Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00270

 

          “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар срын 11-ний өдрийн 181/ШШ2018/02571 дугаар шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б, Ц.Т нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 908 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.М, хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Ц.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

 Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б, Ц.Т нарт 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 33/ЗГ дугаар зээлийн гэрээ байгуулж, компанийн хувьцаа худалдан авах зориулалттай 30 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээл олгох үед 33/БГ дугаар зээлийн барьцааны гэрээ байгуулж, Ц.Т-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 48 дугаар байрны 3 тоот орон сууцыг барьцаалж, зээл олгосноос хойш зээлийн хүүгийн төлбөрт зээлдэгч нар 5 300 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Д.Б өөрийн харьяалалдаа буюу оршин суугаа хаягтаа суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар Д.Б-ийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 137 дугаар захирамжаар эрэн сурвалжлах ажиллагаагаар оршин суух хаягийг тогтоосон тул шүүхэд хандсан.

Хариуцагч Д.Б болон Ц.Т нараас зээлийн гэрээний үүрэг 30 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 40 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 908 000 төгрөг буюу нийт 87 908 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Ц.Т-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү2203012719 дугаартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу гудамж, 48 дугаар байрны 3 тоот орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан тайбартаа: Миний бие өөрийн дүү Ц.З-аар дамжуулан түүний найз гэх Ц.Б-той 2016 онд танилцсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сард Д.Б нь надаас ”Надад мөнгө хийх арга байна, одоо хувьцаа хямдхан байгаа дээр нь аваад үнэ нэмэгдэхээр нь зарвал овоо ашиг олох боломжтой, эрсдэл байхгүй. Мөнгө хийхэд 1 сары хугацаа байхад хангалттай. Та надад батлан даагч болоод өгвөл би зээл авч, хувьцаа худалдан авч зарчихаад ашгаасаа тантай хуваалцана” гэж гуйсан тул зөвшөөрсөн. Тэр өдрөө Д.Б нь Г ХХК-ийн захирлыг танидаг гэж дагуулан очиж гэрээ хийж, өөр ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэлгүйгээр 1 өдрийн дотор зээл авсан ба зээлийг Д.Б-ийн дансаар шилжүүлсэн, би нэг ч төгрөг аваагүй. Иймд Г ХХК-ийн нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дугаар зүйлд зааснаар хариуцагч хариуцагч Ц.Т, Д.Б нараас үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 37 900 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 580 000 төгрөг, нийт 85 480 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 428 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 3 тоот, 84,6 мкв 3 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн бүртгэлийн Ү-2203012719 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ц.Т, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 585 380 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Г ХХК-долгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 62.1.4-д заасны дагуу нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлийн үнийг тусгах шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч нь “хариуцагч нараас 87 908 000 төгрөг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэл гаргасан нь хариуцагч нараас тус бүр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа тодорхойгүй. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр тодорхой бус гарсан байна. Иймд энэ алдааг зөвтгөж, хариуцагч тус бүрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох, тус нэхэмжпэлийн шаардлагад хариуцагч нар тайлбар гаргасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, шүүх хуралдаанд оролцвол зохих этгээд болох хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-д шүүх хуралдааны тов мэдэгдээгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс Т.С-д шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний утасны дугаараар залгасан боловч “орох ярианы эрх хаагдсан” гэж тэмдэглэгдсэн байна. Ийнхүү түүний утасны дугаар руу нэг удаа залгасан нь түүн рүү мэдэгдэх хуудас явуулахгүй байх үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд.хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт заасны дагуу тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй тул шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд хурлын тов мэдэгдсэн гэж үзэхгүй юм.

Хариуцагч Д.Б-ийн Т.С-д олгосон 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэлд тэрээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байрны 28 тоот хаягт бүртгэлтэй байх тул уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх байсан.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож чадаагүйтэй холбоотой зээлийн тооцоолол буруу хийгдсэн, хариуцагчийн төлсөн төлбөр хасагдаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн тооцоолол бүхий хуудсыг харахад хариуцагч 5 300 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн байна. Иймд тус төлбөр нь үндсэн зээлээс хасагдаж, хариуцагчаас 34 700 000 төгрөгийн үндсэн зээл гаргуулах үндэслэлтэй болох юм. Үндсэн зээл буурахтай холбоотой зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү мөн буурах учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Д.Б, Ц.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 908 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ийн эзгүйд шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзжээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-д 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр түүний 94007700 дугаарын утсаар мэдэгдсэн талаархи тэмдэглэлд “орох ярианы эрх хаагдсан гэсэн хариу өгсөн” гэжээ. Мөн дээрх хуралдааны товыг хариуцагч Д.Б-д 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэхэд “2018.12.10-өдөр Отгонгэрэл” гэх хүн хүлээн авсан /х.х-ийн 34, 36/  зэргээс үзэхэд  хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нарт шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн гэж үзэхгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд тухайн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Дээрх зөрчлүүдийн улмаас талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх эрхийн үндсэн дээр явагдсан гэж үзэхгүй, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар срын 11-ний өдрийн 181/ШШ2018/02571 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

             ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                     Д.БАЙГАЛМАА