| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2020/0119/Э |
| Дугаар | 2021/ДШМ/01 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/01
Г.Ш, Н.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: А.Амгалан,
Шүүгдэгч: Г.Ш, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,
Шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/145 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Г.Ш, Н.А нарт холбогдох 1902000550127 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг,
Монгол Улсын иргэн, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг,
Шүүгдэгч Г.Ш нь нийтийн албан тушаалтан болох "ТТ” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 1 дүгээр сард 'Н" ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн Даатгалын гэрээний дагуу нийт 53 703 392 төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд "Н” ХХК-ийн Ө аймаг дахь салбарын захирал Н.А-т өөрийн эзэмшлийн хаан банкны дансыг өгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 416 650 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Н.А нь “Н” ХХК-ийн Ө аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сард “ТТ” ХК -тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж гэрээний дагуу нийт 53703392 төгрөг төлсөн, уг гэрээг дараа жил дахин хийх санал тавина гэж өөрөө болон бусдад давуу байдал бий боглох зорилгоор “'ТТ" ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Ш-т албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүний эзэмшлийн Хаан банкны дансанд 2416650 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл нь шүүгдэгч Г.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш, Н.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч Г.Ш нь 13 хоног цагдан хоригдсон ба түүнд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг, Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ш-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3461 тоот прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ш, Н.А нарт холбогдох 1902000550127 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор С.Мөнхгэрэл давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:” ...Цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт 1. “...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн зүйчлэл тохирсон байна...” гэж тусгасан атлаа Г.Ш, Н.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож. цагаатгасан нь нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой... бичигдсэн байна" гэсэн заалтыг зөрчсөн.
2. Шүүгдэгч Н.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хэргийн бодит байдлыг тогтоох", "Хүний халдашгүй байх эрхийг хангах". "Өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах" зарчмуудыг зөрчсөн, мөн шүүгдэгч Н.А-с мэдүүлэг авахдаа өмгөөлөгчөө сонгох, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна гэжээ.
Гэтэл хавтаст хэрэгт цугларсан аль, ямар нотлох баримтууд нь 'хэргийн бодит байдлыг тогтоох'', ‘'Хүний халдашгүй байх эрхийг хангах” зарчмуудыг хэрхэн яаж зөрчсөн талаар шүүх огт дүгнээгүй.
Харин “Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах” зарчим, мөн шүүгдэгч Н.А-с мэдүүлэг авахдаа өмгөөлөгчөө сонгох, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн нь шүүгдэгч Н.А-н мэдүүлэг /1хх-ийн 89-96х/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэж нотлох баримтад үндэслэжээ. Гэвч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах нь Н.А-н өөрийн эрхэд хамаарах бөгөөд мөрдөгчөөс Н.А-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрхийг танилцуулан гэрчийн мэдүүлэг авсан нь уг зарчмыг болон өмгөөлөгчөө сонгох, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн гэж дүгнэснийг үгүйсгэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.А-г өмгөөлүүлэх боломж, нөхцөлийг зохих ёсоор хангасан болно.
3. "ТТ" ХК-ийн захирал Р.С болон ‘Н’’ ХХК-ийн салбарын захирал Н.А нарын байгуулсан даатгалын гэрээний дагуу 53.703.392 төгрөгийг “Н” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Шүүгдэгч Н.А нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Г.Ш-т “ТТ” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийнх нь хувьд 2.413.000 төгрөгийг шилжүүлсэн нь хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тухайн гэмт хэргийн шинжид заасан зүйлийг нарийвчлан шалгаж тогтоохгүйгээр буюу хахууль өгөх, хахууль авах гэмт хэргийн хэт ерөнхий байдлаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй, тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн нөхцөл байдал буюу "...банк хоорондын гүйлгээнд Г.Ш-т нөлөөлөх нөхцөл байдал байгаагүй, тухайн 53.703.392 төгрөгийн гүйлгээнд компанийн захирал гарын үсэг зурж баталгаажуулснаар гүйлгээ хийгдсэн. Шүүгдэгч Г.Ш нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд Н.А-г хахууль өгөхийг шаардсан даатгалын гэрээгээр тохирсон мөнгө шилжүүлэхийг амласан үйлдэл байхгүй учраас" гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэсэн өмгөөлөгч Ц.Батбаяр, өмгөөлөгч С.Батнасан нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв гэжээ.
Гэтэл шүүгдэгч Г.Ш, Н.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэж байгаа бөгөөд тухайн гэмт хэргийн шинжид заасан зүйлийг нарийвчлан шалгаж тогтоохгүйгээр буюу хахууль өгөх, хахууль авах гэмт хэргийн хэт ерөнхий байдлаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй байхаас гадна хавтаст хэрэгт авагдсан аль ямар нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн няцааж үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой... бичигдсэн байна” гэснийг, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн эсхүл улсын яллагчийн дүгнэлт...няцааж үгүйсгэх үндэслэл...” –ийг шүүх заавал дүгнэж бичих хууль зүйн шаардлагад тус тус нийцээгүй, зөрчсөн гэж үзэж байна.
Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Ш, Н.А нарт холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
Гэтэл шүүгдэгч Г.Ш, Н.А нарын үйлдэлд гэмт хэргийн шинжтэй байхаас гадна гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.
Түүнчлэн Тогтоох хэсгийн 4 дэх заалтад Шүүгдэгч Г.Ш, Н.А нарт холбогдох 1902000550127 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр тусгасан нь ойлгомжгүй болсон.
Иймд Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар арын 02-ны өдрийн 2020/ШЦТ/145 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд эсэргүүцэл бичсэн прокурор өөрийн биеэр оролцох боломжгүй учир миний хувьд томилолтоор оролцож байна. Прокурорын эсэргүүцлийг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэг эргэлзээгүй байх ёстой. Гэтэл шүүх гэмт хэргийн шинжгүй байна, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн шийдвэр гаргасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримт авагдсан байна, өөр хооорондоо зөрүүгүй байна, энэ хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаад мэдүүлэг авсан бол нотлох баримт байх ёстой. Өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбарыг үгүйсгэж байна. Улсын яллагчийн дүгнэлтийг няцаахгүйгээр, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа нотлох баримтыг дурдахгүйгээр хэргийг цагаатгасан нь хуульд нийцээгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8 дэх хэсэгт заасныг удиртгал болгон цагаатгасан. Энэхүү заалтад нь гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдлын шинжүүдийг заасан. Гэтэл шүүхээс аль шинжид хамаарч байгааг заагаагүй. Прокурорын зүгээс аль ч шинжүүд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Ийм учраас шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол хэргийг прокурорт буцаана гэж заасан. Энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдлоо гэж шийдсэн хэрнээ прокурорт буцааж шийдсэн нь хууль зөрчсөн байна. Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэлүүд хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн шийдвэр гаргахдаа хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөхүйц нөхцөл байдлыг орхигдуулсан гэж үзэж байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгчийн саналтай ижил саналтай байна. Цагаатгах тогтоолын зарим заалтыг өөрчилж, үлдсэнийг нь хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Цагаатгах тогтоол үндэслэл бүхий учир хэвээр үлдээх саналтай байна. Гэхдээ тодорхой хэмжээний өөрчлөлтийг оруулж, хэвээр үлдээх нь хууль ёсны бөгөөд бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн цагаатгах тогтоолд ... нотлох баримтууд нь хуулийн дагуу хэрэгт цугларсан байна. Ямар нэг өөр хоорондо зөрүүгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэсэн. Харин яагаад тохирсон байна вэ гэдэг талаар яг доод талд нь бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг нь эдгээр нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн агуулгаар бичигдээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үүсэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, нотлох баримтуудыг бүрэн нотлоогүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Тэгэхээр 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс хэрвээ тухайн хэргийг цагаатгаж байгаа тохиолдолд гэмт хэргийн шинжгүй эсхүл гэмт хэрэг нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж болохоор хуульчилсан. Тэгэхээр цагаатгах тогтоолын удиртгал болгосон заалтууд нь тус хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-6, 36.9, 36.10, 36.12 гэсэн заалтууд байна. Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг дээр дүгнэсэн байдал нь гэмт хэрэг гараагүй байна, гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэл байсан учраас, мөн тогтоох хэсгийн 1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг барьж шийдвэрлэсэн байгаа. Энэ бол гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг цагаатгасан гэсэн үг. Харин тус зүйлийн 1.8 дахь заалтыг барьж шийдвэрлэснийг хүчингүй болгуулаад өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр үгүйсгэх нөхцөл байдал огт байгаагүй учир өөрчлөлт оруулъя гэсэн саналыг оруулж байна.
Нийслэлийн Прокурорын газарт хэргийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна гэж байна. Энэ асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр гэмт хэргийн шинжгүй гээд цагаатгах тогтоол гарсан байгаа тохиолдолд зайлшгүй хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт, шаардлага байхгүй учраас цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг хүчингүй болгуулж, бусад хэсгийг хэвээр үлдээх боломжтой гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийн 4 дэх хэсэгт заасныг хүлээн авч, бусад хэсгийн хувьд ойлгомжтой, тодорхой хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэгтэй байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн би хахууль өгөөгүй. Төвөөсөө олгосон санхүүжилтийн мөнгөнөөс өөрийн зарцуулах эрх хэмжээний хүрээнд шилжүүлсэн. Өөрөөр албаны мөнгөнөөс авч хахууль өгсөн зүйл байхгүй гэдгийг анхаарч үзнэ үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгчийн зүгээс С.Мөнхтулга өмгөөлөгчтэй санал нэгтэй байна. Цагаатгах тогтоол дээр миний үйлчлүүлэгч Н.Алтанцэцэгийг өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн байна гэсэн. Гэтэл прокуророос өмгөлөөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь хангасан гэдэг. Өөрөөр хэлбэл 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Н.А-с гэрчийн мэдүүлгийг 12 цагт, мөн 17 цагт тус тус 2 удаа авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэгт 8 зүйл, заалт байдгаас 5 зүйл заалтыг бичсэн байдалтайгаар мэдүүлэг авсан байдаг. Энэ нь Үндсэн хуульд заасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх халдашгүй эрхэнд халдсан байдаг. Энэ талаар шүүхээс цагаатгах тогтоолдоо зөрчсөн байна гэж үзэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөх зүйл, заалтад нь өөрчлөлт оруулахыг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/145 дугаартай цагаатгах тогтоолд “...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна” /15 хх-212/, “...шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд Н.А, Г.Ш нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, зэргийг үндэслэн тэдэнд ...Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна гэж үзэв”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байна гэж үзэв”, “Иймд Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй гэж үзээд байна гэж үзэж шүүгдэгч нарт ашигтайгаар буюу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв” гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг зөрчсөн байна.
Н.А, Г.Ш нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа аль нотлох баримт, ямар гэрчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг үндэслэсэн болох нь тодорхойгүй байна. “...гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна” гэж шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, өмгөөлөгч С.Батнасан нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх үзжээ. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан нөхцөл байдлуудыг ойлгох бөгөөд Н.А, Г.Ш нарт холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нөхцөл байдлууд нь тогтоогдоогүй байна.
Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгалгүйгээр, өөрөөр хэлбэл нотлох баримтад тулгуурлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдааны явцад “Н” ХХК-ийн Ө салбар, “ТТ” ХК-иудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 08 дугаартай Даатгалын гэрээний талууд болох гэрээг байгуулсан болон гэрээг баталсан талуудаас мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг шүүх нотлох боломжтой байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хяналтын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/145 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Ш, Н.А нарт холбогдох 1902000550127 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ш, Н.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Р.МӨНХ-ЭРДЭНЭ