Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2017/00881

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2017/00881

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00910/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг....., Х.Б.Д.С- нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ...... тоотод байрлах В- ХХК,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ........тоотод оршин суух М. овогт Э. Б- /РД: ОА83010130/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум,..... тоотод оршин суух Б... овогт Д.О. /РД: ...../,

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... тоотод оршин суух Э.овогт Ц.О. /РД: ...../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 279,252,683.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдсан үнээс гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, хариуцагч В- ХХК, Э.Б-, Д.О- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: В- ХХК, иргэн Э.Б-, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.О- нар нь Хаан банктай 2013 оны 7 сарын 24-ний өдөр 1709 тоот зээлийн гэрээг байгуулж, 200,000,000 төгрөгийн компанийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлж авсан. Мөн В- ХХК түүний захирал Э.Б-, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.О- нар нь дахин тус банкнаас 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот зээлийн гэрээгээр тээврийн хэрэгсэл авахаар нэмэлт 50,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Бизнесийн ашиг орлого буурсантай холбоотойгоор 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1709, 193 тоот гэрээнүүдэд өөрчлөлт оруулж, үлдэгдэл хугацааны төлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Гэтэл харилцагч нарын зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хуваарьт төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банк гэрээгээ цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь гаруулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийг шүүхэд анх 2016 оны 05 сарын 26-ны өдөр өгч байсан бөгөөд 3 шатны шүүхээр дамжиж, өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа. Иймд гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагагүй юм.

-2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот гэрээгээр зээлсэн 200,000,000 төгрөгийн хувьд зээлийн төлбөрт төлсөн дүн нь: Үндсэн зээлийн төлбөрт 43,685,480.60 төгрөг, хүүгийн төлбөрт 75,595,743.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 458,437.63 төгрөг нийт 119,739,661,78 төгрөгийг төлсөн байна. Үүнээс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс төлөөгүй байгаа үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 156,314,519.40 төгрөг, хүүгийн төлбөрт 31,451,142.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,157,214.48 төгрөг, нийт 189,922,876.71 төгрөгийг тус тус төлөөгүй байгаа.

-2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 193 тоот гэрээгээр зээлсэн 50,000,000 төгрөгийн хувьд зээлийн төлбөрт төлсөн дүн нь: Үндсэн зээлийн төлбөрт 12,579,323.25 төгрөг, хүүгийн төлбөрт 9,839,844.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,960.68 төгрөг, нийт 22,425,128.38 төгрөгийг төлсөн. Үүнээс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс төлөөгүй байгаа үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрт 37,420,676,75 төгрөг, хүүгийн төлбөрт 7,529,245,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүийн төлбөрт 368,149,17 төгрөг, нийт 45,318,71,12 төгрөг төлөөгүй үлдсэн байгаа. Дээрх дүнгүүд нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр буюу анхны нэхэмжлэлийн дүн байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 25,682,307,22 төгрөг нэхэмжилсэн байгаа. 1709 тоот гэрээний хувьд зээлийн хүүгийн төлбөрт 17,853,259.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,294,642 төгрөг, 193 тоот гэрээний хувьд зээлийн хүүгийн төлбөрт 4,019,858.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 509,547.3 төгрөг, нийт 25,682,307,22 төгрөг байгаа. Мөн Улсын дээд шүүхээс хэрэг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд ирснээс хойш буюу 2017 оны 07 сарын 28-ны өдөр тус банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүнд 24,460,865.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,839,462.43 төгрөг, нийт 29,300,328.06 төгрөгөөр нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар нийт үндсэн зээлийн төлбөрт 182,721,196.15 төгрөг, зээлийн хүүнд 85,314,371.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,174,015.31 төгрөг, нотариатын зардалд 43,100 төгрөг нийт 273,252,683.07 төгрөг, нотариатын зардалд 43,100 төгрөг, нийт 273,252,683.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү төлбөрийг хариуцагч В- ХХК, Э.Б-, Д.О- нараас гаргуулж өгнө үү.

 

2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1709 тоот барьцааны гэрээний зүйл болох Дархан-Уул аймгийн .....байрлах, Замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын .....дугаартай, 10 га талбай бүхий В- ХХК-ийн эзэмшлийн газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, .....хороо, Эрдэнэтолгойн .... тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, 312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, В- ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, 193 тоот гэрээний барьцаа хөрөнгүүд болох Дархан-Уул аймгийн ..... байрлах, Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай барилга, үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг барьцаалсан бөгөөд дээрх нэхэмжилж буй төлбөрийг эдгээр барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагчаар Ц.О-ыг татсан бөгөөд одоо Ц.О-т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Мөн анхны нэхэмжлэлийн барьцаа хөрөнгийн жагсаалтын 8 дугаарт бичигдсэн В- ХХК-ийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэв.

 

Хариуцагч В- ХХК-ийн захирал Э.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн хуримтлагдсан хүү 24,460,865.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,839,462.43 төгрөг, нийт 29,300,328.03 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч үйлдвэрлэл үйлчилгээ маань алдагдалтай ажиллаж байгаагаас болоод зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй байсан билээ. Зээлийн үндсэн төлөлт өндөр байхад дээрээс нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөд маш их хүндрэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн хуулийн заалтыг хэрэглэж, хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж тогтоож өгнө үү.

Мөн В- ХХК-ийн захирал Э.Б- миний бие Хаан банкинд хүсэлт гаргаж зээл авч зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулахдаа компаниа төлөөлж гарын үсэг зурсан тул иргэн Э.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн хуримтлагдсан хүү 24,460,865.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,839,462.43 төгрөг, нийт 29,300,328.03 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч үйлдвэрлэл үйлчилгээ маань алдагдалтай ажиллаж байгаагаас болоод зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй байсан билээ. Зээлийн үндсэн төлөлт өндөр байхад дээрээс нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөд маш их хүндрэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн хуулийн заалтыг хэрэглэж, хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгаж тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В- ХХК нь .....аас нийт 250,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Энэ хугацаанд нийт 142,164,790.16 төгрөгийг төлсөн байна. Ийм хэмжээний мөнгө төлчихөөд байхад үндсэн зээлээс 56,264,803.85 төгрөгийг хассан байна. Хүү, болон нэмэгдүүлсэн хүүнд 85,899,986.31 төгрөгийг хүүний мөнгө гэж тооцож авсан байна. Нийт үнийн дүнгээс өндөр хэмжээний төлбөр болон хүү төлсөн байгаа байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний талууд гэдэгт 1 талаас Хаан банк нөгөө талаас В- ХХК, хамтран зээлдэгчээр Д.О- гээд гарын үсэг зурсан байгаа. Зээлийн гэрээний төгсгөл хэсэгт зээлдэгч дээр Э.Б- гээд хамтран зээлдэгч дээр Д.О-, В- ХХК гэсэн байна. Э.Б- бол В- ХХК-ийн захирал учир захирлын хувиар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Тодорхой хэмжээний төлөлт хийж байсан. Д.О-ийн тайлбарыг дэмжиж байна. Э.Б- бол иргэний хувиар гарын үсэг зураагүй учир иргэнээр хариуцах боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ..... нь хариуцагч В- ХХК, Э.Б-, Д.О- нарт холбогдуулан, 2013 оны 7 сарын 24-ний өдрийн 1709, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 193 тоот гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү болон нотариатын зардалд нийт 235,284,047.83 төгрөгийг гаргуулах, үүргийн гүцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 12 сарын 05, 2017 оны 07 сарын 31-ний өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 279,252,683.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Ц.О-ыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн захирамжаар татан оролцуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагч Ц.О-т холбогдуулсан шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/1709 дугаар зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах Хаан банкнаас В- ХХК-ийг төлөөлж Э.Б-, хамтран зээлдэгчээр Д.О- нар нь 200,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт, техник худалдан авах зорилгоор тус тус зээлж, зээлийн гэрээ тус бүр 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй байхаар тохирчээ. /хх-13-22 дугаар хуудас/

2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрх ЗГ/1709, ЗГ/193 дугаартай гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ/1709-1, ЗГ/193-1 дугаар гэрээг тус тус байгуулж, гэрээгээр 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг зааж, гэрээ тус бүрийн үлдэгдэл хугацааны төлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулсөн бөгөөд гэрээний хугацаанд өөрчлөлт оруулаагүй байна. /хх-32-33, 38-39 дүгээр хуудас/

 

Мөн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/1709 дугаар барьцааны гэрээгээр В- ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын .....дугаартай, 10 га талбай бүхий газар, БГҮ/1709-1 дугаар барьцааны гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, .....хороо, Эрдэнэтолгойн .... тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, 312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, В- ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмж, БГҮ/1709-2 дугаартай барьцааны гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц зэргийг, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн БГ/193 дугаар барьцааны гэрээгээр Дархан-Уул аймгийн ..... байрлах, Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг тус тус барьцаалсан болох нь дээр дурдсан барьцааны гэрээнүүд, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн .... дугаартай гэрчилгээ, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...... дугаар гэрчилгээ, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай гэрчилгээ, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаар гэрчилгээ, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай гэрчилгээ, 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар өмчлөх эрхийн бүртгэлийн ..... дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Б- нь компанийн захирал, мөн иргэний хувиар зээлийн гэрээг байгуулж, давхар гарын үсэг зурсан тул В- ХХК болон Э.Б- нь тус тусдаа хариуцагч юм гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- энэхүү зээлийн зориулалт нь компанийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилготойгоор компанид авсан зээл тул Э.Б- нь компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан гэж тус тус тайлбарладаг бөгөөд дээрх зээлийн гэрээнд нөгөө талаас В- ХХК, түүнийг төлөөлж М.овогт Э. Б- /цаашид зээлдэгч/, Боржигон овогт Даариймаагийн Одцэцэг /цаашид хамтран үүрэг гүйцэтгэгч гэх/ гэж заасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... тус зээлийг компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор компанийн дансанд олгосон... гэсэн тайлбар зэргээс үзэхэд Э.Б- нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар компанийг төлөөлж тус гэрээнд гарын үсэг зурсан байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр гэрээний талуудыг улам тодорхой болгон нэмж өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд зааснаар энэхүү гэрээгээр хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх байдлаар нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан байна.

 

Иймд дээрх үйл баримтуудаас үзэхэд Хаан банк болон В- ХХК, Д.О- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн шаардлагуудыг хангасан байна.

Мөн талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч ..... нь анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагыг шийдвэрлүүлэх шаардлагагүй, татгалзаж байна гэж тайлбарлаж байна.

 

Иймд нэгэнт гэрээний хугацаа дууссан байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Хариуцагч В- ХХК, Д.О- нарын хувьд нэхэмжилж байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол дээр маргаагүй, үндсэн зээлийн төлбөр болох 182,721,196.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байгаа бөгөөд харин хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар багасгаж тогтоох үндэслэлтэй гэж тайлбарладаг болно.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч ..... нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэх эрхтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т: Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааг зохицуулсан, нарийвчилсан зохицуулалт байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан хүүгийн хэмжээг зээлдэгчийн хүсэлтээр багасгаж болох зохицуулалт хамаарахгүй байна. Иймд хариуцагч нарын шүүхэд болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/1709 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/193 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д тус тус нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцэж байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч В- ХХК, Д.О- нараас нийт /2 гэрээний нийт дүнгээр/ үндсэн зээлийн төлбөрт 182,721,196.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 85,314,371.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,174,015.31 төгрөг, нийт 279,209,583.07 төгрөг гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал -ыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ..... нь нотариатын зардалд нийт 43,100 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нараас нотариатын зардалд 43,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /хх-6-7 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заажээ.

 

Иймд барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох В- ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын .....дугаартай, 10 га талбай бүхий газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Улаанбаатар хот, .....хороо, Эрдэнэтолгойн .... тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, 312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц зэргийг, Дархан-Уул аймгийн ..... байрлах, Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ В- ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмжийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч В- ХХК, Д.О- нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 279,252,683.07 төгрөгийг гаргуулж, .....т олгож, хариуцагч Э.Б-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох В- ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах, замын эрдэс үйлдвэрлэх зориулалт бүхий нэгж талбарын .....дугаартай, 10 га талбай бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006211 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоот, 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, .....хороо, Эрдэнэтолгойн .... тоотод байрлах 210,4 мкв талбай бүхий гражийн зориулалттай барилга, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-.... дугаартай, 312,11 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... тоот, 39 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн ..... байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэгдсэн Оффисс ажилчдын байрны зориулалттай 350 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай 1300 мкв талбай бүхий барилга байгууламж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ..... нь хариуцагч Ц.О-т холбогдох шаардлагаасаа болон В- ХХК-ийн эрдэс чулуу бутлах тоног төхөөрөмжийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа тус тус татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,554,214 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В- ХХК, Д.О- нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,554,214 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .....т олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ