| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0116/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2024-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
2024 12 26 2025/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Хишигсүрэн,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М*********,
Шүүгдэгч М.Б********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б***********д холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч М.Б************* нь цахим буюу олон нийтийн сүлжээнд мал зарах утга агуулга бүхий зар байршуулсны дагуу иргэн З.У*********тай утсаар холбогдож 3 хонь худалдан авахаар тохиролцсоноор хонины мөнгө болох 636.000 төгрөгийг Хаан банкны *********** тоот дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан,
Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг Good market нэртэй хүнсний дэлгүүрээс 2022 оны 12 дугаар сард адууны мах манай дүү зарж байгаа зарчхаад мөнгөө төлье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 316.900 төгрөгийн үнэ бүхий бараа материалын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилсан,
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ханбогд сумын зарын нэгдсэн группэд “Амьд хонь зарах хүн байна уу?” гэсэн зар байршуулан зарын дагуу Ж.О*********** утсаар холбогдож 3 хонь худалдахаар тохиролцож, хонины мөнгө болох 180.000 төгрөгийг Хаан банкны *************** тоот дансаар эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цогтцэций сумын зарын нэгдсэн группэд “Тэмээ зарна” гэсэн зар байршуулан зарын дагуу Г.Б********** мессенжер чатаар холбогдоход 2 тэмээ худалдахаар тохиролцож, тэмээний урьдчилгаа мөнгө болох 200.000 төгрөгийг Хаан банкны ********** тоот дансаар эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2023 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах хуучин Соёлын төвийн байранд иргэн Н.И***********оос “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн гар утсаар нь ярьж байхдаа түүний гар утасны интернэт банкийг ашиглаж Хаан банк дахь *********** дугаартай данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 500.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ***********дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч “Хулгайлах”,
Мөн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********** бааранд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.М************г 100.000 төгрөг зээлээч гэж хууран мэхэлж, 100.000 төгрөгийг нь авч “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу нийт 1,932,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б*************** мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Б********** нь цахим орчинд буюу олон нийтийн сүлжээнд мал зарах утга бүхий зар байршуулсны дагуу иргэн З.У********** холбогдож 3 хонь худалдан авахаар тохиролцож хонины мөнгө болох 636,000 төгрөгийг хаан банкны **************тоот данснаас шилжүүлэн авсан, гүүд маркет нэртэй хүнсний дэлгүүрээс 2022 оны 12 дугаар сард адууны мах манай дүү зарж байгаа урьдчилгаа мөнгөнүүдийг гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 316,900 төгрөгийн бараа материалыг авсан, 2024 оны 02 хоёрдугаар сарын 23-ны өдөр Ханбогд сумын зарын группэд амьд хонь зарах хүн байна уу гэсэн зарын дагуу зар байршуулсан О************ утсаар холбогдож 3 хонь худалдан авахаар тохиролцож хонины мөнгө болох 180,000 төгрөгийг өөрийн хаан банкны *********** тоот данс руу шилжүүлэн авсан, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цогтцэций сумын зарын группэд тэмээ зарна гэсэн зар байршуулан зарын дагуу Г.Б********* мессенжер чатаар холбогдож 2 тэмээ худалдахаар тохирсон тэмээний урьдчилгаа мөнгө болох 200,000 төгрөгийг хаан банкны ************* тоот дансаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжиж Өмнөговь аймгийн Ханбогд сумын хуучин соёлын төвийн байранд иргэн Н.И*********** гар утсаар чинь ярьж байгаад өгье гэж хэлэн утсаар ярьж байхдаа гар утасны интернэт банкийг ашиглаж хаан банкны ********** тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 500,000 төгрөгийг хаан банкан дахь өөрийн эзэмшлийн ********** тоот данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өгөөмөр караокед урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.М************ 100,000 төгрөгийг зээлээч гэж хуурч 100,000 төгрөг авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн буюу нийт 1,932,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан хохирогч З.У************* мэдүүлэг, 2024 оны 6дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч З.У******** гаргаж өгсөн бичмэл нотлох баримт, М.Б************ хаан банкны*********** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.Б********** мэдүүлэг, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр М.Б*********ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Б******** гаргаж өгсөн баримт бичиг, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О*********ийн мэдүүлэг, хохирогч Д**********ийн мэдүүлэг, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл, хохирогч Н.И*********ийн мэдүүлэг, хохирогч Т.М***********ийн мэдүүлэг, Н.И***********ийн хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, М.Б************ын хаан банкны эзэмшлийн ************ тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч М.Б***********ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдохгүй байх тул эдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Шүүгдэгч хохиролд *********** 300,000 төгрөг, хохирогч З.У*********** 500,000 төгрөг, хохирогч Н.И**********, Т.М******** нарт 500,000 төгрөг нийт 1,310,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Үлдэгдэл 616,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. 616,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.Б***********оос гаргуулах саналтай байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М********* гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үүн дотроо 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс хүлээн гэмт хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна. Эдгээр үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн хөтөлбөргүйгээр нотлогдож байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хэрэг хийсэн цагаасаа эхлэн хэнээс хэдэн төгрөг авсан талаараа үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Хохирол төлбөртэй холбогдуулан хохирогч З.У*********** 636,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Б********* 200,000 төгрөгийн хохирол, хохирогч Н.И********, Т.М******** нарт 600,000 төгрөгийн хохирол, хохирогч О********* 100,000 төгрөгийн хохирол, хохирогч Д*********** 316,900 төгрөгийн хохирол нийтдээ 1,932,900 төгрөгийн хохирол учирсан. Өнөөдрийн байдлаар хохиролд 1,316,900 төгрөгийг төлсөн. Улсын яллагчаас Д*********ийн 316,900 төгрөг төлөгдсөн гэж байна. Үүнийг миний үйлчлүүлэгч 330,00 төгрөгөөр тэгшитгэж төлсөн учраас бага зэргийн зөрөө гарч байгаа. Хохирогч З.У********* 136,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, хохирогч Г.Б*********** 200,000 төгрөг, хохирогч Н.И*********, Т.М********* нарт 100,000 төгрөг,О*********** 100,000 төгрөг нийтдээ 616,000 төгрөгийн хохиролын үлдэгдэлтэй байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б************** Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн З.Ур******** “....2022 оны 07 дугаар сарын сүүлээр намайг фейсбүүк зар харж байхад *********** дээр зүс таних Б********** гэгч нь өөрийнхөө ***********гэх фейсбүүк хаягаасаа “Мал зарна'’ гэх зар байршуулсан байсан. Уг зарын дагуу би чатаар Б********* гэгчийн утасны дугаарыг авч утсаар яриад “Мал зарж байгаа юу, ямар мал байгаа вэ” гэж асуухад “Мал зарж байна, одоо 3 хонь байна” гэхээр нь би бөөндөөд 2 хонийг нь 130.000 төгрөгөөр, 1 хонийг нь 180.000 төгрөгөөр бодож нийтдээ 540.000 төгрөгийг М.Б**********ын өөрийнх нь эзэмшлийн *********** тоот данс руу эхний гүйлгээгээр 260.000 төгрөг, түүний дараа маргааш өдөр нь 180.000 төгрөг нийтдээ 540.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 3 хоногийн дараа хонио явуулна гэж ярьж байгаад огт малаа явуулаагүй...., ...би нийтдээ 540.000 төгрөг шилжүүлснээс хойш “Хонийг чинь сум руу оруулаад унаанд тавих гэж байна, бензиний мөнгө байхгүй байна, мөнгө шилжүүлчих гэх мэт шалтаг тоочиж мөн надаас 40.000-аар 1 удаа, 60.000-аар 2 удаа, 50.000-аар 1 удаа тус тус мөнгө шилжүүлж аваад одоог хүртэл өгөхгүй байгаа юм..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-р хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 59 -р хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хохирогч З.У************ гаргаж өгсөн 2 хуудас баримт /1-р хх-ийн 94-95-р хуудас/,
М.Б*********** эзэмшлийн Хаан банкны ***************тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-11-р хуудас/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 148-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б********* “...би 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр ***************** фейсбүүк зарын групп дээр М.Б............. гэх хаягаас “********” гэх зар байхаар нь тэр зарын дагуу холбогдож 1 ингэн тэмээг 800.000 төгрөгөөр бодож 2 тооны тэмээ худалдан авахаар тохиролцсон. Тэгээд би “тэмээгээ ачаад хүрээд ир, ирснийх нь дараа мөнгөө найдвартай өгье” гэж хэлсэн чинь нөгөө Б*********** гэх залуу “Би одоо хөдөөгөөс малдаа явах гээд байна, урьдчилгаа түлшний мөнгө явуулчих, би маргааш тэмээгээ ачаад очъё" гэхээр нь би өөрийн голомт банкны ************* тоот данснаас М.Б***********ын эзэмшлийн ************** тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш М.Б*********** гэгч нь миний фейсбүүк хаягийг блоклоод утас руу нь залгахаар огт утсаа авахгүй өдийг хүрч байгаа юм Тухайн үедээ надад бол одоо тэмээгээ аваад гарах гэж байна, түлшний мөнгө хэрэгтэй байна гэж хэлж 200.000 төгрөг авч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 155-р хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр М.Б************ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 149-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б************* гаргаж өгсөн баримт /1-р хх-ийн 150-152, 160-168-р хуудас/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 218-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.О***********ийн “...би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр *********** нэгдсэн группэд “Амьд хонь зарах хүн байна уу?” гэсэн зар оруулсан. Тэр зарын дагуу *********** гэсэн хаягаас “Хямд хонь зарна” гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь тэр хаягтай холбогдоод нэг эм хонь худалдаж авахаар тохиролцсон. Тэр хүн би хөдөөгөөс очно та надад бензиний мөнгө шилжүүлчих би өглөө аваад очъё гэхээр нь би дансаа явуулчих гэхэд Хаан банкны*********** тоот данс явуулсан. Би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны ***********тоот М.Б*********** гэсэн данс руу ************ гэсэн утгатай 180,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ********** гэсэн хаяг руу хонь ирж байна уу? гэж асуухад “Очиж байна аа, хөдөөнөөс гарч байна” гэж хариу бичсэн. Хэсэг байж байгаад дахин чат бичих гэтэл миний фейсбүүкийг блок хийсэн байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн...би Ханбогд суманд гэртээ байхдаа мөнгөө шилжүүлсэн...Би өөрийн хохирлыг барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 228-229-р хуудас/,
2024.06.20-ны өдрийн дахин өгсөн “...би өөрийн хохирлоо барагдуулж авмаар байна би шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 233-234-р хуудас/,
М.Б**********ын Хаан банкны *************тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 222-223-р хуудас/,
М.Б*************ын Хаан банкны *************тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 219-220-р хуудас/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 243-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Д************ийн “...манай ************** хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүрт 2022 оны 12 дугаар сард /өдрийг нь санахгүй байна, шинэ жил дөхсөн байсан/ хөдөөгийн маягтай нэг залуу орж ирээд “Эгч шинэ жил болох гээд дүү нь гэрийнхэндээ жаахан юм авах гээд. Та надад зээлчих тэгэх үү?” гээд гуйгаад байхаар нь би нэрийг нь асуутал өөрийгөө “**********” гэдэг гэж хэлж байсан “Дүү нь хөдөөгөөс адуу оруулж ирээд махны дэлгүүрт өгчихсөн мөнгөө авч чадахгүй байна” гэхээр нь би зөвшөөрөөд тэр хүн манай дэлгүүрээс ойр зуурын идэх юм, вино шоколад гэх мэт 316,900 төгрөгийн бараа аваад явсан. Түүнээс хойш тэр хүн хэд хэдэн удаа манай дэлгүүрээр хэд хэдэн удаа орж ирээд “Дүү нь махны дэлгүүрээс мөнгөө авч чадахгүй байна” гэж хэлж байсан. Тэгээд манай дэлгүүрээр дахиж орж ирэхээ больсон. Манай дэлгүүрт тэмдэглүүлсэн утасны дугаар руу нь залгахад мөн л адил “Махны дэлгүүрээс мөнгөө авч чадахгүй байна, удаахгүй өгнө” гэж хэлээд утсаа салгадаг байсан. Тэрнээс хойш дахиж манай дэлгүүрээр орж ирээгүй, залгахаар утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-5-р хуудас/,
2024.06.20-ны өдрийн дахин өгсөн “...би өөрийн хохирлыг барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 9-10-р хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 245-246-р хуудас/,
Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 247-248-р хуудас/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 185-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.И*************ийн “...би эхнэр М********* хамт ********төвд засвар хийх ажилтай 2023 оны 11 сарын 10-ны үеэр ирсэн. Тэгээд ажлаа хийж байгаад ***********гэх Ханбогд сумын иргэн гэх хүнтэй танилцсан. Тэгээд 2023 оны 12 сарын 15-ны өдөр ахаа, эгчээ караокед оръё гээд гуйгаад байхаар нь эхлээд үгүй гэж байгаад орой 19 цагийн үед ***********, манай эхнэр ********** бид гурав ********** орсон. Тэндээ гурав гурван ширхэг лаазтаи 0,5 литрийн пиво уучхаад би дахиад хоёр хоёр лааз пиво авахаар тек дээр очсон тэгэхэд Б*********** намайг дагаж очсон. Тэгж очихдоо миний мобайл банкаар тооцоо шилжүүлэхэд нууц үгийг минь харсан юм шиг байгаа юм. Тэгээд 22 цагийн үед караоке баарнаас гараад амардаг газраа ирэхэд Б*********дагаад цуг ирсэн. Амрах гээд байж байхад ахаа утсаа өгчих гэхээр нь юу ч бодоогүй өгчихсөн тэгээд утсаар ярьчхаад тавиад явах байх гэж бодоод унтаад өгсөн. Тэгээд маргааш нь 12 сарын 16-ний өглөө 07 цагийн үед боссон. Тэгээд өдөр 12 цагийн үед эхнэр надаас мөнгө яасан юм гэж асуусан тэгээд би юун мөнгө гээд дансаа үзэхэд 300,000 төгрөг миний дансанд үлдсэн байсан. Уг нь миний дансанд 800,000 орчим төгрөг байх ёстой байсан. Тэгээд би Хаан банкны лавлах руу залгаад асуухад 2023 оны 12 сарын 16-ний шөнийн 03 цаг 50 минутад 300,000 /гурван зуун мянга/-н төгрөг, 04 цаг 02 минутад 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөг тус тус Б********** гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн байна гэсэн. Тэрнээс хойш Б*********** холбогдож чадаагүй. Тэгээд Б******** таньдаг. утас нь байдаг болохоор өгчих болов уу гэж харж байсан. Бас караокед ордог өдөр буюу 2023 оны 12 сарын 15-ны өдөр эхнэрээс бас 100,000 төгрөг зээлж авсан байсан. Тэгээд удаагүй Ханбогд сум дахь ажил дуусаад Сэлэнгэ аймаг явчихаад сая ирж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.М********* өгсөн “...Би нөхөр Н.И**********ийн хамт ********барилгын засал чимэглэлийн ажил хийхээр 2023 оны 11 сарын эхээр ирсэн Тухайн өдөр буюу 2023 оны 12 сарын 15-ны орой 19 цагийн үед Б********* нөхөр бид хоёр дээр ирээд ганц цаг караокед оръё гээд тэгээд бид 3 ********** ороод сууж байхад Б********* надаас 100,000 төгрөг зээлээч гэсэн тэгээд би өөрийн *********тоот данснаасаа шилжүүлсэн. Тэгээд тэндээ удаагүй гурав гурван 0,5 литрийн пиво уучхаад 1 цаг орчим болоод гарсан. Тэгээд бид хэд байрлаж байсан байрандаа очисон. Бид хоёрыг унтдаг газраа ороод унтах гэж байхад Б******** араас орж ирээд та хоёр утсаараа яриулаач гэсэн тэгээд манай нөхөр И***********ийн утсаар нэг эмэгтэй хүнтэй яриад л байсан. Бид хоёр тэр чигтээ унтчихсан. Тэгтэл өглөө 04 цаг өнгөрөөгөөд би явж унтлаа гэж надад хэлсэн бид хэд юу ч мэдээгүй. Маргааш би өдөр нь буюу 2023 оны 12 сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд нөхрийнхөө Хаан банкны ********** тоот дансыг шалгахад мөнгө нь байхгүй байсан. Тэгээд хаашаа гарсан талаар банкны лавлах руу нөхрөөрөө залгуулахад 2023 оны 12 сарын 16-ны шилжих шөнийн 03 цаг 50 минут, 04 цаг 02 минутад Б*********ын данс руу эхлээд 300,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг нийт 500,000 /таван зуун мянга/-н төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд нөхрөөсөө асуухад нөхөр бас мэдэхгүй байсан. Шөнө Б********** утсаар ярьж байхдаа өөр рүүгээ шилжүүлсэн байсан. Тэрнээс хойш одоог болтол Б********** холбогдож чадаагүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.М***********ийн “..нөхөр бид 2 нийлээд 600.000 төгрөгөө авчихвал өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 199-р хуудас/,
Н.И**********ийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот данс, М.Б**********ын эзэмшлийн Хаан банкны ********** тоот данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 190-193-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Б*********ын “...би 2022 оны 07 сард зүс таних У******* гээд хүнтэй утсаар авсан эсэхээ санахгүй холбогдоод 3 хонь өгье гээд мөнгө авсан тухайн үед хэд хэдээр хонио 1 хонь 200.000 мянган төгрөгөөр бодож 600.000 мянган төгрөгөөр бодож мөнгө авч өгсөн тэгээд бололцоо байхгүй байсан учраас хонь өгөөгүй...2О24 оны өвөл 12 сард хэдний өдрийг нь санахгүй байна И******** эхнэр С*********нарын хамт бид 3 өгөөмөр караокед 20 цагийн үед орсон караокед өрөө аваад тэр өрөөнд 1 цаг дуулчхаад нийтийн зааланд орсон тэгээд нэлээн согтоод бид гурав өгөөмөр караокеноос гараад дэлгүүр орж 2.5 литрийн пиво аваад И****** С******* 2-ын байрлаж байсан байранд ирээд хувааж уусан тэгээд ууж байгаад И******* С***** 2 орондоо орчихоор нь би И******** утсыг нь гуйж аваад найзтайгаа ярьсан тэгээд И******** Хаан банкны данснаас нь өөрийнхөө данс руу мөнгө явуулсан тэгээд гэр лүүгээ явсан...2 удаагийн гүйлгээгээр 500.000 мянган төгрөг авсан....Мобайл банкаар нэвтэрсэн...би өгөөмөр караокед сууж байхдаа 100.000 төгрөг зээлээч гээд 100.000 төгрөг авсан...зэрэг нотлох баримтууд цугларсан байна...2О24 оны 02 дугаар хун байна уу гэсэн пост оруулсан байхаар нь би О******** фейсбүүк чат руу чат бичсэн тэгээд О***** хонь авъя гэхээр ав ав гэсэн надаас хэд үү гэхээр нь 180.000 гээд хэлсэн чинь миний дансыг асуусан тэгээд дансаа өгсөн чинь миний данс руу хийсэн байсан...2024 онд /сар өдрийг нь санахгүй байна/ фейсбүүк дээр тэмээ зарах хүн байна уу гэсэн пост оруулсан байхаар нь би Б******* гэсэн фейсбүүк хаягтай хүний чат руу нь чат бичсэн Б******* надаас ямар тэмээ зарах юм гэхээр нь би ингэн тэмээ гэсэн тэгсэн надаас хэд юм гэхээр нь би 800 000 мянга гэсэн тэгээд би хөдөө тэмээндээ явах гэж байна түлш авна урьдчилгаа 200.000 төгрөг өгчих гэсэн за гэсэн гэсэн чинь за дансаа өгчих гэсэн тэгээд дансаа өгсөн чинь хийсэн...Би /он сар өдрийг санахгүй/ ********хүнсний дэлгүүрт анх ах Э******* гэдэг манай хамаатны ахтай хамт орж зээл хийж байсан сүүлд нь өмнө нь тавьсан өрөн дээрээ нэмээд дахиад хүнс нэмээд авчъя гэсэн тэг тэг гэсэн тэгээд хоол хүнсний юм аваад явсан ямар ямар бараа авсан аа санахгүй байна...300.000 гаран болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Б*********** нь цахим буюу олон нийтийн сүлжээнд мал зарах утга агуулга бүхий зар байршуулсны дагуу иргэн З.У******* утсаар холбогдож 3 хонь худалдан авахаар тохиролцсоноор хонины мөнгө болох 636.000 төгрөгийг Хаан банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан,
**********нэртэй хүнсний дэлгүүрээс 2022 оны 12 дугаар сард адууны мах манай дүү зарж байгаа зарчхаад мөнгөө төлье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 316.900 төгрөгийн үнэ бүхий бараа материалын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилсан,
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ************ нэгдсэн группэд “Амьд хонь зарах хүн байна уу?” гэсэн зар байршуулан зарын дагуу Ж.О********** утсаар холбогдож 3 хонь худалдахаар тохиролцож, хонины мөнгө болох 180.000 төгрөгийг Хаан банкны ********** тоот дансаар эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Цогтцэций сумын зарын нэгдсэн группэд “Тэмээ зарна” гэсэн зар байршуулан зарын дагуу Г.Б******** мессенжер чатаар холбогдоход 2 тэмээ худалдахаар тохиролцож, тэмээний урьдчилгаа мөнгө болох 200.000 төгрөгийг Хаан банкны ********** тоот дансаар эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
2023 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө *********** төвийн байранд иргэн Н.И********оос “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн гар утсаар нь ярьж байхдаа түүний гар утасны интернэт банкийг ашиглаж Хаан банк дахь ******* дугаартай данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 500.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ********** дугаартай данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч “Хулгайлах”,
Мөн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ************бааранд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.М**********100.000 төгрөг зээлээч гэж хууран мэхэлж, 100.000 төгрөгийг нь авч “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдэж нийт 1,932,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч М.Б**********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.Б************ нь хохирогч З.У********* 500,000 төгрөг, хохирогч Т.Д******** 316,900 төгрөг, хохирогч Н.И********* 500,000 төгрөгийг тус тус төлсөн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б**********оос 136,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.У**********, 180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О*********, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.М**********, 200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б******* нарт тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Т.Солонго эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн адил тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч М.Б********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад, өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргадаггүй. Өөрөө хохирол төлбөрөө нөхөн төлөхийг илэрхийлсэн. Үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн арга, М.Б*******ын хувийн байдал зэргийг харгалзаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.Б*********** нийт 168 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М******** эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Ял шийтгэлийн тухайд миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгож байна. Дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийн тухайд өмгөөлөгчийн зүгээс уг ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Хэд хэдэн гэмт хэрэг хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор байгаа. Ийм учраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл Залилах гэмт хэрэгт торгуулийн ял шийтгэж болох боломж харагдаад байгаа. Иймд залилах гэмт хэрэгт торгуулийн ялын санал болгож өгөөч гэх ялын саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Өөрөөр хэлбэл тус тусад буюу 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял өгөхийг зөвшөөрөөд, 17.3 дугаар зүйлд улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг торгох ял болгож өгөөч гэж хүсэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн хувьд цагдан хорионы хурал дээр би өөрийнхөө боломжоор хохирол төлбөрөө төлье, хоригдож байгаа учраас туслах дэмнэх хүн, боломж муутай болчихлоо гэдгээ хэлсэн. Гарсан цагаасаа хойш өнөөдрийн байдлаар өөрийнхөө хэмжээнд идэвхтэй үйлдэл гаргаж 1,316,900 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг 15 хоногийн хугацаанд өөрийнхөө боломж бололцоогоор төлөөд дуусгана гэдгээ илэрхийлж байгаа учраас миний үйлчлүүлэгчид энэрэнгүй ёсны үүднээс торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэдгийг шүүхээс хүсэж байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Б*************ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б************** 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б************** оногдуулсан 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 1440 цагаар тогтоов.
Шүүгдэгч М.Б************ нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б*********** нь нийт 171 хоног цагдан хоригдсон ба Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялыг хасч тооцоход 131 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэрэгт М.Б********** цагдан хоригдсон 131 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцоход 1048 цагийг түүнд оногдуулсан 1440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 392 цагаар тогтоож шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б*********г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдыг харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б********** 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*********** оногдуулсан 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 1440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Б********* цагдан хоригдсон 131 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 1048 цагийг түүнд оногдуулсан 1440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 392 цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б********** 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/431 дугаартай захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.Баатарцогт нь хохирогч З.У****** 500,000 төгрөг, хохирогч Т.Д********** 319,600 төгрөг, хохирогч Н.И********* 500,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б************ 136,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.У**********, 180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О***********, 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.М**********, 200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б********* тус тус гаргуулж олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Б*********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА