| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2024-12-30 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Л.С,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч И.О /цахимаар/,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Бод холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, ....... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... оршин суух хаягтай, С.Б. Регистрийн дугаар......
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн МИХ сууцны хороололын гудамжинд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр С.Б нь өөрийн эзэмшлийн тэжээвэр Н үйлдвэрийн нохойг зориулалтын хошуувч зүүлгээгүйн улмаас тухайн гудамжинд үхэр тууж явсан 5 настай эрэгтэй Т.Дыг хазаж, эрүүл мэндэд зүүн бугалга, дух, нуруу, өгзөгт шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн .... дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн МИХ сууцны хороололын гудамжинд 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр С.Б нь өөрийн эзэмшлийн тэжээвэр Н үйлдвэрийн нохойг зориулалтын хошуувч зүүлгээгүйн улмаас тухайн гудамжинд үхэр тууж явсан 5 настай эрэгтэй Т.Дыг хазаж, эрүүл мэндэд зүүн бугалга, дух, нуруу, өгзөгт шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт нь:
Насанд хүрээгүй хохирогч Т.Тгийн: “2024 оны 7 дугаар сарын 10-ны орой дүү Т.Дын хамт гудамжинд өөрийнхөө үхрийг хашаа руугаа туугаад явж байтал нэг хашаанаас нохой гэнэт гарч ирээд дүү Д хазсан тэгэхээр нь би барьж явсан шилбүүрээрээ ороолгосон чинь холдчихоод буцаж ирээд дайрч дахин дүүг маань хазсан. Намайг гарнаас хазсан нохойны эзэн бололтой хоёр хүүхэд нохойгоо хорьж ээж маань араас машинтай дагаад явж байсан бас гарч ирээд тэгээд тэгээд нөгөө нохой дайрч хоёр хүүхэд нь нохойгоо хорьсон. Баруун гарнаас хазсан. Манай дүүг гарнаас нь аймар хазсан. Гомдолтой. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн: “2024 оны 7 дугаар сарын 10-ны 19 цагийн үед би өөрийн машинтайгаа Агьтын гудамжинд байх худгаас үхрээ аваад 5 настай хүү Т.Д, 10 настай охин Т.Т нар туугаад би машин дотроос хараад дагаж явтал гудамжны буланд хоёр үхэр туугаад явж байгаа хүүхдүүдийн хойноос очиж 5 настай хүү Д эхэлж хазаж унагаад дараа нь охиныг маань бас хазсан би машинаа зогсоож араас нь гүйж очиж нөгөө нохойг салгах гэтэл над руу бас дайрч шүд нь яралзан дайрсан. Нөгөө хоёр нохойны эзэн бололтой аав ээж нь гарч ирж тэгээд хүү Дарханбаярын зүүн гарны бугалга хэсгийн махыг нь яраад хаясан байсан ба олон тооны шүд орсон мөн охины маань бас олон удаа хазсан байсан. Нохойны эзэнтэй эмнэлэг орж үзүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотод Түлэнхийн төвд Д хэвтүүлсэн. Охин маань гадуур боолт хийлгэж байгаа. Анхан шатны үзлэгээр зүүн гарын ар бугалга хэсэгт хөндлөн язарсан шархтай өгзөг толгой хэсэгт нуруу хэсэгт олон тооны хазалтын шархтай байсан. Т.Тгийн баруун гарын шуунаас хоёр шүдний шархтай байсан. Гомдол саналтай байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Дын: “Би 2024 оны 7 дугаар сарын 10-ны орой эгч Т.Тгийн хамт худгаас үхэр, тугалаа туугаад гудамжаар гэр рүү явж байтал гэнэт нохой гарч ирээд эгч бид хоёрыг хазсан. Тэгээд эгч бид хоёр эмчид үзүүлсэн. Би эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Иргэн Т.Д нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 330.440 төгрөгийн хөнгөлөлтийг гаргуулсан байна. Т.Т нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 249.642 төгрөгийн хөнгөлөлтийг гаргуулсан байна. 580.082 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,
Шүүгдэгч С.Бын гэрчээр өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 10-ны 19 цаг өнгөрч байхад МИХ сууцны хашаанаас бага оврын ачааныхаа машиныг асааж цахим худаг руу усанд яваад ирсэн. Хашаанд манай гэрийн тэжээвэр 2 настай А гэх нохой хашаанд уяатай байсан. Манай нохой уяанаасаа алдуураад хажуугаар гарсан. Тэгээд хүүхдүүд араас нь гарсан. Тэгсэн хоёр хүүхдийг хазсан манай хүүхдүүд эхэлж очиж салгасан. Эхнэр бид хоёр гарч нохойгоо хашаа руугаа орж уячихаад нөгөө хазуулсан хүүхэд ба ээжтэй нь уулзсан. Тэгээд эмнэлэг рүү авч явсан. Улаанбаатар хотод гэртээ тэжээдэг гэрчилгээтэй вакциндаа хамрагдсан байгаа. Хүүхдүүд маань тэжээдэг. Урьд өмнө нь хүүхэд хүн хазаж байгаагүй. Ойлгосон хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 939 дугаартай “1. Т.Т-н биед баруун шуунд хазагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Т.Тгийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-84 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 957 дугаартай “1. Т.Дын биед тухайн үед зүүн бугалганд урагдсан шарх, баруун өгзөг, дух, зүүн зулайн хуйх, нуруунд олон тооны шарх гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх зүүн бугалганы хууларсан шарх гэмтэл нь одоогоор тавшиж гүйцэт эдгэрээгүй байгаа тул эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад шарх, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-90 дүгээр тал/,
Шүүгдэгч С.Бын яллагдагчаар өгсөн “..2024 оны 7 дугаар сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байхад манайх зочинтой байсан болохоор А нэртэй нохойгоо байшингын 2 давхарт өрөөнд нь оруулсан байсан. Манай нохой нь байнга байшинд бид нартай хамт амьдардаг юм. Тэгээд би бага оврын ачааныхаа машиныг асааж цахим худагаас ус аваад буцаж хашаандаа орж ирээд усаа буулгаж байхад хашааны гадаа хүмүүсийн орилолдох чимээ сонсогдсон. Тэгээд хашаан дотор байсан хүүхдүүд хашааны хаалганы хажууд очоод охин Шүр болон тэнд байсан хоёр хүүхдийн хамт гурвуулаа хашаанаас гарч байгаа харагдсан. Мөн манай эхнэр Б нь хашааны хаалгаар хүүхдийнхээ араас гарсан. Тэгээд манай эхнэр хашааны цаанаас намайг дуудаад би гүйгээд очих үед манай А нэртэй нохой хүүхэд хазсан байсныг эхнэр Б, болон манай охин Шүр нар салгаад нохойг аваад дотогш оруулсан байдалтай. Тэгээд нохойд хазуулсан хоёр хүүхдийг сумын эмнэлэгт аваачиж үзүүлэхэд боолт хийж өгөөд гэмтэл рүү яв гэсний дагуу хоёр хүүхдийг ээжийн хамт дагуулаад гэмтэлд очиж үзүүлж эмчилгээ хийлгэсэн юм. Би тухай бүрт нь хоёр хүүхдийн эмчилгээтэй холбоотой зардлыг гаргаж өгч байсан бөгөөд нийт хэдэн төгрөг нөхөн төлсөнөө хэлж мэдэхгүй. Энэ талаараа төлсөн баримтынхаа тооцоог гаргаж өгье. Миний нохой А нь айлын хоёр хүүхдийг хазаж гэмтэл учруулсан явдалд харамсаж байна. Тухайн үед гэмтлийн хүлээн авхын эмч нохойд хазуулсан хүү Дарханбаярын шархыг оёж боолт болон вакцины 2 дахь тунгаа сумынхаа эмнэлэгт хийлгээрэй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хүүхдийн эмчилгээ эдгэрэлтийн үр дүнд санаа зовоод тухайн эмнэлэгт эмчлүүлэх хүсэлт гаргаж 5 хоног хэвтүүлэн эмчлүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 125 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн МИХ сууцны хороололын гудамжинд 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр С.Б нь өөрийн эзэмшлийн тэжээвэр Н үйлдвэрийн нохойг зориулалтын хошуувч зүүлгээгүйн улмаас тухайн гудамжинд үхэр тууж явсан 5 настай эрэгтэй Т.Дыг хазаж, эрүүл мэндэд зүүн бугалга, дух, нуруу, өгзөгт шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан хамаарагдах ба орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэр бүхий субьектив шинжтэй байдгаараа онцлог юм.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт өөрөө дайрч довтлон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулж чадах байгалиас заяасан чадвартай гэрийн тэжээмэл амьтныг хамааруулан ойлгох бөгөөд ийм төрлийн гэрийн тэжээмэл амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинж хангагдана. Тодруулбал хазаж ноцон хүн, амьтныг гэмтээх, хороох байгалийн чадвартай гэрийн тэжээмэл амьтныг олон нийтийн газар авч явахдаа тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хөтөлгөө хошуувчтай авч явах, орон сууц, хашаа зэрэг өөрийн эзэмшлийн бүсэд байгаа тохиолдолд хараа хяналтгүй гарахгүй байх, бусад хүн амьтан санамсаргүй байдлаар орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, тасарч алдуурахааргүй байдлаар уях, зориулалтын торонд байлгах, түүнчлэн дээрх төрлийн амьтныг харуул манааны зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд олон нийтийн болон бусдын эзэмшил газар луу чөлөөтэй нэвтрэх боломжийг хааж хашаа, хаалгаа бэхлэх үүргийг амьтан эзэмшигч хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас түүний эзэмшилд байдаг амьтан хүний биед халдан хүндэвтэр хохирол учруулсан бол орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний үйлдэл хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.С: “Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх ялын саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч С.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, түүний ар гэрийн байдал зэрэг хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч И.О: “Улсын яллагчаас гаргасан саналыг дэмжиж оролцоно” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А нь шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдлыг харгалзан” эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар урьд ял шийтгэлгүй, анх удаагийн тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн талаар маргахгүй байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч С.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Дт хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4.190.326 төгрөгийг нөхөн төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд 424.082 төгрөгийг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Боос гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн ..... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Быг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч С.Бод оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь насанд хүрээгүй хохирогч Т.Дт мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд 4.190.326 төгрөг төлсөнг дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгий дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН