Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/00497

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/00497

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: нгийн М /

            Хариуцагч: Н

            1 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.М , хариуцагч Д.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Н нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1 940 000 төгрөг зээлдээч гээд 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй дансаар шилжүүлж авсан. Сарын дараа мөнгөө төлөөгүй өөрөө харин хүүгээ сунгая гэж хэлсэн. Хүүг 12 дугаар сарын 19-ний өдөр дансанд шилжүүлсэн байсан. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөн хүүгээ сунгая гэсэн. Би мөнгөө өгөхийг шаардаж байсан. Ингээд 2 сарын хүүгээ өгч чадахгүй нь үндсэн мөнгөн дээрээ нэмчихээрэй гэсэн. 3 дугаар сард хүүгий нь хийчихнээ гээд дансаар 213 000 төгрөгийг өгсөн. Мөнгөө өгөхийг шаардахад 1 940 000+194 000=2 134 000 төгрөг гээд хүү нь 213 000 төгрөг байна гэсэн. 2015 оны 4,5,6 дугаар сарын хүү гээд тус бүр 213 000 төгрөг дансаар өөрөө хийсэн. 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл мөнгөө авахыг шаардсан боловч өгөхгүй өдийг хүрсэн. Мөнгөө нэхээд өгөхгүй болохоор нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн боловч хариуцагч Д.Н нь шүүхээр шийдүүлнэ гэсэн. Ингээд шүүхэд өргөдөл гаргаж байна. Я.М би хариуцагч Д.Н гээс удаа дараа шаардсан боловч одоог хүртэл миний эрх ашиг зөрчигдсөөр байна. Хариуцагч Д.Н өөрөө хугацааг сунгаж, надад хүүгээ өгч хугацааг сунгаж байсан тул бид хоёр хугацааг хоёр талын хүсэл зорилгоор сунгаж байсан гэж үзэж болно. Бидний хооронд байгуулсан бичгийн гэрээ ч байгаа. Иймд хариуцагч Д.Н гээс үндсэн мөнгө 1 940 000 төгрөг, нэхэмжлэлийн холбоотой зардал эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөг нийт 1 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч надаас үндсэн мөнгө 1 940 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөг нийт 1 970 000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг бүхэлд нь бол хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Я.М аас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1 940 000 төгрөгийг зээлж аваагүй, харин 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түүний эзэмшдэг Хаан банкны 5094248639 гэсэн данснаас миний эзэмшдэг Хаан банкны 5094292190 дансруу 1 200 000 төгрөгийг шилжүүлж авсан. Энэ өдөр 1 940 000 төгрөг миний данс руу шилжүүлээгүй юм. Харин үлдсэн 740 000 төгрөгийг бэлнээр нь Я.М аас гар дээрээ авсан болно. Би хүү гэж мөнгө төлөөгүй ба авсан мөнгөнөөсөө суутгуулахаар дараах мөнгийг дансаар нь гуйвуулсан юм. Үүнд 194 000 төгрөг, 195 000 төгрөг, 213 000 төгрөгөөр 3 удаа, 214 000 төгрөг, нийт 1 242 000 төгрөгийг шилжүүлсэн. Би Я.М аас мөнгө авахдаа зээлийн гэрээ бичгээр хийгээгүй тул хүү төлөх үүрэггүй гэж бодож байна. Тиймээс би өгсөн мөнгөө хасч үндсэн мөнгийг төлөх үүргийн дагуу төлнө. Хожим бид гэрээ байгуулсан ба хүүг 10 хувь гэж тохирсон нь үнэн. Харин М энэ гэрээнд засвар оруулж алданги тохироогүй байхад бичсэн байна. Иймд энэ гэрээг зөвшөөрөхгүй гэж бодож байсан боловч 2014 оны 12 дугаар сард төлсөн 194 000 төгрөг болон эвлэрүүлэн зуучлалын төлбөр 30 000 төгрөгийг зөвшөөрч бусад мөнгийг үндсэн төлбөрөөс хасч үлдэгдлийг өгнө гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Я.М нь хариуцагч Д.Н гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн зөвшөөрч мэтгэлцэж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Я.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1 940 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй Д.Н д зээлдүүлсэн. Хугацаа болоод мөнгөө нэхэхээр хүүг нь сунгаад явъя гэж гуйгаад миний данс руу хүүний мөнгө хийдэг байсан. Мөнгө өгөхгүй болохоор нь эвлэрүүлэн зуучлалд хандсан. Хүүнд өгсөн мөнгөө зөвшөөрөхгүй байгаад гайхаж байна. Хожим гэрээ байгуулсан боловч хүнээс 10 хувь гэж бичдэггүй гэж сонсоод өдрийн 0.3 хувь, алданги 0.3 хувь гэж засаж бичсэн нь үнэн гэж тайлбарладаг.

            Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 200 000 төгрөгийг дансаар, бэлнээр 740 000 төгрөг нийт 1 940 000 төгрөг авсан нь үнэн. Бидний хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй, хожим гэрээ хийсэн боловч алданги тохироогүй байсан. 10 хувь гэж тохирсон атал өдөрт 0.3 хувь гэж зассан байна. Сар бүр өгсөн мөнгөө үндсэн мөнгөнөөс хасуулж үлдэх төлбөрийг эвлэрүүлэн зуучлалын 30 000 төгрөгийн хамтаар төлөхийг зөвшөөрч байна. Мөн бидний хооронд хожим байгуулсан гэрээгээр 1 сарын хүү төлнө гэж байсан тул 2014 оны 12 дугаар сард төлсөн хүүг зөвшөөрч байна гэж тайлбарладаг.

            Зохигчидын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, 1 200 000 төгрөгийг дансаар, 740 000 төгрөгийг бэлнээр нийт 1 940 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбараар нотлогдож байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Я.М зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

            Хариуцагч Д.Н бидний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй бөгөөд сар бүр дансаар шилжүүлсэн мөнгийг үндсэн төлбөрөөс хасч тооцох учиртай гэсэн ба 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл

нийт  6 удаа нэхэмжлэгчийн дансанд 1 242 500 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны баримтаар батлагдаж байна.

            Зохигчид хожим зээлийн гэрээ нөхөж байгуулсан бөгөөд энэ талаар маргаагүй, зээлийн гэрээний хугацаа нэг сар байсан бөгөөд сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирч гэрээнд гарын үсэг зурсныг нэхэмжлэгч Я.М засвар хийсэн болохоо хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд мэдүүлж байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3-д ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул нэхэмжлэгч хүү авах эрхгүй байна.

            Хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 194 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөгийг хариуцан төлнө гэж зөвшөөрч байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи мөнгийг хасалгүйгээр 2015 оны 01 сар, 03 сараас 06 сар хүртэл төлсөн 1 047 500 төгрөгийг хасч, үлдэх 922 500 төгрөгийг Д.Н гээс гаргуулан Я.М ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 047 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 46 470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 500 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Я.М ад олгож, хариуцагч Д.Н гээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 26 690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.М ад олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Н гээс 922 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.М ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 047 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 500 төгрөг гаргуулан Я.М ад олгож, хариуцагч Д.Н гээс 26 690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.М ад тус тус олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

 

 

 

           

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ