| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01089/И |
| Дугаар | 155/ШШ2017/01274 |
| Огноо | 2017-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2017/01274
| 2017 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2017/01274 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 40-10 тоотод оршин суух, Ач хариад овогт Аюушжавын Гансүх /РУ75060418/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 03 дугаар багт оршин суух Урад овогт Баатарын Энх-Амгалан /РН85070471/-д холбогдох
5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2017/01089/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. .
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч А.Гансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Гансүх миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат Баатар овогтой Энх-Амгалантай 2012 оны 09 сард УАЗ-469 машины наймаа хийсэн. Машины өлтгөнд 1 сарын дараа 8х8 харьцаатай торх эсвэл 5.000.000 төгрөг өгнө гэж тохиролцож өгсөн боловч хэлсэн хугацаандаа өлтгөө өгөөгүй. Өгөхгүй болохоор нь утас руу нь хэд хэдэн удаа залгасан боловч удахгүй өгнө гэдэг байсан. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон. 2015 онд Тоомын давааны ар гялаант гэдэг газар байдаг гэрт нь очиж уулзахад машинаа буцааж ав гэсэн. Мөрөнд нэгдүгээр хороонд байгаа 99997369 энэ утсаар холбогдоод аваарай гэхээр нь ээ утас руу нь залгахад тийм хүн байхгүй, утас андуурсан байна гэсэн. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй. 2017 оны 3 сард нэг холбогдож ярихад 6 сарын 01-нд яг өгнө, худлаа ярихгүй гэсэн. Одоо хоёулаа нотариатаар батлуулъя гэхэд одоо яг өгнө гэсэн. Түүнээс хойш залгасан боловч утса авахгүй байна. Иймд Баатар овогтой Энх-Амгалангаас 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 09 сард Баатар овогтой Энх-Амгалантай УАЗ-469 машиныг 5.000.000 төгрөгөөр өгч, авахаар тохиролцож наймаа хийсэн юм. 2012 оны 12 дугаар сард машины үнийг өгнө гэж тохиролцсон боловч хугацаандаа мөнгөө өгөөгүй. Би 2014 онд аймагт тааралдахад ноолуурны мөнгөн дээр өгье гэж хэлсэн боловч өгөөгүй. Нэгдүгээр хороонд таны машин байгаа очоод ав гэхээр нь би очсон боловч байгаагүй. 2016 онд утас руу нь залгахад 06 дугаар сард өгье гэсэн боловч мөн л өгөөгүй. Улаан-Уул суманд очиход Энх-Амгалан гэртээ байгаагүй, эхнэртэй нь уулзахад өгч чадахгүй гэж хэлсэн. Ийм учраас машины үнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Багагүй хугацаа өнгөрсөн, Энх-Амгалангийн бага насны хүүхдүүдтэй, амьдрал ахуйг нь харгалзаад нэхэмжилсэн 5.000.000 төгрөгөө багасгаж 3.500.000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Гансүх нь хариуцагч Б.Энх-Амгаланд холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 3.500.000 төгрөгийг хариуцагч Б.Энх-Амгалангаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:
Хариуцагч Б.Энх-Амгалан нь нэхэмжлэгч А.Гансүхийн тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардан авч, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч Б.Энх-Амгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч А.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч Б.Энх-Амгалангаас машины төлбөр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж А.Гансүхэд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энх-Амгалангаас 3.500.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Энх-Амгаланд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Энх-Амгалангаас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гансүхэд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энх-Амгалангаас 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Гансүхэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН