| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 311/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,
Шүүгдэгч Н.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Ү-д холбогдох 2423001170137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн аймгийн ....... сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, радист мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ............ сумын .............. баг ............ хэсгийн 313 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ........ овогт .......-ийн Ү, регистрийн дугаар ..............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ү-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ү нь хохирогч У.Ө-ын иргэний бүртгэлийн мэдээлэл болон гар утсыг ашиглан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “.....” аппликейшнд бүртгүүлэн 494,476.92 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,450,265.31 төгрөгийн зээл тус тус авч БНХАУ-ын ........ үйлчилгээнд бүртгэлтэй мерчантын /бараа, үйлчилгээ борлуулдаг байгууллага, иргэн/ QR кодыг уншуулж худалдан авалт хийсэн, мөн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болон 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус 50,000 төгрөгийн зээл авч ...... гэсэн мерчантын QR кодыг уншуулж худалдан авалт хийсэн, мөн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч У.Ө-ын иргэний бүртгэлийн бичиг баримт болох иргэний үнэмлэхийг ашиглан “.....” аппликейшнд бүртгүүлэн 500,000 төгрөгийн зээл авч ..... сайтаас кредит карт ашиглан худалдан авалт хийж түүний зээлийн эрхийг ашиглан тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу нийт 5,544,739.32 /таван сая таван зуун дөчин дөрвөн мянга долоон зуун гучин есөн төгрөг гучин хоёр/ мөнгөний хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.М-ийн иргэний бүртгэлийн мэдээлэл ашиглан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн аппликейшнээс 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр “......” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...........” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, мөн өдөр дахин 2,000,000 /хоёр сая/ төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “.........” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “...........” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 360,000 /гурван зуун жаран мянга/ төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “............” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 70,000 /далан мянга/ төгрөгийн зээлүүдийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч захиран зарцуулан түүнд бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу нийт 3,680,000 /гурван сая зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч У.Ө-ын “...Миний бие Завхан аймгийн ..... сумд оршин сууж суралцдаг оюутан хүн байгаа юм. Миний нэр дээр энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ..... нэртэй аппликейшнээс 4.994.793 төгрөгийн зээл авчихсан байсныг би өчигдөр орой emongolia аппликейшнээр өөрийн мэдээлэл рүү орсон чинь гараад ирсэн. Тэгээд би ийм ямар зээл байдаг билээ гээд тухайн аппликейшныг нь татаж аваад үзтэл хавар 4.994.793 төгрөгийн зээл авчихсан. Тэр зээл нь 102 хоногийн хугацаа хэтрэлттэй гээд нийт төлбөр нь бараг 8 сая төгрөг болчихсон байсан. Мөн миний нэр дээр .......... аппликейшнээс 500.000 төгрөг зээлээд авчихсан байсан ба энэ зээлийн талаар би харах гэхээр миний регистрийн дугаарыг ашиглаад өөр утасны дугаартай холбоод зээл авчихсан байсан. Би өөрөө зээлийн талаар харах гэхээр энэ аппликейшн руу орж болохгүй байгаа юм. ...Миний гар утсыг тухайн үед манай ард талын айлын Ү гэх ах хэсэг ашигласан, тухайн үедээ намайг утсаа өгч байгаач нэг юм харах хэрэгтэй байна, мөн чи энэ дээр өөрийнхөө регистрийн дугаараа хийгээд өгөөч гялс нэг юм хараад өгөөч гэх мэтээр хэд хэдэн удаа ашиглаж байсан. ...Би дээрх 2 зээлийн аппликейшнээс зээл авч байгаагүй, өмнө ганц л удаа ..... гэх аппликейшнээс 50.000 төгрөгийн зээл авч байсан өөр ямар нэгэн зээлийн аппликейшн ерөөсөө мэдэхгүй ашигладаггүй. ...Хавар надад чиний нэр дээр зээл гарахаар байна уу үзээд өгье гээд миний утасны дугаар, мэйл хаяг, регистрийн дугаар зэргийг нэг аппликейшнд бүртгүүлээд үзээд байх шиг байсан, тухайн үед нь би нэг их тоогоогүй болохоор анзаараагүй юм. Бас миний Хаан банкны ............. дугаарын дансаар энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ............ дугаарын данснаас орлого гэсэн гүйлгээний утгатай 3.100.000 төгрөг хийлгээд өөрийнхөө .......... дугаарын данс руу шилжүүлэн авч байсан... гэх мэдүүлгээр, /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
- Хохирогч У.Ө-ын дахин өгсөн “...Би тухайн зээлийн үлдэгдлийг яг одоогийн байдлаар хэлж мэдэхгүй байна, цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргахад 4.994.793 төгрөгийн үндсэн зээл 2 аппликейшнээс авсан байсан ба тухайн зээлүүдийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэлт нь 100 хоног гараад явчихсан байсан, одоо бараг 10 гаран сая төгрөг болсон байгаа байх. Би энэ асуудлаар Ү ахтай 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уулзсан. Тухайн үед би та миний нэр дээр зээл авсан юм уу гэхэд зээл авсан, гэхдээ ах нь удахгүй төлнөө, одоо би зээл хөөцөлдөж байгаа, шууд төлчихнө гэж хэлсэн. Үүнээс өөр юм надад хэлээгүй. Мөн би энэ асуудлаар ...., .... зэрэг зээлийн аппликейшнүүдийн опператортой холбогдож мэдээлэл авсан чинь чиний зээлээр дамжуулаад .... сайтаас худалдан авалт хийсэн байна гэж хариу өгсөн, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Гэрч О.Б-ын “...Би өөрийн найз болох Ө-ын хамт түүний мэдээллийг харахаар Emongolia аппликейшн руу ороод иргэний үнэмлэхийг нь хараад бусад мэдээллийг нь хартал хоёр зээлийн аппликейшнээс зээл авчихсан нөгөө хоёр зээл нь хугацаа хэтрээд 100 гаран хоног болчихсон байсан. Тэгээд энэ юун зээл юм бэ гэхэд Ө өөрөө ч мэдэхгүй гайхаад бид хоёр тухайн аппликейшн рүү нь ороод хартал .... нь 120 хоногийн хэтрэлттэй, .... нь 113 хоногийн хэтрэлттэй гарчихсан байсан. Тэгээд би Ө-аас асуусан чинь Ү гээд хөрш айлын ах нь энэ оны 04 дүгээр сард миний утсыг олон удаа авч ашигласан, мөн миний регистрийн дугаар, утасны дугаар, данс зэргийг ашигласан гэж надад хэлсэн. Тэгээд энэ талаар олж мэдээд цагдаагийн байгууллагад хандуулсан юм...” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
- “......” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 140 дугаартай “...У овогтой Ө нь “.....” аппликейшны системд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ....... регистрийн дугаар, ....... утасны дугаартай, иргэний үнэмлэх болон зургаар баталгаажуулан бүртгүүлсэн хэрэглэгч байна.
1. У.Ө нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 494,476.92 төгрөгийн зээл авч БНХАУ-ын ......... үйлчилгээнд бүртгэлтэй мерчантын QR кодыг уншуулж худалдан авалт хийсэн.
2. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,450,265.31 төгрөгийн зээл авч БНХАУ-ын ..... үйлчилгээнд бүртгэлтэй мерчантын QR кодыг уншуулж худалдан авалт хийсэн.
3. 2024 оны 04 дүгээр сарын 10 болон 04 дүгээр сарын 29-ний өдөр 50,000 төгрөгийн зээл авч ....-ийн .... гэсэн мерчантын QR кодыг уншуулж худалдан авалт хийсэн...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,
- “....... ББСБ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01-01/077 дугаартай “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ....... утасны дугаараар .....-д бүртгэл хийсэн бөгөөд У овогтой Ө, ....... гэсэн хэрэглэгч 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17:37 минутад Хур системээс баталгаажуулалт хийж кредитийн эрхээ тооцоолсон байна. Кредитийн эрх 500,000 төгрөг гарсан бөгөөд ...... сайтаас кредит ашиглан худалдан авалт хийсэн байна...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,
- Хохирогч Д.М-ийн иргэний бүртгэлийн мэдээлэл ашиглан нийт 3,680,000 /гурван сая зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
- Хохирогч Д.М-ийн “...Би 2024 оны 05 дугаар сард ...... сумын төвд үйл ажиллагаа явуулдаг банк бусаар тээврийн хэрэгсэл авчихсан байсан. Би тухайн машинаа зараад өөр машин авахаар болоод байсан. Тухайн үед миний нэр дээр банк болон банк бусаар авсан зээл огт байхгүй байсан. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөр машин авах гээд Хаан банк ороод цалингийн зээл авах гэтэл миний нэр дээр 3.699.500 төгрөгийн зээл гарч ирсэн. Тухайн зээл нь хугацаа хэтрээд миний нэр хар дансанд орсон байна гэж банкны ажилтан надад хэлсэн. Тэгэхээр нь би эгчтэйгээ уулзаад ийм асуудал болсон байна гэж хэлтэл миний эгч Д.М нь чи өөрөө зээл авсан байлгүй гээд эгч бид 2 хамт хаан банк орж шалгуултал миний нэр дээр хүүтэйгээ нийлээд 3,699,500 төгрөгийн зээл гарчихсан байна гэж хэлсэн. Би эгчтэйгээ гэртээ очоод ямар учиртай юм болоо гээд ярилцаад байж байтал манай ажлын газрын хамт ажилладаг Н.Ү гэдэг залуу над руу утсаар залгаад банкны ажил чинь юу болов гэж асуухаар нь би зээл бүтсэнгүй, намайг зээл аваад буцааж төлөлт хийгээгүй байна гээд зээл өгсөнгүй. Би шалгуулдаг газраар нь шалгуулахаас гэж хэлтэл Н.Ү нь надад хандаж чи ажил дээр хүрээд ир, тэр зээлийг чинь би авчихсан юм гэж хэлсэн. Би ажил дээр очоод Ү-той уулзаад яагаад, ямар учраас миний нэрээр зээл авчихсан юм бэ гэж асуусан чинь юм ярихгүй байж байгаад надад дансаа өгчих одоо 3,699,500 төгрөгийг шилжүүлье гээд миний дансыг аваад үлдсэн. Ү нь тухайн үед би хүнээс мөнгө зээлж байгаа, тэр удахгүй бүтнэ тэгээд мөнгийг чинь төлье гэж ярьсан. ...2024 оны 08 дугаар сард (хэдний өдрийг нь сайн санахгүй байна) би Улаанбаатар хотод сургалтад сууж байхад Н.Ү нь над руу утсаар залгаад чиний дугаар дээр чинь 6 оронтой код мессежээр очно, тэр 6 оронтой кодыг над руу явуулаад өгөөч гэхээр нь би энэ юун, ямар учиртай код юм бэ гэсэн чинь би нэг юм бүртгүүлэх гэсэн юм, тэгсэн чинь миний дугаараар наад код чинь ирэхгүй байхаар нь чиний дугаарыг явуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн 6 оронтой кодыг Н.Ү руу мессежээр явуулсан. Тэгээд юу ч бодож саналгүй байж байгаад 10 дугаар сарын 30-ны өдөр банк дээр очтол 3,699,500 төгрөгийн зээлтэй болсон байсан.. ...Надаас авсан 6 оронтой кодыг ашиглан 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 7 удаагийн үйлдлээр 3,400,000 төгрөгийг өөрийн .... аппилкейшин ашиглан зээл авсан байсан. Тэгээд би Ү-д зээлийн лавлагаагаа үзүүлсэн чинь тиймээ би наад зээлүүдийг чинь бүгдийг нь мэдэж байгаа гэж ярьсан. Өнөөдрийн байдлаар зээлийн хүүтэйгээ 3,699,5000 төгрөгийн хохиролтой болсон байна. 2024 оны 04 дүгээр сард нэг удаа зээл авсан байгаа, тэрийг мөн өөрөө .... ашиглан надаас зээл авсан гэж ярьсан. Тэрийг бол тухайн үед Ү нь утсаараа миний зургийг дараад байхаар нь би яах гээд зураг дараад байгаа юм бэ гэсэн чинь зүгээр гээд яваад өгсөн. Тэгээд миний зургийг уншуулаад ....-гоос зээл авсан байсан. Харин 08 дугаар сард авсан зээлүүдийг бол миний явуулсан 6 оронтой кодыг ашиглан авсан байсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
- Гэрч Д.М-ын “...Манай дүүгийн утас руу ..... ажилладаг гэх Ү гэдэг залуу залгаад банкны ажил чинь бүтсэн үү гэж асуусан чинь манай дүү бүтсэнгүй миний мэдээллийг ашиглаад аппликейшинээс зээл авчихсан байна банк орж асууж тодруулчхаад цагдаад өглөө гэж хэлсэн чинь нөгөө залуу урдаас нь уучлаарай андаа би наад зээлүүдийг чинь авчихсан юм ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. ...Би тухайн өдрийн орой дүү М рүү утсаар залгаад нөгөө хүнээрээ мөнгөө төлүүлсэн үү, гэж асуусан чинь одоогоор төлөөгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Ү гэдэг залуу одоо өглөө, өнөөдөр өгнө гэж худлаа ярьж явсаар байгаад одоо хүрсэн болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай дүү М “e-Mongolia”-aaс Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл авч үзэхэд 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ....-гоос 150.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны /нэр нь харагдахгүй байгаа/ өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр .... ББСБ-ийн байгууллагаас 200.000 мянган төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ..... капиталаас 300.000 мянган төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ..... ББСБ-с 380.000 мянган төгрөг, 2024 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр .....-с 70.000 мянган төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр /нэр нь харагдахгүй байгаа/ 600.000 мянган төгрөг нийт 7 удаагийн гүйлгээгээр 3.699.500 төгрөгийн зээл авсан байсан. Тухайн мөнгийг ямар данс руу хэзээ шилжүүлснийг бол би сайн мэдэхгүй байна. Би тухайн үед Ү гэдэг хүнийг бол огт танихгүй байсан. Харин дүүгийн мөнгийг авах гээд нэг удаа уулзаж хоёр гурван удаа утсаар ярьсан одоо бол зүс танина. Ү манай дүүгийн мэдээллийг хаанаас яаж олж авсан талаар бол надад мэдэх юм алга байна. ...Би эхлээд Ү-той утсаар яриад М-ийн эгч байна чи манай дүүгийн мэдээллийг ашиглаад хэд хэдэн газраас зээл авсан байна хурдан төлж барагдуулмаар байна гэж хэлсэн чинь би авчихсан юмаа уучлаарай эгчээ удахгүй төлчихнө гэж хэлж байсан. Сүүлдээ утсаа авахаа байгаад нөгөө дугаар нь бүүр холбогдохоо байсан. Тэгээд утсаа авахгүй болохоор нь ажил дээр нь яваад очсон чинь би үдээс хойш ажлаасаа чөлөө авч гараад мөнгийг чинь өгье гэж хэлсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Б-ын “...М-ийн эгч нь над руу утсаар ярьсан. Ү нь манай дүүгийн аппилкейшнээр орж зээл авхуулаад тэр мөнгөө өгөлгүй нэг сар болж байна. Тэгээд өөртэй нь ярихаар өнөөдөр өгнө гээд өгөхгүй нэг сар боллоо, энэ асуудлыг хэлж ярьж өгөөч гэж л ярьсан. Өөр асуудал яриагүй. ...Би тухайн үед Ү-той өөрийн биеэр биечилж уулзаад М гэдэг хүн утсаар яриад байна, ямар учиртай хүн юм бэ мөнгө төгрөгийг нь төлөхгүй юм уу гэсэн чинь Ү энэ асуудлыг би мэдэж байгаа. Мөнгийг нь өнөөдөр төлнө гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгөө өнөөдөр төлж хохиролгүй болгочхоод хариу хэлж мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
- ..... банкны ...... дахь салбараас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн 5517/24/55 дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Н.Ү-ийн эзэмшлийн ......... депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
- .......... банкны ............ салбараас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 15/461 дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Н.Ү-гийн эзэмшлийн ............ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,
- ......... банкны ........... салбараас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн 5517/24/55 дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Н.Ү-ийн эзэмшлийн ............. тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хавтаст хэргийн 31-40 дүгээр хуудас/
- Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Э-ын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Н.Ү-ийн ..... банкны ................ тоот данс, ........... банкны .............. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 24-25,29-30 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Э-ын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.М-ийн ..... банкны ....... тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч У.Ө, Д.М нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.
Хохирогч нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч Н.Ү нь хохирогч У.Ө-ын иргэний бүртгэлийн мэдээлэл болон гар утсыг ашиглан түүнд бага хэмжээнээс дээш буюу нийт 5,544,739.32 /таван сая таван зуун дөчин дөрвөн мянга долоон зуун гучин есөн төгрөг гучин хоёр/ мөнгөний хохирол,
Үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.М-ийн иргэний бүртгэлийн мэдээлэл ашиглан түүнд бага хэмжээнээс дээш буюу нийт 3,680,000 /гурван сая зуун наян мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Шүүгдэгч Н.Ү нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Ү-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Н.Ү-ийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ү-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч У.Ө-т нийт 5,544,739.32 /таван сая таван зуун дөчин дөрвөн мянга долоон зуун гучин есөн төгрөг гучин хоёр/ мөнгөний хохирол, хохирогч Д.М-д нийт 3,680,000 /гурван сая зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Ө нь “...Миний бие ........ овогтой Ө нь өөрийн таньдаг ах болох Н.Ү-д нийт 9,700,000 төгрөг залилуулсан бөгөөд миний хохирлыг барагдуулж дууссан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,
мөн хохирогч Д.М нь “....... овогтой М би Н.Ү гэх хүнд залилуулсан. Н.Ү нь миний хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/-үүдийг тус тус гаргасан байх ба хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Н.Ү-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Ү-д шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Н.Ү-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ........ овогт .....-ийн Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Н.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 06 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Ү-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 06 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 06 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Н.Ү-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 06 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Н.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ