байсан. Тэгээд явахгүй байхаар нь Д ах, Б бид гурав машинаасаа буугаад Д ах ганцаараа хонины баруун талаар явж, Б бид хоёр зүүн талаар нь явсан тэгсэн чинь Бямба гэж дууддаг Б ах гэрийн гаднаас мотоциклтойгоо хөдлөөд хонь тойроод Д ах дээр очиж уулзаад тэгээд тэр хоёр юм яриад суугаад байсан. Тэгэхлээр нь Б бид хоёр буцаад машин дотор ороод унтаад өгсөн. Тэгээд шөнө 02 цагийн үед машины цонх тогшоод байхаар нь би сэрээд харсан чинь Д ахын хүүхэд болох Бийбуу гэж дууддаг Б ах байсан. Тэгэхлээр нь Быг дуудаж сэрээгээд гэр рүү орсон чинь Д ах манай гэрийн баруун талын орны урд толгойн хэсгээрээ цус нэлээн их гарсан хэвтэж байсан Тэгэхлээр нь Бийбуу гэж дууддаг Б ахаас асуусан чинь Бямба гэж дууддаг Б ах чинь зодчихоод явсан байна гэж надад хэлсэн. Тэгээд С, Д.Б ах нар эмнэлэг дуудсан ирж байгаа гэж хэлээд удалгүй эмнэлэг ирээд аваад явсан. Тухайн үед толгой хэсгээс нь нэлээн их хэмжээний цус гарсан байдалтай харагдахаар нь айгаад сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг, /хх 45-46/
Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өвөлжөөнийхөө өвсийг би өөрөө ганцаараа хадаж байсан чинь Д.Б ирээд сумын төв рүү мод ачаад оруулаад өгөөч гээд болдоггүй гэж надад хэлээд та энд ганцаараа байж байх юм уу гээд асуухаар нь би цуг явна гээд Баянхайрхан сумын Гол давааны ам гэх газраас мод ачаад сумын Н гэдэг айлд буулгаад тэгээд бид хоёр хөдөө явж байгаад Д.Б гэрээрээ орохоор нь би эхнэрээс нь Д хаачсан юм гэсэн чинь Дгийнд очиж хонь харна гээд явсан гэж надад хэлсэн.Тэгэхээр нь тэднийд цай ууж дуусаад бид хоёр шууд машиндаа суугаад хар чулууны таг гэх газар Д ойрхон болохоор нь очоод гэр лүү нь ортол гэрэл нь бүүр муудсан тэрүүхнээ гэрэлтүүлсэн гэрийн баруун талын орны урд Д дээшээ хараад хэвтсэн байдалтай толгойноос нь маш их цус гарсан байхаар нь би үхчихсэн юм биш байгаа гээд харсан чинь хөдөлж байсан. Тэгээд Д.Б бид хоёр Баянхайрхан сумын эмнэлэг дуудаад эмнэлэг шөнийн 02 цагийн орчим ирээд Дд тариа хийгээд тэгээд 03 цагийн орчим сумын төв аваад явсан...Д.Б бид хоёрыг Дгийнд ороход Д баруун талын орны урд толгойноос нь нилээн их цус гарсан хэвтэж байсан. Эргэн тойрон бөөн цус болсон байсан. Бас сандал бяцраад бүгд салаад унасан байсан... ” гэх мэдүүлэг, /хх 49-50 /
Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянхайрхан сумын Төөнт багийн баруун модны өвөлжөөн дээр өвс хадаж байсан чинь 18 цагийн үед Б ирээд Тахын өтөг гэдэг газраас мод ачаад Баянхайрхан оруулаад өгөөч гэхээр нь Сын хамт 22 цагийн үед модыг нь ачаад орж ирээд ээж рүүгээ ярьсан чинь Сын хонь эзэнгүй байгаа аав чинь Д ахынх нь малыг харахаар явсан гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр 23 цагийн үед Дааганы гэзэг гэдэг газар манайд очсон чинь аав байхгүй болохоор нь ээжээс асуусан чинь Хар чулууны таг гэдэг газар Дгийнд байгаа гэж хэлэхээр нь С ах бид хоёр цай уугаад тэгээд шууд Д ахынд 01 цагийн үед ирээд гэр рүү нь орсон чинь баруун талын орны урд толгойн хэсгээс цус гарсан хэвтэж байхаар нь цусыг нь тогтоох гээд цагаан давуугаар толгойн нь боочхоод Баянхайрхан сумын эмнэлэг дуудсан. Тэгээд гэрээс нь гараад машин дотор байгаа М, Б гэх 2 хүүхдийг сэрээгээд гэрт нь орж унт гэж хэлсэн. Өөр хүн байгаагүй. Тэгээд тэр 2 хүүхдээс Д ахынд орой хэн ирсэн юм бэ гэсэн чинь Б гэж дууддаг ах согтуу мотоциклтой ирсэн тэгээд бид хоёр машинд унтаад өгсөн гэж надад хэлсэн. 02 цагийн орчимд Төөнт багийн эмч болох Ууганцэцэг жолоочийн хамт ирсэн. Тэгээд өвчин намдаах тариа, цус тогтоох тариа хийгээд толгойг нь маарлаар ороогоод эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг,/хх 53-54/
Гэрч М.У “...2024 оны 09 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхайрхан сумын эмнэлгийн жижүүрийн утаснаас залгаад Хар чулууны таг гэх газар Д байгаа тэнд Д хүнд зодуулсан байна гэсэн дуудлага ирсэн эндээс эмнэлэгийн машин гарж байгаа чи эмнэлгийн машинтай очоорой гэхээр нь хүлээж байгаад 02 цагийн үед Дгийнд очсон чинь гэрийн баруун талын орны өмнө Д гэгч хэвтэж байсан. Тэгээд харсан чинь толгойн хэсгээс нэлээн их цус гарсан байсан болохоор нь суулгаж байгаад даралтыг нь үзэхэд 80/60 ммуб гэсэн заалтай зүрхний цохилт 86, хүчилтөрөгчийн хамгамж 95%-тай халуун 36.1 гэсэн үзүүлэлттэй амин үзүүлтүүд хэвийн байсан. Толгойг үзэхэд нэлээн их цус гарсан байсан болохоор нь үзэхэд хаанаас цус гараад байгаа нь харагдахгүй болхоор нь толгойг нь бага зэрэг цэвэрлээд боолт хийгээд өвчин намдаах тариа, цус тогтоох тариа хийгээд Баянхайрхан сумын эмнэлэгт авч ирсэн. Ирээд тухайн үед жижүүрт хонож байсан Ч.Х Дын толгойг угааж цэвэрлэхэд 5-6 см орчим хуйхны ил шархтай байсан учир 6 оёдол тавьж шархыг цэвэрлэн боолт хйисэн. Тэгээд жижүүрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, /хх 56-57/
Насанд хүрээгүй гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны орой Мын аав болох Д нь С ахын малыг харж байсан. Харин ээж нь ар луу давах гээд М ганцаараа болчхоод намайг хоноод өгөөч гээд бид хоёр тэднийд байж байсан чинь 20 цагийн үед манай өвөө болох Д ирсэн. Тэгээд бид гурав хонио гэр рүүгээ ойртуулаад гэртээ байж байсан чинь мотоциклтой Бямба гэж дууддаг Б ах согтуу ирж байхаар нь манай өвөө Д, М бид гурав гэрийн гадаа байсан суудлын машинд орж нуугдаад байж байсан чинь Дгийн эхнэрийг алнаа, гичий, жиймаа гараад ирээч ээ гээд орилоод байсан. Тэгэхлээр нь бид гурав нэлээн сууж байгаад машинаасаа гараад өвөө хониныхоо нөгөө талаар бид хоёр нөгөө талаар нь явсан чинь өвөө хонины тэнд байхад нь Б ах очоод тэр хоёр юм яриад суугаад байхаар нь бид хоёр Б ахаас айгаад машинд ороод унтаад өгсөн...Хэн нэгэнтэй маргалдаж муудалцсаныг нь хараагүй, М бид 2 Бямба гэж дууддаг Б ахыг согтуу ирэхээр нь айгаад гадаа машинд унтсан байсан чинь харин шөнө Бийбуу гэж дууддаг манай ах Б бид хоёрыг сэрээгээд Д ахын гэрт ороход өвөөгийн толгойноос аймаар их цус гарсан байсан болохоор айгаад сайн харж чадаагүй. Тэгээд эмнэлэг ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх 60-61/
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би С гэдэг хүний хонийг харах гээд Нүцгэний шил гэдэг нэртэй газар луу явсан юм. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед гэртээ ирээд гэр рүүгээ ортол нэг сонин нэхүүн үнэр үнэртээд байхаар нь энэ юун үнэр үнэртээд байна гээд эхнэр Ч.Дгээс асуутал манай хүүхэд М надад Д, Б ах хоёр манайд урд шөнө зодолдоод Д ахын цус ширдгэн дээр гоожоод тэгээд тэр цус нь үнэртээд байх шиг байна, бас манай сандлыг эвдээд хаясан шөнө цагдаа, эмнэлгийн хүмүүс ирээд сумын төв аваад явсан гэж хэлсэн. Манай эхнэр Ч.Д би Сын өвсийг бухалдаж байгаад тухайн үед байгаагүй хө түрүүхэн ирлээ гэж хэлхээр нь яасан юм бол доо гэж бодоод нэг их тоогоогүй...Манай сандал эвдэрсэн хойморт дэвссэн байсан ширдэг нэлээн цус болсон байсан өөр юм байхгүй...Манайх хоёрхон сандалтай нэг нь тод шар өнгийн сандал, нөгөөх нь шар гадаргуутай дотор талаараа цэнхэр өнгөтэй бүтэн байсан сандлууд...” гэх мэдүүлэг /хх 63-64/
Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед манай нөхөр Л.Д нь Дгийн хонийг харж хонох гээд Дгийн гэр рүү нь явсан юм. Тэгээд шөнийн 00 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал миний утас руу дуудлага орж ирэхээр нь би утсаа аваад ярьтал Д гэдэг манай ээжийн талын хүн залгаад танай хүнийг Б зодсон гээд сумын төвөөс эмнэлгийн машин явах гэж байна гэж хэлэхээр нь би юу болсон талаар асуутал би сайн мэдэхгүй байна одоо очих байлгүй гэж хэлэхлээр нь би утсаа таслаад гэртээ байж байтал нэлээн байж байгаад эмнэлгийн машин манай нөхөр Дыг аваад гэрийн гадаа ирээд сумын төв явах шаардлагатай байна та хувцсаа өмсөөд цуг яваарай гэхээр нь би хувцсаа өмсөөд сумын төв орох гэж байгаа бол Дын хувцсыг бас солиод явъя гээд хувцсыг нь солиод тэгээд Баянхайрхан сумын төв рүү яваад эмнэлэг дээр очоод манай нөхөр Дын толгойд 7 оёдол тавьж эмчилгээ хийгээд амарцгаасан...Манай нөхрийн толгойг цагаан өнгийн маарлаар боосон, цус нь нэвтэрсэн, зүүн талын нүд нь мөн хөхөрч хавдсан байдалтай байсан...Гадуураа саарал өнгийн дээл өмсөөд дотуур нь саарал цамц, хар өнгийн өмд, хүрэн өнгийн гудал өмсөж явсан...Би тэр хувцсыг цус болсон байсан болохоор шатаагаад хаясан. Харин нөхрийнхөө саарал өнгийн дээлийг бол арай шатааж болохгүй байх гэж бодоод угаах гээд байж байгаа. Тэрийг би гаргаад өгье гэрт байж байгаа...” гэх мэдүүлэг, /хх 67-68/
Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаярын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 000000353 дугаартай “..Л.Дын эрүүл мэндэд баруун зулайн орой хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн духны урд хэсэгт зулгаралт хохирол тогтоогдлоо. Учирсан хохирлууд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хохирлууд байна. Учирсан баруун зулайн орой хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал хохирол нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Л.Дын эрүүл мэндэд учирсан хохирол нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Л.Дын эрүүл мэндэд учирсан хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.. /хх 80-81/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 04-08/
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 04-08 /,
3. Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, /хх 14 / зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би босож ирээд нөгөө сандлыг нь аваад толгойн баруун хэсэг рүү нь нэг удаа цохисон..” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч Л.Дын мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
1.3. Шүүгдэгч Б.Б: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Бгийн хохирогч Л.Дыг сандлаар толгойн тус газар нь цохисон үйлдэл хохирогчид учирсан зүүн зулайн дээд хэсэгт шарх бүхий гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
4.1. Шүүгдэгч Б.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Л.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
4.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.Дын эрүүл мэндэд хохирол учирсны улмаас хохирогч нь эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан болох нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1.915.454 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас түүнд олгосон байгаа...” гэсэн мэдүүлгүүдээр /хх 122-123/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь эрүүл мэндийн даатгалд учруулсан хохирол 1.915.454 төгрөгийг төлөхөө илэрхийлж “...Миний бие эрүүл мэндийн даатгалд төлөх төлбөрөө даруй төлнө...” гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Иймд шүүгдэгч Б.Бгээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1.915.454 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг устгасугай.
7. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,915,454 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ