Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2021/00393

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2021/00393

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Э-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч 155/2021/00187/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, хариуцагч Ч.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Б Ч.Этай 1995 онд танилцаад 2 жил гаран үерхэж байгаад 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуримлаж 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн билээ.

Энэ үеэс эхлэн бид хамтран амьдрах явцад том охин Ууганпагма 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, дунд хүү Ганбаатар нь 2003 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, бага хүү Ганбаяр 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Хамт амьдарсан хугацаанд таарч тохирохгүй, хэрүүл маргаан ихсэж хамт амьдарахад төвөгтэй болж нөхөр Ч.Э өөрийнхөө муухай ааш авир гарган намайг элдвээр хэлж, хүүхдүүдээ ч янз бүрээр хараах нь ихсэж хүүхдүүдийн дэргэд янз бүрээр авирлах болсон.

Бид хоёр хамт амьдраад 19 жил болсон. 2016 оны 8 дугаар сарын 16-нд эд ажлын үеэр архи ууж, янз бүрээр авир гаргаж байгаад явсан. Одоо бид тус тусын амьдралаар 5 жил болж байна. Одоо нөхөр Ч.Э эхнэр авч амьдраад нэг жил болж байна. Бидний хувьд буцаж нийлэх боломжгүй. Би хүүхдүүдээ өөрийн асрамжид авч хүмүүжүүлж өсгөх болно. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэхгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Мягмардорж овогтой М.Б нь Ч.Эд холбогдуулан гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс шүүх хурлыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон боловч би Булган аймгийн Баян-Агт суманд ажлаар яваад хөл хорионд орсон тул намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Э нь М.Бийн гэрлэлт цуцлуулах тухай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Ч.Э би М.Бтэй 1997 онд гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас том охин Ууганпагма 1999 онд, дунд хүү Ганбаатар 2003 онд, бага хүү Ганбаяр 2010 онд тус тус төрсөн. Бид нар гэр бүлээрээ сайхан амьдарч байтал эхнэр маань өөр хүнтэй болж хэрүүл маргаан гарах болсон. Эхнэр М.Б нь надаас салснаас хойш хүнтэй сууж гэр бүл болон хоёр хүүхэд төрүүлсэн юм. Цаашид бид хамт амьдрах боломжгүй юм. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаан байхгүй. Охин Ууганпагма нь тусдаа гарсан, дунд хүү Ганбаатар 9 дүгээр ангиа төгсөөд ээжтэйгээ хамт малаа малладаг. Бага хүү Ганбаяр нь сургуульд сурдаг.

Иймд би М.Бөөс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ч.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр салаад 5 жил болж байна. Одоо өөр эхнэртэй болох гэж байгаа. Хамт амьдраад 1 жил болох гэж байна. Манай эхнэр М.Б одоо Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна... гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ч.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Хариуцагч Ч.Э нь гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан доорхи нотлох баримтаар гэрлэгчид нь 1995 онд танилцан үерхэж тэдний дундаас 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Ч.Эы Ууганпагма, 2003 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүү Ч.Эы Ганбаатар, 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ч.Эы Ганбаяр нар төрсөн, гэрлэгчид 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулан 2016 оны 8 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: М.Б, Ч.Э нар 1997 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр гэр бүл болж бүртгүүлсэн нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн,

1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Ч.Эы Ууганпагма, 2003 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүү Ч.Эы Ганбаатар, 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ч.Эы Ганбаяр нарын 0399096-26 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтууд болно.

Шүүх гэрлэлтийг цуцалж, 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч.Эы Ганбаярыг эх М.Бийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Учир нь: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан ба нэхэмжлэгч М.Б нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зохигч нар нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т тус тус зааснаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн цаашид хамтран амьдрах боломжгүй гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх тайлбар, гэрлэгчид нь сүүлийн 5 жилийн хугацаанд хатм амьдраагүй бөгөөд тус тусдаа хамтран амьдрагчтай болсон зэргээс үзвэл хэдийгээр хэрэгт гэрлэлтийг цуцлах ноцтой шалтгаантай талаархи нотлох баримт авагдаагүй боловч эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Хүүхдүүд болох 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ч.Эы Ууганпагма, 2003 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ч.Эы Ганбаатар нар нь насанд хүрсэн тул тэдний асрамжийн талаар шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, харин 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч.Эы Ганбаяр нь насанд хүрээгүй байх тул эх М.Бийн асрамжинд байнга байсан, одоо ч эхийн асрамжинд байгаа, хүүхдийн эхдээ ээнэгшин дассан, эцэг Ч.Э нь хүүхдийн асрамжийн асуудал дээр ямар нэгэн маргаангүй байх зэрэг байдлыг харгалзан эх М.Бийн асрамжинд үлдээв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч М.Б нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэх тул үүнийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч М.Б нь хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар дахин шүүхэд хандах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д зааснаар Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг тус тус дурьдлаа. 

Өөрөөр хэлбэл хүү Ч.Эы Ганбаяртай эцэг Ч.Э хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдсэгдсэн боловч нэхэмжлэгч нь Булган аймгийн Баян-Агт суманд Ковид-19 өвчний учир хөл хорионд орсон учир өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар М.Б,  Ч.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ч.Эы Гыг эх М.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ч.Э, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Б нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эаас 70.200 (далан мянга хоёр зуутөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бөд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА