Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2021/00224

 

 

 

 

 

 

 

 

 

2021 01 26 181/ШШ2021/00224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, А.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, ӨСС ХХК -д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аким овогтой Хуат нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн харуулаар тасралтгүй 9 жил 10-аад cap ажилласан. 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн барилгын харуул, хамгаалалтыг ӨСС ХХК хариуцахаар болсон тул урьд татварын хэлтэст харуулаар ажиллаж байсан харуулуудыг тус хамгаалалтын албанд үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Угаасаа Татварын хэлтсээс ӨСС ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээндээ урьд ажиллаж байсан харуулуудыг үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцсон байгаа. Үүний дагуу ӨСС ХХК-ны Хөдөлмөрийн гэрээг бидэнд өгч бөглүүлэн тус өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд би гэрээний нэг хувийг шууданд хийж явуулсан боловч гэрээг баталгаажуулж өгөөгүй. ӨСС ХХК-аас ажлын хувцас өгсөн бөгөөд мөн өдрөөс тус хамгаалалтын албаны ажилтны хувиар Татварын хэлтсийн объектыг хамгаалж, харуулын ажлыг гүйцэтгэж байсан. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестивал нь надад ӨСС ХХК-иас чамайг ажлаас чөлөөлсөн болохыг надаар дамжуулан хэлүүлж байна, чи өнөөдрөөс эхлэн ажиллахгүй гэж хэлсэн. Тэгээд би ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрээ авна, үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлж байна гэж хэлээд ажлаас чөлөөлсөн шийдвэрээ авахаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тушаал шийдвэр гаргаж өгөөгүй.

ӨСС ХХК-иас надад ажилласан хугацааны цалин хөлсийг шилжүүлэн өгөхдөө ажлын хувцасны 80,000 төгрөгийг хасаж тооцож, үлдэгдэл 249,280 төгрөгийг миний ХААН банк дахь 51****** тоот дансанд шилжүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд ажил олгогч гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж миний эрх ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 43.1-т "Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж заажээ. Гэтэл ажил олгогч намайг үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ зөрчиж, ажлаас үндэслэлгүй чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, гэрээг цуцалсан шийдвэрийг надад бичгээр гаргаж өгөхгүйгээр намайг чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

Иймд А.Хыг ӨСС ХХК-ийн хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч ӨСС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ӨСС ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэстэй Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хамтран ажиллах журам-ыг байгуулж ажилласан. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу манай компани 3 хүнийг ажиллуулахаар тохиролцсоны дагуу өмнө нь хувиараа харуулын үүрэг гүйцэтгэж байсан 3 иргэнтэй Хөдөлмөрийн гэрээ-г шинээр байгуулан үргэлжлүүлэн ажиллуулж эхэлсэн. Тэдний нэг нь иргэн А.Х юм. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ урьд ажиллаж байсан харуулуудыг үргэлжлүүлэн ажиллуулахаар тохиролцсон байсан ... гэжээ. Талуудын байгуулсан гэрээ болон хамтран ажиллах журамд тийм заалт байхгүй. Гэрээний талуудын эрх ашиг, ажлын үр дүнгийн хувьд өмнө нь ажиллаж байсан ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах нь бизнесийн хувьд ашигтай байсан тул дээрх иргэдэд хамтран ажиллах санал гаргаж гэрээг бичгээр явуулсны дагуу иргэн А.Хтай Хөдөлмөрийн гэрээ-г 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан байна.

Иргэн А.Х нь 24 цаг харуулын үүрэг гүйцэтгээд 48 цаг амардаг. Харуулын үүрэг гүйцэтгэдэг нэг өдрийн хөлс 42,000 /дөчин хоёр мянга/ төгрөг байдаг. Түүний харуулын үүрэг гүйцэтгэсэн 8 өдрийн хөдөлмөрийн хөлс нийт 336,000 /гурван зуун гучин зургаа мянга/ төгрөгөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт 2 хувь, дүрэмт хувцасны 80,000 /наян мянга/ төгрөгийг суутгаж үлдэгдэл 249,280 /хоёр зуун дөчин есөн мянга хоёр зуун наян мянга/ төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн байна.

Тэрээр гэрээ байгуулснаас хойш 8 өдрийн гараанд хэвийн ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн өглөө харуулын постод ээлж солилцсоноос хойш үүрэг гүйцэтгээгүй байна. Ажил олгогч түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.8 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.14-т тус тус заасан эрх, үүргийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчоос бичгээр өгсөн зөвшөөрөлгүй ажил тасалсан байх тул ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж дараагийн харуулын ажилтныг Татварын хэлтсийн дарга Т.Фистевалын санал болгосноор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон тушаал гаргасан байна. Иргэн А.Х нэхэмжлэлдээ ... 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестивал нь түүнийг ажлаас чөлөөлсөн, цаашид ажиллахгүй... тухай манай компанийн шийдвэрийг танилцуулсныг дурджээ. Энэ тухай ажил олгогч тухайн үед огт мэдээгүй байдаг. Манай компанийн орон нутгийн харуулын ажилтнуудыг хариуцан ажилладаг албаны дарга Д.Оргилболдод энэ тухай амаар болон бичгээр ирүүлсэн хүсэлт, тодруулга, мэдээлэл огт байхгүй байсан тул ажил олгогч А Хуатыг ажлаа тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан байна. Тэрээр мөн нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлсөн шийдвэрээ авахаар удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл ажил олгогч гаргаж өгөөгүй тухай дурдсан байна. Түүнээс энэ тухай хэнээс, хэзээ, амаар болон бичгээр асуусан эсэхийг тодруулах нь зүйтэй байна. Ажил олгогч энэ тухай мэдээгүй байсныг хариуцлагатайгаар мэдэгдье.

Иргэн А.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу ажил олгогч нь ажилтантай Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул түүний эрх ашиг зөрчигдсөн тухай илэрхийлсэн нь ойлгомжгүй байна. Учир нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг баталгаажуулж талууд гарын үсэг зурсан гэрээний эх хувь хадгалагдаж байна. Мөн түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд гэрээг хавсаргасан тухай дурдсан байна. Тэрээр дээрх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасны дагуу ажил олгогч нь түүнийг ажлаас чөлөөлөхдөө ажил хүлээлгэн өгөх хугацаа заагаагүй, үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүйд гомдсон байна. Манай компанийн зүгээс ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүй, ажил олгогчийг төлөөлөх эрхгүй этгээдтэй үл ойлголцож ажлаа тасалсан шалтгааныг дээрх хуулийн заалтад хамаарахгүй гэж үзэж байна.

Иргэн А.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д заасны дагуу гэрээг туршилтын 1 сарын хугацаатай байгуулсан байна. Тус гэрээний 1.9 дэх заалтын дагуу ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлаа тасалж, ажил үүргээ гүйцэтгээгүй байх тул гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна.

Иймд ажил олгогч дээрх үндэслэлийн дагуу иргэн А.Хыг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч ӨСС ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч А.Хыг ӨСС ХХК-ийн захирлын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 20/08 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд А.Х нь шүүхэд 2020.10.20-ны өдөр гомдлоо гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

ӨСС ХХК-ийн захирлын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 20/08 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн А.Хыг туршилтын хугацаанд ажиллахдаа ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ажлаа орхиж явсан Хөдөлмөрийн гэрээний 2.3.8-д заасан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. /хх-24х/

 

Нэхэмжлэгч А.Х нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст харуулаар ажиллаж байсан, ӨСС ХХК нь 2020.09.01-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн харуул хамгаалалтыг хариуцахаар гэрээ байгуулж, Татварын хэлтэст харуулаар ажиллаж байсан А.Хыг үргэлжлүүлэн ажиллуулсан талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч А.Х нь ӨСС ХХК-иас Хөдөлмөрийн гэрээний маягт өгсний дагуу түүнийг бөглөж, өөрийн саналаа оруулж шуудангаар ӨСС ХХК-д явуулсан гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уранчимэг хүлээн зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээ-ний А.Хын гарын үсэг зурсан хувийг хүлээн авч баталгаажуулсан гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу А.Х, ӨСС ХХК нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-7-10х/

 

Хөдөлмөрийн гэрээний 2.5-д Ажилтны ажлын хуваарь 24/48 гэж заасны дагуу А.Х нь 2020 оны 09 сард нийт 24 цагаар 8 өдрийн харуулын үүргийг гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч ӨСС ХХК нь А.Хыг Хөдөлмөрийн гэрээний 2.3.8-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл Ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр ажил таслах гэж заасан сахилгын ноцтой зөрчил зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Мөн А.Хын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестивал нь надад ӨСС ХХК-иас чамайг ажлаас чөлөөлсөн болохыг надаар дамжуулан хэлүүлж байна, чи өнөөдрөөс эхлэн ажиллахгүй гэж хэлээд ажлуулаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрээ авахаар шаардсан боловч гаргаж өгөөгүй гэх тайлбарыг үгүйсгэх баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаагүй.

 

Нэхэмжлэгч А.Хыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ӨСС ХХК-ийн захирлын 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 20/08 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд А.Хыг ӨСС ХХК-ийн хамгаалагчийн ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Хыг ӨСС ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн хамгаалагчийн ажилд нь эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Хын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ӨСС ХХК-иас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА