Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/03167

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан  амралтын хүрээлэнгийн гидротехникчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Г.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: А.нь тус байгууллагад 2015 оны 07 сард гидромеханикчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын эхээр хүний нөөцийн ажилтан Г.Одончимэгтэй уулзахад таны орон тоо байхгүй болсон гэж хэлсэн. Ямар учраас орон тоо байхгүй болсныг асуухад манай байгууллага орон тооны цомхотгол хийж байгаа, А.Мягмарсүрэнгийн ажлын байрны орон тоо байхгүй болсон гэсэн. Ажлаас халсан тушаалаа авъя гэхэд одоохондоо гаргаагүй байна гэсэн. Ингээд хэд хоногийн дараа буюу 2017 оны 4 сарын 17-ны өдөр очиж Г.Одончимэгээс ажлаас халсан тушаалаа авсан. Эрхэлсэн ажилдаа, алдаа дутагдал гаргаагүй байхад урьдчилан ямар нэг байдлаар ажлаас халах тухай мэдэгдээгүй байж гэнэт үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, гарын үсэг зуруулах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн Бат-Амгалан нь нэхэмжлэгчийг өөрөө утсаар ярьж миний орон тоо яасан бэ гэж асуусан тэр үед нь мэдэгдсэн гэдэг, гэтэл хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбарт Мягмарсүрэнг өөрөө ажил дээр ирж мэдэгдэлтэй танилцаж, өөрийн биеэр тойрох хуудсаа хүлээн авч ажилтны гарын үсгээр баталгаажуулсан гэсэн нь зөрүүтэй байдаг зэрэг нь хуульд заасан мэдэгдэх үүргийг хариуцагч байгууллага биелүүлээгүй зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд мөн хуулийн 42-т зааснаар тэтгэмж олгох үүрэгтэй. Тушаалд тэтгэмж олгох талаар заагаагүй, нэхэмжлэгчид тэтгэмж олгоогүй байдаг. Гэрч Бат-Амгалангийн хэлж байгаагаар бол орон тоо байхгүй болсон гэдэг боловч 3 харуул тухайн ажилтны ажил үүргийг гүйцэтгэж байгаа гэж мэдүүлдэг. Гэрчийн хэлж байгаагаар гидротехникч гэх албан тушаал байхгүй болсон ч ажлыг нь хавсарч гүйцэтгэж байгаа учир хавсарсны цалин хөлс гэж авч байгаа байх. Тухайн орон тоог бүхэлдээ байхгүй болсон гэж үзэх үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 4 758 066 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Сарын дундаж цалин  550 000 төгрөг, нэг өдрийн цалин 25 581 төгрөг, нийт ажилгүй байсан хугацаа ажлын 186 хоног болж байна. Иймд нэхэмжлэгчийг  амралтын хүрээлэн ХХК-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч  амралтын хүрээлэн ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  А.нь  амралтын хүрээлэн ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулан Гидротехникчийн албан тушаалд томилогдон ажилласан. А.нь туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Гэвч энэ шалтгаанаас хамаарахгүйгээр А.Мягмарсүрэнгийн орон тоо хасагдсан тул түүнийг хуульд заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Түүний ажил нь жил бүрийн 5 сараас 10 сарыг хүртэл хугацаанд л улирлын чанартай ажилладаг тул түүний хариуцдаг нуурын усыг 3 сантехникчид хариуцуулахаар болж ажлын зохицуулалт хийсэн юм. Орон тоо хасагдсан талаар А.Бат-Амгалан захирал түүнд утсаар мэдэгдсэн. нь улирлын ажилтай, ажил дээрээ байгаагүй тул түүнд утсаар мэдэгдсэн. Өөрөө ажил дээр ирж ажлаас халсан тушаалаа авч, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2017 оны 03 сарын 22-ны өдөр өөрөө ирж тойрох хуудсаа авсан. Тойрох хуудас авах үедээ Солонгос улсад зуучлуулж ажиллахаар болсон виз, гадаад паспорт байна гээд Бат-Амгалан захиралд үзүүлээд ах нь явах гэж байгаа учир эрүүл мэндийн дэвтэр, бусад бичиг баримтаа аваад явмаар байна, тэтгэмж авахгүй гэж харилцан тохиролцсон учир тэтгэмжийн хэмжээг тушаалд тусгаагүй. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг үндэслээд гидротехникч гэх албан тушаалыг хасаад  үүнийгээ цомхотгол гэж нэрлээд ТУЗ-ийн тушаал болон тушаалын хавсралт, захирлын тушаал дээр мөн адил цомхотгол гэсэн нэршил өгсөн. Энэ нь тухайн орон тоог хассан гэсэн үг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэдэг дээр маргааны гол зүйл нь нэхэмжлэгч тал мэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, манайх мэдэгдсэн гэдгээ зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн гол маргасан зүйл нь мэдсэн ч гэсэн бичгээр мэдэгдэл өгөөгүй нь 40.5-т заасантай нийцэхгүй гэж тайлбарладаг. Манайх утсаар мэдэгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хэргийн 57, 59-р хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Бичгээр мэдэгдсэн, мэдэгдээгүй гэдгийг гэрчээр нотлуулна гэж хүсэлт гаргахад бичгээр мэдэгдсэн дээр маргана, харин мэдэгдсэн дээр маргахгүй гэж хэлсэн байгааг шүүх анхаарна уу. Гэрчийн мэдүүлэгт утсаар мэдэгдсэнээ хэлдэг. Скайтелийн дугаар эзэмшигчийн лавлагааг гаргаж өгсөн. Тэр дугаар руу залгаж хэлсэн. Энэ дугаар нь А.Мягмарсүрэнгийн охиных нь дугаар байгаа юм. Хариуцагчийн гаргасан баримтууд нь он, сарын хувьд баталгаатай, харин хариу тайлбар дээр бичигдсэн он, сарууд зөрүүтэй байдаг. Бизнес төлөвлөгөөний дагуу ажлаас халсан нь үндэслэлгүй, 2 хуудас баримт нотлох баримтын шаардлага хангаагүй баримт өгсөн байна гэдэг. Эхлээд шаардлага хангаагүй 2 хуудас баримт өгөөд дараа нь шүүхийн шаардсанаар 2 хуудас баримт болон хавсралтаа нотариатаар батлуулж өгсөн. Давж заалдах шатны шүүхээс “зөвхөн хавсралтыг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй, орон тоог цомхотгосон тушаалыг гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж буцаасан. Тиймээс анхан шатны шүүхэд ТУЗ-ийн тогтоолыг хавсралт болон тушаалтай хамт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоогүй гэдэг. Тэтгэмжийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй учир энэ асуудал хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. нь мэдээд ажил амьдралаа зохицуулаад дараагийн орлогын эх үүсвэрээ бий болгоод явсан тул нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.нь хариуцагч  амралтын хүрээлэн ХХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

            Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гаргасан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна.

            Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргажээ.

            Иймд, нэхэмжлэгч А.Мягмарсүрэнгийн хариуцагчид холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргааныг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргадаг.

            А.нь  амралтын хүрээлэн ХХК-ийн үйл ажиллагааны газрын Тохижилт үйлчилгээний албанд гидротехникчээр 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж ирсэн бөгөөд хариуцагч Үндсэний соел амралтын хүрээлэн ХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Бизнес төлөвлөгөө 2017” болон мөн тус компаний 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаар “Орон тоог хасах болон зарим орон тоог цөөрүүлэх тухай” тушаалын дагуу түүний ажлын байр буюу гидротехникчийн орон тоо Үйл ажиллагааны газрын тохижилт үйлчилгээний албанаас хасагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

            Эрх бүхий байгууллагын шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болгохыг “орон тоо хасагдах”, ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг “орон тоо цөөрүүлэх” гэж ойлгодог тул А.Мягмарсүрэнгийн ажлын байрыг хассан  амралтын хүрээлэн ХХК-ийн ТУЗ-ийн тогтоол, тушаалыг үндэслэж, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалт энэхүү маргаанд хамааралтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...үүрэгтэй” гэж хуульчилжээ.

            Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ...нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

            Тодруулбал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байна.

            Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Бат-Амгалан “...2017 оны 2 дугаар сарын 15-ны үед А.над руу ярьж, миний ажлын байр яасан бэ гэж асуухаар нь цомхотголд орсныг хэлж, хүний нөөцийн менежертэй уулзахыг мэдэгдсэн“ гэх боловч энэ нь бичгийн баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

            Тэрээр, хариуцагч тал зөвхөн гэрч Д.Бат-Амгаланг утсаар мэдэгдсэн гэж, нэхэмжлэгч тал 2017 оны 4 сарын эхээр хүний нөөцийн ажилтан Одончимэгтэй уулзаж мэдсэн гэдэг боловч хэрэгт авагдсан “Тойрох хуудас”-д тооцоотой эсэхийг тэмдэглэж, гарын үсэг зурж, огноо бичигдсэн баримтаас үзэхэд 2017 оны 03 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг орон тооцны цомхотголд орсон талаар мэдсэн гэж дүгнэхээр байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан заалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй байна.     

            Иймээс, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй” байхаар хуульд заасан энэхүү шаардлагад нийцээгүй байх тул гидротехникч А.Мягмарсүрэнг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болов.

            Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах нь зүйтэй.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний сарын цалин 550 000 төгрөг, нэг өдрийн цалин 25 581 төгрөг тул ажилгүй байсан хугацааг 2017.03.24-ний өдрөөс 2017.12.11-ний өдрийг хүртэл нийт 186 хоног гэж нийт цалин олговорт 4 758 066 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа боловч түүний шаардлагын 3 197 625 төгрөгийг гаргуулж, үлдэх 1 578 441 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            А.Мягмарсүрэнгийн ажил албан тушаал нь улирлын чанартай болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байх тул эдгээрийг үндэслэн сарын үндсэн цалин 550 000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарыг дуусталх хугацаа буюу ажлын 125 хоног /25581 төг х 125 хоног/-оор тооцож 3 197 625 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг “...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх”–ийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Өмнөх шүүх хуралдаанд буюу 2017 оны 06 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч А.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүнд тэтгэвэр тогтоогдсон тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээс татгалзсан байна. Тухайн шаардлагад холбогдох бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

            Иймд, шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Аюушдоржийн Мягмарсүрэнг  амралтын хүрээлэн ХХК-ийн Үйл ажиллагааны газрын тохижилт үйлчилгээний албанд гидротехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 179 625 төгрөгийг гаргуулан А.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1 578 441 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж /70200+66112/ нийт 136312 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ